Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 226/МА2024/00014

 

 

 

 

 

 

 

2024 07 03 226/МА2024/00014

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч С.Ганчимэг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч О.Дүүриймаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 156/ШШ2024/00258 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох 30,305,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр "*******" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 8*6 хэмжээтэй, мансардгүй палкан байшинг /палканы хэмжээ 11x15/ байшингийн хана, шал, тааз, шувуун болон дам нуруу, дээврийн төмөр, 3-н банзан дээвэр, лампиран тааз, паркетан шал, обой, 5 ширхэг вакум цонх, 3 ширхэг модон хаалга, бүргэд хаалга, дээврийн дулаалгыг шилэн хөвөн, тугалгатай шилэн цаасаар дулаалах, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж шохойтой цаас хадаж, обой нааж, 2-н банзан 4х2 хэмжээтэй тамбарыг барьж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохиролцож, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, дээврийн төмөр тавьсан нөхцөлд 4,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцож нийт 29,000,000 төгрөгийг тухай бүр нь бүрэн шилжүүлж дууссан. Гэтэл ******* ХХК нь байшингаа бүрэн барьж дуусгаагүй, цонх хаалга хийгээгүй, тэр чигтээ өнөөдрийг хүртэл алга болсон. Тухайн үед зөвхөн өрлөг барьсан, дээвэр тавигдсан байдалтай байсан. Одоо хүртэл ийм байдалтай байгаа. Утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Сүүлд ярихдаа байшинг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгээд өгнө гэхээр нь зөвшөөрч хүлээсэн. Гэтэл бас л хүлээлгэж өгөөгүй. Одоогийн байдлаар өмнө баригдсан өрлөг нь элэгдэлд орсон, мод банз нь 2 жил үер, чийгт ороод гажсан байдалтай байна. Бид одоо байшинг авахгүй, өгсөн мөнгөө алдангитай нь авна. Иймд Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэрээний төлбөр 29,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги болох 1,305,000 төгрөг нийт 30,305,000 төгрөг гаргуулж өгнө үү. Гэрээнд А тал гэрээгээр тохиролцсон хугацаанд байшинг барихгүй байх, удаашруулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Б тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөсөө эхлэн сарын 0.3 хувийн хүү тооцно гэж заасан. Иймээс бид гэрээг баримталж шүүхэд хандсан. ******* ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 22 сар өнгөрсөн. Энэ хугацаанд байшин маш их үер бороонд норсон, тамбарын нимгэн банзнууд хэрэглэхэд хэцүү болсон тул гэрээнд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр *******той палкан байшингийн гэрээ хийсэн нь үнэн. Захиалагч төлбөрөө 100% төлсөн. Байшинг 2022 оны 09 дүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх байсан. 8*6 харьцаатай байшингийн торхыг босгосон, барилгын явц 90 хувьтай байгаа. Үнийн өсөлт, Корона гэх мэт давагдашгүй хүчин зүйл нөлөөлж барилгын ажил зогссон. Ковидын дараах үнийн өсөлт нөлөөлж материалын үнэ нэмэгдсэн учраас барилгын ажил зогссон. 29,000,000 төгрөгийн үнэтэй байшин одоо 33-34 сая төгрөг болоод байгаа учраас материалын үнэ хэвийн байдалд орохоор байшингаа бариад өгье гэж тайлбарлаж хэлсэн. Байшин элэгдэлд орсон бол сольж өгч болно. Одоо зөвхөн байшингийн доторлогоо л дутуу байгаа. Цонх, хаалгыг захиалчихсан. Одоогоор тус байшин дээр ажилчид ажиллахгүй байгаа нь үнэн. Бид мөнгө төлөх боломжгүй. Бидний хооронд байгуулсан гэрээний доод талд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээний зарим хэсгийг биелүүлж чадаагүй бол гэж тусгасан байгаа. Иймд барилгын материалын үнэ өсөж давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул 2024 оны 06 дугаар сард багтаагаад байшинг барьж дуусгаж өгөх саналтай байна. Харин бид ямар нэгэн төлбөр мөнгө төлөхгүй гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 30,305,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 309,475 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: *******" ХХК нь нэхэмжлэгч *******той 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 86 харьцаатай мансартгүй, палкан байшин, 42 харьцаатай тамбарын хамт барьж хүлээлгэн өгөхөөр, ******* нь 20 уут цемент, элс, хайрга, ажилчдын байр, хоолыг бүрэн хариуцаж, барилгын материалын үнэ болон ажлын хөлсөнд 29,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Мөн талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тухайлбал усны үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа, дээд газрын шийдвэр бусад шалтгаанаас гэрээ бүхэлдээ болон гэрээний зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон. Бид байшингийн торхыг хугацаандаа барьж, байшингийн дээврийг бүрэн төмөрлөж дууссан бөгөөд барилгын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Цар тахлын улмаас бараа материалын үнийн өсөлтөөс болж, палкан байшингийн нийт өртөг анх тохиролцсон үнээс өссөн учир ажил удааширсан. Одоо нийт 4,532,000 төгрөгийн дотоод заслын ажлыг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэх ба цонх, хаалгыг захиалж, суурилуулахад бэлэн болсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй байхаар хуульчилсан ба ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа тул үлдэх 10 хувийн ажлыг хийж гүйцэтгэхэд ажлын бэлтгэл бүрэн хангагдсан, үүргийг ялимгүй зөрчсөн болохыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч О.Дүүриймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Талууд хоорондоо 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд 8*6 харьцаатай мансаартгүй палкан байшинг тамбарын хамт хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байдаг. Барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт гэрээг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж хуульчилсан. Хариуцагч компани нийт 20,000,000 төгрөгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үлдсэн 10 хувийн ажил нь дотор заслын ажил буюу 4,532,000 төгрөгийн хаалга, цонхыг хийж гүйцэтгэх ажил үлдсэн. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэх бэлтгэл бүрэн хангагдсан. Хариуцагчийн зүгээс гэрээг ялимгүй зөрсөн ч гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4 улирлын амины орон сууц барина гэсэн боловч одоо зөвхөн торх нь боссон байгаа. Дулаалга огт ороогүй. Мөн давагдашгүй хүчин зүйл гэж яриад байгааг нь бид ойлгохгүй байна. Үүнд дээр эсрэг байр суурьтай байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үнэ 29,000,000, хүү 1,305,000, нийт 30,305,000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* *******той гэрээ байгуулсан нь үнэн, байшингийн доторлогоо дутуу, цонх хаалгыг захиалчихсан барилгын явж 90 хувьтай байгаа, цар тахлын дараах үнийн өсөлт нөлөөлж барилгын ажил зогссон. Бид мөнгө төлөх боломжгүй. 2024 оны 06 дугаар сард багтаагаад байшинг барьж өгөх саналтай байна гэж маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* ХХК-ийн палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ байгуулан /хх-н 15/ тус гэрээгээр А тал нь 8*6 хэмжээтэй, мансардгүй палкан байшинг /палканы хэмжээ 11x15/ байшингийн хана, шал, тааз, шувуун болон дан нуруу, дээврийн төмөр, 3-н банзан дээвэр, лампиран тааз, паркетан шал, обой, 5 ширхэг вакум цонх, 3 ширхэг модон хаалга, бүргэд хаалга, дээврийн дулаалгыг шилэн хөвөн, тугалгатай шилэн цаасаар дулаалах, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж шохойтой цаас хадаж, обой нааж, 2-н банзан 4х2 хэмжээтэй тамбарыг барьж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн дуусгаж Б талд хүлээлгэж өгөхөөр,

Б тал 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, дээврийн төмөр тавьсан нөхцөлд 4,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөгийг гэрээний үнэд А талд шилжүүлэхээр,

А тал гэрээгээр тохиролцсон хугацаанд байшинг барихгүй байх, удаашруулах, хойшлуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Б тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөс эхлэн сарын 0.3 хувийн хүү тооцож буцааж авахаар тус тус харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу Б тал болох захиалагч ******* нь байшингийн үнэ 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн, харин А тал болох гүйцэтгэгч ******* ХХК нь захиалсан байшинг хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь зөв байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хуульд зааснаар хүлээнэ.

Нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлсэн, харин хариуцагч ******* ХХК нь захиалсан байшинг гэрээний хугацаанд нь хүлээлгэн өгөлгүй 1 жил 3 сарын хугацаа хэтрүүлсэн, үүргээ биелүүлэхийг шаардсан боловч үр дүн гараагүй тул гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч тал гэрээний төлбөрт шилжүүлсэн 29,000,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

6. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* ХХК-ийн палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ-ээр ...А тал гэрээгээр тохиролцсон хугацаанд байшинг барихгүй байх, удаашруулах, хойшлуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Б тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөс эхлэн сарын 0.3 хувийн хүү тооцож буцааж авахаар тохиролцсон байна. Гэрээний дээрх заалтаар гэрээний үүргийн зөрчил үүссэн тохиолдолд захиалагч тал урьдчилж төлсөн төлбөрөө хүүтэй буцааж авахаар талууд тохирсон гэж үзнэ.

Гэрээнд заасан ...сарын 0.3 хувийн хүү нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл захиалагч тал урьдчилгаанд төлсөн 29000000 төгрөгийг хүүний хамт тооцож, хохирол нэхэмжилсэн байна. Үүнийг анхан шатны шүүх алданги гэж тодорхойлсныг хүү гэж зөвтгөсөн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар хариуцагч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаас 1305000 төгрөгийн хүүг хохиролд тооцож нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр зөв байна.

7. Хариуцагч тал давж заалдсан гомдолдоо ...талуудаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ...гэрээ бүхэлдээ болон гэрээний зарим хэсгийг биелүүлж чадаагүй тохиолдолд гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй байхаар хуульчилсан ба ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа тул үлдэх 10 хувийн ажлыг хийж гүйцэтгэхэд ажлын бэлтгэл бүрэн хангагдсан, үүргийг ялимгүй зөрчсөн болохыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн... гэсэн үндэслэл дурдсан боловч ямар давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байсан болох, түүнчлэн гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн гэсэн тайлбар, татгалзлаа нотлоогүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байгаа тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж даалдах шатны шүүх үзлээ

8. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 156/ШШ2024/00258 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

 

Д.ГАНЗОРИГ