Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 226/МА2024/00013

 

 

 

 

 

 

 2024        07           03                                           226/МА2024/00013

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д

 холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,

Хариуцагч *******ийн өмгөөлөгч Б.Жавхлан,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 156/ШШ2024/00236 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 20,687,426.20 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тоот цахим зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийн эрхийг сарын 6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай өдөр бүр зээл, хүүг төлөх ба үндсэн зээлээс төлсөн дүнгээр буцаан зээл авч болох нөхцөлтэй шугамын гэрээ байгуулан зээл авсан. ******* нь тоот зээлийн гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 21 өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд зээл, хүүгийн төлбөрийг гэрээний дагуу төлж үүргээ биелүүлж байсан. ******* 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлийн үлдэгдэл 7,666,613.33 төгрөгийн зээл дээр нэмж 2,330,000 төгрөгийн зээл авсан ба нийт 9,996,613.33 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. ******* 2022 оны 05 дугаар сарын 25-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах үеийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа утсаар болон зээлдэгчтэй уулзаж шаардсан боловч өөрийн амласан хугацаандаа зээлээ төлөхгүй байна. Иймд үндсэн зээл 9,996,613.33, үндсэн зээлийн хүү 10,681,312.87, нотариатын үйлчилгээний хөлс 9500 төгрөг, нийт 20,687,426.20 төгрөгийг *******эс гаргуулж "*******" ХХК-д олгож өгнө үү” гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн “*******” ХХК-ийн салбар дээр очиж зээл авахаар хандсан. Банк бус санхүүгийн байгууллагын ажилтан “******* банкны дансны хуулгаа аваад ир” гээд дансны хуулга шалгаад “зээл олгож болох юм байна” гэж хэлсэн. Ингээд надад "цахим зээлийн эрх нээх гэрээ" гэсэн зүйлд болон зээлийн өргөдөлд гарын үсэг зуруулсан. "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-нд зээлийн дүн, хугацаа, хүү гэх зүйл бичигдээгүй байсан. Ингээд би тус компаниас 10,000,000 төгрөгийн зээлийг авсан. Тус зээлийг эргэн төлөх нөхцөл нь 1 өдөрт 333,000 төгрөгийг төлөх байсан. Би 1-5 сар хүртэл аппликэйшнаар 1 өдөрт 333,000 төгрөгийг төлж байсан. Ингээд сүүлдээ би тооцоогоо учраа олохоо байсан, санхүүгийн байдал маань хүндэрсэн. Одоо тус компани надаас 20,687,426 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх нэхэмжилж байгаа мөнгөний 50 хувиас илүү хувь нь хүү байна. Уг хүүг надаас нэхэмжлэхдээ 6 хувийн хүүтэй байсан гэж нэхэмжилж байгаа боловч тус зээлийг би 6 хувийн хүүтэй аваагүй, энэ тал дээр ямар нэгэн тохиролцоо, бичгийн баримт байхгүй, надтай 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлэх гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй.  

Би “*******” ХХК-аас 3 хувийн хүүтэй гэж зээл авсан, 6 хувийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 10,000,000 төгрөгөө төлнө. Харин хүү 10,287,426 төгрөгийг төлөхгүй. Харин одоо би санхүүгийн алдагдалд орсон тул хүү төлж чадахгүй болсон” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч *******эс үндсэн зээл 9,996,613 төгрөг, зээлийн хүү 5,681,313 төгрөг, нийт 15,677,926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,009,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсний дагуу "*******" ХХК нь надтай 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлэх гэрээг надтай бичгээр байгуулаагүй", энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй, шүүх хуралдаанд талууд энэ талаар тайлбарласан байхад намайг 3 хувийн хүүтэй зээл авсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “...гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан ...талууд нэг бичиг баримт үйлдэж гарын үсэг зурснаар ....гэрээг байгуулсанд тооцно” гэж хуульчилсан. Гэтэл "*******" ХХК болон ******* нарын хооронд "10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлэх" талаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. 3 хувийн хүүтэй зээлэх талаар ч гэрээ байгуулагдаагүй. Зээлийн өргөдөл дээр “3.50 хувийн хүүтэй” гэж бичигдсэн боловч үүнийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 282 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан бичгийн хэлбэрээр байгуулагдсан зээлийн гэрээ гэж үзэж боломжгүй.

3. Аппликэйшн бол гэрээ биш зөвхөн хэрэгсэл. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар... хүчин төгөлдөр болно” гэж заасан. Хэрэгт энэ талаар нотолсон зүйл байхгүй.

4. Зээлийг өдрийн 333,000 төгрөгөөр төлүүлдэг байсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэж байх ёстой байсан. Тус эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлөлтийн тооцоо гарах ёстой. Гэтэл зээлийн тооцоо тодорхойгүй. Төлөлтийн хуваарь нь юу байсан юм, хэзээ энэ зээлийн хугацаа дууссан юм, хэзээнээс хугацаа хэтэрсэн юм гэх мэт тодорхойгүй.

Харин хариуцагч миний хувьд өөрийн авсан 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Уг төлбөрөө төлж барагдуулах болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүү тооцож гаргуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч *******ийн өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК хариуцагч ******* нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн үндсэн хүү нэхэмжилсэн атлаа шүүх хуралдаанд оролцохдоо нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжилсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад шүүх 3 хувийн хүүтэй гэж тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Нэмэгдүүлсэн хүү нь гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрөө эргэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувь хэмжээнээс хэтрэхгүй байхаар хуульчилсан. Цахим зээлийн эрх нээх гэрээн дээр заагдсан хүүг нэмэгдүүлсэн хүү гэж үзэхгүй, зээлийг 3 хувийн хүүтэй зээлэх тухай бичгээр байгуулсан гэрээ байхгүй, зээлийн өргөдлийг гэрээ гэж үзэхгүй. Хууль зүйн үндэслэлгүй хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ийн хувьд эхлээд  10,000,000 төгрөг зээлээд  1-5 сар хүртэл аппликэйшнаар дамжуулан өдөрт 333,000 төгрөгийг төлж байсан. 07 дугаар сард дахин 2,330,000 төгрөгийн зээл авсан. Хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлье гэдэг байр суурьтай байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүү тооцож гаргуулсаныг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цахим зээлийн 105 тоот гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний нэг хувийг хариуцагч *******д өөрт нь өгсөн. Зээлийн эрхийн хугацааг 12 сар, нэмэгдүүлсэн хүүг 72 хувь гэж гэрээнд заасан. Үндсэн зээлээс төлсөн дүнгээр буцааж зээл авах боломжтой. Зээл авах болгонд зээл эргэн төлөлтийн хугацаа, төлөлт нь өөрчлөгддөг. Энэ мэдээлэлүүд нь тухай бүр *******ийн ашигладаг аппликэйшнээр түүний цахим хаягт очдог. Өмнө нь зээл аваад төлсөн байдаг, харин энэ зээл 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд төлөгдөөгүй байгаа, зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. Санхүүгийн алдагдалд орсон гэдгээ нотлоогүй тул хүүнээс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “******* нь “*******” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, 12 сарын хугацаатай, эхний сар хүүгүй, хугацаа хэтэрвэл 6 хувийн хүү тооцохоор 10,000,000 төгрөгийг зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 9,996,613.33 төгрөг, зээлийн хүү 10,681,312.87 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9,500 төгрөг, нийт 20,687,426.20 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* нь “*******” ХХК-тай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, 10,000,000 төгрөгийн зээл авсан. Би анх зээл авахдаа 3 хувийн хүүтэй зээл юм байна гэж бодож авсан. "*******" ХХК нь 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлэх гэрээг надтай бичгээр байгуулаагүй, 10,000,000 төгрөгийн зээлээ төлнө, 6 хувийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч *******эс үндсэн зээл 9,996,613 төгрөг, зээлийн хүү 5,681,313 төгрөг, нийт 15,677,926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,009,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

4. Хариуцагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “*******” ХХК-тай Цахим зээлийн эрх нээх ******* тоот гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-н 10/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

 

5. Анхан шатны шүүх тус “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-г Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний шинжийг агуулсан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т хуульд заасан зээлийн гэрээ байгуулах хуулийн шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч “*******” ХХК нь биелүүлж, хариуцагч *******ийн ******* банк дахь дансанд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч 10,000,000 төгрөгийн зээлийг авсан, харин хариуцагч нь зээлийн гэрээний 2.1.4.2-д заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн  байна. 

 

6. Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2, 2.1.6.1, 2.1.6.2, 2.1.6.3, 2.1.6.4 дахь заалтаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тодорхойлсон байна. Зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм.

 

Анхан шатны шүүх зээлийн өргөдөлд “зээлийн хүү сарын 3.50 хувь” байхаар талууд тохиролцож, зээлдэгч гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан баримт болон  “би анх зээл авахдаа 3 хувийн хүүтэй гэж бодож авсан” гэсэн тайлбараар талууд зээлийн гэрээг хүүтэй байгуулсан, хүүний хэмжээ сарын 3.50 хувь гэж дүгнэж, Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан А-106/298 дугаартай тушаалаар батлагдсан “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал”-аар зээлийн хүүг тооцож 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,996,613, зээлийн хүү 5,681,313 төгрөг, нийт 15,677,926 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,009,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

7. Иймд хариуцагч *******ийн гаргасан “зээлийн хүү тооцсоныг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8. Хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 156/ШШ2024/00236 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                      Ц.ЭРДЭНЭЗУУ

                                                                                                            

                                                                                      Г.БОЛОРМАА