Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01278

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01278

 

А б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/01415 дугаар шийдвэртэй

А б- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Э-, Б.Э-нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 53,177,448 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Банк нь Б.Э-, Т.Э- нартай 2022 оны 07 сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 50,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2022 оны 12 сарын 27-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зөрчил үүсгэсэн. Зээлдэгч нарын төлбөл зохих зээлийн үүргийг 2024 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар тооцоход үндсэн зээл 43,207,691 төгрөг, үндсэн хүү 8,964,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 436,907 төгрөг, хуримтлагдсан хүү 568,210 төгрөг, нийт 53,177,448 төгрөг болсныг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн *******дугаартай, ********, ******, ******, 502 тоот 108,5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-, Б.Э-нараас 52,609,238 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А б- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 568,210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-, Б.Э-нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн *******дугаартай, ********, ******, ******ны 502 тоот, 108,5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,038 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Э-, Б.Э-нараас улсын тэмдэгтийн хураамжид 491,197 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нар нь 2022 оны 07 сарын 29-ний өдөр А б- ХХК-аас 50,000,000 зээл авахаар А б- ХХК-тай гэрээ байгуулж гарын үсэг зуржээ. Гэтэл уг зээлийн болон барьцааны гэрээнд Хан-Уул ***** тооцооны төвийн санхүүгийн зөвлөх Б.А гэх хүн гарын үсэг зурж, гэрээний нүүрэнд Хан-Уул ***** тооцооны төвийн захирал Б.О гэх хүн гарын үсэг зурсан. Мөн тухайн гэрээнүүдэд дарсан тамга нь А б- ХХК-ийн тамга биш. Хариуцагч нар нь Б.О гэх хүнийг А б- ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд банкыг төлөөлөх эрхтэй этгээд гэж ойлгосон ч хэрэгт буй улсын бүртгэлийн гэрчилгээгээр гэрээ байгуулах цаг хугацаанд Б.А гэх хүн А б- ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан нь харагддаг.

Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Талуудын хооронд 2022 оны 07 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болох юм. Гэтэл анхан шатны шүүх уг нотлох баримтыг анхааралгүй, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, "А б- ХХК болон Хан-Уул *****" тооцооны төв нь тусдаа хуулийн этгээд эсэх, "А б-" ХХК-ийг төлөөлж зээл олгох эрхийг "Хан-Уул *****" тооцооны төвийн захиралд олгосон эсэхийг тогтоолгүй хэргийг шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Зээлийн гэрээний хавсралтад зээл, хүү төлөх хуваарьт зааснаар хариуцагч нар 730 хоногийн хугацаанд зээлийн хүүд 13,400,305.63 төгрөг төлөхөөр тогтоосон. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2022 оны 12 сарын 27-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан ба энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 405 хоногоор тооцвол уг зээлийн нэг өдрийн хүү 18,356.63 төгрөг ба хугацаа хэтэрсэн 405 хоногийн хүү 7,434,414.9 төгрөг болно. Мөн хариуцагч нар 2023 оны 08 сарын 08-ны 1,932,138.583 төгрөгийг зээлийн хүүд төлснийг хүүгийн төлбөрөөс хасвал 5,502,276.37 төгрөг болно. Иймд нэхэмжлэлээс 3,462,363 төгрөг нь үндэслэлгүй, шүүх зээлийн хүүгийн тооцоололд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 436,907 төгрөг шаардсан боловч зээлийн гэрээний 1.10-т нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар нэмэгдүүлсэн хүүг хэдэн хувиар тооцохыг гэрээгээр тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 452.2 дахь хэсэгт "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно" гэж заасан ба гэрээний талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг харилцан тохиролцож гэрээнд тусгахаар зохицуулсан ба нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй байхаар хуулиар хязгаар тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүнд 436,907 төгрөгийг ямар тооцооллоор, хэдэн хувиар тооцон нэхэмжилсэн нь тодорхойгүй, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг талууд тохиролцоогүй байхад шүүх харгалзалгүй шийдвэрлсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-с олгох эрх хэмжээний хүрээнд шйидвэрээ гаргаж А б- ХК-ийн дүрэмд заасны дагуу эрх мэдлийг матрицыг хуваарилж, салбар тооцооны төвүүдийн захирлуудад өөрийн итгэмжлэлгүйгээр зээл олгох хэмжээг тушаалаар олгосон байдаг ба энэхүү хэмжээ нь 80,000,000 төгрөг хүртэлх зээлийг олгож болохыг зөвшөөрсөн байдаг. Зээлдэгч нар 2022 оны 07 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл авсан ба зээлийн төлөлтийг гэрээний хавсралт 1-д зааснаар төлөх үүрэгтэй байсан.

Зээлдэгч нар 2022 оны 10 сараас эхлэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Мөн зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн хүүгийн дүнг харвал зээлийн хүү, зээл, зээлийн хүүг төлсөн тохиолдолд үндсэн зээлийн хасагдсан дүнгээс бодон буурч байгаа. Гэтэл зээлдэгч нар зээл, зээлийн хүү эргэн төлөх хуваарийг 2022 оны 09 сарын 27-ны өдөр төлснөөс хойш зөрчиж байсан нь зээлдэгчийн зээлийн дансны хуулгаас харагдана. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт байгаа баримтыг харалгүй, нэхэмжлэлийг үндсэн зээлийн хүүгийн тооцоололд шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн нь үндэслэлгүй.

Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд үндсэн зээлээс бодогдсон үндсэн хүүгийн 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүүг бодсон. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А б- ХХК нь хариуцагч Т.Э-, Б.Э-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 43,207,691 төгрөг, зээлийн хүү 8,964,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 436,907 төгрөг, хуримтлагдсан хүү 568,210 төгрөг, нийт 53,177,448 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

 

3. А б- ХХК нь Т.Э-, Б.Э-нартай 2022 оны 07 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нар зээлийг гэрээнд зааснаар ашиглаж, хуваарийн дагуу зохих хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. Шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Зээлдүүлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн байна.

 

4. Хариуцагч нар үндсэн зээлд 6,792,309 төгрөг, зээлийн хүүнд 2,692,445.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,275.25 төгрөг, нийт 9,488,029.93 төгрөг төлснийг зээлээс хасч, гэрээний үүрэг 2022 оны 12 сарын 27-ны өдрөөс эхлэн зөрчигдсөнөөр 2024 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 43,207,691 төгрөг, зээлийн хүү 8,964,639 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 436,907 төгрөг зээлийн гэрээний хуримтлагдсан төлбөрийн үүрэг нийт 52,609,238 төгрөг болсныг хариуцагч нараас гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх зөв тодорхойлж, тооцжээ.

Шүүх хариуцагч Т.Э-, Б.Э-нараас 52,609,238 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А б- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 568,210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Зохигчийн хооронд 2022 оны 07 сарын 29-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, Б.Э-ийн өмчлөлийн ********, ******, ******ны 502 тоот, улсын бүртгэлийн *******дугаартай, 108,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Тус барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэлслэгүй байна. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж, мөн зээлийн тооцооллыг шүүх буруу тооцсон гэсэн агуулгаар гаргажээ.

Талуудын хооронд 2022 оны 07 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг банкийг төлөөлөн салбарын захирал Б.Обаталж, ажилтан Б.А байгуулж, А б- ХХК-ийн Хан-Уул ***** ТТ-ийн тэмдэг дарагджээ. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд ...компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас олгогдсон эрх хэмжээний хүрээнд салбар, тооцооны төвүүдийн захирлууд 80,000,000 төгрөг хүртэлх зээлийг олгох эрхтэй тухай давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч тал энэ талаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй, мөн нэхэмжлэгчээс төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар маргаагүй учир хариуцагч талын энэхүү гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал зээл төлөгдсөн байдал, түүний тооцооллыг эс зөвшөөрсөн нөхцөлд татгалзлаа өөрөө нотлох үүргийн хүрээнд зохих баримтаа шүүхэд гаргах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргах эрхтэй. Хариуцагч нар мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээс татгалзаж буй шалтгаан, үндэслэлээ хуульд заасан хугацаанд илэрхийлсэн тайлбарыг, нотлох баримтын хамт шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзнэ.

Иймээс анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/01415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,015 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ