Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 218/МА2024/00010

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2024/00212 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 28 тоот барьцаат зээлийн гэрээг хучин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний зүйл болох 5 ширхэг аягыг биет байдлаар гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ... би өвөө, эмээгээс үе удам дамжин ирсэн орц, хийц сайтай гурван ширхэг том мөнгөн аяга дээр үеийн үндсэн тагштай сайн чанарын мөнгөөр зузаан бүрж хийсэн, хийц, эдэлгээ сайтай нэг ширхэг жижиг мөнгөн аяга болон нэг ширхэг дунд гарын үндсэн хул, нийт таван ширхэг аягыг 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Анужин төвийн 2 давхарт байрладаг барьцаалан зээлдэх газарт барьцаалуулж, 00028 тоот барьцаат зээлийн гэрээг ын тай байгуулсан.

...Гэтэл тус таван аягыг барьцаанд авахдаа тухайн барьцаалж буй эд зүйлийн зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнэлж, 5 аягыг хамтад нь 500,000 төгрөгөөр үнэлж авсан байдаг.

Барьцаат зээлийн 00028 тоот дугаартай гэрээний 3-т “Барьцааны эд зүйлийн 60-80 хувьтай тэнцэх зээл олгоно” гэж заасан байна. Барьцааны зүйлийг хэт доогуур үнэлж авах эрхгүй гэдгээ хариуцагч буюу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч ******* нь мэдэж байсан бөгөөд тус зохицуулалтыг гэрээндээ тусгаж өгсөн мөртлөө тухайн зохицуулалтыг санаатай зөрчиж, өөрийн хуулиар хүлээсэн үүргээ мэдсээр байж биелүүлээгүй нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, бодитой үнэлнэ" гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн буюу гэрээний гол нөхцөл болох барьцааны зүйлийн үнийг бодитой үнэлэх нөхцөлийг зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Хоёр дугаарт: Тус 00028 тоот барьцаат зээлийн гэрээний 15-д “Зээлдэгч зээлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасан байгаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”. 19.18-д “анз хэрэглэх” гэж заасныг зөрчсөн агуулга бүхий гэрээ байгуулсан үйлдэл бөгөөд зээлдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах, өөртөө давуу байдал бий болгох, ашиг олох гэсэн санаатай үйлдэл гэж ойлгогдохоор байна

Гурав дугаарт: Тус гэрээний 18-д Барьцааны зүйлийг худалдан борлуулахаар мэдэгдэхэд гэрээнд тэмдэглүүлсэн утасны дугаар холбогдохгүй байсны хариуцлагыг зээлдүүлэгч хүлээхгүй" гэж заасан байна. Гэвч тухайн барьцааны зүйлийг худалдан борлуулах нөхцөл байдал үүссэн талаар надад нэг ч удаа хэлээгүй бөгөөд мэдэгдээгүй. Учир нь нэхэмжлэгч би тус барьцаат гэрээг байгуулснаас хойш 5, 6, 7 дугаар саруудад 00028 тоот гэрээний 12-т заасны дагуу хүүг төлж тус гэрээг сунгаж байсан. /Энд мөн хүүгээс гадна алдангийг төлж байсан болно/ Би өөрөө зуны саруудад Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт замын ажилд гарч байсан тул оройн цагаар ажил буусны дараа л сүлжээнд гардаг байсан. Ингээд би 7 сарын 20-ны өдрийн дотор өөрийн ээж ыг зохих төлбөрийг төлөөд тухайн барьцаанд тавьсан аягануудыг ав гээд *******гийн дугаарыг өгсөн. Тухайн үед манай ээж Б.гийн суудаг оффист очиход хаалттай байсан бөгөөд утсаар нь ярихад хотод эмчилгээнд явж байна намайг очихоор бол гэсэн байдаг. Иймд би барьцаат зээлийн гэрээний хүүг төлөөгүй бөгөөд аягануудаа авна гэж төлөвлөөд *******г манай ээжтэй эсвэл над руу холбогдохыг хүлээсээр 8 cap гарсан. 8 сард би Дундговь аймагт ирсэн дээрээ аягануудаа очиж авахаар ажил дээр нь очсон боловч байхгүй байсан бөгөөд утсаар нь холбоо барихад аймагт байхгүй байна гэсэн. Ингээд би хөдөө ажил руугаа явсны дараа сүлжээгүй байсан бөгөөд тухайн хүнээс 8 дугаар сарын 21-ний өдөр мессеж илгээснийг орой нь сүлжээнд гараад хүлээж авсан. Энэ нь 76500 төгрөгийг шилжүүлээрэй гэсэн утга бүхий мессеж байсан бөгөөд 7 сарын хүү болон төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алдангийн хамт байсан гэж ойлгосон. Гэвч тухайн үед мөнгөний боломжгүй байсан тул 8 сарын 30-нд мөнгөтэй болоод хүү алдангийн хамт төлье гэдгээ илэрхийлж орой сүлжээнд гараад мессеж үлдээсэн. Мөн 8 сарын 31-ний өдөр дахин мессеж үлдээсэн. Гэвч хариу өгөөгүй бөгөөд 8 сард төлөлтөө хийж чадаагүй. Ингээд 9 сард барьцаат зээлийн төлөлтөө алданги, хүүтэй нь төлөөд аягануудаа авъя гээд манай ээж ярих үед аягануудыг зарсан. Тийм болохоор өр төлбөр дууссан залгах хэрэггүй гэсэн. Түүнээс хойш миний болон манай ээжийн дуудлагыг хүлээн авахгүй таслаад байх болсон. 10 сард арга ядаж өөрийн ахыг 91000457 дугаараас нь яриулсан бөгөөд тухайн үед мөн л аягануудыг зарсан гэж хэлээд байна гээд утсаа тасалсан байдаг.

Би нэхэмжлэгчээс тухайн барьцааны зүйлийг авахаар удаа дараа хүсэл зоригоо илэрхийлж, очиж уулзахаар оролдож, холбоо барьж, тухайн хүнийг эзгүй эсвэл эмчилгээтэй байгаа болохоор ирээд холбоо бариад аягануудыг маань гаргаж өгнө гэж найдсаар 7 сараас хойш холбоо барин хүлээж ирсэн байхад 9 сард холбоо барихад аягануудыг зарсан гэсэн хариу хэлж байгаа нь нарийвчилсан зохицуулалт бүхий Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс, эсхүл гэрээнд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 14 хоног байна" гэж заасныг зөрчсөн үйлдэл мөн. Өөрөөр хэлбэл барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд мессеж үлдээх эсвэл миний ээжид хэлж болох байсан боловч ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй барьцаалуулагч нь барьцааны зүйлийг авах хүсэл зоригтой байсныг мэдсээр байж санаатайгаар тухайн эд зүйлсийг өөрийн өмчлөлийн зүйл болгох зорилгоор 7 сараас хойш 9 cap хүртэл 2 сарын хугацаанд холбоо бариагүй, холбоо барих болгонд өөр зүйл ярьж, биднийг хүлээлгэж байсан.

Дөрөв дүгээрт. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 7-д “Зээлдэгч энэ хуулийн 16.5-д заасан хугацаанд барьцааны шаардлагыг хангаагүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны зүйлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоно” гэж заасныг зөрчсөн байна. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00028 тоот гэрээний 19-д заасан Иргэний хуулийн заалтыг баримталсан ч гэсэн тухайн эд зүйлсийг зарж борлуулсан бол үлдэгдэл мөнгийг барьцаалуулагчид өгөх ёстой байсан. Хэрвээ зарж борлуулсан бол Иргэний хуульд заасан барьцааны зүйлийг худалдан борлуулах журмыг баримтлах ёстой байсан. Гэвч мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч ******* нь хуульд заасан эдгээр үүргээ биелүүлээгүй байгаа нь тухайн эд зүйлсийг зараагүй бөгөөд худлаа хэлж, өөрийн өмчлөлд авахаар биднийг залилах зорилготойгоор 7 сараас хойш өдийг хүртэл худлаа хэлж, зугтаж байна гэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч *******тай хийсэн 00028 тоот гэрээ нь гэрээний гол нөхцөлүүд болох барьцааны зүйлийн үнэ болон алданги, барьцааны эрх хэрэгжүүлэх журам зэргийг хуульд заасны дагуу тодорхойлоогүй хууль бус гэрээ байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцааны зүйл болох 5 ширхэг аягыг *******гаас бүрэн бүтэн байдлаар нь гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******тай 5 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьж, барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ барьцаат зээлийн гэрээ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр бус гэрээ гэж харж байгаа. Эхний шаардлага нь барьцааны гэрээ, зээлийн гэрээ хоёр тусдаа ойлголт байх ёстой. Зээлийн гэрээг заавал бичгээр хийх шаардлагагүй, хуульд шууд нэг тал нь өгсөн, нэг тал нь авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гэрээ байгуулагджээ гэж үзэх ёстой байдаг. 28 дугаартай гэрээг харахад зээлийн гэрээний агуулгыг хангаж байгаа юм. Харин барьцааны гэрээний агуулгыг хангахгүй байна. Жишээлбэл 550,000 төгрөг гэдэг нь зөвхөн зээлийн гэрээний үнийн дүн байгаа. Барьцааны гэрээний үнийн дүн нь барьцааны зүйлийг бодитойгоор үнэлсэн, хоёр тал тохиролцож байж үнэлж байх ёстой. Тэгэхээр энэ 550,000 төгрөгийг би бодитой үнэлсэн үнэлгээ гэж харахгүй байгаа юм. Хэрвээ барьцаат зээлийн гэрээ гээд хоёр гэрээгээ хангаж байгаа тохиолдолд барьцааныхаа гэрээний агуулгаар оруулах ёстой. Зээлийн гэрээний агуулгыг ч оруулах ёстой. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн зорилт дээр мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга ашиг олох зорилгоор эрхлэх иргэний бүртгэл гэж байгаа. Тэгэхээр ******* өөрөө бүртгүүлэхдээ аймгийн Засаг даргад бүртгүүлээд бүртгүүлснийхээ дараа гэрчилгээ аваад гэрчилгээгээ авсныхаа дараа хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан энэ үйл ажиллагааг эрхлэх эрхтэй субъект байсан. Татварын нэгдсэн системд холбогдсон хаардын машин хэвлэх төхөөрөмжтэй байх. Энэ байсан байж магадгүй Энэ хуулийн 8.1-д заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаар сургалтад хамрагдсан байх үүрэгтэй. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх, мөн дээрээс нь шаардлагатай мэдээлэл авах боломжийг хангасан цахим бүртгэлтэй байх гэж байгаа юм. Цахим мэдээллийн санд холбогдсон байх гэдэг энэ шаардлага нь бүх гэрээг бүх барьцаанд авч байгаа зүйлээ зургийг нь дараад баталгаажуулаад оруулахыг хуулиар хуульчлуулсан субъект байсан. Тэгэхээр ******* огт энэ шаардлагыг биелүүлээгүй байж энэ үйл ажиллагааг өөрөө эрхэлж байгаа нь хууль зөрчсөн байна. Энэ гэрээн дээр анз авахаар заасан байгаа. Энэ гэрээний хувьд би зээлийн гэрээг нь үгүйсгээгүй. Энэ хуулийн 18.4-т цахим хэлбэрээр гэрээ байгуулахыг зээлийн гэрээнд хавсаргана гэж байгаа. Барьцаалуулагч батлан даагч дээр бичгээр эсвэл цахим хэлбэрээр гэрээ байгуулж, зээлийн гэрээг хавсаргана. Тэгэхээр зээлийн гэрээнд хавсаргах буюу батлан даалтын эсвэл барьцааны гэрээ нь тусдаа байх ёстой. Тэгээд барьцааны болон батлан даалтын гэрээнд дараах үндэслэлүүдийг тусгана гээд заачихсан байгаа. Барьцаалуулагчийн болон батлан даагчийн хүлээсэн үүрэг нь барьцааны бүрэлдэхүүний үнэлгээ, гэрээ байгуулах тавигдах, барьцааны болон батлан даалтын гэрээ, бусад шаардагдах нөхцөл гэж байгаа юм. Хөдлөх хөрөнгийн талаар ярьж байгаа бол Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль гээд тусдаа хууль батлагдчихсан байгаа. 5 аягыг барьцаалж байгаа тохиолдолд тусгай субъект нь энэ хуулийг чанд мөрдөх ёстой байсан. Жишээ нь 10.1-т барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гээд 6 зүйл байгаа. Энэ гэрээн дээр тусгагдсан нь ганц л зүйл байгаа. Тэгээд барьцаанаас хангагдах хэмжээ буюу тухайн зээлийн гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааг нь хэдээр тооцох вэ гэдгээ ч бичээгүй, зүгээр л 550,000 төгрөг зээлийн гэрээний үүрэг гээд биччихсэн байгаа юм. Барьцааны зүйлийн тодорхойлолт нэг бүрийн болон төрлийн шинжээр тодорхойлогдох байдал гэж байгаа. Үүнийг маш дэлгэрэнгүй бичиж өгөх ёстой байдаг. Бичиж өгөөгүй. Өөрөө ч хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулдаггүй субъект байгаа учраас хүмүүсийн эрхийг зөрчсөн. Дараагийн зөрчсөн зүйл нь энэ 2 хууль дээр хоёуланд нь 14 хоногт мэдэгдэх ёстой гэж заасан байдаг юм. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйл дээр барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдэл гэж байгаа. Тэрэн дээр мэдэгдлээ яаж хүргүүлэх вэ гээд заавар нь байгаа. 49 дүгээр зүйл дээр нь барьцааныхаа шаардлагыг хангах хугацааг 14 хоног гэж зааж өгсөн байдаг. Нөгөө хуульд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхлэгчийн мэдэгдэл хүргүүлэхийг 14 хоног гээд заасан байгаа. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16.5-д мэдэгдсэнээс хойш 14 хоног гэж байгаа. Барьцааны зүйлийг борлуулах тухай *******т мэдэгдээгүй байгаа юм. Нөгөө тэмдэглэгдсэн дугаар нь холбогдох боломжгүй байвал зээлдүүлэгч үүрэг хүлээхгүй гэж байгаа. Энэ нь барьцааны гэрээнд байж болшгүй зохицуулалт. Яагаад гэвэл барьцааны зүйл өмч. Зээлийн гэрээг нь бид нар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байгаа. *******гаас барьцаанд бариулсан 5 ширхэг аяга буюу 4 ширхэг мөнгөн аяга 1 ширхэг хулыг гаргуулъя гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2021 оноос “Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа” Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах Анужин төвд явуулж байсан. ...ямар ч ашиггүй ажиллах болсон тул өөрийн ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сард бүрэн зогсоосон. ...барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь үнэхээр төвөгтэй юм билээ. Үүний нэг жишээ нь ******* гэх хүн байна. Ломбардны үйл ажиллагаа 2022 оны сүүлээс эрс багасгаж, юмаа барьцаалсан хүмүүс тооцоогоо хийх, гэрээгээ сунгах зэрэг ажилд л би очдог байсан. Бусдаар байнгын түрээсийн өрөөндөө суухаа больсон. 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр ******* гэх хүн удаа дараа утсаар холбогдоод “Өөр ломбардууд мөнгөгүй байна, зарим нь миний юмыг арай муу үнэлээд байна" гээд надад 4 ширхэг мөнгөн аяга, 1 хул барьцаалаад 600,000 төгрөг авмаар байна, 600,000 төгрөг л зээлчих гэж холбогдсон. Би тэр өдөр ажил дээр очиход шинэ цагийн, үйлдвэрийн хийцтэй 4 мөнгөн аяга, хуучны маягийн боловч эвдрэл ихтэй нэг хултай ******* гэх залуу уулзсан. Би 1 хулыг барьцаалж, мөнгө гаргах боломжгүй. Харин 4 мөнгөн аягыг чинь 500,000 төгрөгөөр л үнэлж авъя, тэгэхгүй бол ийм шинэ цагийн, үйлдвэрийн аяга гадуур хэдээр зарагддагийг та мэднэ биз дээ гэж өөрт нь хэлсэн. Тэгэхэд надаас тэгвэл ядаж 50000 төгрөг нэмээд өгчих, мөнгөний яаралтай хэрэг байгаа юмаа, би сарын дараа гэхэд хүүтэй нь 550,000 төгрөг өгөөд барьцааны зүйлээ авъя гэж хэлсэн. Итгээд нийт 4 мөнгөн аягыг нь 550,000 төгрөгийн зээлийн барьцаанд авсан.

Тэр үед 1 хулаа ав гэхэд танд байж байг, 4 аягатайгаа хамт авъя гээд орхиод явсан. 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр миний Хаан банкны 5465138944 тоот дансанд “00028 96778011" гэсэн утгатай 70,000 төгрөг орж ирсэн,

Мөн оны 7 дугаар сарын 7-ны өдөр дээрх дансанд " 96778011 sungalt” гэсэн утгатай 50,000 төгрөг орж ирсэн.

Үүнээс өөр байдлаар тэрээр мөнгө төлөөгүй, утас руу нь залгахаар холбогдохгүй, зурвас бичихээр хариу бичихгүй алга болсон.

Ингээд би утас нь холбогдохгүй, хариу ч бичихгүй байгаа болохоор урьдын хүмүүс шиг л юмаа орхиод алга болж байгаа хүн байна гэж бодоод 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод алт мөнгөний ченж гэх хүнд өөрт мөн ийм байдлаар барьцаалаад үлдээсэн зүйлүүдийг зарж борлуулсан.

Түүний барьцаалсан мөнгөн аягууд нь шинэ цагийн, үйлдвэрийн буюу хаанаас ч худалдаж авч болох аяга учраас хэрэглэсэн ийм аягыг хүн худалдаж авдаггүй. Иймд би *******т зээлдүүлсэн мөнгөө гаргаж авахын тулд түүнийг 4 мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад, жинлээд зарсан юм. Дээр дурдсан ийм л үйл явдал болсон. Би cap бүрийн хүүгээ тогтмол өгөөд байсан бол түүний юмыг зарахгүй, мөн надтай байнгын холбоотой байвал юмыг нь байлгаад л байх байсан. Ямар сайндаа эхний хүүг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авах ёстой байтал 6 дугаар сарын 7-ны өдөр түүнийг хүлээж байгаад л авсан юм. Гэтэл утас нь огт холбогдохгүй, таг чиг алга болчихсон ийм хүнийг би яах билээ.

Би мөнгөө гаргаад хүнд өгчихдөг, нөгөө хүн маань миний мөнгийг ашиглаж байж тохирсон хүүгээ төлөхгүй, үүргээ биелүүлэхгүй яваад байж болохгүй гэж бодож байна. Олон хүмүүсийн ийм байдлаас болж өнөөдөр би барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон юм.

Одоо тэрээр надаас 4 мөнгөн аяга, 1 хулаа гаргуулж авна гэж байна. Би тэгвэл түүнд зээлсэн 550,000 төгрөгөө яаж буцааж авах юм бэ, түүний 1 хул нь надад одоо ч байгаа бөгөөд тэр хулыг угаасаа үнэлж, барьцаалаагүй тул надад байсаар л байгаа. Өдий болоход надтай нэг ч холбогдоогүй байж, ингээд шүүхэд хандсан байгаад нь гайхаж байна гэжээ.

4. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "2023 оны 04 сарын 29-ний өдөр ******* утсаар холбогдсон. Би ажил дээрээ очихгүй. барьцаанд юм авахаа больсон байсан. ******* өөрөө залгаад үзээд өгөөч бусад газар хаалттай байна үнэлгээ нь бага байна гэж ярьсан. 4 мөнгөн аяга нэг хул үзүүлсэн. Хулыг нь үнэлж авахгүй, 4 мөнгөн аягыг ломбардын үнэлгээгээр үнэлээд авъя гээд 500,000 төгрөг гэсэн чинь 600,000 төгрөгийн хэрэг байна гэж хэлээд 550,000 төгрөгөөр үнэлгээ хийж авсан. Манайх 80-90 хувьд нь хангалттай өгдөг. Үнэлгээгээ өндөр хийхийг боддог байсан. Үнэлгээг нь хангалттай хийсэн. *******ийн утас нь холбогддоггүй байсан. Мессеж бичихээр хариу ирдэггүй. Тийм үйлчлүүлэгчид юмаа хаядаг. Хойноосоо нэлээн яриулж байж хугацаа хэтрэлттэй хийдэг байсан. Алданги нэхсэн ч сунгалт хийгээгүй. Хоёр удаа сунгалт хийсэн. 5 удаа сунгалт хийх ёстой байсан. Хүн болгоны нөхцөл байдлыг би мэдэхгүй. Гэрээний дагуу ажлаа хийсэн гэж бодож байна. Хангалттай залгаж, хөөцөлдөж явсан гэж бодож байна. Мессеж явуулснаас хойш сарын дараа зарсан. Сунгалтаа хий гэж хэлээд байхад тэр хүн ухамсарлах ёстой. Хорин хэд хоног алга болсон. Намайг зарснаас хойш 10 сарын сүүлээр ээж нь гэж хүн холбогдсон. Өнөөдрийг хүртэл нэг ч холбогдоогүй байгаа. Ажлаа цэгцлээд үйл ажиллагаагаа зогсоож байсан учраас 09 сарын 18-ны өдөр урт цагааны ченжид борлуулсан, 4 мөнгөн аягыг хуулаад зарахад 500 гаран мянган төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хулыг баримт дээр тусгаж үйлдсэн. Ав гэж хэлэхэд бөөнд нь авъя гэж хэлсэн. Энэ хулыг барьцаанд авч үлдээгүй. Манайх хул тагш авдаггүй. Металлыг л үнэлж авдаг. Манайх улсын бүртгэлтэй зөвшөөрөгдсөн компани байгаа гэжээ.

5. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******гаас мөнгөн аяга 4 ширхэг, хул 1 ширхгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00028 дугаар барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б гаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.

   6. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Би 2021 оноос “Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа”-г Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах Анужин төвд явуулж байсан.

2023 оны 4 дүгээр сарын сүүлээр ******* гэх хүн удаа дараа утсаар холбогдоод "Өөр ломбардууд мөнгөгүй байна, зарим нь миний юмыг арай муу үнэлээд байна” гээд надад 4 ширхэг мөнгөн аяга 1 хул барьцаалаад 600,000 төгрөг авмаар байна, 600,000 төгрөг л зээлчих гэсэн.

Би тэр өдөр ажил дээр очиход шинэ цагийн, үйлдвэрийн хийцтэй 4 мөнгөн аяга, хуучны маягийн боловч эвдрэл ихтэй нэг хултай ******* гэх залуу уулзсан. Би 1 хулыг бол барьцаалж, мөнгө гаргах боломжгүй. Харин 4 мөнгөн аягийг чинь 500,000 төгрөгөөр л үнэлж авъя, тэгэхгүй бол ийм шинэ цагийн, үйлдвэрийн аяга гадуур хэдээр зарагддагийг та мэднэ биз дээ гэж өөрт нь хэлсэн. Мөнгөн аягууд нь 15 см, 13 см, 10 см-ийн диаметртэй 3 аяга, нэг жижигхэн аяга байсан.

Тэгэхэд надаас тэгвэл ядаж 50,000 төгрөг нэмээд өгчих, мөнгөний яаралтай хэрэг байгаа юмаа, би сарын дараа гэхэд хүүтэй нь 550,000 төгрөгөө өгөөд юмаа авна аа гэж хэлэхээр нь итгээд нийтдээ 4 мөнгөн аягийг нь 550,000 төгрөгийн зээлийн барьцаанд авсан. Тэр үед 1 хулаа ав гэхэд танд байж байг 4 аягатайгаа хамт авъя гээд орхиод явсан.

2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр миний Хаан банкны 5465138944 тоот дансанд “00028 96778011” гэсэн утгатай 70,000 төгрөг орж ирсэн. Мөн оны 7 дугаар сарын 07-ны өдөр дээрх дансанд “ 96778011 sungat" гэсэн утгатай 50,000 төгрөг орж ирсэн. Үүнээс өөр байдлаар тэрээр мөнгө төлөөгүй, утас руу нь залгахаар холбогдохгүй, зурвас бичихэд над руу хариу бичихгүй алга болсон.

Утас нь холбогдохгүй, хариу ч бичихгүй байгаа болохоор урьдын хүмүүс шиг л юмаа орхиод алга болж байгаа хүн байна гэж бодоод 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод алт, мөнгөний ченж гэх хүнд барьцаалаад үлдээсэн зүйлүүдийг зарж борлуулсан.

Түүний барьцаалсан мөнгөн аягууд нь шинэ цагийн, үйлдвэрийн буюу хаанаас ч худалдаж авч болох мөн хэрэглэсэн аяга тул хүн худалдаж авдаггүй. Иймд би *******т зээлдүүлсэн мөнгөө гаргаж авахын тулд түүний 4 мөнгөн аягийн мөнгийг нь хуулаад, жинлээд зарсан юм.

Ийм л үйл явдал болсон. Сap бүрийн хүүгээ тогтмол өгөөд байсан бол түүний юмыг зарахгүй. Мөн надтай байнгын холбоотой байвал юмыг нь байлгаад л байх байсан. Эхний хүүг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авах ёстой байтал 6 дугаар сарын 07-ны өдөр түүнийг хүлээж байгаад авсан. Би мөнгө гаргаад хүнд өгчихдөг, нөгөө хүн маань миний мөнгийг ашигласан байж тохирсон хүүгээ төлөхгүй, үүргээ биелүүлэхгүй яваад байж болохгүй гэж бодож байна. Олон хүмүүсийн ийм байдлаас болж өнөөдөр би барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон.

Надаас 4 мөнгөн аяга, 1 хулаа гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Тэгвэл түүнд зээлсэн 550,000 төгрөгөө яаж буцааж авах юм бэ? Түүний 1 хулыг угаасаа үнэлж, барьцаалаагүй тул надад байсаар л байгаа. Надтай нэг ч холбогдоогүй байж, ингээд шүүхэд хандсанд нь гайхдаг. Мөн 1 хулыг нь өгье гээд шүүх дээр удаа дараа ирэхэд нэг ч удаа ирээгүй. Түүний эх нь гэх гэж хүн тэр хулыг нэхэмжлэгчийн хул биш гэдэг. Би минийх биш гээд байгаа юмыг шүүхэд авч ирээд өгөх гээд байхгүй нь ойлгомжтой.

Аягуудын мөнгийг нь нэгэнт хуулаад зарсан тул надад барьцаанд тавьсан байдлаар нь шинэ цагийн аягаар нь авч егье гэхээр бүгд хуучин цагийн аяга гээд маргаад байдаг. Тэрийгээ нотолдоггүй.

Хуучин цагийн мөнгөн аяга байсан бол дээрхээс илүү үнэтэй байх нь зүйн хэрэг. Хуучин цагийн аяганы мөнгийг нь хуулаад зарахгүй, аяга чигээр нь зарвал би мөнгөө илүү гаргаад авах боломжтой шүү дээ.

Шинэ цагийн 4 аяга байсан гээд түүнийг өгье гээд нэхэмжлэгчийн талынхан надаас хуучин цагийн аяга нэхнэ. Энэ хугацаанд би өөрийн 550,000 төгрөгөө нэхэмжлэгчид ашиглуулж хохирч байхад үүнийг шүүх ойлгож үзээсэй гэж хүсч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 ... Э.тэй би өнөөдрийг хүртэл холбогдоогүй. Надаас ээж нь болон гэдэг хүн 4 мөнгөн аягыг 1 хулын хамт нэхээд байгаа. Би өмнөх шүүх хурал дээр мөнгөн аягануудын зургуудыг гаргаж үзүүлэхэд биш гэсэн. Одоо надаас яг юу нэхээд байгаа юм, ямар эд хөрөнгө нэхээд байгааг би ерөөсөө мэдэхгүй байна. Хул нь байгаа ч түүнийг авахгүй, биш гэнэ. Надад өөр хольж солих хул угаасаа байхгүй. Би металлыг грамм, орцоор нь үнэлж авдаг. Хуланд үнэт металл байхгүй учраас хулыг үнэлж аваагүй.. Эдэлгээнд ороод хуучирсан шинэ цагийн мөнгөн аяга барьцаанд авчихаад дэлгүүрийн үнэ ханшаар нь авч өгнө гэдэг бол хэцүү. Би ашгийн төлөөх байгууллага. Тэгтэл би өөрөө хохирсон байгаа. 1 мөнгөн аягыг хуулаад зарахад 100.000-120.000 төгрөгийн хооронд борлуулдаг. Нэхэж байгаа зүйл нь тодорхой байж би өгнө шүү дээ. 09 сарын 18 хүртэл 5 удаа сунгах ёстой байтал 2 удаа сунгасан. Би нийт 3, 4 сар хангалттай хүлээсэн. Би хувь хүн болгоны ажлын онцлогийг мэдэх боломжгүй, харах боломжгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 дүгээрт нь тай холбогдох ямар ч шаардлага байхгүй. Учир нь нь 09 сарын сүүлээр зарчихсан гэж өөрөө ярьсан. Зарчихсан гэж хэлсний дараа юмнуудаа авъя гэж ярих нь утгагүй. 2 дугаарт нь хөдөө орон нутагт ажилладаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би болон Сэржмядаг гэдэг 2 хүн нь ийн үеэл эгч нар, харь хамаагүй хүмүүс биш. Хамгийн эхний шүүх хурал дээр Сэржмядаг ирэхэд хулыг холоос харуулсан, гарт нь бариулаагүй. ийн ээж нь гэрч асуухад ирсэн. Тухайн үед хулыг нь орхисон байна гээд зургийг нь харуулсан. Зураг дээр маш бүдэг харагдаж байсан. Тухайн хулыг ямар хул байсныг ээж нь өөрөө дүрсэлж өгсөн. Хулын зургийг нь хараад доороо хятад ханзтай хул байсан биш байх, сайн харагдахгүй байна. Яг бодитоор нь харж болно гэсэн. гийн утас дээр 2023 оны 09 сард авсан мөнгөн аяганы зураг байгаа. Гэрээ нь 04 сард хийгдсэн. өөрөө тусгай субъект хуулиар хүлээсэн үүргээ мэдэж байгаа. Нэг бүрийн шинжээр тодорхойлогдох талаас нь зургийг нь аваад мэдээллийн санд хадгалах ёстой байсан боловч тэгээгүй. Камерын бичлэг үзье гэхээр устсан, аягыг 550.000 төгрөгөөр зарсан гэдэг. 09 сарын 16-ны өдөр гийн утсан дээр дарагдсан байгаа мөнгөн аягыг гэрч д харуулахад 1 нь мөн байж магадгүй, нөгөөх нь огт биш гэж хэлсэн. гийн утас дээр байгаа зураг нь хэний ч аяга байж болно. Энэ нь нотлох баримтын хэмжээнд хүрэхгүй учраас нотлогдоогүй. ерөөсөө холбоо барьдаггүй, утас нь холбогдохгүй, би байнга залгадаг байсан гэдэг нь худлаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Манай тал мөнгөнд шунаад дайраад байсан юм огт байхгүй гэж хэлье. Эвлэрэх 100% боломжтой байсан. Гэвч өгөхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан учраас бид нар хуулийнх нь дагуу арга хэмжээ авхуулахыг хүсэж байна гэдэг байр суурийг илэрхийлээд хуралд оролцсон. Хариуцагч тал өөрөө татгалзлаа нотлох ёстой. Урт цагаан дээр очоод 1 алтан гинжтэй хамт зарсан, бэлэн мөнгө авсан гэж яриад байгаа ч энэ нь нотлогддоггүй. Анхнаасаа ийг жоохон хүүхэд гэж үзээд алга болчихвол шууд зарчихъя гэдэг сэдэлтэй байсан нь 100% харагдаж байгаа. Өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэрээ гэж үзээд бид нар шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх ёстой гэдэг утгаар тайлбарлаад байна. Үнэхээр сонирхогч этгээдийн хүсэлтээр тухайн гэрээг бид нар хүчин төгөлдөр бусад тооцуулаад юмаа гаргуулъя гэдэг агуулгаар нэхэмжлэлээ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 дүгээрт нэхэмжлэгч нь өөрөө мөнгөн аяганы хийц, хэмжээ, орц гээд бүгдийг нь өөрөө батлах ёстой. Гэтэл 4 аягийнхаа нэгийг нь хуучин цагийн аяга байсан гэж шүүхэд ханддаг. Мөн хулыг гэрч буюу ийн ээж нь манайх биш гээд байдаг. өөрөө шүүх хуралдаанд 1 удаа ч ирээгүй. Хариуцагч 09 сарын 16-ны өдөр мөнгөн аягыг худалдан борлуулахаасаа өмнө гар утас дээрээ авсан зургийг шүүхэд гаргаж өгөөд үзлэг хийлгэж нотлох баримтын шаардлага хангуулсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх хэрэгтэй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тодорхойгүй. Дээрээс нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар өгсөн авсан зүйлээ буцаах асуудал болно. Нэхэмжлэгч яг ийм аяга байсан гэдгээ нотолсон нэг ч баримт байхгүй, түүнийг нотолсон зураг байхгүй. Харин хариуцагчаас татгалзлаа нотлохын тулд зургуудыг гаргаж өгсөн. Манай зүгээс нэхэмжлэгч талтай тохироод аягуудыг нь буцааж өгье, мөнгөө буцааж авъя гэдэг байдлаар эвлэрье гэхээр нь нөгөө аягыг нь мэдэхгүй учраас эвлэрч чадахгүй гэх асуудал ярьсан. тэй хариуцагчаас удаа дараа холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй. 15, 13 см-тэй 2 аяга, 10 см-тэй 2 аяга байсан. 2 жижиг аяга нь 10 см-тай ижилхэн байсан учраас нэг аягийнх нь зургийг нь аваагүй гэдэг тайлбар өгдөг. Шүүх өмчлөх эрхийн хүрээнд нь 106-гаар шийдсэн. Гэтэл хариуцагчаас хуучин цагийн аяга нэхээд байгаа. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбаруудыг бүрэн дэмжиж байгаа. Дээрээс нь нэхэмжлэгч 08 сарын 20, 21-ний үед мессеж явуулсан гэдэг нь нотлогддоггүй. өөрөө шүүх хуралдаанд ирээд 15, 13 см-тай аяга байсан, энэ хул мөн, биш гэдэг маягаар оролцох юм бол манай зүгээс эвлэрэх боломжтой. Би үйлчлүүлэгчдээ хууль зүйн зөвлөгөө өгч байгаа хүрээндээ бүгдийг нь хэлж өгсөн. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ямар ч хамааралгүй 2 хүн ороод ирчихсэн. Эд зүйлээ мэдэх хүмүүс байхгүй. Магадгүй ээж нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон бол өөр байсан байх. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 28 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний зүйл болох 5 ширхэг аягыг биет байдлаар гаргуулах  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******гаас мөнгөн аяга 4 ширхэг, хул 1 ширхгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00028 дугаар барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, талуудын маргааны үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

4. Нэхэмжлэгч ******* 2023 оны 11 сарын 30-ны өдөр “мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч тай 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн 00028 тоот барьцааны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус гэрээний барьцааны зүйл болох 5 ширхэг аягыг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Тухайлбал: Нэхэмжилж буй 4 мөнгөн аяганы гурав нь том, орц хийц сайтай, дээр үеийн үндсэн тагштай, сайн чанарын мөнгөөр зузаан бүрж хийсэн гэж, гэрч шинэ цагийн 3 мөнгөн аяга байсан, хамгийн том аяга нь дотроо өлзий хээтэй, хамгийн бага нь цулгай, дундахыг нь санахгүй байна, хамгийн жижиг аяга бол дээр үеийн бор тагштай, тагш нь судалтай, тагшны доод тал нь эмтэрсэн, доод тал нь хээтэй, хадаас нь суларсан дээр үеийн аяга байсан гэж тус тус тайлбар мэдүүлэгтээ мөнгөн аягануудын шинж чанарыг тодорхойлсон байна.  

Шүүх талууд аяганы шинж байдлын талаар маргаж байх тул гэрчийн мэдүүлгээр аяганы шинж байдлыг тодорхойлох нь зүйтэй гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзвэл маргаан бүхий аяганууд устаж, одоо байхгүй болсон талаар дурдагдсан байхад шүүх гаргасан шийдвэрээ биелэгдэх боломжтой эсэхэд дүгнэлт хийлгүй байхгүй эд зүйлийг барьцаалуулагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт маргааны зүйл болох 4 мөнгөн аяганы хоёрынх нь талаарх баримт авагдаагүй, гэрчийн мэдүүлэг байгаа боловч уг мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн боломж бүрдээгүй байна.

5. Шүүх нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж буй итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

Нэхэмжлэгч шүүхэд өөрийгөө 2 этгээдээр төлөөлүүлэхээр итгэмжлэл олгосон байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр тэдгээр нь хоорондоо зөвшилцөн хэн нэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа явдал нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т заасан болон итгэмжлэлд тусгасан “...төлөөлөгч нь итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.” гэснийг  зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 139/ШШ2024/00212 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гийн төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  

 

                             ШҮҮГЧИД