| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2024/00073/И |
| Дугаар | 201/МА2024/00018 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 201/МА2024/00018
*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 14-ний өдрийн 138/ШШ2024/00308 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8 212 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 212 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Хариуцагч*******ын банкны зээлээ хаагаад хүүтэй нь өгье, 4 500 000 төгрөг зээлүүлээч гэсэн хүсэлтийн дагуу тохиролцож мөнгө зээлдүүлсэн. Нэг хоногийн хүүг 1.5 хувь буюу 67 500 төгрөгөөр тооцохоор тохиролцож, миний бие*******ын ХААН банкны ******* тоот харилцах дансанд 4 500 000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Анх мөнгө зээлэхдээ 5 хоногийн дотор өгнө гэж тохиролцсон боловч хугацаандаа өгөөгүй. Хариуцагч нь зээлээ төлөхгүй янз бүрийн шалтаг тоочиж, сүүлдээ утсаа авахгүй байсан тул би 75 000 төгрөгөөр такси хөлсөлж Дорнод аймгийн төвөөс Чойбалсан сум руу очиж хариуцагчтай уулзан мөнгөө шаардахад одоо өгөх боломжгүй байгаа тул 2023 оны 10 сарын 10-ны дотор хүүгийн хамт төлнө гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн. Энэхүү бичгийн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан хэлцэл юм. Хэлцлийг байгуулахад хэн нэгний дарамт шахалт байгаагүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу 3 712 500 төгрөгийн хүү төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан болон шууд татгалзсан зүйл байхгүй. Иймд хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч талаас 4 500 000 төгрөг биш 6 000 000 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрэх санал гаргасан. Үүнээс харахад хариуцагч хүү төлөх үүргээ ухамсарлаж, мэдэж байгаа гэж үзэж байна. Иймд хариуцагч*******аас үндсэн зээл 4 500 000 төгрөг, 55 хоногт тооцсон хүү 3 712 500 төгрөг, нийт 8 212 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар хариу тайлбартаа: ...2023 оны 08 сарын 14-ний өдөр *******аас 4 500 000 төгрөг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин хүү 3 712 500 төгрөгийг төлөх боломжгүй. Намайг төлж чадахгүй байхад төлнө гэж бичиж өг гэсээр байгаад тийм бичиг хийлгэсэн. Хүний мөнгийг төлж чадахгүй удааж байгаадаа харамсаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно гэж заасны дагуу хэлцлийг бичгээр хийгээгүй, амаар харилцан тохиролцсон учраас хүү, алданги нэхэмжлэх эрх байхгүй. Хэлцэл байгуулсан гэж байгаа боловч нэг талын хүсэл зориг тусгагдсан. Иймээс 4 500 000 төгрөгийг 5 хоногийн хугацааны хүүг 1.5 хувиар тооцож 4 837 500 төгрөгийг төлөх саналтай байна. Бусад шаардлага нь хуулийн шаардлага хангахгүй байна. гэжээ.
3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д зааснаар хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт 4 837 500 /дөрвөн сая найман зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 92 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, ... шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан ... хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. гэсэн хуулийн зохицуулалттай хариуцагч*******ын зээлийг хэрхэн төлөх талаар бичсэн баримт нийцэхгүй буюу энэ хуульд нийцүүлэн хэлцэл хийсэн нь тогтоогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу хүү авахаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж үзсэнийг эс зөвшөөрч байна.
Талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т нийцүүлэн өмнөх хэлцлээ баталгаажуулан хожим хүлээн зөвшөөрч бичгээр гэрээ байгуулж, хүү тооцохоор тохирсон бичгийн нотлох баримтыг шүүх хэрхэн няцаасан нь тодорхойгүй, хэт субъектив байдлаар хандаж дүгнэж байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Талуудын хооронд хожим зөвшөөрч байгуулсан бичгийн нотлох баримтыг хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэхдээ 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2-т заасныг талууд хэрхэн зөрчсөн хэлцэл байгуулаагүй гэж үзэх хууль зүйн ямар үндэслэл тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шахаж шаардсан зүйл байхгүй гэрээ байгуулсан гэж ярьдаг. Энэ бол худал юм. Гэрийнх нь гадаа ирээд таксины мөнгө төлүүлнэ хурдан зур гэж шахаж шаардсан. Өмнө зээлсэн мөнгөө өгөөгүй байсан учраас тухайн бичиг дээр гарын үсэг зурсан. Зөвхөн нэг тал нь шахаж шаардаж гэрээ хийж гарын үсэг зуруулсан болох нь гэрээнээс харагддаг. Энэ бүхнээс хамаарч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Нөгөө талаас гэрээг хүчин төгөлдөр гэж маргалддаг. Гэвч Улсын Дээд шүүхийн тайлбарт арай өөрөөр тайлбарласан байгаа нь харагддаг. Гэрээ хэлцэл гэдэг нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл байна. Гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8 212 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******аас 2023 оны 8 сарын 14-ний өдөр зээлүүлсэн 4 500 000 төгрөгийг, 55 хоногийн хугацааны хүү 3 712 500 төгрөгийн хамт нийт 8 212 500 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 4 500 000 төгрөг, 5 хоногийн хугацааны хүү 337 500 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
4. Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргаан буюу зээлийн гэрээний харилцааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
5. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д 2023 оны 8 сарын 14-ний өдөр 4 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн /хх 4, 6/,******* нь ... 10 сарын 10-ны өдрийн дотор авсан мөнгөө хүүтэй нь тооцож өгөх нь үнэн. 55 хоногийн хүү 3 712 500 төгрөг, үндсэн зээл 4 500 000 төгрөг, нийт 8 212 500 төгрөгийг өгнө. ... гэсэн баримтыг үйлдэн гарын үсэг зурсан /хх 5/ үйл баримтууд тогтоогджээ.
6. Хариуцагч******* нь нэхэмжлэгч *******аас 2023 оны 8 сарын 14-ний өдөр 4 500 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатайгаар хоногийн 1.5 хувийн хүүтэйгээр буцаан төлөх нөхцөлтэйгөөр зээлж, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн байх ба хариуцагч нь зээлсэн 4 500 000 төгрөгийг 5 хоногийн хугацааны хүү 337 500 төгрөгийн хамт, нийт 4 837 500 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй.
7. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг татгалзаж буй үндэслэлээ ... 55 хоногийн хүүг төлнө гэж бичсэн баримтыг би өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй, мөнгөө төлнө гэж бич гэж намайг шахаж шаардсан, мөн хүний мөнгийг төлөөгүй удаасан учраас бичиж өгсөн, түүнээс бидний хооронд хүү төлөхөөр тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөхгүй. ... гэж, нэхэмжлэгч талаас ...талуудын хооронд өмнө нь хүү тохирч амаар байгуулсан хэлцлээ баталгаажуулан, хожим хүлээн зөвшөөрч бичгээр гэрээ байгуулсан. Тиймээс уг гэрээ нь хүү тохирсон хүчин төгөлдөр гэрээ тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. ... гэж тус тус тайлбарлан маргадаг.
8. Иргэний хуульд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд харилцан бие биенийхээ хүсэл зоригийг илэрхийлж, талуудын тэгш эрхийн зарчим дээр тулгуурлан аливаа гэрээ хэлцлийг амаар болон бичгээр, эсхүл бодит үйлдлээр байгуулж болдог.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд уг гэрээг заавал бичгээр байгуулсан байхыг шаардахгүй.
Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус зааснаар нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх, хэрвээ энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулжээ.
Хэрэгт авагдсан хариуцагч*******ын үйлдсэн ... зээлсэн мөнгөө 55 хоногийн хүүтэй нь хамт нийт 8 212 500 төгрөгийг 2023 оны 10 сарын 10-ны дотор төлнө. гэх баримтын агуулгаас үзвэл хариуцагч******* нэхэмжлэгчээс авсан зээлээ хэзээ, хэрхэн төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд талуудын хооронд хүү тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар талуудыг өмнө нь хуульд заасан шаардлагыг зөрчиж хийсэн хэлцлээ хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлж, шинээр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь хүү авах эрхээ алдсан боловч анхан шатны шүүх хариуцагч*******ыг зээлсэн 4 500 000 төгрөгийн 5 хоногийн хүү 337 500 төгрөгийг үндсэн зээлийн хамт нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4 837 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 14-ний өдрийн 138/ШШ2024/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 950 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Г.УРТНАСАН