| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 151/2023/01183/И |
| Дугаар | 223/МА2024/00019 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 223/МА2024/00019
Л нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШШ2024/00322 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух Ж овогт Ж Л,
Хариуцагч: ... тоотод оршин суух, Б овогт Б Т,
Хариуцагч: ... тоотод оршин суух, Б овогт Б Б нарт холбогдох,
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д /цахимаар/,
Хариуцагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,
Хариуцагч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Л нь 2007 онд Төв аймгийн нутаг дэвсгэр Зуунмод сумын 1 дүгээр баг Орон сууцны шинэ хорооллын 16Б тоотод байрлах 200 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1427003769 дугаартай газрыг дуудлага худалдаанд оролцож худалдан авсан. Тус газрыг өмчилж авсны дараа 17А тоот газрын өмчлөгч Б.Т нь Л өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьж байсан тул Л нь тухайн барилга барьж байгаа хүмүүст хандан энэ зөрчлөө зогсоохыг шаардсан боловч шаардлагыг биелүүлэхгүйгээр барилгын ажлаа үргэлжлүүлж барьж байсан тул өргөдөл гаргасны дагуу шалгалт явуулж дүгнэлт гаргасан юм. 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №46/15/02-408 дугаартай Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд "Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхоны 16 Б байрны газрыг өмчлөгч иргэн Л ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хэмжилт боловсруулалт хийлгэлээ. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар хийлгэсэн зураглалаас үзэхэд Хөгжил хотхоны 17 А байрны газрыг өмчлөгч Б.Т нь 16Б байрны газрын өмчлөгч Л газраас 0,89-0,98 м газрыг ашигласан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж байна. Иймд ...маргаантай асуудлаа холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв” гэжээ. Нэхэмжлэгч иргэн Л болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д би өөрийн биеэр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэр Зуунмод сумын 1 дүгээр баг орон сууцны шинэ хороолол дахь 16 б тоотод байрлах Л газар болон түүний өмчлөлийн газарт нэвтэрсэн 17 А тоот газар дээр баригдсан иргэн Б.Тийн барилгыг газар дээр очиж үзсэн ба Б.Тийн байшингийн хаалгыг тогшсон боловч онгойлгоогүй. Тиймээс ойр хавийн хөршүүдээс асуухад хааяа ирчхээд явчихдаг, ойрд энэ байрны хүмүүс ирж харагдаагүй гэж хэлж байсан болно. Улмаар энэ өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт очиж уулзан 2010 онд тус байгууллагад газрын зөрчлийн асуудлаар өргөдөл гаргаж, шийдвэрлүүлж байсан тул энэ талаарх холбогдох баримтын хуулбарыг гаргуулж авсан болно. Хариуцагч Б.Т нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 39 Б байрны 2 тоотод албан ёсны бүртгэлтэй тул уг хаягаар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2019/11790 тоот захирамжаар “нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 39 Б байрны, 2 тоотод хариуцагч Б.Т бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул энэхүү захирамжийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Тийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/02548 тоот шийдвэрээр Б.Тийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан юм. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 26 т2-3/4447 тоотоор хариуцагч Б.Тийн хаягийг Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Хөгжил хотхоны 17 А тоотод оршин сууж байгаа болохыг олж тогтоосныг үндэслэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Энэ захирамжид гомдол гаргаснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШТ2021/00059 тогтоолоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэн дээрх захирамжийг хүчингүй болгосон. Иргэний хэрэг үүсгэснээр хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд хариу тайлбар гаргахдаа тус газар болон хувийн сууц нь өөр этгээдэд шилжсэн талаар дурдсан ба нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг шүүхээс хангасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, түүнд хавсаргасан хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл газрын өмчлөгч нь иргэн Д.Мөнхзул, харин хувийн сууцны өмчлөгч нь “Хасбанк” ХК болж хөрөнгө шилжсэн байх тул хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулах шаардлагатай болсон. Гэтэл хамтран хариуцагч иргэн Д.Мөнхзул болон “Хасбанк” ХК нар өөрсдийн нэр дээрх газар болон хувийн сууцыг Худалдах-худалдан авах гэрээгээр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэн Л.Цэцэгдэлгэрт худалдан борлуулсан талаарх баримтыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаан дээр гаргаж өгч, тус өдөр гарсан 03918 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн гэрчилгээний хуулбараар Ү-1427002081, Г-1427001274 дугаарт бүртгэлтэй Зуунмод сумын 1 дүгээр баг Номт, 3 дугаар хороолол, Хөгжил хотхон 17 дугаар байр А тоотод байршилтай 200 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 240 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Л.Цэцэгдэлгэрийн нэр дээр бүртгэгдсэн болох нь тогтоогдсон. Л.Цэцэгдэлгэрийг хамтран хариуцагчаар татан, анхан шатны шүүх, давах, хяналтын шатны шүүхээр хэрэг шийдэгдэж анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь тодорхой болсны дараа Л.Цэцэгдэлгэр нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Б овогт Б Б гэх хүн рүү өөрийн өмчлөлийн газар, хувийн сууцаа шилжүүлсэн байна. Шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч нар нь бусдад шилжүүлэн хамтран хариуцагчаар Б.Быг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан юм. Уг хэргийн шүүх хурал 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагт зарлагдсан бөгөөд нэхэмжлэгч Л итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019 оноос энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 4 жилийн хугацаанд тасралтгүй тууштай явсан ба 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 8 цаг болохоос өмнө өөрийн автомашинаар шүүх хурал руугаа хөдөлсөн хэдий ч Улаанбаатар хотын замын түгжрэлээс шалтгаалж шүүх хуралдаанаасаа 30 минутаар хоцорч очиход шүүх хуралдаан эхэлж, хариуцагч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаахаар шийдвэрлэсэн захирамж гарсан.
Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхоны 17 А тоот газар, хувийн сууцны өмчлөгч Б.Т-өөс “Хасбанк” ХК болон иргэн Д.Мөнхзулд шилжсэн, тэндээс дахиад иргэн Л.Цэцэгдэлгэрт шилжсэн, Л.Цэцэгдэлгэрээс Б.Б-д тус тус шилжсэн тул бүгд хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан юм. Мөн хавтаст хэрэгт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхоны 16 Б тоот газар өмчлөгч нэхэмжлэгч Л өмчлөлийн газарт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг, Хөгжил хотхоны 17 А тоот газар, хувийн сууцны өмчлөгч 13,8 м.кв нэвтэрч байшин барьсан болох нь шүүхийн томилсноор Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хоёр удаагийн хэмжилт хийсэн баримт, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд эдгээр баримтуудыг энэ нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг буцаасан хэргээс энэ хэрэгт татаж оруулах болно.
Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар шүүхийн онцгой харьяаллын хэрэг буюу “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ... нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасныг үндэслэн албадан чөлөөлөх газар нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн 17 А тоот газар тул Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 дүгнэлт нэмж гаргуулсан бөгөөд уг 2 дүгнэлт хэрэгт авагдсан. Нэг нь, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А4/07 тушаалаар 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтээр Л өмчлөлийн газраас хойд талаараа 0.84 метр, урд талаараа 0.93 метр буюу 11.7 метр газар барилга барьсан гэсэн дүгнэлт. Хоёрт, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тухайн нэвтэрсэн газар нь барилга байгууламжтай холбоотой ч биш гарж руу орох хэсэгт асфальт зам тавьчихсан нь газар руу нэвтэрсэн хэсэгт хэмжилт хийж, 2.1 мкв нэвтэрсэн гэх дүгнэлт юм. Л өмчлөлийн газарт Б.Т байшин барихдаа нийт 13.8 м.кв нэвтэрч барилга байшин буюу замын асфальт тавьсан байна.
Энэ хэргийн хариуцагчаар бусдын өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй нэвтэрч барилга барьсан гэх Б.Т, тухайн барилгыг одоо өмчлөлдөө авсан Б.Б гэх 2 хүн байгаа ба Б.Б байшин бариагүй тул Б.Т буруутай, Б.Т эрхээ шилжүүлчихсэн тул Б.Б буруутай гэсэн тайлбар гаргаад байх шиг байна. Хэргийн үйл баримтаа харахаар энэ 2 шууд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэдэг нь харагддаг. Өмнө нь Л.Цэцэгдэлгэр, “Хасбанк” ХК, Д.Мөнхзул нарыг гуравдагч этгээдээр бус хамтран хариуцагчаар татаад явж байсан. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хасбанк” ХК болон Д.Мөнхзул байшингийн өмчлөх эрхийг маргаантай, эд хөрөнгийн доголдолтой байгааг мэдсээр байж Л.Цэцэгдэлгэрт шилжүүлчихсэн. Энэ нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Л.Цэцэгдэлгэр тус байшинг аваад маргаантай байгааг мэдсээр байж Б.Б руу шилжүүлсэн. Энэ хүмүүс гэрээн дээрээ шаардлага гаргах боломжтой.
Иймд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Хөгжил хотхоны 17 А тоот газар, хувийн сууцны өмчлөгч Б.Т нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхоны 16 Б тоот газрын өмчлөгч иргэн Л өмчлөлийн газарт зүүн талаас 13.8 м.кв газрыг оруулан барилга барьсан одоо тус газар нь иргэн Б өмчлөлд шилжсэн байх тул иргэн Л өмчлөлийн тус газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбилэгийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч “Б.Т нь 2009 онд Л өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьсан” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэжээ. Хариуцагч Б зүгээс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн буюу нэхэмжлэлд дурдсан этгээд биш байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа. Л өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьсан хүн хариуцагч Б.Б биш бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироогоогүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл хийгээгүй. Б хувьд хууль ёсны дагуу гэрчилгээ, улсын бүртгэлийг үндэслэж, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөлдөө шилжүүлсэн буюу шударга өмчлөгч юм.
Нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулж, үүргийн харилцаанд ороогүй, үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Ер нь энэ хэрэгт хамтран хариуцагч татаад, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэдий хэмжээний мөнгөн дүнтэй барилга баригдсан талаар тогтоож зөв голдирлоороо явсан бол болох байсан. Гэтэл сүүлчийн шинжээчийн дүгнэлт гарах хүртэл бүтэн барилгыг үнэлэх үү? зөвхөн барилга орсон хэсгийг үнэлэх үү? хариу авна гэсэн байхад, шүүх тодруулаад явуулсан бол үнэлгээ гаргах боломжтой байсан. Гэтэл одоо нэвтэрч барилга барьсан газрыг албадан чөлөөлөх нь хууль ёсны өмчлөгчийн эрхийг давхар зөрчих нөхцөл байдал харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө нарийн асуудлыг сайн судалж, нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлох, өөрөө дүгнэлт гаргуулан орж ирэх байтал байшинг нураах, албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаад байгаа нь талуудын гайхширлыг төрүүлж байна.
Иймд хариуцагч Б.Бад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
3.Хариуцагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-гийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэлд дурдсан газар, түүн дээрх газар өмчлөх эрх нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Хас банк” ХК-ийн өмчлөлд шилжсэн гэрчилгээ, дараа нь иргэн Д.Мөнхзулын өмчлөлд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Мөнхзулаас Л.Цэцэгдэлгэрийн өмчлөлд, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Л.Цэцэгдэлгэрээс Б.Бад тус тус шилжиж газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээнүүд бичигдсэн. Иймд Б.Тийн газар өмчлөх эрх дараагийн шинэ өмчлөгчид шилжсэнээр өмнөх өмчлөгчийн газар өмчлөх эрх дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нь Б.Т-өөс газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах үндэслэлгүй. Өмнө шилжүүлсэн өмчлөгч нар эд хөрөнгө нь эрх зүйн доголдолтой гэдгийг мэдэж байсан. Тэгэхээр эдгээр хүмүүсийг ч гэсэн хариуцагчаар татах хэрэгтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн доголдолтой гэдгийг мэдсээр байж, бусдад шилжүүлж байгаа нь үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэтэл нэхэмжлэгч 2 хүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа ба нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Уг хэрэгт өмнө нь ажиллагаа хийж байсан шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр энэ хэрэгт хамтран хариуцагчаар “Хас банк” ХК, Д.Мөнхзул, Л.Цэцэгдэлгэр нарыг татан оруулж ирсэн нь зөв байсан. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хан үнэлэмж” ХХК шүүхэд хариу өгөхдөө Л өмчлөлийн газраас Б.Т барилга барихдаа ашигласан гэх 13,8 м.кв талбайг үнэлэх үү, эсвэл газар үнэлэх үү гэсэн. Хэрэв ашигласан талбайг үнэлнэ гэвэл баригдсан барилгын үнэлгээг бүхэлд нь тооцох шаардлагатай болно. Иймд үнэлгээ хийхээс татгалзаж байна гэсэн хариу өгсөн байдаг. Нэхэмжлэгч Л газраас орсон хэсгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гарсан байдаг. Энэ нь одоо биелэгдэх боломжгүй, газар дээр объект баригдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн газрыг чөлөөлөх шийдвэр гарвал уг барилгын хэсэгхэн хэсгийг буулгах шаардлага гарч дараа дараагийн газар худалдаж авсан өмчлөгчдийн эрх хууль ёсны ашиг сонирхол давхар хөндөгдөх магадлалтай. Иймд эдгээр өмчлөгчдийг шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар юм уу, гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлтэй холбоотой урьд хэрэгт цугларсан болон одоо хэрэгт илүү гарсан 13,8 м.кв газар нь үнэлгээгээр ... төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн ямар ч шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Энэ талаар “Хас банк” ХК ч хүсэлт гаргаж явсан. Энэ үнэлгээ албан ёсоор гараагүй нөхцөлд шүүхийн шийдвэр биелэгдэх, хэн нэг өмчлөгчөөс газрыг чөлөөлүүлэх асуудалд биелэгдэх боломжгүй юм. Энэ хэрэгт шинжилгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтүүдийн тоо хоорондоо эрс зөрүүтэй байна. Тодруулбал 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шинжээч М.Цогжавхаа 2,1 м.кв нэвтэрсэн байна. Мөн М.Цогжавхаа зүүн талаас 0,84 метр, урд талаараа 0,93 метр буюу 11,7 м.кв газрыг оруулан барилга барьсан байна. “Хан үнэлэмж” ХХК барилга барихдаа ашигласан 13,8 м.кв гэх зэрэг зөрүүтэй хэмжилтүүд харагдаж байна. Иймд уг асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
Нэхэмжлэлийн шаардлага бол өмчлөгч Б.Т-өөс газрыг албадан чөлөөлж өгнө үү гэсэн байгаа.
Б.Т нь Л газарт нэвтэрч барилга барьж байна гэдгээ мэдээгүй ба санаатайгаар барилга бариагүй, Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа зохих хэмжээгээр нэвтэрсэн байна гэдгээ хойно нь мэдсэн. Тэгэхээр зохих хэмжээний гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахыг даалгах гэдэг ч юм уу тийм байдлаар нэхэмжлэл гаргавал зохистой байх. Тэгэхгүй өмчлөгч шилжчихсэн байхад Б.Т-ийг өмчлөгч гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар энэ хэргийн өмнөх хавтаст хэргээс харахаар Д.Мөнхзул, “Хас банк” ХК, Л.Цэцэгдэлгэр нарыг гуравдагч этгээдээр татуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан байсан. Гэтэл өнөөдөр энэ хүсэлтээсээ татгалзаад байгаа юм уу сайн ойлгохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй, өмчлөгч биш хүнд холбогдуулан шаардлага гаргаж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 137 дугаар зүйлийн 137.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 137 дугаар зүйлийн 137.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б.Т нарт холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Л нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...1.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн Хөршийн эрхийн зохицуулалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д: Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т "Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барьж, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй", 135.4-т "Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй" гэж заасан.
Харин Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-т заасан зохицуулалт нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай холбоотой бөгөөд ямар нөхцөл бүрдсэн үед газрын ашиглалтад нөлөөлөхийг хориглож болохгүйг зохицуулсан байна.
Дээрх хуулийн зохицуулалт болон үзэл баримтлалаас үзвэл хөрш залгаа газрын өмчлөгч нь нөлөөлөл бий болгож байгаа хөршийн барилга байгууламжийг буулган зайлуулахыг шаардах эрхтэйгээс гадна баригдахаар төлөвлөгдсөн буюу баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоохыг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн барилга байгууламжийг барьж эхлэх үе, бүрэн баригдаж дуусаагүй байхад шаардлага гаргах, эрх бүхий байгууллагад хандах эрхийг баталгаажуулсан зохицуулалт юм.
Хил нь зөрчигдсөн хөрш хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчиж байх үед тухайн үйлдлийг эсэргүүцэн шаардлага гаргаагүй. Хил нь зөрчигдсөн хөрш эрх нь зөрчигдөж байгааг шууд мэдээгүйн улмаас хэд хоногийн дараа эсхүл хэдэн долоо хоногийн дараа гаргасан ч гэсэн шаардлагыг хугацаа хожимдуулж гаргасанд тооцно.
Эдгээр нөхцөл бүрдсэн үед хөрш нь хил зөрчсөн үйлдлийг хүлцэх ёстой болох ба тэрээр Иргэний хуулийн 106.1-д заасны дагуу хил зөрчсөн барилга байгууламжийг чөлөөлөхийг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Л нь Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн хуулбарыг бичгийн хэлбэрээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хуулбарлуулан аваад эрх зөрчсөн этгээд болох Б.Тийн оршин суугаа хаягаар буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан ч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тул 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/02548 дугаартай шүүхийн шийдвэрээр Б.Т-ийг эрэн сурвалжлуулжээ. (хх-8-11)
Нэхэмжлэгч нь 2009 онд барилга барьж байгааг мэдсэн, хэмжилтийг эрх бүхий байгууллагаас хийж, 2010 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсныг мэдсэн, мэдэх боломжтой байсан нь Л өргөдөл гаргасан үйл баримтаар нотлогдож байна. Тухайн цаг хугацаанаас хойш хууль хяналтын байгууллагад хандахыг зөвлөсөөр байхад 2019 онд 9-10 жилийн дараа өмчлөгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нөгөө талаар, Б.Т нь газар дээрээ 2009 онд орон сууцны зориулалттай барилга барьж, 2010 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тухайн барилга бүрэн баригдаж дууссан, зориулалтын дагуу ашиглах боломжтой болохыг нотолж байх бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч Л 9 жилийн дараа шүүхэд хандаж, хөршийн хил зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохоор нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.", 76 дугаар зүйлийн 76.4-т "Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй" гэж заасанчлан хөөн хэлэлцэх тусгайлсан хугацааг хуулиар тогтоосон байх учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа тус нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.
Мөн Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасан хэм хэмжээг нь Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д "Энэ хуулийн 135.3-135.5, 138.1, 132.4, 139.1, 139.2-т заасан шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" гэх заалтад хамаарахгүй.
Иймд Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасанчлан хөршийн хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруйд буюу 2009 оны 8 дугаар сард нэхэмжлэгч Л мэдэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 46/15/02-408 дугаартай "... Хөгжил хотхоны 17А байрны газрын өмчлөгч Б.Т нь 16Б байрны газрын өмчлөгч Л газраас 0,89- 0,98 м газрыг ашигласан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж байна. Иймд бусдын газраас зөвшөөрөлгүй ашигласан иргэн Б.Т-тэй холбогдсон маргаантай асуудлаа холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн албан бичиг өгсөөр байтал нэхэмжлэгч Ж. Л нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандаж байгаа нь тухайн барилгыг баригдаж байх үед нь зогсоолгохоор шаардлага гаргах эрхээ алдсан, зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэг үүссэн гэж дүгнэхээр байна" гэжээ.
2.1.Иргэний хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр дэд бүлэгт Хөршийн эрхийн харилцааг зохицуулсан байна.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт "Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ” гэж томьёолсон байна.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай Тогтоолоор Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 4 дүгээр дэд бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарласан ба энэхүү тогтоолын 1-д: "Иргэний хуулийн /цаашид хуулийн гэх/ 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан "хөрш залгаа эд хөрөнгө"-д "хил залгаа эзэмшил газар" буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас "бусад үл хөдлөх эд хөрөнгө" хамаарна.
2-т: Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан "нөлөөлөл" гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно. Эдгээр нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илэрнэ.
Уг нөлөөлөл нь эд хөрөнгийг ашиглах тухайн хэлбэрт зайлшгүй гарах учиртай эсхүл гарах боломжтой бөгөөд ноцтой үр дагаврыг үүсгээгүй байна.
Харин эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хөршийн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ ойлголтод хамаарахгүй." гэсэн байна.
Өөрөөр хэлбэл нэгдүгээрт иргэний газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн байдал хөршийн эрх гэсэн зохицуулалтад хамаарахгүй зөвхөн эзэмшил газар буюу газар эзэмших харилцаанд үйлчлэх, хоёрдугаарт энэхүү хөрш газар эзэмших эрхийн харилцаанд нөлөөлөл нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр, энэ хэмжээнээс хэтрэхгүй, эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хөршийн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ ойлголтод хамаарахгүй гэж тайлбарласан байна.
Гэтэл анхан шатны шүүх хөршийн эрхийн зохицуулалт хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Мөн зүйлийн 116.3-1 "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэснийг зөрчсөн байна.
2.2. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Л нь 2009 оны зун 8 сард өмчлөлийн газраа эргэж очиход Б.Тийн барилгын суурийн ажил эхэлж байсан ба барилга бариулж байгаа эзэнтэй нь уулзах гэсэн боловч байгаагүй тул барилга барьж байсан хүмүүстэй нь уулзаж манай газар руу нэвтрээд орчихсон байгаа юм биш үү та нар сайн хэмжиж шалга гэж шаардлага тавихад бид нар мэдэхгүй ээ, барилгын эзэн нь Улаанбаатар хотод байдаг бид нар зөвхөн барилга барьж байгаа хүмүүс гэж хэлж байсан ба Ж. Л уг барилга нэвтэрсэн байж болзошгүй гэж үзээд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж 2009 оны 8 сарын 27-ны өдөр өргөдөл гаргасныг хүлээн авч бүртгэсэн тэмдэглэл нь (хх-9-р хуудаст) авагдсан 2010 оны 8 сарын 26-ны өдрийн №46/15/02-408 дугаартай Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутаг Хөгжил хотхоны 16 Б байрны газрыг өмчлөгч иргэн Л ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар 2010 оны 7 сарын 21-ний өдөр хэмжилт боловсруулалт хийлгэлээ. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар хийлгэсэн зураглалаас үзэхэд Хөгжил хотхоны 17 А байрны газрыг өмчлөгч Б.Т нь 16 Б байрны газрыг өмчлөгч Л газраас 0,89-0,98 м газрыг ашигласан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж байна гэжээ. (Дүгнэлтийн хуулбар хх-8)
Б.Т нь уг хувийн сууцны барилгаа 2010 оны 5 сарын 31-нд барьж дуусгаад бүртгүүлж гэрчилгээ авахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан өргөдөл, гэрчилгээний хуулбар хавтаст хэрэгт авагдсан байна. (хх-44-7)
Б.Т нь маргаан бүхий газар дээрээ ямар нэгэн бүртгэлгүй, уг хаяг дээрээ амьдардаггүй байсан тул уулзах боломжгүй байсан гэдэг нь удаа дараа шүүхэд гаргасан нэхэмжлэл, эрэн сурвалжлуулж олж тогтоосон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. (хх10-14)
Шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2021 оны 8 сарын 23-ны өдрийн 26 т 2-3/4447 тоотоор хариуцагч Б. Тийн хаягийг Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Хөгжил хотхоны 17А тоотод оршин сууж байгаа болохыг олж тогтоосныг үндэслэн Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм.
Дээрх нотлох баримт, шүүхийн шийдвэрүүдээр Л нь уг барилгыг барьж эхэлж байхад нь хэмжилт хийлгэхээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад 2009 оны 8 сарын 27-ны өдөр өргөдөл гаргасан, 2010 оны 8 сарын 26-ны өдрийн №46/15/02-408 дугаартай Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан ба уг дүгнэлт гарснаас хойш 10 жилийн дотор буюу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан болох нь хавтаст хэргийн 8-аас 11-р хуудаст авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоно.
Л нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг шийдвэрлэхэд хөршийн эрхийн зохицуулалт хэрэглэх үндэслэлгүй буюу хуульд тусгайлан заасан хугацаа энд хамаарахгүй тул Иргэний хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар "Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж заасан хугацаа үйлчилнэ.
Тиймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Л нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
3.Гомдлын шаардлага: Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэн Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 сарын 09-ний өдрийн 151/ШШ2024/00322 дугаартай Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт "Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 106 дугаар зүйлийн 106.2, 137 дугаар зүйлийн 137.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Цэцэгдэлгэрт холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж. Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэснийг "Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л өмчлөлийн 13,8 метр квадрат газарт нэвтэрч баригдсан Б өмчлөлийн хувийн сууцны барилгын хэсэг болон граж руу орох хэсгийн замын хэсгийг буулган уг газрыг албадан чөлөөлсүгэй" хэмээн өөрчилж өгнө үү” гэв.
6.Хариуцагч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч гомдлынхоо үндэслэлийг хөршийн эрх зүйн харилцаа хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлд тодорхой заасан байна. Өмчлөгч буюу эзэмшигч байхаас хамааран хөрш задгай эд хөрөнгө байвал хөршийн харилцаа үүснэ. Анхан шатны шүүхээс хөршийн эрх зүй гэж үзэж Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд заасан хөөн хэлэлцэх хугацааны тусгай зохицуулалт үйлчлэхгүй юм. Нэхэмжлэгч гомдолдоо Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор хөршийн эрх зүйн зохицуулалт хамаарахгүй, нөлөөллийн асуудал дээр яригдана гэж байна. Өмчлөгч, эзэмшигч байхаас үл хамааран хөршийн эрх зүйн харилцаа үүснэ. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж өгнө үү” гэв.
7. Хариуцагч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Газрыг өмчлөгчөөс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай. Б.Тийн өмчлөлөөс гараад өөр этгээдүүдийн өмчлөлд удаа дараа шилжиж тэр хүмүүс нь гэрчилгээгээ авсан байдаг. Б.Тийн өмчлөлөөс гарсан хойно Б.Тийн өмчлөлөөс гаргаж өгнө үү гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй үндэслэлгүй. Манай үйлчлүүлэгчийг Монгол орон даяар олохгүй байж байгаад олсон үед нь шүүхэд өгсөн мэтээр тайлбарлаж байна. 13.8 метр газрыг буулгах нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэхэд дараагийн өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг давхар зөрчинө. Энэ барилгыг буулгах ямар ч боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, бусад этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зүйлгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлсон, хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ч хэрэглэвэл зохих хуулийн талаар дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч Л бусдын хууль бус эзэмшлээс газраа албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа "...2008 онд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхоны 16 Б тоот өмчлөлийн газрын зүүн талаас нийт 13.8 м.кв газрыг Б.Т оруулан байшин барьж, зам тавьсан. Тухайн үед барилга барьж байсан хүмүүст хууль бус үйлдлээ зогсоох талаар хэлсэн боловч зогсоогоогүй. Иймд 2009 онд Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. 2010 онд "... Б.Т нь 16Б байрны газрыг өмчлөгч Л газраас 0,89-0,98 м газрыг ашигласан...” гэсэн хариу өгсөн. Ингээд 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч Б.Тийн оршин суух хаяг тодорхойгүй байсан тул эрэн сурвалжлуулсан. Одоо тус байшин, газрыг Б.Б өмчлөлдөө авсан байгаа. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дуусгавар болоогүй байгаа тул газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна” гэсэн үндэслэлээр дэмжсэн.
Хариуцагч Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...Уг үл хөдлөх хөрөнгө нь миний өмчлөлийнх биш болсон. Байшинг барьж дууссан тул буулгах боломжгүй. Үнэлгээний хувьд байшин, эсхүл газрын алийг үнэлэх нь ойлгомжгүй байдалд хүрсэн учир үнэлгээчин дүгнэлт гаргахаас татгалзаж байсан..." гэж тайлбарласан.
Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...Би уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан шударга өмчлөгч ба нэхэмжлэгч Л эрхийг ямар нэг хэлбэрээр зөрчөөгүй. Иймд хариуцагч биш гэж үзэж байна..." гэж тайлбарлан мэтгэлцсэн.
Харин хариуцагч Б.Т нь 2008 онд Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр, 17А тоот хаягтай газар дээр хувийн сууцны зориулалттай, 240 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000110617 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барихдаа нэхэмжлэгч Л өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхоны 16Б тоот өмчлөлийн газрын зүүн талаас 11.7 м.кв, зам талбай засаж 2.1 м.кв, нийт 13.8 м.кв газар оруулан хил зөрчсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.
3.Хэргийн үйл баримтын талаар:
Хариуцагч Б.Т нь Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг, Номт 3 дугаар байр, 17А тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 18645287983809 дугаартай, Газар өмчлөх эрхийн 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 000100589 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1427001274 дугаарт бүртгэгдсэн, 200 м.кв талбайтай газар дээр хувийн сууцны зориулалттай баригдсан, 240 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000110617 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1427002081 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барихдаа тогтоосон хил хязгаараас гадагш буюу нэхэмжлэгч Л өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхоны 16Б тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 18645287973808 дугаартай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 000014840 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-1427003769 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбайтай газрын зүүн талаас 11.7 м.кв, зам талбай засаж 2.1 м.кв, нийт 13.8 м.кв газрыг оруулсан нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 46/15/02-408 тоот “...Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар хийлгэсэн зураглалаас үзэхэд Хөгжил хотхоны 17А байрны газрыг өмчлөгч Б.Т нь 16Б байрны газрыг өмчлөгч Л газраас 0,89-0,98 м газрыг ашигласан байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж байна. Иймд бусдын газраас зөвшөөрөлгүй ашигласан иргэн Б.Т-тэй холбогдсон маргаантай асуудлаа холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв” гэх баримт,
Шинжээч Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “...Төв аймаг Зуунмод сум Номт 01 дүгээр баг Хөгжил хотхоны 17А тоотын газрын өмчлөгч нь тус хотхоны 16Б тоот газрыг өмчлөгч Л газрын зүүн талаас хойд талаараа 0,84 метр, урд талаараа 0,93 метр буюу 11,7 м.кв газрыг оруулан барилга барьсан байна” гэх, мөн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “...Хөгжил хотхоны 17А тоот газрын өмчлөгч нь иргэн Л газар руу зам талбай засаж 2.1 м.кв нэвтэрсэн байна” гэх дүгнэлтүүдээр тогтоогдсон.
Мөн Л.Цэцэгдэлгэр нь “Хас банк” ХК-ний зээлийн гэрээний үүргийн биелэлтэд тооцон хураагдсан дээрх үл хөдлөх хөрөнгө болох 240 м.кв талбайтай хувийн сууцыг 123,000,000 төгрөг, Д.Мөнхзулын өмчлөлд шилжсэн байсан дээрх 200 м.кв талбайтай газрыг 4,000,000 төгрөгөөр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулан өөрийн өмчлөлдөө авсан.
Хариуцагч Б.Б нь Л.Цэцэгдэлгэртэй 240 м.кв талбайтай хувийн сууцыг 80,000,000 төгрөг, 200 м.кв талбайтай газрыг 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, өмчлөгчөөр 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудаар /хх-59-70/ тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар “...Хариуцагч Б.Б нь өмнөх өмчлөгч Л.Цэцэгдэлгэрээс худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө, түүний доорх газрыг худалдан авсан боловч тухайн орон сууцны байшингийн доорх Л өмчлөлийн газрын хэсгийг аливаа гэрээ хэлцлээр шилжүүлэн авсан талаар маргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, анх орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулсан Б.Т нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хилийг зөрчин нийт 13,8 м.кв газрыг ашигласан, улмаар уг барилгыг дамжуулан гуравдагч этгээдэд худалдсанаар 16Б тоот газрын өмчлөгч Л өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцсэн гэж үзэв.
4.Хууль хэрэглээний талаар:
4.1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй", 106.2.-т "Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" гэж заажээ.
Нэхэмжлэгч Л нь хилийн заагийг зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хувийн орон сууцны зориулалттай, 240 м.кв талбайтай байшин барьсан хөрш залгаа газрын өмчлөгчөөс 11,7 метр газраа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар,
Мөн зам талбай засаж байнга ашиглаж байгаа 2,1 м.кв газраа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар бусдын хууль бус эзэмшилээс шаардах эрхээ мэдсэн даруй хэрэгжүүлнэ.
4.2.Нэхэмжлэгч Л Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдаагүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нотлох нотолгооны үүрэг хуваарилагдаж байна.
Харин нэхэмжлэгч Л нь хариуцагч Б.Тийн хууль бус үйлдлийн талаар 2009 онд мэдэж зогсоох талаар барилга барьж байсан хүмүүст хэлсэн гэж тайлбарлаж байгаа ч баримтаар нотлоогүй.
Мөн нэхэмжлэгч Л Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гомдлын хариуг 2010 онд хүлээн авсан мөртлөө 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна.
4.3.Иймд нэхэмжлэгч Л Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдаж байгаа ч эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ хязгаарлуулсаны төлөө нөхөн төлөөс авах эрх үүсэх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд хөршийн эрхтэй холбоотой маргаан үүссэн гэж үзсэн нь хуульд нийцжээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д "Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй" гэж заасан.
Мөн “даруй” гэдэгт “...14 хоногийг боломжит хугацаа” гэж ойлгох юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л хариуцагч Б.Т, Б.Б нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн “...Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 76 дугаар зүйлийн 76.4-т “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж, Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д “газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэж заасанчлан хөөн хэлэлцэх тусгайлсан хугацааг хуулиар тогтоосон байх учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа тус нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Мөн Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасан хэм хэмжээ нь Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “Энэ хуулийн 135.3-135.5, 138.1, 138.4, 139.1, 139.2-т заасан шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Иймээс нэхэмжлэгч Л Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдсан тул хариуцагч Б.Т, Б.Бнарын үйлдэл, эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.
6.Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасны дагуу зөв шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан заалтыг хамт баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөв.
7.Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар энэ шийдвэр нь хариуцагч Б.Т, Б.Бнарын нийтийн эзэмшлийн газарт зам талбай засаж байнга ашиглаж байгаа үйл баримтад нөлөөлөхгүй болохыг дүгнэх нь зүйтэй.
8.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дгаргасан давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхиж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШШ2024/00322 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1...” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
М.МӨНХДАВАА