Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/0093

 

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Л.Атарцэцэг

П.Соёл-Эрдэнэ

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах”

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0748 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн нар,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.О-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 13,282,360 /арван гурван сая, хоёр зуун наян хоёр мянга гурван зуун жаран/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасан байна.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0748 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх хэсэг, ...” гэснийг хасч, “...2017...” гэснийг “...2016...” гэж, Төрийн албаны тухай хуулийн “4 дүгээр зүйлийн 4.1...” гэсний дараа “...11 дүгээр зүйлийн 11.6,...” гэж нэмэн тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0748 дугаар магадлал зэргийг эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Ц.О-ийн нэхэмжлэлтэй хэргийн хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хэргийг бүхэлд нь хянан үзээгүй, нэг талыг баримталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

5. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон Ц.О-ийг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл алгасуулан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийсэнгүй.

6. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоохдоо урьд Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болгон өөрчилсөн.

7. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нь ахлах түшмэл ТЗ-9 ангилал, аймгийн Засаг даргын Тамгын газрын тасгийн дарга ТЗ-7 зэрэглэлд хамаарахаар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ангилал, зэрэглэл”-д тусгасан байдаг.

8. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээшхи бусад албан тушаал хамаарна гэж Монгол Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2-т тодорхойлжээ.

9. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын дээрх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.О-ийн эрхэлж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан.

10. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулагддаг.

11. Нэхэмжлэгч Ц.О нь аймгийн Засаг даргын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалд томилогдохдоо хууль, журмаар тогтоосон шат дарааллыг зөрчин, хууль бусаар томилогдсон нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй нотлогддог.

12. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд нь төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсон иргэнийг албан тушаалын ангилал, зэрэглэл дэвшүүлэн томилсон нь хуулиар өөрт эрх олгогдоогүй асуудлыг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

13. Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тайлбарлая. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэжээ.

14. Ховд аймгийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан Ц.О-ийг “Хөгжил” сургуулийн захирлын албан тушаалд томилжээ.

15. Энэ тохиолдолд Ц.О-ийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй бөгөөд дахин төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу сонгон шалгаруулалтад орох шаардлагатай.

16. Гэтэл нэхэмжлэгч Ц.О нь аймгийн Засаг даргын Хяналт- шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар хууль бусаар уг албан тушаалд жинхлэн томилогдсон байдаг.

17. Хууль бус гэхийн учир нь Ц.О нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцээгүй байхад “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-ийн “а” заалтыг зөрчин байж, дүгнэлт гаргуулж, томилогдсон байдаг.

18. Дээрх байдлаар нэхэмжлэгч Ц.О нь Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга /ТЗ-7/-ын албан тушаалд хууль бусаар томилогдсон атлаа одоо ангилал, зэрэглэл алгасч Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга /ТЗ-9/-ын албан тушаалд томилуулахаар шаардлага тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

19. Учир нь төрийн жинхэнэ албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагыг уг албан тушаалд хууль, журмын дагуу томилогдсон этгээд тавих эрхтэй. Хууль, журмын дагуу томилогдоогүй тохиолдолд ийм шаардлага тавих эрхгүй.

20. Иймээс Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А/61 дүгээр тушаал гарган Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх хууль, журмын тодорхой заалтуудыг зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй Цэрэндоржийн О-ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгосныг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

21. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” тусгай зарчмын дагуу Төрийн албаны салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газраас Хяналт шинжилгээ-үнэлгээний тасгийн даргад томилогдох Ц.О-т давуу байдал эдлүүлэх учиргүй.

22. Гэтэл анхан, давж заалдах шатны шүүхүүд нь хуулийн дээрх зарчмыг ноцтой зөрчиж, төрийн жинхэнэ албаны удирдах ажлыг хууль бусаар эрхэлж байсан нэхэмжлэгчид давуу эрх олгосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

23. Төрийн жинхэнэ албаны тушаалын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орсон /ТЗ-7-гоос ТЗ-9/ тохиолдолд уг албан тушаалын орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шат дарааллын дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтээр нөхнө.

24. Гэтэл Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс Ц.О-ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилуулах дүгнэлт гаргаагүй, томилох эрх бүхий этгээдээс уг албан тушаалд томилсон ямар нэг шийдвэр гаргаагүй болно.

25. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.О-ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаас чөлөөлөгдсөн гэсэн бодит байдалд үл нийцэх, нэг талыг баримталсан дүгнэлт хийж, хуулиар өөрт эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргалаа.

26. Нэхэмжлэгч Ц.О-ийг ТЗ-7-гийн ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалаас ТЗ-9 ангилалд хамаарах албан тушаалд томилох шийдвэрийг Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ажил олгогч шийдвэрлэнэ.

27. Гэтэл нэхэмжлэгч Ц.О-ийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон атлаа Хяналт шинжилгээ-үнэлгээний тасгийн даргын ажлын байрны цалин хөлсөөр тооцон хариуцагчаас олговор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан, давж заалдах шатны шийдвэр, магадлал хоорондоо зөрчилтэй, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэлээ.

28. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.О-ийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

29. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат би хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна. Шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсье. Утасны дугаар 8920****

30. Хариуцагч нь төсөвт байгууллага тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн зохих заалтын дагуу давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.

31. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийдвэртэй Ц.О-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаараа хянан хэлэлцэж, 221/МА2017/0748 дугаар магадлал гаргажээ.

32. Уг магадлалыг тус шүүхийн тамгын газраас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/2547 дугаар албан бичгээр хүргүүлснийг аймгийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад мөн өдрөө гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн авч, хянан шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

33. Шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

34. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Цэрэндоржийн О-ийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.О-ийг ажлын байраар хангуулахаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэдэлд шилжүүлжээ.

35. Нэхэмжлэгчээс “Энэхүү тушаал нь тушаалын үндэслэл болсон хуулийн заалттайгаа нийцээгүй, намайг өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах биш, харин үндсэн ажил, албан тушаалаас чөлөөлөх тушаал байсан” гэж, хариуцагч “нэхэмжлэгч Ц.О-ийг эзэмшсэн мэргэжил, боловсролынх нь дагуу тохирох ажлын байраар хангуулахаар Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдэлд шилжүүлсэн заалтыг тушаалд тусгасан нь байгууллага хооронд шилжүүлэн ажиллуулахдаа түүнтэй харилцан тохиролцсоны нотолгоо юм” гэж маргажээ.

36. Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн үндэслэлээр Ц.О-ийг эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа хуулийн дээрх заалтад заасан шаардлагыг хангаагүй буюу түүнтэй урьдчилан тохиролцсон гэж үзэх боломжгүй, өөр байгууллага, албан тушаалд  шилжүүлэн ажиллуулах нөхцөл бодитойгоор бий болоогүй гэж үзэж маргаан бүхий Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

37. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт төдийлөн хамааралгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан, маргаан бүхий захиргааны актын оныг зөрүүтэй бичсэнийг зөвтгөж өөрчилсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2-т заасантай нийцсэн байна.

38. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гомдлыг Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хүлээн авч, хариуг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн тухай баримт хэрэгт авагдсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дахин хийх  шаардлагагүй гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

39. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0748 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН