Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 216/МА2024/00006

 

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2024/00107 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч *******,

            Хариуцагч*******д холбогдох

           Нэхэмжлэлийн шаардлага: Бараа бүтээгдэхүүний зөрүү төлбөрт 4,100,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах №DLB-01/22 дугаар гэрээг хариуцагч******* үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, үлдэх 255 ширхэг блокийг худалдаж авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,

      талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 44,535,000 төгрөгийг *******-аас буцаан гаргуулах, дулаалгын хөөс 193 ширхэг, гадна фасад 193 ширхэгийг*******д өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй

        иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмонгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон /цахимаар/, хариуцагч*******, түүний өмгөөлөгч А.Билгүүн /цахимаар/, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

          Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ******* нь барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын хуулийн этгээд бөгөөд бид өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох дулаалгатай лего блок барилгын материалыг худалдан авагч, захиалагчийн захиалгын дагуу бэлтгэн нийлүүлэн ажиллаж байна. Манай компани нь Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, - дугаар баг, - дугаар байрны - тоотод оршин суух хаягтай, иргэн*******тай 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №DLB-01/22 дугаар бүхий Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, түүний захиалгын дагуу нэг ширхэг нь 185,000 төгрөгийн үнэ бүхий 460 ширхэг фасадтай лего блокийг нийт 85,100,000 төгрөгөөр бэлтгэн нийлүүлж, худалдахаар харилцан тохиролцсон. Монгол Улсад зөвхөн бид Дулаалгатай лего блок буюу Фасадтай лего блок-ийг үйлдвэрлэн худалдаалдаг бөгөөд талууд гэрээг байгуулах үед нэхэмжлэгч нь 1 ширхэг фасадтай лего блокийг 205,000 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэн худалдан борлуулж байсан юм. Хариуцагч нь их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн авах тул үнийг хямдруулж, бууруулах санал тавьсаныг хүлээн зөвшөөрч, тухайн үеийн үндсэн үнийг 205,000 төгрөгөөс 20,000 төгрөгөөр бууруулан үнийн хямдрал үзүүлж, 185,000 төгрөг болгож, гэрээ байгуулсан. Хариуцагчид үзүүлсэн энэхүү үнийн хямдрал нь ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор буюу чөлөөт зах, зээлийн үндсэн зарчмуудын нэг болох их хэмжээгээр худалдан авалт хийх тохиолдолд үнэ буурдаг-тай нийцэж байгаа. Нэхэмжлэгч компани нь хариуцагчид 3 удаагийн үйлдлээр нийт 205 ширхэг блокийг бэлтгэн нийлүүлсэн ба хариуцагч нь тухай бүрт нь өөрийн машинтайгаа ирж, бараа бүртээгдэхүүнийг биечлэн шалгаж, хүлээн авч байсан. Харин бид үлдэх 255 ширхэгийг хариуцагчид нийлүүлэхээр бүрэн үйлдвэрлэн бэлтгэсэн боловч худалдан авахаас татгалзаж байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт ...худалдагч тал нь их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн бууралтыг гэрээнд заасан бүтээгдэхүүний хэмжээнд хүрээгүй тохиолдолд нийлүүлсэн нийт бүтээгдэхүүнийг тухайн үеийн өөрийн борлуулж буй үндсэн үнээр тооцон худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй ... гэж заасны дагуу үндсэн үнэ болох 205,000 төгрөгөөр тооцож, 4,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа.

      Мөн хариуцагчийн зүгээс Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 44,535,000 төгрөгийг буцаан гаргуулах, нийлүүлсэн 193 ширхэг лего блокийн дулаалгын хөөс 193 ширхэг, гадна фасат 193 ширхэгийг Ш.М өгөхийг даалгах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийг 255 ширхэг блокоо нийлүүлээгүй учир бидний дунд маргаан үүсч гэрээгээ цуцлах асуудал яригдаж байсан гэж шүүхэд мэдүүлж, уг үндэслэлийг дурдаж, нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бидний зүгээс гэрээг цуцлахад хүргэх үүргийн зөрчил гаргаж байгаагүй юм. Түүнчлэн бидний хооронд ямар нэгэн байдлаар гэрээ цуцлах асуудал яригдаж байгаагүй, харин гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байсан. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т ...Гэрээний аль нэг тал нөгөө талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцлах бол хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр урьдчилан мэдэгдэнэ... гэж заасан ба хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар бичгээр урьдчилан мэдэгдсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд заасан гэрээг цуцлах журмыг ноцтой зөрчиж байна. Гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй, гэрээг цуцлахад нөлөөлөх үүргийн зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, түүнчлэн цаашид гэрээний харилцаа үргэлжлэхдээ нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой тул хариуцагч талаас гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож, үлдэх 255 ширхэг блокийг худалдан авахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Харин нэгэнт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний фасад болон дулаалгыг нийлүүлэхэд манайхаас татгалзах зүйл байхгүй, үүнийгээ ч удаа дараа илэрхийлсэн, ирээд авч болно гэсэн.

     Иймд, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №DLB-01/22 дугаар бүхийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч Ш.М үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, үлдэх 255 ширхэг блокийг худалдаж авахыг хариуцагч Ш.М даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

           2. Хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Би өөрийн эцэг, эхийн ажиллуулдаг зоогийн газрын барилгын гадна хэсгийг дулаалж, өнгөлөхөөр фэйсбүүкт байрлуулсан зарын дагуу лего блок нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдож, үнийн санал болон холбогдох бусад мэдээллийг авсан. Улмаар гэр бүлийн хүрээнд ярилцаж шийдвэрлэн тухайн лего блокийг худалдан авахаар болж, нэхэмжлэгч *******-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 460 ширхэг блокийг нэг бүрийн үнийг нь 185,000 төгрөгөөр тооцож, худалдаж авахаар болсон. Ингэхдээ нэхэмжлэгч компани нь Улаанбаатар хотоос тээвэрлэх зардал, очиж буулгах болон угсрах зардал нь бүгд багтаад нэг бүрийн үнэ нь 185,000 төгрөг болж байгаа гэсний дагуу тухайн нөхцөлийг зөвшөөрч, талууд гэрээ байгуулсан. Гэрээний 3.3.1-т заасны дагуу худалдан авч буй барааны төлбөр болох 85,100,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Дээрх гэрээг бид 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар байгуулсан бөгөөд гэрээний тал болох худалдагч буюу А У ХХК нь гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу лего блокийг 2023.08.31-нээс 2023.09.31-ний өдрийг хүртэлх 1 сарын хугацаанд надад бүрэн хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 1 ширхэг ч блокийг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхээр шаардаж холбогдох гээд нэхэмжлэгч компанийн тухайн үеийн захирал Э.Б утсаар залгахад утсаа авахгүй байсан тул 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр тухайн компани байрлаж байсан Ю б оффис дээр ирж уулзахад гүйцэтгэх захирал нь байхгүй, хүний нөөцийн менежер гэх хүн байсан нь ямар учиртай блокийн гэрээ болохыг мэдэхгүй байсан. Менежерээр нь дамжуулж, үйлдвэр байрлаж байгаа гэх хаягаар Сонгинохайрхан дүүрэгт байрлах түрээсийн үйлдвэр дээр очсон боловч гэрээ байгуулах үед яриад байсан шиг үйлдвэр байгаагүй бөгөөд блок үйлдвэрлэдэггүй болохыг мэдсэн. Тодруулбал, нэхэмжлэгч компани нь айлын гаражийг түрээсэлж, өдөрт бага хэмжээгээр 20 орчим блок гаргадаг, хүмүүсээс хямд үнээр блок худалдан авч, бидэнд нийлүүлдэг болохыг мэдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор бидний хороонд маргаан үүсч, хэд хоног тухайн үйлдвэрийг нь сахин байж, 2023 оны 10 дугаар сарын эхээр 200 гаруй ширхэг жижиг хэмжээтэй блокийг авсан. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч компани нь дахин блок нийлүүлээгүй бөгөөд дахиж нийлүүл гэх байдлаар шаардаж байсан боловч утсаа ч аваагүй, ажлын байран дээрээ ирээгүй, үйлдвэр гэх газарт очсон боловч түрээсийн гэрээний хугацаа нь дууссан тул гаражийг чөлөөлсөн гэсэн хариуг тухайн гаражийн харуул гэж хүнээс мэдсэн. Гэрээний 4.4-т худалдан авагчаас төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа худалдагч нь нийт төлбөрт оногдох хэмжээгээр бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлнэ, техникийн болон уур, цахилгаан эрчим хүчний саатал зэргээс шалтгаалж бараа нийлүүлэх хугацаа хойшлуулах тохиолдолд урьдчилж мэдэгдэж, хугацааг хойшлуулах боломжтой гэж заасан бөгөөд бидний хувьд гэрээний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж, 85,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байхад нэхэмжлэгч компани нь гэрээгээр тохирсон хугацаанд блок нийлүүлэх үүргээ зөрчсөн. Мөн ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нийлүүлэх хугацаа хойшиллоо гэх зэргээр бидэнд мэдэгдэж байгаагүй атлаа гэрээний үүргээ зөрчөөгүй, манай талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр блокийг авахаас татгалзаж, гэрээг цуцаллаа гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт ...Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.5 дахь хэсэгт ...гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч компани нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул бидний зүгээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд гэрээг шүүхийн журмаар цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдлээ буцаан гаргуулахаар шаардсан. Мөн дээрх хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу бид гэрээг өөрсдийн эрхийнхээ хүрээнд чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг байгуулсан байтал гэрээг цааш үргэлжлүүлж блокийг авахыг даалгаж өгнө үү гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй буюу хууль зөрчсөн үйлдэл гэж харагдаж байна. Үлдэгдэл блокоо нийлүүлэх талаар удаа дараа шаардахад өгөөгүй тул мөнгө шилжүүлсэн газрынхаа харьяа Цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын - дүгээр хэлтэст *******-д холбогдох - дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараагаар ******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надад холбогдуулж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалж, үлдэгдэл блокийг авахаас татгалзсан учраас гэрээний тохиролцооны дагуу жижиглэнгийн үнэ болох 205,000 төгрөгөөр зарсан гэх зөрүү төлбөрийг шаардсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээг цуцлахгүйгээр блокийг авахыг даалгаж өгнө үү гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа нь өмнөх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн үйлдэл гэж харагдахаар байна. Тодруулбал, гэрээний 6.1.5-д заасан үндэслэл бүрдсэн учраас зөрүү төлбөрийг урьдчилгаа төлбөрөөс тооцож хасахыг мэдэгдэж байна гэсэн агуулгатай бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр надад өгсөн атлаа нэмэгдүүлсэн шаардлагадаа гэрээг цааш үргэлжлүүлж, үлдэгдэл блокийг авахыг даалгаж өгнө үү гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь блокоо их хэмжээний нийлүүлэлтээр тооцож байгаа гэж харагдахаар байна. Иймд эргэж буцсан, зөрүүтэй төлбөр, шаардлага гаргаж байгаа нэхэмжлэгчийн үйлдэл нь хууль бус учраас түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн бид гэрээгээр тохиролцсоны дагуу 150x60x30 хэмжээтэй лего блок авахаар тохиролцсон боловч *******-ийн нийлүүлсэн блок нь тухайн хэмжээндээ хүрэхгүй жижиг байсан, мөн дагалдах дулаалгын хөөс болон фасадыг бидэнд өгөөгүй. Энэ талаар хариуцагч компанид тухайн үед мэдэгдэж байсан бөгөөд үлдэгдэл 255 ширхэг блокоо гэрээний дагуу хугацаандаа нийлүүлээгүй. *******-ийн нийлүүлсэн гэх нийт блокийг гэрээний дагуу нийлүүлэх хэмжээгээр тооцож үзэхэд 150x60x30 хэмжээтэй лего блок нийт 193 ширхэг болсон. Тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож үзэхэд /*******-ийн нэхэмжлэлд дурдсан үнээр буюу 1 бүрийн үнэ нь 205,000 төгрөг/ 39,565,000 төгрөг болж байгаа. Энэхүү үнийн дүн нь гадна фасад, дулаалгын хөөстэйгөө хамт тооцсон үнэ учир *******-аас 193 ширхэг дулаалгын хөөс, 193 ширхэг гадна фасадыг*******д өгөхийг даалгаж өгнө үү. ******* нь 255 ширхэг блокоо нийлүүлээгүй учир бидний дунд маргаан үүсч гэрээгээ цуцлах асуудал яригдаж байх үед хариуцагч нь нэхэмжлэгч миний ХААН банк ХК-ийн - тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн байсан.

      Иймд, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 44,535,000 төгрөгийг *******-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

     3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

       Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1., 205 дугаар зүйлийн 205.1., 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Ш.М 4,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн №DLB-01/22 дугаар Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг хариуцагч******* үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, гэрээгээр тохиролцсон нийт блокоос үлдэх 255 ширхэг блокийг худалдаж авахыг хариуцагч*******д даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас 42,075,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******д олгож, үлдэх 2,460,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас нийлүүлсэн 205 ширхэг лего блокийн дулаалгын хөөс 205 ширхэг, гадна фасад 205 ширхэгийг тус тус гаргуулж, хариуцагч*******д өгөхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2., 60 дугаар зүйлийн 60.1. зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас 80,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 464,025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 380,625 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 42,075,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 368,325 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас гаргуулж, хариуцагч*******д тус тус олгож, давж заалдах гомдол гаргах эрхийг тайлбарлаж шийдвэрлэжээ. 

      4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмонгийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

      Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2024/00107 дугаар бүхий шийдвэрийн зарим хэсгийг нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. ...Тодруулбал, нэхэмжлэлээс Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №DLB-01/22 дугаар бүхий Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г хариуцагч******* үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, гэрээгээр тохиролцсон нийт блокоос үлдэх 255 ширхэг блокыг худалдаж авахыг хариуцагч*******д даалгах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гаргасан тайлбар, хариулт, мэдүүлгийг дутуу, зохих ёсоор үнэлээгүйн улмаас нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн эрх зүйн дүгнэлтийг гаргасан байна. Хариуцагч******* нь гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлахад хүргэх үүргийн зөрчил гаргаж байгаагүйгээс гадна талуудын хооронд ямар нэгэн байдлаар гэрээ цуцлах асуудал яригдаж байгаагүй, харин ч гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн асуудлыг талууд шийдвэрлэхээр ярилцаж байсан. Ингэж ярилцаж байсан нь Иргэний хуульд нийцэх бөгөөд тэдгээр үйл баримт нь холбогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Тодруулбал, хариуцагч нь гэрээний зүйл болох лего блокийг хугацаанд нь өөрөө ирж авах үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь ...барааг зөөж тээвэрлэх автомашин олдохгүй байна..., ...том автомашин хотын баруун тал руу явж болохгүй... гэх мэт шалтаг, шалтгаанаар үйлдвэрлэсэн барааг ирж авах үүргийнхээ хугацааг хойшлуулж байсан. Ийнхүү хугацаа хойшлуулж байсанд нь нэхэмжлэгч тал аливаа гэм буруугүй бөгөөд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т ...Гэрээний аль нэг тал нөгөө талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцлах бол хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр урьдчилан мэдэгдэнэ... гэж заасан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээ цуцлах талаар бичгээр урьдчилан мэдэгдсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээнд заасан гэрээг цуцлах журмыг ноцтой зөрчсөн, гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүйд гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс ...гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцлах асуудал хэрэгждэг... гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, учир дутагдалтай байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т ...Энэхүү гэрээ нь талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, Худалдан авагч нь энэхүү 3.3.1 дэх заалтанд заасны дагуу урьдчилгаа төлбөрийг Худалдагчид төлснөөр хүчин төгөлдөр болох бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно... гэж гэрээний хугацаагаа тодорхой заасан байхад анхан шатны шүүх гэрээний хугацааг хэрхэн тодорхойлсон буюу хэзээ эхлэж, хэзээ дууссан гэж үзэж байгаагаа шийдвэртээ тодорхой заагаагүй, талууд гэрээний хугацаагаа тодорхойлсон тохиролцоо болох гэрээний 2.1 дэх заалтыг хэрхэн үнэлж, тайлбарлаж, хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтийг зөв үнэлж, хуулийг зохих ёсоор тайлбарлан хэрэглээгүйгээс үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдаагүй гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанчлан гомдолд дурдсан дээрх үндэслэлүүдээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэж, ...шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

      5. Хариуцагчийн өмгөөлөгч А.Билгүүн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

        Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэрэгт авагдсан баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж дүгнэж чадсан гэж бид нарын зүгээс үзэж байгаа. Гол асуудал бол Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхээр нэг талаас худалдан авагч төлбөр төлөх үүрэгтэй. Энэ үүргээ бүрэн биелүүлж 85,000,000 төгрөг шилжүүлсэн. Харин 1 сарын хугацаатай бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэсэн боловч хугацаагаа хэд хэдэн удаа хэтрүүлсний үндсэн дээр талуудын хооронд маргаан үүссэн. Хариуцагч яриад хугацаа сунгаж байсан гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй асуудал. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо зөрүүтэй, нэг нэгнийгээ үгүйсгэсэн шаардлага байна 4,100,000 төгрөг нэхэмжилж байгаа бол хоёр дахь шаардлагыг нэхэмжлэх ямар ч эрх зүйн боломжгүй. Яагаад гэвэл бид нар 460 блок зарах байснаас 205 блок зарсан учраас 205,000 төгрөгөөр тооцож авна гэж зөрүү төлбөрөө нэхсэн мөртлөө одоо 4,100,000 төгрөгөө авна, та нар 260-аа дахиад ав гээд байгаа нь өөрөө үндэслэлгүй асуудал байгаа юм. Дараагийн асуудал нь гэрээний үүрэг зөрчсөн нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа. Хугацаандаа нийлүүлээгүй учраас бид нар гэрээг цуцлах гээд албан ёсоор цагдаагийн байгууллагад хандсаны дараагаар 11 дүгээр сарын 24-ний өдөр албан бичгийг Мөнгөншагайд ирүүлсэн байгаа юм. Тэр албан бичигтээ манай ажилчдын буруутай үйл ажиллагааны ойлгомжгүй зүйлээс болоод хугацаандаа нийлүүлэх боломжгүй болсон. Танайх хэрвээ гэрээгээ цуцалж байгаа бол бид нар 205,000 төгрөгөөрөө нэхнэ гээд нэмэлтээр 1,000,000 төгрөгийг М данс руу хийсэн байдаг. Гэтэл тухайн үйл явдлаар гэрээ цуцлагдсан гэдэг нь тогтоогдчихсон. Ийм байхад хугацаа авч байгаа юм шиг ийм байдлаар тайлбар өгөөд яваад байгаа нь хариуцагчийн эрхийг зөрчөөд байгаа учраас гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж явж байгаад нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан учир цагдаагийн асуудал шийдвэрлэгдэх боломжгүй гэж үзээд бид нар ямар нэгэн гомдол саналгүй гэж хаалгаад зөрүүлээд сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шийдэгдэхээс өмнө эрүүгийн хэрэг хаагдсан гэв.

        6. Хариуцагч******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

       Хугацаа маш их хэтэрсэн тэрэн дээр гомдолтой байгаа. Блокоо авах гээд залгахаар огт утсаа авдаггүй, мессэж бичихээр энд, тэнд явж байна гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

          Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

   1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийн зөрүү 4,100,000 төгрөг гаргуулах, мөн талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах №DLB-01/22 дугаар гэрээг хариуцагч******* үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, гэрээгээр тохиролцсон нийт блокоос үлдэх 255 ширхэг блокийг худалдаж авахыг хариуцагчид даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж, шаардлагаа нотолж Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, шаардах хуудас, мэдэгдэл, Хас банкны төлбөрийн баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг, үнийн санал, Ажлын байрны түрээсийн гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

     2. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2023.08.31-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөөс 44,535,000 төгрөгийг *******-аас буцаан гаргуулах, 193 ширхэг дулаалгын хөөс, 193 ширхэг гадна фасад өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба шаардлагаа гэрэл зураг, мессэжний хуулбар, дансны хуулга, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2023.11.13-ны өдрийн 230903227 дугаартай тогтоол, гэрч Ө.Ш мэдүүлэгт зэрэгт үндэслэсэн.

       3. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

      4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч худалдагч тал гэрээний үүрэг зөрчөөгүй байхад гэрээ цуцлах заалтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлж, хуулийг зохих ёсоор тайлбарлан хэрэглээгүй үндэслэлээр гомдол гаргасан.

       5. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд 460 ширхэг дулаалгатай лего блок худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, худалдагч нь 205 ширхэг блок нийлүүлж, үлдэх 255 ширхэг блокийг нийлүүлээгүй, худалдан авагч нь гэрээний үнэ 85,100,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. Хариуцагчийн сөрөг шаардлагаас дулаалгын хөөс, гадна фасадыг өгөх-ийг нэхэмжлэгч маргаангүй хүлээн зөвшөөрсөн. Мөн анхан шатны шүүх барааны үнийн зөрүү 4,100,000 төгрөгийг гаргуулсан шийдвэрт хариуцагч тал маргахгүй, хүлээн зөвшөөрсөн болохоо давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн.

      6. Талуудын маргааны зүйл нь үлдэгдэл 255 ширхэг блокийг нийлүүлэхэд хугацаа хэтэрсэн эсэх, хугацаа хэтэрсэн бол аль тал буруутай, гэрээний зөрчилтэй холбоотой гэрээ цуцлах нөхцөл үүссэн эсэх асуудлууд байх ба анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

         Тодруулбал, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах, харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр хэрэгжсэн гэрээний хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

       Худалдагч буюу нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан хугацаандаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс, худалдан авагч буюу хариуцагч*******д гэрээ цуцлах шаардлага гаргах нөхцөл үүссэн болох нь 205 ширхэг блокийг хугацаа хэтрүүлж нийлүүлснийг нотлох шаардах хуудас, залилан мэхэлсэн үндэслэлээр Цагдаагийн байгууллагад хандсан тогтоол, үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогссон болохыг нотолсон нэхэмжлэгчийн мэдэгдэл, гэрч Ө.Ш мэдүүлэг, хариуцагчийн ...гэрээнд заасан хугацаанд блокоо нийлүүлээгүй, хэд хоног үйлдвэрийг нь сахиж байж 200 ширхэг жижиг хэмжээтэй блок авсан. Үлдэгдэл блокоо нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй тул цагдаад хандсан гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

      Анхан шатны шүүх, гэрээ цуцлах асуудал нь тухайн гэрээний хугацаа дуусахаас өмнө хэрэгждэг тул нэгэнт гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлийг заасан нь буруу байна.

      Гэрээнд блок нийлүүлэх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд байхаар заасан боловч нэхэмжлэгч ******* нь зарим хэсгийг хугацаа хэтрүүлж, зарим үүргийг огт биелүүлээгүйгээс зөрчил үүсч, үүргийн зөрчилтэй холбоотойгоор хариуцагч талаас 2023 оны 11 дүгээр сард Цагдаагийн байгууллагад хандсан нь гэрээний 7.1, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

         Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь, бүрэн буюу зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх үүссэн байх ба дээрх цаг хугацаагаар тооцоход гэрээ цуцлах шаардлагыг шүүхэд шууд гаргаагүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал нь гэрээний хугацаа сунгагдсан, хугацаандаа биелүүлсэн гэж мэтгэлцэх боловч үлдэгдэл 255 ширхэг блокийг бэлтгэсэн, ирж хүлээн авахыг худалдан авагчид мэдэгдсэн гэх нөхцөл байдал буюу түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдсонгүй.

       Түүнчлэн гэрээний 2.2, 2.3-т хоёр өөр хугацаа заасныг нэхэмжлэгч талаас эхнийх нь ерөнхий хугацааг зааж байгаа, талуудаас шалтгаалсан нөхцөл байдлаас гэрээ хэрэгжиж дуусах хамгийн сүүлийн хугацаа 12 дугаар сарын 31-ний өдөр байсан гэж тайлбарлах боловч талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл богино хугацаатай, зөвхөн нэг удаагийн харилцаа байх бөгөөд гэрээний зүйлийн хувьд байшинг бүтнээр нь гадна талаас нь өвлийн хүйтнээс урьтаж дулаалах зорилготой, цаашид үргэлжлэхгүй байсан ба Өвлийн улирал болох гээд барилгын ажил зогсох гээд байсан. Барааг хугацаандаа нийлүүлээгүйгээс өөр газраас худалдан авалт хийхээс өөр аргагүй нөхцөл үүссэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.

         7. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг шаардлагын дараа гэрээ цуцалсан нь үндэслэлгүй болохыг тогтоож, гэрээгээр тохиролцсон нийт блокоос үлдэх 255 ширхэг блокийг худалдаж авахыг хариуцагч*******д даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлагын шинжийг агуулаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг үндэслэх тайлбар байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй боловч дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв байх тул давж заалдах шатны шүүх хөндөхгүй орхилоо.

       Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 258, 259 дүгээр зүйлд зааснаар худалдан авагч тал худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй бөгөөд эд хөрөнгийг хүлээж авахгүй удаасан буюу хадгалахтай холбогдсон зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал нь зохих журмын дагуу түүнийг худалдах эрхтэй болохоос эд хөрөнгийг өгөхөөр даалгах шаардлага гаргах эрхгүй юм.  

         8. Иймд, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       9. Гомдлыг хангаагүй тул нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 464,025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2024/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмонгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 464,025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                О.ОДНЯМАА

                 ШҮҮГЧ                                      А.САЙНТӨГС

                 ШҮҮГЧ                                      Б.НАРАНЧИМЭГ