Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01277

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01277

 

Ө.Д-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 101/ШШ2024/02589 дугаар шийдвэртэй

Ө.Д-ий нэхэмжлэлтэй, Ц.С-ид холбогдох

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Д-, түүний өмгөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ө.Д- нь 2024 оны 03 сарын 15-ны өдөр газраа худалдахаар нийтэд зар тавьсны дагуу хариуцагч Ц.С- ирж уулзан *******, 0 тоот 540 м.кв гэр, орон сууцны зориулалттай хашааны газрыг нь 5,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Улмаар гэрээгээ 2,600,000 төгрөгийн үнээр байгуулж, үлдэгдэл 2,900,000 төгрөгийг шилжүүлнэ гэсэн ч Ө.Д-ий Худалдаа хөгжлийн банкны дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө өгөөгүй учир шүүхэд хандаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2024 оны 05 сарын 19-ний өдөр хариуцагчаас 973,000 төгрөг төлсөн. Одоо 4,027,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн. Зохигчид өмнө нь бие биеэ таньдаг байсан ба нэхэмжлэгч нь газраа ломбардад тавиад алдах гээд байна худалдаж аваач гэсэн тул хариуцагч 2,600,000 төгрөгөөр гэрээ хийж үнийг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Гэрээний үнийг 2,600,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хувийн байдлыг харгалзан 1 сая төгрөгийн санал тавихад нь хүлээн авч эвлэрэхээр тохиролцсон ч гэнэт больсон. 1 сая төгрөгөөр эвлэрчихээд одоо өөр зүйл ярьж байна. Нэхэмжлэгч нь нийт хэдэн төгрөгөөр тохиролцсон тухайгаа нотолсон баримтгүй байна. Гэрээний үнийг өөр өөрөөр тайлбарлаж байна. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийддэг ба хэргийн баримтаар 2,600,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Хариуцагч сайхан сэтгэлийн үүднээс 1 сая төгрөг нэмж өгсөн. Нэхэмжлэлийн тал хувийг авмаар байна гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.С-оос 4,027,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.Д-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн ******* орших 540 м.кв газрыг 5,500,000 төгрөгөөр худалдаж, төлбөрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,473,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 4,027,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Бидний зүгээс бичгээр байгуулсан гэрээнд 2,600,000 төгрөгөөр тусгаж үлдэгдэл 2,900,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөхөөр тохирсон ч өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлөөгүй. Гэвч анхан шатны шүүх гагцхүү бичгээр байгуулсан гэрээний үнээр газрын үнэлгээг тохирсон хэмээн буруу дүгнэсэн. Хэрэв үнэхээр гэрээнд заасан үнээр талууд тохиролцоогүй бөгөөд түүнээс хариуцагч давуулан төлбөр төлж зөвшөөрсөн нь харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ө.Д- нь хариуцагч Ц.С-ид холбогдуулан гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 973,000 төгрөг төлөгдсөн гэсэн үндэслэлээр шаардлагаа 4,027,000 төгрөг болгож багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн харилцан зөрүүтэй тайлбар болон хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлсэн байдлын талаар зохигчоос тодруулаагүй, мөн маргааны зүйл болсон газрын үнэ эргэлзээтэй, тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

4. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл талууд газар худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох газрын үнийг хэрхэн тохиролцсон нь тодорхой бус гэж дүгнэхээр байна. Талуудын хооронд 2024 оны 03 сарын 15-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр нэхэмжлэгч Ө.Д- нь ******** орших 540 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалтаар олгогдсон эзэмших эрх бүхий газрыг хариуцагч Ц.С-ид 2,600,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж, газрыг шилжүүлсэн. Хариуцагч нь газрын үнэд 3,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.

 

5. Дээрхээс үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээгээр газрын үнийг 2,600,000 төгрөг гэж тогтоосон нь маргаан бүхий газрын бодит үнэ гэж үзэхэд эргэлзээтэй, энэ талаархи нэхэмжлэгчийн ...газрыг 5,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон... гэсэн тайлбар, хариуцагчийн зүгээс газрын үнэд гэрээний үнээс илүү хэмжээгээр төлсөн нөхцөл байдал зэргийг шүүх тодруулж, чиглүүлэх замаар мэтгэлцэх боломжоор хангаж, газрын үнийг бодитой тогтооход талуудыг чиглүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймээс талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнэ бодитой эсэх, талууд гэрээний үнийг өөрөөр тохиролцсон эсэхийг тодруулж, энэ талаархи зохих ажиллагааг шүүх явуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6. Дээрх ажиллагааг анхан шатны шүүх явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотой процессийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх ба давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцээх замаар залруулж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 101/ШШ2024/02589 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ