| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0256/э |
| Дугаар | 282 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 282
2019 03 26 2019/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч М.Е (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргалзуут овогт Мэндбаярын М.Ед холбогдох эрүүгийн 1709025070145 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт, ........... оршин суудаг, ял шийтгэлгүй, ............ регистрийн дугаартай, Шаргалзуут овгийн М.Е.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч М.Е нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, нутаг дэвсгэрт иргэн Д.Насантогтохоос “жолооны төлбөр төлөх гэсэн юм хоёр хоногийн дараа буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 300.000 төгрөг залилж бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Е мэдүүлэхдээ: Хийсэн хэрэг тодорхой тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Насантогтох /хх-ийн14-16/, гэрч И.Эрдэнэмөрөн /хх-ийн 26-27/ нарын мэдүүлсэн мэдүүлэг, М.Еын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, М.Еын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Е нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, нутаг дэвсгэрт иргэн Д.Насантогтохоос “жолооны төлбөр төлөх гэсэн юм, хоёр хоногийн дараа буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 300000 төгрөг залилан авсан болох нь:
хохирогч Д.Насантогтохийн /хх-ийн 22-23/: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын гүүрний хажууд гэртээ байж байхад манай хуучны танил болох Ерөөлт гэдэг залуу миний 99652934 дугаарын утасруу 86988636 дугаарын утсаар залгаж "би маргааш жолоогоо төгсөх гэж байгаа, мөнгө хэрэгтэй болчихлоо 300.000 төгрөг зээлээч 2 хоногийн дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр буцааж өгье гэж гуйсан” тэгэхэд нь би шууд мөнгө өгөөгүй юм. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр удаа дараа залгаж удаа дараа фэйсбүүкээр мессеж бичиж гуйгаад байхаар нь би тэр өдөр зөвшөөрсөн. Над руу 5065306776 гэсэн дугаарын данс өгсөн. Тэгтэл тэр 2017 оны 11 дүгээр сарын 27-ны дотор мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа түүнээс мөнгөө буцааж өгөх эсэхийг нь асуух гэхэд утсаа салгаад, фэйсбүүкээ хаагаад алга болсон …” гэх мэдүүлгээр,
гэрч И.Эрдэнэмөрөнгийн/хх-ийн 26-27/:”...өнгөрсөн жилийн 11 дүгээр сард миний дансаар Ерөөлт хүнээс 300.000 төгрөг шилжүүлж авсан. Ерөөлт миний дансанд мөнгө хийлгээд миний виза картыг авч гараад АТМ-с мөнгөө аваад картыг минь буцааж өгсөн юм...” гэх мэдүүлгээр,
М.Еын/хх-34-35/: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр найз Эрдэнэмөрөнгийн гэр болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ард байрлах нийтийн байранд байж байхдаа багцаагаар 17 цагийн үед байх өөрийн М.Ежонон гэсэн фэйсбүүк хаягнаас танил Насантогтохтой чатаар харилцсан юм. Тэгээд Насантогтохоос “чатаар 300.000 төгрөг зээлээч 2, 3 хоногоос мөнгийг чинь өгье, жолооны үнэмлэхний мөнгө өгөх” гэсэн юм гэж хэлээд гуйсан юм. Тэгээд Насантогтох нь зөвшөөрөөд би 300.000 төгрөгийг найз Эрдэнэмөрөнгийн ХААН банкны данс руу шилжүүлэн авсан юм. Тэгээд уг мөнгийг хүнд өртэй байсан учир өрөө өгсөн юм. Хүнд өртэй байсан учраас “жолооны үнэмлэхний мөнгө” өгнө гэж хэлээд мөнгө авсан юм. Уг мөнгийг жолооны үнэмлэхний төлбөрт өгөөгүй, өөр хүнд өртэй байсан болохоор өгсөн юм хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар М.Еыг “жолооны төлбөр төлөх гэсэн юм хоёр хоногийн дараа буцааж өгнө гэж” зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчоос худал хэлж мөнгө авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Е нь “жолооны төлбөр төлөх гэсэн юм хоёр хоногийн дараа буцааж өгнө гэж” зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн мөнгийг өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.
Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч М.Еыг зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгч М.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Насантогтох “хохирол төлбөрийг барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт хэргийн 70 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тоос овогт Мэндбаярын М.Еыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эрхийг шилжүүлэн залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Еыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ерөөлт-Урчал торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ