| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0283/Э |
| Дугаар | 312 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч М.Энхбаатар,
Шүүгдэгч С.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчид овогт С.Эд холбогдох эрүүгийн 1911008330316 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Хорчид овогт С.Э, Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Алтай кашмер ХХК-д тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 35-459 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ......................................................
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших замын цагдаагийн постын орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Амарбаатарын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Амарбаатарын нүүр, эрүү хэсэгт 1 удаа л цохисон юм. А.Амарбаатарын биед учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-30х/,
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч А.Амарбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр манай хамтран амьдрагч Дөлгөөн хуучин нөхөртэйгөө яриад хүүхдээ нэг өдөр авъя гэж ярьсан бөгөөд Дөлгөөнтэй хамт Дамбад гэрт нь очоод залгахад байхгүй байна, Салхитад Пластик дизайны ойролцоо хүрээд ир гэж хэлэхэд нь 18 цагийн үед очсон. Очиход Энхбат хоёр хүүхдийн хамт машин дотроо сууж байсан бөгөөд “зайлцгаа” гээд салаавч гаргасан юм. Тэгэхээр нь би “за наадах чинь хүүхдээ өгөхгүй юм байна” гэж хэлээд хөдөлж яваад Замын цагдаагийн постын тэнд очоод зогсоход Дөлгөөн нөхөр лүүгээ ярих гэж байтал Дөлгөөний хуучин нөхөр болох Энхбат миний машины хаалгыг онгойлгоод нүүр рүү 2-3 удаа цохичихоод “алнаа” гэж хэлээд яваад өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3195 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1.А.Амарбаатарын биед тархи доргилт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь 2019.3.9-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-24х/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6х/,
Шүүгдэгч С.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч С.Э нь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших замын цагдаагийн постын орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Амарбаатарын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч А.Амарбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.