| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0117/Э |
| Дугаар | 268 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогч Ц.Ганжаргалын өмгөөлөгч Г.Гантуяа,
шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Б.Отгонжаргал, Ц.Батзаяа, Г.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ч.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803006250487 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 78 дугаар байрны 81 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ч.Н, /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв шуудангийн уулзварын зүүн замд Лексүс НS250 маркийн 91-95 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан “Зөвшөөрөгдсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар, бүлгийн 2.7-н а/-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Ганжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ уучлалт гуйж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулах болно. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 00 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг Буянт-Ухаа 2 дугаар хороололд би найз Тамирынд Төмөрбаатар, Энхтогтох нарын хамт 1 шил 0.5 литрийн архи мөн 5 литрийн савтай айраг дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд тэднийд сууж байгаад шөнө 03 цагийн үед гэр рүүгээ харих гээд бид дөрөв Тамирынхаас гараад байрны гадаа зогсож байсан. Төмөрбаатарын унаж ирсэн 91-95 УНХ улсын дугаартай Лексус НS-250 маркийн маркийн автомашинаар явах гээд машиных нь хажууд очоод Төмөрбаатар машинаа онгойлгох гээд түлхүүрээ хайгаад олохгүй байсан тэгтэл миний халаасанд машиных нь түлхүүр байхаар нь би машиныг нь онгойлгоод арай гайгуй байсан болохоор машиныг нь жолоодоод явах гээд би машиныг нь жолоодоод хажууд Төмөрбаатар суугаад хойд суудалд Энхтогтох, Тамир хоёр суугаад хөдлөөд явсан. Тэгээд би машиныг нь жолоодоод Жуков орох гээд Яармагийн замаар яваад Нарны гүүр даваад төв замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад Төв шуудангийн гэрлэн дохио дээр 3-р эгнээнд хамгийн эхэнд улаан гэрэл дээр зогсож байгаад гэрэл солигдоод ногоор гэрэл асангуут чигээрээ уулзвар нэвтрээд ортол миний баруун гар талын эгнээнд явж байсан машины урдуур 3 залуу ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй орж ирээд нэг залуу нь мөргүүлсэн. Тэр залуу цаанаас зам хөндлөн гарч ирж байгаа нь харагдаагүй гэнэт л гарч ирээд мөргүүлсэн. Осол болох үед шиврээ бороо орж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-143/,
Хохирогч Ц.Ганжаргалын “...2018 оны 7 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчимд найз Энхмөнх, Тэлмэн нарын хамт Барилгачдын талбайн урд байрлах “Facе” гэх бааранд орж нэг нэг пиво уучхаад шөнийн 02 цаг өнгөрч байхад Сүхбаатарын талбайн хажууд байрлах караоке орох гэсэн боловч хаалттай байсан болохоор харих гээд явган хүний гарцаар урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарч байтал гэнэт зүүн талаас машин ирж мөргөсөн. Явган хүний гэрэл дохио шар гэрэл анивчаастай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-38-41/,
Гэрч Х.Энхмөнхийн “...Сүхбаатарын талбайн урд байрлах автобусны баруун талд байрлах явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байсан чинь гэнэт зүүн гар талаас их хурдтай машин орж ирээд манай найз Ганжаргалыг мөргөөд газарт унагасан. Тэгээд манай найз 10 орчим метр шидэгдээд газарт их хүчтэй унасан. Машинаас 4 залуу бууж ирээд манай найз дээр нэг халзан залуу ирээд гаагүй юу гэж асуухад би түргэн дууд гээд хэлсэн. Тэгсэн чинь тэр 4 залуугийн нэг нь түргэн рүү дуудлага өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-79-80/,
Гэрч Б.Тэлмэнгийн “...автобусны буудлын баруун талд байрлах явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн алхаад гарч байсан чинь зүүн гар талаас гэнэт их хурдтай машин ирээд манай найз Ганжаргалыг мөргөөд манай найз хол шидэгдээд газарт унасан. ...Тухайн автомашины жолооч гэх нэг залуу манай найз дээр ирээд ах нь бүх хариуцлагыг нь үүрнэ цагдаа дуудах хэрэггүй гэж хэлж байсан. Удалгүй түргэний тэрэг ирээд бид 3 эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-81-82/,
Гэрч Н.Энхтамирын “...Төв шуудангийн урд уулзвар дээр улаан гэрэл асаад бид нар зорчих хэсгийн 3-р эгнээнд зогссон. Удалгүй ногоон гэрэл асаад чигээрээ яваад явган хүний өнгөрөөд явж байсан ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүн гэнэт гүйгээд гараад ирсэн чинь Нэмэхбаяр хүн гараад ирлээ гэж хэлээд л түс тас хийх дуу гарсан. Бид нар машинаас буугаад харсан чинь нэг залуу зорчих хэсгийн 2-р эгнээнд машинаас 3 метрийн зайтай газарт хэвтчихсэн тойгны ход хэсгээс цус гарсан байсан ба ухаан алдчихсан байсан. Тэгээд бид хамт явж байсан найз нараас нь та нар яагаад улаан гэрлээр гарчхаж байгаа бэ гэж асуусан чинь ахаа би нар харин амжиж гарах гээд л ийм юм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Нэмэхбаяр мөргүүлсэн залуу дээр очиж өөрийнхөө өмсөж явж байсан цамцаараа толгойны доод талд дэр хийж өгөөд цамцыг нь тайлаад цээжин дээр нь нэг гараа илээд сууж байсан. Хэсэг хугацааны төв шуудангийн урдаас нэг цагдаа бид нар гүйж ирээд түргэн дуусан уу гэж асуусан...” гэсэн мэдүүлэг /хх-83-84/,
Гэрч Б.Энхтогтохын “...манай найз Ганжаргал мөргүүлэхээс өмнө Энхмөнх, Ганжаргал бид нар гарахад машин харагдаагүй тэгээд бид явган хүний гарцаар гараад 3- эгнээ явахад ямар ч машин байхгүй байсан тэгсэн гэнэ Ганжаргалыг машин дайрсан...” гэсэн мэдүүлэг /хх-92/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10027 тоот актын “…Ц.Ганжаргалын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, тархины эдийн голомтлог няцрал, тархи доргилт, чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр автомашинд мөргөгдөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,
Замын цагдаагийн албаны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн техникийн шинжээчийн 530 дугаартай: “1. Зам тээврийн осол хэрэг гарсан гэх газрын хэмжилтийн схем зураг болон фото зургийн үзүүлэлтэд авагдсан зам, орчны байдал, уулзварын гэрэл дохион зохицуулгын горим, нэг секцийн асах хугацаа жолоочийн согтуурал шалгасан магадалгаа зэргээс үндэслэхэд Т.Лексус HS250 маркийн 91-95 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ч.Н нь ослын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.7 дахь заалт “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Ц.Ганжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 3. Осол хэрэг гарахад замын барилга байгууламж, хайс, хашаа, тэмдэг, тэмдэглэгээ гэрэлтүүлэг цаг агаарын болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Шинжилгээ хийх явцад шинжээч нарт уг хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илрээгүй, хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан болно...” гэсэн дүгнэлт,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11/, Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13, 17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8, 14-15/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-128/, хохирогчийн өвчний түүх /хх-109-120/, Жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-20/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-148/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-149/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-144/, хохирлын баримтууд хх-/49-72/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-162-164/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв шуудангийн уулзварын зүүн замд Лексүс Н3250 маркийн 91-95 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан “Зөвшөөрөгдсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар, бүлгийн 2.7-н а/-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Ганжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Ц.Ганжаргал, гэрч Х.Энхмөнх, Б.Тэлмэн, Н.Энхтамир, Б.Энхтогтох нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжилгээний №10027 тоот актын дүгнэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Ч.Нын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ч.Нын согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Ганжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Нын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хууль заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ганжаргал нь эмчилгээний зардалд 7.731.861 төгрөг, бензин шатахууны зардал 3.019.680 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөг нийт 11.151.541 төгрөгийн баримт гаргаж шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогчийн дээрх нэхэмжлэлээс эмчилгээний зардал болох 7.731.861 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бензин шатахууны зардал 3.019.680 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөг нийт 3.419.680 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бензин шатахууны баримтуудаас харахад уг бензин шатахууныг ямар маркийн тээврийн хэрэгсэлд зарцуулж, хаашаа явсан нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.491.860 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн байх тул энэхүү төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах 7.731.561 төгрөгөөс хасч, нийт 6.240.001 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Ч.Нт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Ч.Нэхэмбаяр нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 6.240.001 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд “хохирогч Ц.Ганжаргал нь шүүгдэгч Ч.Нт гомдол, саналгүй болсон. Харин цаашид эмчилгээ хийх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Нын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин түүний хохирогчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Шүүх шүүгдэгч Ч.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Нын №475648 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албан шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Ныг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Ч.Нт “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ч.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Ц.Ганжаргал нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Нын жолоочийн В, С, Е ангиллын №475648 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР