Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00123

 

Я.Борцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Т.Ганбат, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 515 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Я.Борцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.Борцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар

Хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Б.Дөлгөөнболд

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Борцэцэг шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Миний бие Я.Борцэцэг 2012 оны 09 дүгээр сарын 18-нд Булган аймгийн шүүхэд үйлчлэгчээр ажилд орсон, үйлчлэгчээр ажиллах хугацаандаа хамт олныхоо дунд нэр хүндтэй, удирдлагаас өгсөн үүргийг цаг бүрт нь гүйцэтгэхээс гадна үндсэн ажпаа сайн хийж гүйцэтгэж байсан. Улмаар тамгын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 95 дугаартай тушаалаар чөлөө зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 өдрийн ажил тасалсан гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тушаал гаргасан. Миний ээлжийн амралтын мэдэгдэл 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажлын 22 хоног амрахаар хуваарь гарсан юм байна лээ. Гэхдээ энэхүү мэдэгдэлийг надад үзүүлээгүй. Анх ээлжийн амралтын хуваарь гарахад би эрт амармаар байна гэж Тамгын даргад хэлсэн. Гэтэл үйлчлэгч Ариунгэрэл нь 7 сард би амраад өвчтэй хүүхдээ рашаанд авч явах хэрэгтэй байна гэхээр нь, Тамгын дарга хоёр үйлчлэгч хоорондоо тохир гэсэн учраас бид хоорондоо тохиролцоод Тамгын даргын өрөөнд орж ирсэн. Бид хоёр ярилцаад Ариунгэрэл үйлчлэгч 2015 оны 06 дугаар сарын 25-наас амрахаар болсон. Гэхдээ амралт дуусахаас 3 хоногийн өмнө буюу 2015 оны 07 дугаар сарын 27-нд ажилдаа орьё, та харин 2015 оны 07 дугаар сарын 27-ноос эхлээд амраарай гэж надад хэлсэн. Тухайн үед би Булган аймгийн Баян-Агт сумын 90 жилийн ойд явах байсан тул Ариунгэрэл бид хоёр ингэжтохиролцсон. Би Тамгын даргад Баян-Агт сумын 90 жилийн ойн баярт явах тухайгаа амаар хэлсэн ба дарга намайг тухайн үедээ хэлээд чөлөө аваад яваарай гэсэн. Гэхдээ Ариунгэрэл үйлчлэгчтэй тохиролцсон байсан болохоор 2015 оны 07 сарын 27-ны өдрөөс 29-ний өдрүүдэд ажилдаа очоогүй. Гэтэл Дөлгөөнболд дарга 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр миний утас руу залгасан байсан. Манай нөхөр утас аваад бид хоёр Баян-Агт сумын 90 жилийн ойд явах гэсэн юм гэж хэлсэн байсан. Тэгээд удалгүй дахиад залгах үед би утсаа авсан. Яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ гээд асуусан. Би Баян-Агт сумын 90 жилд явах гэсэн юм гэж хэлсэн. Гэтэл дарга юу яриад байгаа юм ажилдаа ир гэж ярихаар нь Ариунгэрэл үйлчлэгтэй тохиролцсон тухайгаа айгаад хэлж чадаагүй. Тэгээд тэр өдөр манай нөхөр агсам тавиад миний нүүр лүү цохиж бид хоёр муудалцаад би сумынхаа наадамд явж чадаагүй. Харин би 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажилд орох байснаа мэдээгүй надад ээлжийн амралтын мэдэгдэх хуудсыг үзүүлж 8 сарын 31-ний өдөр ажилдаа орох юм байна шүү гэж хэлээгүй. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ирэхэд Дөлгөөнболд дарга надад ажпаас халсан тушаалыг танилцуулсан. Тухайн үед миний сэтгэл санаа тавгүй байсан, хэсэг өрөөндөө орж байж байгаад дараа нь даргын өрөөнд орж ядаж надад сахилгын арга хэмжээ авч өгөөч намайг уучлаарай миний буруу, би 2 жил ажиллаад тэтгэвэртээ гарна 10 гаран сая төгрөгийн цалингийн зээлтэй намайг уучлаарай гэж зовлонгоо ярьсан. Гэвч нэгэнт тушаал гарсан учраас одоо ямарч аргагүй гэж хэлсэн. Намайг ажпаас халж байгаа шалтгааныг ноцтой зөрчил гэж үзэхгүй байна. Бидний хооронд үл ойлголцол үүсч намайг ажлаас халсан гэж үзэж байна. Урьд нь ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Хуулийн дагуу үнэн зөвийг олж өгөхийг хүсч, энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна. Миний үндсэн цалин ТҮ-1-4 буюу 430.000 төгрөг.

Иймд Я.Борцэцэг намайг үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ. ‘

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллагад Я.Борцэцэг О.Ариунгэрэл гэдэг 2 үйлчлэгч ажилладаг. Амралтын хуваарь хэлэлцэх үед 2 үйлчлэгч хоёулаа 7 дугаар сард амарна гэсэн. Би энэ 2 үйлчлэгчийг ээлжийн амралтынхаа хуваарийг тохироод ир гэж хэлсэн. Гэхдээ нэг ч өдөр шүүх үйлчлэгчгүй байж болохгүй гэдгийг ойлгуулж хэлсэн. Тэр ч үүднээс энэ хоёр тохиролцож ирсэн. О.Ариунгэрэл үйлчлэгч нь 6 сард амрахаар болсон. Хүүхдээ рашаан сувилдалд авч явна гэсэн. Тэр 2 хоёулаа ирээд О.Ариунгэрэл үйлчлэгч нь 06 дугаар сарын 25-наас харин Я.Борцэцэг үйлчлэгч Баян-Агт сумын 90 жилийн ойд нөхрийн талын хамаатнууд бүгд явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би Я.Борцэцэгт шалтгаан байж болно, О.Ариунгэрэл үйлчлэгчийг ажилдаа орохоос өмнө Баян-Агт сумын 90 жилийн ой болвол тухайн үед нь надад хэлээд чөлөө зөвшөөрлөө аваад яваарай; гэж хэлсэн. Я.Борцэцэг үйлчлэгч О.Ариунгэрэл үйлчлэгч хоёр хоорондоо тохирчихсон байсан гэж хэлж байна. Уг нь энэ хоёрыг би амралтынхаа хуваарийг тохироод ир гэсэн болохоос биш хэдэн сарын хэдний өдөр тийшээ явна тэр өдрүүдэд нэгнийгээ орлож ажил гэдгийг тохир гэж би хэлээгүй. Тэгээд Баян-Агтын наадам 08 дугаар сарын 01-нээс 03-ныг хүртэл болсон байдаг. Гэвч Я.Борцэцэг үйлчлэгч 07 дугаар сарын 24-нд ажлаасаа тарж яваад 07 дугаар сарын 27, 28, 29 ажлаа тасалсан. Ямар нэгэн чөлөө зөвшөөрөл надаас аваагүй. Ингээд 1 дэх өдрийн өглөө би тахараас үйлчлэгч ирсэн үү гэж асуухад ирээгүй гэсэн. Дараа нь дахиад асуухад ирээгүй байна өнөөдрөөс эхлээд амарч байгаа гэсэн яриа гарсан байна үнэн юм уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Я.Борцэцэгийн утас руу залгахад нөхөр нь авсан. Борцэцэг үйлчлэгчтэй яръя гэж хэлэхийн завдалгүй бид хоёр Баян-Агтын наадамд явах гэжбайна гэсэн, Баян-Агтын наадамд явах хамаагүй Я.Борцэцэгтэй ярья гэхэд нөхөр нь чамтай ярья гэж байна гэж аваачиж өгсөн. Тэгээд таны амралт чинь 30-наас шүү дээ гэж хэлэхийн завдалгүй би наадамд явах гэж байна гээд утсаа тасалсан. Дахиж утасдахад утсаа аваагүй. Би 28-ны өдөр О.Ариунгэрэл үйлчлэгч рүү залгаад шүүх бохир байна.үүнийг цэвэрлээд өгөөч Я.Борцэцэг үйлчлэгч өчигдөр Баян-Агтын наадам руу явах гэж байна гээд утсаа тасалсан, холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд О.Ариунгэрэл үйлчлэгч ирж цэвэрлэчихээд явсан байдаг. Амралтын мэдэгдлийн хувьд Я.Борцэцэгийн амралт 27-ны өдрөөс биш 30-наас эхлэх байсан учраас 29 өдөр өгөх ёстой байсан. Амралтын мэдэгдлийн хувьд амрах хугацаа нь болоогүй байхад ажлаа тасалж явсан учраас амралтын мэдэгдлээ аваагүй явсан. Амралтын тушаал, хавсралт хуудсуудыг долоо хоног бүрийн хоёр дахь өдрийн 08 цаг 30 минутаас сонсгол гэж хийдэг түүн дээр шүүгч ажилчдад танилцуулсан. Үүнийг бүгд мэдэж байгаа. Я.Борцэцэг үйлчлэгч өмнө нь ч гэсэн орж ирээд хэд хоног амрахаа асууж байсан. Би нийт 22 хоног амрана гэж хэлсэн. Мөн 08 дугаар сарын 30-нд ажилдаа орох байтал амралтын мэдэгдлээ 08 дугаар сарын 31-нд ажпаа тасалсан. Тэгээд 09 сарын 01-ний өглөө 10 цаг болж байхад ажилдаа ирсэн. Уучлалт гуйгаад ороод ирсэн бол өөр байх байсан. Нийтдээ 4 хоног ажлаа тасалсан байдаг. Үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой. Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэдэг дээр 5.2.1 дээр заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажпаас удаа дараа хоцорсон чөлөө зөвшөөрөлгүй явсан болон энэ зөрчлийн талаар мэдэгдэн сануулснаас хойш давтан гаргасан, 1 хоногоос дээш хугацаагаар ажлаа тасалсан гэж байна. 4 хоног ажлаа тасалсан байгаа учраас ноцтой зөрчилд тооцно гэж үзэж байна. Мөн О.Ариунгэрэл үйлчлэгчтэй тохирчихсон байсан гэж яриад байна. Уг нь тухайн үед наадамд явлаа гэжутасдах юм бол оронд нь ажиллая гэж хэлсэн байдаг. Гэтэл утасдаагүй байгаа, би тохир гэж хэлээгүй энэ хоёр ч гэсэн тохироогүй гэжээ.

 

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 515 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Борцэцэгийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Булган аймагдахь шүүхийн Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Я.Борцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дарьбазар давж заалдах гомдолдоо: Я.Борцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах” тухай асуудлыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Я.Борцэцэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлйин 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргаагүй, ажлаасаа үндэслэлгүй халагдсан байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 516 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                              ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Я.Борцэцэг нь үйлчлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ажил олгогч нэхэмжлэгч Я.Борцэцэгийг 2015 оны 7 дугаар сарын 27-29–ний өдөр, 8 дугаар сарын 31-ний өдөр буюу нийт 4 хоног  чөлөө зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр 2015 оны 9 дүгээр сарын 01–ний өдрийн 95 тушаалаар үйлчлэгчийн ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Я.Борцэцэг 4 өдөр ажил тасалсан болох нь тогтоогдож байгаа боловч шүүх ажил олгогчийн тушаалд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй байна. 

Ажил олгогчоос нэхэмжлэгч Я.Борцэцэгийг  ээлжийн амралтаа 2015 оны 7 дугаар сарын 30 өдөр авч, ажилдаа 8 дугаар сарын 31 –ний өдөр орох байсан гэж тайлбарлаж ажилчдын ээлжийн амралтын хуваарь гаргасан тушаал, ээлжийн амралт мэдэгдсэн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримт нь нэхэмжлэгчиийн ээлжийн амралтын талаарх мэдэгдлийг хүлээлгэн өгөөгүй гэх тайлбарыг няцааж чадахгүй ба түүнчлэн нэхэмжлэгчийг  ажил таслахад хүргэсэн хүндэтгэх үзэх шалтгаан байсан гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч Я.Борцэцэг “7 дугаар сарын сүүлчээр сумын наадамд явах байсан талаараа хариуцагчид хэлж байсан, гэр бүлийн маргаанаас болж  нүүрэндээ цохиулж хөхөрсөн байсан тул даргад энэ талаар хэлж чадаагүй” гэж, хариуцагч “...нэхэмжлэгч нь гэр бүлийн маргаантай байдаг нь үнэн, нөхөр нь зоддог ийм асуудал гарч байсан” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд шүүх нэхэмжлэгч Я.Борцэцэгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2-т “шүүгч чөлөө авах хүсэлтээ шүүхийн тамгын газарт бичгээр гаргана”, 7.1.3-т “ шүүгч, ажилтнуудын ажлын 1-3 өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд ажилчид чөлөө авах тухай хүсэлтээ заавал бичгээр гаргах бус амаар гаргах боломжтой байх тул нэхэмжлэгчийг чөлөө зөвшөөрөлгүй  ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Я.Борцэцэг нь 4 өдөр тасалсан байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн тушаалын үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Я.Борцэцэгийг Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 5.095.000 /2015 оны эхний 6 сарын цалин /төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 515 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Борцэцэгийг Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаацы цалинтай тэнцэх нөхөн олговор 5.095.000 төгрөгийг хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Я.Борцэцэгт олгосугай гэж өөрчилж,

2. Шийдвэрийн 2 дахь заалтанд чөлөөлөгдсөн болохыг дурьдаж гэсний дараа хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газраас 96.470 төгрөг гаргуулж төрийн санд оруулж, нийгмийн даатгал болон бусад суутгалыг зохих хувиар суутгахыг хариуцагч байгууллагын санхүүд даалгасугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

   ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  Б.БАТТӨР

 

                                               ШҮҮГЧИД                                  Т.ГАНБАТ

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ