Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 272

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК  /РД:*********/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ээлжит жилийн төлбөрийг бүртгэхгүй байгаа үйлдлийг таслан зогсоож ээлжит жилийн төлбөрийг бүртгэхийг даалгаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Манай компани нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан салаа нэртэй газар ******* тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг.

Захирал Ц.Ц миний бие өвчний учир Бүгд Найрамдах Солонгос Улсын ****** их сургуулийн харъяа эмнэлэг, Бээжин хотод тус тус үзүүлэн эмчилгээ хийлгүүлж байсан ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2017 оны 01 сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байсан. 

Дээрхи хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжит жилийн төлбөрийг, алдангийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн ба хугацаа хэтэрсэн гэдэг шалтгаанаар төлбөр бүртгэхээс татгалзсан. 

Кадастрын хэлтсээс өнгөрсөн хугацаанд манай компанид ээлжит жилийн төлбөртэй холбоотой ямар нэг мэдэгдэл ирээгүй ба хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж ээлжит жилийн төлбөрийг бүртгэхийг хүссэн хүсэлтийг Кадастрын хэлтсийн даргад гаргасан боловч татгалзсан хариу өгсөн. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэст “Х”  ХХК-ийн ******* тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ээлжит жилийн төлбөрийг бүртгэхгүй байгаа үйлдлийг таслан зогсоож ээлжит жилийн төлбөрийг бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ. 

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Х” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ээлжит жилийн төлбөр бүртгэхгүй байгаа үйлдэлд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. 

Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх ёстой. Гэтэл хуулинд заасан үүргээ зөрчиж тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл болсон байна. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан салаа” нэртэй 4535.59 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн анх 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгожээ.

“Х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, мөн хуулийн 34.6-т “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7/2400 дугаартай албан бичгээр “Х” ХХК-иас хариу ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-т “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, мөн хуулийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол цуцлахаар хуульчилсан байна. 

Дээр дурдсан хуулийн заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасны дагуу тус байгууллагын Кадастрын хэлтэс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/841 дугаартай албан бичгийг “Х” ХХК-ийн албан ёсны хаягаар хүргүүлж мэдэгдсэн байна. 

Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ээлжит жилийн төлбөрийг бүртгэхгүй байгаа үйлдлийг таслан зогсоож ээлжит жилийн төлбөрийг бүртгэхийг даалгах, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийн “Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “************” нэртэй газарт 4535.59 га талбайд ашигт малтмалын хайгуулын

******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх 

газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон байна.  

Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр  “Х” ХХК-ийн *************дугаар тусгай зөвшөөрлийг “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалжээ.

1. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ээлжит жилийн төлбөрийг бүртгэхгүй байгаа үйлдлийг таслан зогсоож ээлжит жилийн төлбөрийг бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Ээлжит жилийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн талаар Ашигт малтмал, Газрын тосны газарт хандсан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж хариуг ирүүлсэн. Манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн аваагүй, харин цуцалсан тухай мэдэгдлийг бид өөрсдөө асууж мэдсэн...” гэж тайлбарлаж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус заажээ.

Ашигт малтмалын хайгуулын *************дугаартай тусгай зөвшөөрлийг ззэмшиж байсан “Х”  ХХК нь ээлжит жилийн төлбөрөө 2017  оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дотор урьдчилан төлөөгүй хэдий ч 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн болох нь Ашигт малтмал, Газрын тосны газрын /Төрийн сангийн/ ************** дансанд төлсөн тухай мөнгөн хөрөнгийн журнал , тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудас  шилжүүлгийн баримтууд  зэргээр тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрөө ямар шалтгаанаар хугацаанд нь амжиж төлөөгүй болох, хуульд заасан хугацаа хожимдуулж төлөх хүндэтгэн үзэх шалтгаан байсан болох нь тус компанийн захирал Ц.Ц-ийн 2016 оны 12 дугаар сарын 03-07-ны өдөр БНСУ-ын ****** их сургуулийн харьяа эмнэлэгт , 2016 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 17, 2017 оны 01 дүгээр сарын 06-16-ны өдрүүдэд  “Ц” эмнэлэгт тус тус хэвтэн эмчилгээ хийлгүүлж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан тодорхойлолт , иргэний эрүүл мэндийн дэвтэр  болон Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт , Ц.Цийн ********** дугаар гадаад паспортын хуулбар  бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно.” гэж зааснаар татвар төлөгч хуулийн этгээд нь “Х” ХХК байх тул тус компанийн захирал Ц.Ц “өвчтэй байсан” шалтгааныг “Х” ХХК-д хамааруулан ойлгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Учир нь Улсын бүртгэлийн ************* дугаартай, регистрийн ********* дугаартай "Х” ХХКомпани нь нэг гишүүнтэй бөгөөд Ц.Цийг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилжээ .

Өөрөөр хэлбэл компанийн гүйцэтгэх удирдлага бол тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн удирдан зохион байгуулах замаар компанийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг субьект болно .

Энэ тохиолдолд дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч "Х” ХХКомпанийн гүйцэтгэх удирдлага хүндэтгэн үзэх шалтгаантай байсаны улмаас компаниас мөнгөн гүйлгээний зарлага гаргах боломжгүй байсан байх тул хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “Х” ХХК-ийн ээлжит жилийн төлбөрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ээлжит жилийн төлбөрийг бүртгэхийг даалгах нь зүйтэй байна. 

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийн “Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: 

Хэдийгээр аливаа олгогдсон эрх, зөвшөөрлийг цуцлах эрх өөрөө  захиргааны байгууллагад хадгалагдаж байгаа хэдий ч цуцлах үндэслэл нь хэр “шударга” тогтоогдсон талаар зайлшгүй яригдах асуудал. 

Учир нь тусгай зөвшөөрлийг цуцлах гэж байгаа нь тухайн этгээдийн хөрөнгийн эрхэд халдаж байгаатай холбоотой юм. 

Гэтэл Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр *************дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахыг мэдэгдсэн мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7/2400 дугаар албан бичгээр “Х” ХХК-нд хүргүүлсэн боловч дээрх мэдэгдэл нь очих ёстой эзэндээ очиж, хүргэгдэх ёстой газраа хүрээгүй болох нь Тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудаст тэмдэглэгдсэн “...********,********,******** холбогдож хэлье гэв /хуучин эзэн нь/ I/2...” тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хуулийн заалтын мэдэгдэл өгөх гэснийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж Улсын дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...мэдэгдлийг шууданд хаягаар нь хийсэн...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд дээрх тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн болохыг төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан мэдсэн. Өмнө энэ талаар тус байгууллагад нэхэмжлэгч болон хариуцагч нар хоорондоо 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар албан бичиг болон  2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 7/473 дугаар албан бичгүүдээр харилцаж байсаар байхад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн *************дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/841 тоот албан бичгээр дахин эзэнгүй хаяг руу хүргүүлж байгаа нь  буруу байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг тухайн үед хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хаягийг нягтлан шалгалгүйгээр шууданд хийснээр цаад эзэндээ очсон байх ёстой гэж үзэх боломжгүй бөгөөд буруу хүргэгдсэн хаягийн улмаас нэхэмжлэгч компанид хүргэгдээгүй болох нь шуудангийн дугтуй, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, улмаар тухайн этгээдээс хариу тайлбар, нотлох баримт ирүүлсэн тохиолдолд уг тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу цуцлах эсэхээ шийдвэрлэж байхаар зохицуулсан байна.

Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө ямар шалтгаанаар хугацаанд нь төлөөгүй болох, хуульд заасан хугацаа хожимдуулж төлөх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбар, нотлох баримтыг судлан үзэж  хариуцагч үндэслэл бүхий акт гаргах ёстой байжээ.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “Х” ХХК-ийн *************дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-56.5 дахь хэсгүүдэд заасан журмыг баримтлаж ажиллаагүйгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3 дахь  хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ээлжит жилийн төлбөрийг бүртгэхгүй байгаа үйлдлийг таслан зогсоож, ээлжит жилийн төлбөрийг бүртгэхийг даалгаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийн “Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.БАТБААТАР