Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
Хэргийн индекс | 151/2023/01084/И |
Дугаар | 223/МА2024/00018 |
Огноо | 2024-05-30 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 223/МА2024/00018
2024 5 30 223/МА2024/00018
Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2024/00283 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух Б овогт Э Б,
Хариуцагч: ... гэх газарт байрлах “М” ХХК-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинд 23.943.405,80 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Б нь “М” ХХК-ийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01/61 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочоор 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс ажилд томилогдож, хуульд заасан ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан. “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 100/01 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Бийг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, маргаснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2022/01371 дугаар шийдвэрээр Б-ийг Захиргаа удирдлагын хэлтсийн гал тогооны хэсгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин 18.477.420 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч “М” ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 223/МА2023/00007 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчаас магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ба Улсын Дээд шүүх 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/00495 дугаар тогтоолоор хэлэлцэхээс татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч “М” ХХК биелүүлж гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/180 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилж, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах тогоочийн үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
Төв аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд хандаж 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээр талууд тохиролцоонд хүрээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Б-ийн нэг өдрийн цалинг 192.568,90 төгрөг гэж тогтоосон. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажлын 129 хоног, үүнээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан нийтээр амрах баярын өдрийн 7 хоногийг хасаж, ажил эрхэлж эхлэх 122 хоногийг нэг өдрийн цалин болох 192.568,90 төгрөгөөр тооцоход 23.493.405,80 төгрөг болсон.
Хариуцагчаас шүүх Бийн цалин хөлсийг тогтоохдоо журмыг үндэслэлгүй тайлбарлаж хэрэглэсэн гэж тайлбар дээрээ дурдсан байсан. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх журмыг үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байгаа. Бийн хувьд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу 3 сараас бага хугацаанд ажилласан учраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-д зааснаар Бийн ажилласан өдрийн цалинг ажилласан хугацаанд нь хуваахаар 192.568,90 төгрөг гарсан. Дээрээс нь хариуцагчийн зүгээс улирлын чанартай ажилладаг, энэ талаар нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулж өгөх нь нэхэмжлэгч, хариуцагчийн өөрсдийнх нь эрх үүрэг байдаг. Тэгэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Нөгөөтэйгөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй гэж хуульд заасан. Би “М” ХХК-ийн талаар сонсож байсан. Мэдээж өвөл цемент үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ үйлдвэрийн байранд тодорхой хэмжээний инженер техникийн ажилчид тухайн үйлдвэрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, гэнэтийн осол аваар гарсан тохиолдолд үйл ажиллагааг хариуцан ажилладаг гэж ойлгосон. Тухайн хүмүүсийн хоол хүнсний асуудал хөндөгдөж байгаа. Тэгэхээр тухайн үед ажиллаж байсан нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөдөлмөрийн тухайн хуулийн 116 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. 65 хувиар цалин олгох үндэслэлгүй. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож шийдвэрлэсэн ба шийдвэр хүчин төгөлдөр болсон тул дахин нотлох шаардлагагүй. Хариуцагчийн зүгээс ажилласан хоног дутуу гэх тайлбар гаргаж байна. Тэгэхээр ажилласан хоногтой асуудал өмнөх иргэний хэргийн шүүх хуралдаанд яригдах ёстой байсан. Нэгэнт анхан шатны шүүх Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тогтоосон учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.
Иймд ажилгүй байх хугацааны цалинд 23.493.405,80 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулж Б-т олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч тал тооцооллыг гаргахдаа Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн цалин хөлсний хэмжээгээр тооцож байгаад маргаж байгаа. Тухайн үед Б-ийг ажлаас үндэслэлгүй халаагүй гэж маргаж байсан тул дүн тооцоололтой холбоотой ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул үүнтэй холбоотой нотлох баримтыг энэ хэрэгт гаргаж өгсөн.
Б нь манай компанид 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд ердөө 1 сар 10 хоногийн хугацаатай ажилласан, Хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон үндсэн цалин хөлс нь 2.000.000 төгрөг байсан. Б нь “М” ХХК-д ажилласан нэг сарын хугацаанд үйлдвэрлэлийн ажлын оргил үе таарч долоо хоногийн амралтын өдрүүд болон өдөр бүр илүү цагаар ажилласан буюу өдөр бүр 12 цагаар 30 хоног ажилласны улмаас тухайн сардаа 4.1 сая төгрөгийн цалин тооцогдон олгогдсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцуулах хүсэлтэй байна. Уг журмын 2.6-д зааснаар дундаж цалин хөлсийг тогтоох хугацаа 3 сар хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсийг нийт ажилласан хоногт хуваана /ажилласан 48 хоногт хуваан тооцоход 124.367,40 төгрөг/ гэж заасан байтал шүүхээс Бийн ажилласан 48 хоногт бус хуанлийн ажлын өдрүүдэд хувааж, нэг өдрийн цалин хөлсийг 192.568,90 төгрөгөөр хэт өндөр тооцсон нь буруу байсан. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр нэг өдрийн дундаж цалинг буруу тооцсон тооцооны алдааг залруулан зөвтгөж 124.367,40 төгрөгөөр тооцож өгнө үү.
Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх цалин хөлсийг тогтоосон, дахин нотлохгүй гэж ярьж байна. Тогтоох биш тус журмыг үндэслээд тооцож гаргасан дүн нь 192.000 төгрөг юм. Тухайн тооцооллыг гаргахад ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрээс харагдаж байгаа. Тэгэхээр одоо тусдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас шүүхэд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хууль болон журамд заасныг үндэслээд шинээр тооцож, тогтоох бүрэн эрх нь байгаа тул ажилласан хоногт нь буюу 45 хоногт хуваагаад нэг өдрийн хөлсийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.
Уг дүнгээр тооцоход нийт нэхэмжлэх үнийн дүнг нэхэмжлэлд дурдсан 122 хоногоор тооцож үзвэл 15.172.822,80 төгрөг болж байна. “М” ХХК нь цементийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд цементийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь улирлын чанартай, жил бүрийн 12 дугаар сараас дараа жилийн 4 дүгээр сар хүртэл зогсдог, өвөл цементийн худалдаа, үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээ бүгд зогсдог. 2022 оны тухайд манай үйлдвэрлэл гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болох тоног төхөөрөмжид томоохон гэмтэл гарч 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаагүй, сул зогсолт хийсэн тул тус хугацаанд үндсэн цалин 2.000.000 төгрөгийн 60 хувиар тооцож төлөх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “Ажил олгогчоос үл шалтгаалан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэл, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас, эсхүл ажилтнаас үл шалтгаалах сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүнд үндсэн цалингийн 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олговор олгох бөгөөд олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй” гэж заасныг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг дор дурдсан байдлаар тооцож олгохыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдвэрлэлийн сул зогсолтын хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн цалингийн 65 хувиар тооцож 5.333.333,30 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлдвэрлэл ажиллаж эхэлсэн хугацаанд ажилдаа эргэн орсон хугацаа буюу 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үндсэн цалин болох 2.000.000 сая төгрөгөөр тооцож 5.238.095,24 төгрөг байна. Иймээс бид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 11.626.866,30 төгрөгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа тул дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж нийт шаардлага болох 23.493.405 төгрөгөөс 11.866.538,70 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”
Хоёрдугаарт: Манай байгууллага улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. 11 дүгээр сараас газар хөлдчихдөг учраас барилгын ажил тэр чигтээ зогсдог, дагаад барилгын салбарын үйлдвэрлэл хүртэл зогсдог. Жилд ерөөсөө зургаахан сар үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол нийтэд илэрхий үйл баримт, тухайн маргаж байх үед одоо ч гэсэн 11 дүгээр сараас эхлээд 5-6 сар хүртэл амардаг. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар ажилтан сул зогсож байсан хугацаа буюу 1, 2, 3 дугаар сард /тухайн ажилтны цалин 2.000.000 төгрөг байсан/ 65 хувиар тооцоод 1.300.000 төгрөг олгох үндэслэлтэй байна /нийт 3.900.000 төгрөг/ гэж үзэж байгаа. Бусад саруудад тухайн ажлын хоногийг нь нэг өдрийн 132.658 төгрөгөөр бодож нийт 11.594.170 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд цалин хөлсний олговрын хэмжээг хэрэгт авагдсан, хариуцагч хариу тайлбарын үндэслэл болгож гаргаж өгсөн баримтад үндэслэн аргачлалын дагуу зөв тооцоолж, гаргаж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Хууль журмын дагуу бодит ажилласан хоногоор үнэн зөв тооцсон дүн 16.051.624 төгрөг болж байна. Энийг харгалзан үзнэ үү. Цалин хөдөлмөрийн хөлсийг тооцох журмыг үндэслэлгүй гэж тайлбарласан гэж буруу ойлгоод байх шиг байна. Тухайн үед үндэслэлтэйд тооцож байсан. Гэхдээ тэр журмыг бариагүй юм. Тэр журамд нь тухайн ажилласан хугацааны цалинг нь нийт ажилласан өдөрт нь хуваан олгоно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нийт ажилласан өдөрт нь хуваагаагүй, ажлын хоногт нь буюу 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдөр буюу хуанлийн ажлын өдрүүд байдаг. Өнөөдрийн миний гаргаж өгсөн баримтаар Б нь хуанлийн ажлын өдрүүдээс илүү цаг ажиллаж байсан гэдэг нь ирцийнхээ бүртгэлээр ч харагдаж байгаа, цалингийн хүснэгтээр ч тодорхой харагдаж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дундаж цалин хөлс тооцоод байгаа нийт 5.969.637 төгрөг гэх анхан шатны шүүхийн шийдвэр дээр гараад байгаа тэр дүн амралтын өдрөөр ажилласан хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгосон буюу тухайн сард 22 өдөр байхад Б нь 5 дугаар сард 30 өдөр ажилласан, 6 дугаар сард 15 хоног, нийт 45 хоног ажилласан. Тэгэхээр нөгөө журмаар нийт ажилласан хугацааны цалинг нийт ажилласан өдөрт нь хуваана гэчихсэн байхад ажилласан өдөрт нь бус хуанлийн ажлын өдөрт хуваачихсан юм. Тэгэхээр энэ өөрөө журам зөрчсөн тооцоолол байгаа юм. Үүнтэй холбоотой нотлох баримтыг өөрийн үүргийнхээ дагуу шүүхэд гаргаж өгсөн. Тийм учраас нэг өдрийн цалинг өөрчлөн тогтоох боломжтой.
Нийтэд илэрхий зүйлийг дахин нотлохгүй гэдэг дээр хэлэхэд бид нар анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан үеийн дүнг өөрчлүүлье гээгүй юм. 192.000 төгрөгөөр тооцоод нөхөн олговрыг олгоод дуусчихсан. Одоо тусдаа бие даасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа тул бидний гаргаж өгсөн нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх, шийдвэр гаргах эрх нь байгаа учраас хуульд зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6.6 буюу хохирлыг ажил олгогч хариуцна гэдэг дээр хэлэхэд, Жишээ нь: Энэ хүнээс болоод нийгмийн даатгал тасраад төлөгдөж чадахгүй байгаа тохиолдолд ажил олгогч 100 хувь хариуцдаг. Одоо бол бид нөхөх олговрыг шүүхийн шийдвэрийн дагуу олгоод тухайн хүн тодорхой хэмжээний орлого хүлээн авч байгаа учраас ажилтнаас зохих хувийг суутгаад, суутгасан дүнгээр олгохоор шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Ажил олгогчоос төлөх ёстой 14.5 хувийг бид зайлшгүй гаргана, эрүүл мэндийн даатгал дээр маргаан байхгүй” гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16.148.349,20 /арван зургаан сая нэг зуун дөчин найман мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.309.055,80 (долоон сая гурван зуун есөн мянга тавин таван төгрөг наян мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.7, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган тооцож, зохих журмын дагуу нөхөн төлөх, тайлагнах, баталгаажуулахыг хариуцагч “М” ХХК-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275.418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 238.872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Б нь “М” ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Захиргаа удирдлагын хэлтсийн гал тогоонд ахлах тогоочоор ажиллаж эхэлсэн. Улмаар “М” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 100/01 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Уг тушаалыг эс зөвшөөрч Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаснаар тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 151/ШШ2022/1371 дугаар шийдвэрээр Бийг захиргаа удирдлагын хэлтсийн гал тогоонд ахлах тогоочоор эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин 18.477.420 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэрт Бийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх хугацааны дундаж цалинг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.6-д зааснаар Бийн дундаж цалинг 192.568,90 төгрөг гэж тогтоосон.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/00495 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2024/00283 дугаар шийдвэрээр Бийн нэг өдрийн цалинг 132.658,60 төгрөгөөр тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Бийн цалингийн хүснэгт, ирцийн хүснэгт нь Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 151/ШШ2022/1371 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн иргэний хэргийн маргаанд хамраах баримт ба хариуцагч тухайн иргэний маргаанд түүнийг нотлох баримтаар гаргаж өгөх, үгүйсгэх эрхтэй байсан.
Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гаргасан өдрөөс ажилд эгүүлэн тогтоож, ажил үүргээ гүйцэтгэх эхлэх хүртэл хугацааны буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх цалин гаргуулах буюу энэ иргэний маргаанд хамаарахгүй гэж үзэж байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн зүйлийн 40.4. “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны зөрчиж нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалинг 132.658,03 төгрөг болгон өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас 7.309.055,80 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар үйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б нь манай компанид 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 1 сар 15 хоног ажиллаад гарсан. 1 сар 15 хоногийн хугацааны цалинд хамаарах ирцийн баримт, цалингийн хүснэгтийг гаргаж өгсөн. Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөрчлөх боломжгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эгүүлэн орох хугацааны нөхөн олговрыг шаардаж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хууль журмын дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “М” ХХК-д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу ажилгүй байсан 122 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 23.493.405,80 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас 16.051.624 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг үнийн дүнгээс зохих хувийг суутган авч, суутгасан дүнгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрчээ.
3. Нэхэмжлэгч Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмнөх буюу Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 151/ШШ2022/01371 дугаар шийдвэрээр Бийн нэг өдрийн цалинг 192.568,90 төгрөгөөр тогтооход хариуцагч талаас хуульд заасны дагуу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дээрх цалинг дахин нотлох шаардлагагүй тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажлын 129 хоногоос Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан нийтээр амрах баярын 7 хоногийг хасаж, ажлаа эрхлэн гүйцэтгэх 122 хоногийн нэг өдрийн цалинг 192.568,90 төгрөгөөр тооцон нийт 23.493.405,80 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү хэмээн тайлбарлажээ.
4. Хариуцагчаас тухайн үед Б-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөөгүй хэмээн маргаж байсан учир цалингийн тооцоололтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, манай байгууллага улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, 11 дүгээр сараас газар хөлдөн барилгын зогсдог учир дагаад барилгын салбарын үйлдвэрлэл хүртэл зогсдог ба 5-6 сар амардаг, жилд зургаан сар үйл ажиллагаа явуулдаг, энэ нь нийтэд илэрхий үйл баримт тул тухайн маргаж байгаа хугацааны сул зогсож байсан хугацаа буюу 1, 2, 3 дугаар сард тухайн ажилтны үндсэн цалингийн 65 хувиар тооцон 1.300.000 төгрөг буюу 3.900.000 төгрөг олгож, бусад саруудад ажлын нэг өдрийн цалинг 132.658 төгрөгөөр бодож нийт 11.594.170 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө хэмээн тайлбар гарган мэтгэлцэж байсан бол,
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд тайлбарын үндэслэл болгон гаргаж өгсөн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл илүү цагаар ажиллаж байсан нь цагийн бүртгэл, цалингийн хүснэгтээр тогтоогдож байгаа тул Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцон үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 16.051.624 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг үнийн дүнгээс зохих хувийг суутган авч, суутгасан дүнгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн мэтгэлцжээ.
5. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдгээрээ иргэний эрх зүйн үндсэн зарчим оршдог.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 100/01 тоот тушаалаар Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШШ2022/01371 тоот шийдвэрээр хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 18.477.420 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалган шийдвэрлэснийг мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 223/МА2023/00007 тоот магадлалаар хянан хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ202300495 тоот тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзан шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу хариуцагч “М” ХХК-аас 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр А/180 тоот тушаал гарган Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, Б нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс урьд эрхэлж байсан Захиргаа Удирдлагын хэлтсийн ахлах тогоочийн үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж эхэлсэн үйл баримт тогтоогдож байна.
7. Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгч Б-ийг ажилд нь эгүүлэн томилсон ажил олгогчийн тушаал авагдаагүй ч зохигчид Б нь “М” ХХК-ийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/180 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилдаа томилогдон, ажил үүргээ 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн гэх болон түүний ажилгүй байсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 122 хоног гэдэгтэй талууд маргаагүй байна.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба зохигчдын хооронд үүссэн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан маргаан гэж зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлийн хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.
9. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтанд олгох цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-аар тодорхойлдог.
Нэхэмжлэгч Бийн өмнөх хөдөлмөрийн маргаантай харилцааг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр түүний нэг өдрийн дундаж цалинг дээрх журмын 2.6-д заасны дагуу тооцон 192.568,90 төгрөгөөр тогтоон ажил олгогчоос ажилгүй байх хугацааны цалинд нийт 18.477.420 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэснийг хариуцагч тал биелүүлснээр уг шийдвэрийн үйлчлэл дуусгавар болсон гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 151/ШШ2022/01371 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргаан болон одоо маргаж буй үйл баримтууд нь тус тусдаа бие даасан нэхэмжлэлээр үүссэн өөр өөр шаардлага байна.
Өөрөөр хэлбэл талуудын маргаж буй маргаан болж өнгөрсөн цаг хугацааны хүрээн дэх үйл баримтын бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримтат мэдээлэл бүхий нотлох баримтуудын хүрээнд тусдаа шийдвэрлэгддэг учиртай.
10. Шүүхээс хариуцагч талаас гарган өгсөн хавтаст хэргийн 222-225 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Бийн 2022 оны 5, 6 дугаар саруудын цагийн болон илүү цагийн бүртгэл, цалингийн хүснэгт зэргийг үндэслэн нийт авсан цалин болох 5.969.637,03 төгрөгийг ажилласан 45 хоногт нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-д заасны дагуу хуваан тооцож түүний нэг ажлын өдрийн дундаж цалин хөлсийг 132.568,60 төгрөгөөр тогтоон, үүнийг нь талуудын маргаагүй буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажлын 122 хоногт үржүүлэн тооцож 16.184.349,20 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, үлдэх хэсэг болох 7.309.055,80 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.
Мөн нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн уг цалин хөлс болох 16.184.349,20 төгрөгөөс нийгмийн даатгалын тооцоог суутган холбогдох байгууллагад тайлагнан баталгаажуулахыг болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5., Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1., 8 дугаар зүйлийн 8.2.1.-т тус тус заасантай нийцжээ.
11. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гаргасан “...нэхэмжлэгч Бийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 192.568,90 төгрөг гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй юм.
12. Харин шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх нь” хэсэгт хариуцагчаас 16.184.349,20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй /шийдвэрийн 12-р тал/ гэж шийдвэрлэсэн атлаа “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад 16.148.349,20 /арван зургаан нэг зуун дөчин найман мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин мөнгө/ төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
13. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШШ2024/00283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,148,349.20 /арван зургаан нэг зуун дөчин найман мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,309,055.80 /долоон сая гурван зуун есөн төгрөг, тавин таван төгрөг наян мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг,
“...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,184,349.20 /арван зургаан нэг наян дөрвөн мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,309,055.80 /долоон сая гурван зуун есөн төгрөг, тавин таван төгрөг наян мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
М.МӨНХДАВАА