Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 360

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Д.Н нарт  холбогдох эрүүгийн 1802001300189 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер  мэргэжилтэй, “Тодбат андууд” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, Д.Б,

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1989 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр суллагдсан,

- Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Дашдондовын Наранбаатар /регистрийн дугаар МИ84091719/,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Яллагдагч Д.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох 768,46 грамм хэмжээтэй цэвэр мөнгөн усыг 2018 оны 01 дүгээр сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 403 тоот өрөөнд байрлаж байсан Д.Б-д хууль бусаар дамжуулан өгсөн,

Яллагдагч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын эхээр Д.Н-ын авч ирсэн химийн хорт, аюултай бодис болох 768,46 грамм хэмжээтэй цэвэр мөнгөн усыг Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 403 тоот өөрийн байрлаж байсан өрөөний цонхны гадна талын тавцан дээр байрлуулан тавьж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: Би 2018 оны 1 дүгээр сарын эхээр биш харин 2018 оны 01 сарын сүүлээр Баян-Өлгий аймаг руу Баатаржав гэдэг хүнээр заалган явсан. Үүнийг шалгуулах хүсэлттэй байна. Д.Б Баян-Өлгий аймаг руу явж ирчихээд маргааш нь мөнгөн ус өгсөн гэж гүтгээд байна гэв.

Эрүүгийн 180200130089 дугаартай хэргээс:

Шинжээч П.Чимэдцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинжилгээ хийх тогтоолын дагуу 4 ширхэг эд зүйлийг шинжилгээнд ирүүлсэн. 3 ширхэг шилэнд савласан гэх эд зүйлийг 1 хайрцагт хийн ...туузаар нааж битүүмжилсэн байдалтай ирүүлсэн. Зэс аяга гэх зүйлийг нийлэг уутанд битүүмжлэн ирүүлсэн. Шинжилгээнд ирүүлсэн хайрцагтай зүйлийг задлахад 3 ширхэг шилэнд савласан шингэн зүйлээс гадна 1 ширхэг 10 граммын тариур байсан. Ингээд нийт 5 дээжинд шинжилгээ хийсэн болно. Мөнгөн ус гэх бодис Монгол Улсын засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоол Монгол улсад ашиглахыг хязгаарлсан химийн хорт болон аюултай бодисын 6 дугаарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар  сарын 08-ний өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаарын хавсралтын 658 дугаарт бичигдсэн байдаг. Мөнгөн ус нь химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг хурц хордолт үүснэ. Н331 амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-135/,

Гэрч Д.Цээсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр хоёр 2017.12.18-ны өдөр манай буудалд ирж байрласан ба буудлын давхарт 403 тоот өрөөнд байрлаж байгаа. ...Тэр хоёр нэг удаа миний ээлжин дээр зодолдож байхад нь манай буудлын Санжаа гэх залуугийн хамт орж тэр хоёрыг салгасан ба тэр үед намхан Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай зүүн талын хөмсөгнөөс цус гарсан байсан. Тэр өдөр 2018.01.24-ний 23 цаг өнгөрч байсан. Би тэр хоёрын өрөөнд ороогүй ба хаалгыг нь цохиод “унтаж амар тэгэхгүй бол цагдаад дуудлага өглөө” гэж хэлэхэд дуугүй болоод амарсан тул дуудлага өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107/,

 

Гэрч Э.Соёлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр хоёр машин зарахаар Увсад ирсэн гэж байсан. Тэр хоёр дээр машин үзнэ гээд хөдөөний бололтой дээлтэй хүмүүс ирж байсан ба би бодохдоо машин үзэх гэж хүмүүс гэж бодсон, зарим хүмүүс машиныг нь үзэж байсан. Надтай Батдорж архи уусан байдалтай таарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109/,

 

Гэрч Т.Баасантогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.12.08-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймагт найз Батдорж түүний төрсөн ах Батцэнгэл түүний эхнэр Жаргал нарын хамт ...3 машин зарахаар ирсэн. ... Д.Б бид хоёр “Гранд” зочид буудлын 4 давхарт 403 тоот өрөөнд байрлаж байсан. ...Д.Б ОХУ руу явсан. Тэр хооронд бид хоёр буудалд 1-2 удаа хоносон ба Наранбаатарыг буудалд ирсэн үед би юм ярьж харьцдаггүй ба Д.Б тэр хоёр юм яриад архи дарс уугаад байдаг. Би өөрөө архи ууж чаддаггүй ба Д.Н гэх залуу надад анхнаасаа таалагдаагүй. Наранбаатар бараг миний гар утасны дугаарыг мэдэхгүй байх Д.Б-той холбоо бариад байдаг. Бид хоёр Д.Н-аас мөнгөн ус худалдаж аваагүй. Д.Н 2018 оны 01 дүгээр сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ манай буудалд ирэхдээ бид хоёрт цагаан тагтай бор жижиг шилтэй саарал өнгөтэй мөнгөн ус үзүүлж байгаад тэр мөнгөн усаа манай буудлын цонхон дээр шилтэй нь үлдээгээд явсан. Д.Н энэ ус үлдээнэ гэхээр нь би наад мөнгөн ус чинь хор хөнөөлтэй юм бишүү гэж хэлсэн чинь хор нөлөө байхгүй алтанд хэрэглэдэг мөнгөн ус зараад ч үнэ хүрэхгүй эд байгаа юм та хоёрт үлдээе гээд гараад явсан. 2018.01 сарын өдрийг нь санахгүй байна Д.Н Тува улсаас мөнгөн усны зургийг Д.Б-ийн фэйсбүүк хаяг руу явуулсан ба бид хоёрыг гараад ир, ирээд хараад үзээч гэхээр нь Д.Б гадаад паспорт байхгүй байсан тул би Тува улс руу 56-97 УБИ улсын дугаартай машинтай ганцаараа явсан. Д.Н хилийн цаана намайг тосоод Хандгайтын Тува талын эмнэлгийн тэнд нэг айлд очоод саарал өнгийн мөнгөн ус жижиг шилтэй, 3 хуванцар савтай хуурай бодис байсан ба тэр бодисыг хольж улаан мөнгөн ус болдог гэж хэлсэн ба саарал өнгийн жижиг мөнгөн усыг миний та хоёрт аваачсан мөнгөн устай адилхан энэ хэрэггүй эд байгаа юм гэж хэлсэн. Би Д.Нын үзүүлсэн тэр бодисуудыг хараад ойлгохгүй, мэдэх ч үгүй юм байна лээ. Би Д.Н-т энэ яадаг юм гэж асуухад найруулаад улаан мөнгөн ус гардаг, надад найруулдаг томъёотой ном байна, энэ ном олддоггүй ховор ном гээд бичгийн цаасан дээр канондсан орос үгтэй зүйлийг харуулсан. ...Д.Н-ын үлдээсэн мөнгөн уснууд нэг шил нь хүзүүндээ хүрсэн хэмжээтэй нөгөө шил нь талаас доогуур хэмжээтэй байсан ба 2018.01.24-нөөс 25-нд шилжих шөнө Д.Б бид хоёр маргалдаж байгаад жорлонгийн хаалга мөргөсөн ба зүүн талын хөмсөгнөөс цус гоожоод хавдахаар нь Д.Б цонхны гадна тавцан дээр байсан мөнгөн усны нэг шилтэй усаар нь хүйтэн жин тавих гэж байгаад жорлон дотор унагааж хагалсан тэр үед Д.Б согтуу байсан. Тэр шилнээс гарсан мөнгөн усыг би шипризээр соруулан жижиг шар зэс аяганд хийж цонхны гадна тавцан дээр тавьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-79, 2-р хх-ийн 57-58/,

 

Яллагдагч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...3-4 хоногоос Улаангомд яваад очино очингуутаа шууд Тува яваад нөгөө мөнгөн усаа авч ирнэ гэж хэлсэн. 2018.01.15-ны үед манай буудалд ирэхдээ бид хоёрт цагаан тагтай бор шилтэй саарал мөнгөн ус үзүүлж байгаад тэр мөнгөн усаа манай буудлын цонхон дээр шилтэй нь үлдээгээд явсан ба Д.Н түүнээс хойш 2-3 удаа бид хоёрын байрласан өрөөнд ирэхдээ тэр мөнгөн усаа аваагүй ба наад мөнгөн ус чинь үнэгүй гэж хэлсэн. Д.Н Тувагаас миний “Batja batja” гэх фэйсбүүк хаяг руу халбага нь дээр тавьсан мөнгөн усны зураг, дэнсэн дээрх 5 кг цагаан мөнгөн ус байгаа энэ савтай бодисыг мөнгөн усад хийхээр цагаан мөнгөн ус ч болно улаан мөнгөн ус ч болно гэж хэлсэн Д.Н-ыг үлдээгээд явсанаас хойш хэд хоногийн дараа би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд Баасантогоотой хэрүүл маргаан үүсгэсэн юм. Тэгж байхдаа би зүүн талын хөмсөгөөрөө хаалга мөргөөд цус гарсан ба жорлон дотор уйлсан сууж байсан тэр үедээ хөмсөгний шархан дээр хүйтэн зүйлээр жин тавих гээд цонхны гадна байсан хоёр мөнгөн уснаас 1 жижиг шилтэй мөнгөн усыг аваад хөмсөг дээрээ жин тавих гэж байгаад 00-ийн өрөөн дотор тэр шилтэй мөнгөн усыг хагалсан юм. Тэр орой би мөнгөн усыг унагааж байхдаа өөрөө бас согтоод унасан байсан. Маргааш өглөө нь сэрэхэд Баасантогоо чиний хагалсан мөнгөн усыг би цэвэрлэж янзалсан шүү гээд уурлаад байсан. Тэгэхэд л тэр жижиг зэс аяганд хийж тавьсан юм шиг байна лээ. Цонхон дээр байсан шилтэй мөнгөн уснууд яг адилхан хоёр бор шил байсан ба нэг тал нэг нь дүүрэн хэмжээтэй байсан ба би жин тавих гээд талаас доогуур шилтэйг нь аваад жин тавьж байгаад унагаад хагалсан ба тэр мөнгөн усыг Баасантогоо шифризээр соруулан аяганд хийж байсан ба тэр мөнгөн усыг Баасантогоо 00-ийн өрөөнд нүдэнд харагдсан хэсгийн мөнгөн усыг бүгдийн авсан гэж хэлсэн. Тухайн 00-ийн өрөөнд ихэдлээ гээд 43-50 грамм мөнгөн ус үлдсэн байх. Бид хоёр мөнгөн усыг 00-ийн өрөөнд асгасан талаараа холбогдох мэргэжлийн байгууллагад хэлээгүй. Д.Н надад олж өгөөд тэр мөнгөн усыг Улаанбаатар хот руу оруулж хүнд өгөөд тэр хүмүүсээс нь би хэдэн төгрөгийн хувь авах ёстой байсан юм. Д.Н өөрөө Улаанбаатар хотод хүмүүстэй гэх ба тэр хүмүүст хүргэж өгөөд чи мөнгөтөй болно гэж хэлэхээр нь хэдэн төгрөг олчих юм байна гэж бодоод Д.Н-т зөвшөөрөөд хүлээсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-88/,

 

Яллагдагч Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр хоёрын өрөөнд оронгуут эгц өөдөөс харсан цонхны  гадна тавцан дээр тавьсан бор эмний шилтэй цагаан тагтай 2 шил мөнгөн ус байсан мөн тэр хоёрын хажууд зурагтны наадаг антен байсан. Тэр мөнгөн ус 2018.01.13-ны өдөр Тувад мөнгөн ус үзчихээд ирэхэд тэр мөнгөн усыг надад тэр хоёрын нэг нь үзүүлж байсан ба яг хэн нь үзүүлсэнийг санахгүй байна. Тэр өдөр нь “Гранд” зочид буудалд очиход Д.Б цонхны гадна талын тавцан дээрээс 2 бор шилтэй мөнгөн усыг үзүүлээд наадах чинь Тувад байгаагийн ижил байгаа биз дээ үнэ хүрдэггүй хог сайн хар гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-68/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 16-19, 20-25/,”ертөнцийн зүгээр урд талын цонх...уг цонхыг нээж үзэхэд гадна /цонхны/ талд шаргал өнгөтэй металл жижиг аяга 1 ш дотор хэсэгт цас болсон байдалтай урд захад тогтосон цасан дотор суурилуулсан цагаан өнгийн таглаатай бор өнгийн шилтэй, “боярышника настайко” гэсэн цагаан хаягтай дотроо мөнгөлөг өнгийн шингэн зүйл агуулсан шингэн илрэв. Шаргал өнгийн метал аягыг өрөөнд оруулж үзлэг хийхэд өнгөн  хэсэг цастай цасыг арилгахаж үзэхэд аяганы дунд хэсэг хүртэл түвшинд мөнгөлөг өнгийн шингэн зүйлийн агууламжтай байв. Уг бор өнгийн шингэн зүйл шаргал өнгийн металл аяганд агуулагдаж буй мөнгөлөг өнгийн шингэн  зүйлийг шинжилгээнд зориулж хураан авахаар тогтов. Өрөөний урд хана дагуу байрлах намхан ширээний тавиур /дунд/ дээр хар өнгийн даавуу материалтай цахилгаантай, жижиг цүнх байх ба онгойлгож үзэхэд тунгалаг өнгийн гялгар уутанд хийсэн мөнгөлөг өнгөтэй тугалган цаасны эвхэж нугалсан тасархай хэсгүүд, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг уртаар нь хуйлсан гол хэсгээрээ хөндий гаргаж гуурс мэт болгож бэлтгэсэн байх ба тугалган цанууд харлаж хөө тортог болсон байдалтай байв.ширээний доод тавиурын зүүн буланд Эко давс гэсэн бичээстэй цагаан өнгийн нийлэг ууттай баруун захыг цоолсон дотор нь жижиг ширхэгтэй нунтаг хуурай зүйл илрэв. Тавиурын дунд хэсэгт 2 ширхэг хоосон нийлэг уутан тор илрэв. Бор өнгийн шилтэй зүйл илэрсэн цонхны гадна хэсгийн цасыг арилгаж үзэхэд цасан дундаас 0.1-0.9 хүртэл хэмжээс бүхий тариур хоосон байдалтай илрэв.

 

 “Гранд” зочид буудлын 403 дугаартай өрөөнд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дахин үзлэг хийсэн тэмдэглэл...”буудлын хүн унтах зориулалттай өрөөний хоолны ширээний доод талын шалан дээрээс явуулахад ширээ байсан хөлний эргэн тойрон үзэхэд мөнгөн ус шиг хэлбэртэй /дүрс бүхий/ бөөрөнхий тугалга саарал өнгөтэй дүрс бүхий зүйлийг ...тариурын зүүтэй шприцээр соруулж авав. Үзлэгийн явцад хоолны ширээн дээрээс мөнгөн ус шиг хэлбэртэй жижиг бөөрөнхий эд илэрснийг аврагч нар шприцээр соруулж авав. Ширээн дээр байсан буудлын танилцуулгатай бор хавтас дээр 3 ширхэг бөөрөнхий хэлбэртэй мөнгөн ус байсныг аврагч нар илрүүлж шилэн саванд хийв. 00-ийн суултуур шалан дээрээс мөнгөн ус шиг хэлбэр дүрстэй жижиг бөөрөнхий эдийг аврагч нар илрүүлж шприцээр соруулж шилэн саванд хийв. Плита шалан дээр үзлэг хийхэд 0.5 диаметрийн дусал хэлбэртэй мөнгөн ус шиг эд байсныг аврагч шприцээр соруулан шилэн саванд хийв.Душны дор байх плита шалан дээр 0.5 диаметрийн дусал хэлбэртэй мөнгөн ус шиг эд байсныг аврагч шприцээр соруулан шилэн саванд хийв. 00-ийн өрөөнд үзлэгийг үргэлжлүүлэн явуулан жижиг дусал шиг бөөрөнхий хэлбэртэй мөнгөн ус шиг эдийг тус өрөөний плитан шалны завсаруудаас илрүүлэн тус мөнгөн ус шиг эдийг шилэн саванд хийв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн суултуурын эргэн тойронд явуулахад мөнгөн ус шиг хэлбэртэй жижиг бөөрөнхий эд байсныг химич илрүүлэн шприцээр соруулан шилэн саванд хийв болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 32-38/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 04-ний өдрийн №4082 Шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг зүйл, “Эко давс” гэсэн бичигтэй цагаан өнгийн нунтаг зүйл, хөө тортог болсон 1, 3,5,6,7,10 тугалган цааны хэлтэрхий, гялгар уутны ёроол хэсэгт байсан үнс мэт зүйл, хуйлж ороосон “АК6421069” гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, том, жижиг тариур тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг зүйлд каффейн/caffeine/ илэрч байна. “Эко” давс гэсэн бичигтэй цагаан өнгийн нунтаг зүйлд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодмс илрэхгүй байна.

3. Цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0.7353 грамм, шинжилгээнд дээж аваад үлдсэн жин нь 0.6532 грамм байв. Шинжилгээнд ирүүлсэн “Эко” давс гэсэн бичигтэй цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 463 грамм байв.

4. Хөө тортог болсон 1,3,5,6,7,10 гэж дугаарласан тугалган цаасны хэлтэрхий, гялгар уутны ёроол хэсэгт байсан үнс мэт зүйл, хуйлж ороосон “АК6421069” гэсэн серийн дугаартай 10 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт, том тариур тус бүрт каффейн илэрч байна. Жижиг тариурт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.

5.6. Илэрсэн каффейн нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай”. “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцид багтддаггүй болно. /хх-124-125/,

 

Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд цэнхэр өнгийн нийлэг уутаар бүрсэн шар өнгийн Шүүх шинжилгээ гэсэн бичиглэл бүхий туузаар ороосон хайрцагт битүүмжлэн ирүүлсэн дотроо бор өнгийн шилтэй 3 ширхэг эд зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг бор өнгийн шилэн савтай, мөнгөлөг өнгийн шингэн бодисын физик, химийн шинж чанарыг үндэслэн химийн хорт бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус гэх бодис мөн болохыг тодорхойллоо.

Шинжилгээнд ирүүлсэн 107.6 гр жинтэй Увс II арван жил, 30 жил, 1977-1987 гэсэн бичиглэл бүхий шар өнгийн зэс аяганд химийн хорт бодис болох мөнгөн усны бөмбөлөгүүд наалдсан байсныг хавсралтын 2 дугаар зургаар харуулав. 

Шинжилгээнд цэнхэр өнгийн нийлэг уутаар бүрсэн шар өнгийн Шүүх шинжилгээ гэсэн бичиглэл бүхий туузаар ороосон хайрцагт битүүмжилсэн дотроо бор өнгийн шилтэй 3 ширхэг эд зүйл гэж ирүүлсэн дээжинд дээрх дээжүүдийн хамт 10 граммын тариур байв. Уг тариурын дотор талд химийн хорт бодис болох мөнгөн усны бөмбөлөгүүд наалдсан байсныг хавсралтын 3 дугаар зургаар харуулав. /1хх-131-132/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б /1-р хх-ийн 32-38/, шинжээч эмч П.Чимэдцэрэн /1-р хх-ийн 131-135/, гэрч Д.Цээсүрэн /1-р хх-ийн 106-107/, гэрч Э.Соёлмаа /1-р хх-ийн 108-109/, гэрч Д.Сүнжидмаа /1-р хх-ийн 110-111/, гэрч Т.Баасантогоо /1-р хх-ийн 73-76, 2-р хх-ийн 8, 57-58/, яллагдагч Д.Б /1-р хх-ийн 86-88/, яллагдагч Д.Н /1-р хх-ийн 64-68/ нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-19, 20-25/, Т.Баасантогоогийн Е2016309 дугаарын гадаад паспортын 2-3, 32-33 дугаар хуудасны хуудбар /2-р хх-ийн 135-136/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 50/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 52-53/, эд зүйлд үзлэг хийж шинжлэн үзсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 45-47/, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн химийн шинж найрлага тогтоох шинжилгээ хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9/56 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 131-135/, “Баялаг гранд” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/18 дугаартай Улаанбаатар хотын иргэн Д.Б, Т.Баасантогтоо нар нь 2017 оны 12 дугаар сарын 18-наас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл манай буудлын 403 тоот өрөөнд байрлаж байсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, бүртгэлийн дэвтэрийн хуулбарын хамт /2-р хх-ийн 145-146/, Д.Бийн эзэмшлийн шар өнгийн “Samsung” маркийн гар утсанд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн болон “Batja batja” гэх нэртэй фэйсбүүк хаягт 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл гургийн үзүүлэлт /1-р хх-ийн 39-44, 2-р хх-ийн 11-16/, 94310345 дугаарын орсон гарсан дуудлагын лавлагаа бүхий “Мобиком корпораци” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18/2215 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Д.Нын эзэмшдэг 94310345 дугаарын утасны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт /1-р хх-ийн 236-240/, 89995477 дугаарын орсон гарсан дуудлагын лавлагаа бүхий “Юнител” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05-01/2092, 05-01/2093 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Д.Б нь өөрийн эзэмшдэг 89995477 дугаарын утаснаас Д.Нын эзэмшдэг 94310345 дугаарын утас руу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх, Т.Баасантогоогийн 88982955 дугаарын утаснаас Д.Нын 94310345 дугаар, Д.Бийн 89995477 дугаарын утас руу 2018 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд харилцаж байсан талаарх лавлагаанууд /2-р хх-ийн 117-132/, гэрч Д.Н, Д.Б нарыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 94-97, 80-85/, Фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Д.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д тус тус багтсан химийн хорт, аюултай бодис болох 768,46 грамм хэмжээтэй цэвэр мөнгөн усыг 2018 оны 01 дүгээр сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 403 тоот өрөөнд байрлаж байсан Д.Б-д хууль бусаар дамжуулан өгсөн,

шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын эхээр Д.Нын авч ирсэн химийн хорт, аюултай бодис болох 768,46 грамм хэмжээтэй цэвэр мөнгөн усыг Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 403 тоот өөрийн байрлаж байсан өрөөний цонхны гадна талын тавцан дээр байрлуулан тавьж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нар нь хэргийн зүйлчлэлтэй маргахгүй шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн болно.

 

Харин шүүгдэгч Д.Н нь энэ гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрч Т.Баасантогоогийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Б-ийн мэдүүлэг, гар утас болон фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Н-ыг химийн хорт бодисыг хууль бусаар дамжуулсан, шүүгдэгч Д.Б-ийг химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч нарын үйлдэлд эрүггийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй.

           

Шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгж буюу 6000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлүүлэн төлүүлэхээр, шүүгдэгч Д.Н-т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 8.000.000 төгрөгөөр торгож, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тус тус шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Д.Н 2-15 насны 4 хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эцэг гэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн боловч Д.Н-т бага насны 4 хүүхдийг асрамжид үлдээж, асран хамгаалах үүргийг хүлээлгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Н, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг зүйл, цагаан өнгийн гялгар ууттай “Эко давс” гэсэн бичигтэй цагаан өнгийн нунтаг зүйл, хөө тортог болсон тугалган цаасны хэлтэрхий 6 ширхэг, тариур 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  АК6421069 сери дугаартай, хуйлж ороосон 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын төвд хадгалагдаж буй савтай шилний хамт нийт 1080,8 грамм, нийт 768,46 грамм цэвэр жинтэй мөнгөн ус болох химийн хортой бодисыг “Jujube Gold”, “Bacciuse-D” “Боярьшника настока” гэсэн бичиглэлүүдтэй 3 бор шилэн савны хамт, мөнгөн усны бөмбөлгүүд наалдсан гэх зэс аяга 1 ширхэг, хэргийн газарт асгарсан байсан мөнгөн усыг соруулж авсан, мөнгөн усны бөмбөлгүүд наалдсан гэх 10 граммын тариур 1 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын төвд шилжүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан,

     шүүгдэгч Д.Н-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар бусдад дамжуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 8000 /найман мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Н-т оногдуулсан 8000 /найман мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд тус тус  хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б, Д.Н нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б, Д.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг зүйл, цагаан өнгийн гялгар ууттай “Эко давс” гэсэн бичигтэй цагаан өнгийн нунтаг зүйл, хөө тортог болсон тугалган цаасны хэлтэрхий 6 ширхэг, тариур 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлж ороосон АК6421069 сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан савтай шилний хамт нийт 1080,8 грамм, нийт 768,46 грамм цэвэр жинтэй мөнгөн ус болох химийн хортой бодисыг “Jujube Gold”, “Bacciuse-D” “Боярьшника настока” гэсэн бичиглэлүүдтэй 3 бор шилэн савны хамт, мөнгөн усны бөмбөлгүүд наалдсан гэх зэс аяга 1 ширхэг, хэргийн газарт асгарсан байсан мөнгөн усыг соруулж авсан, мөнгөн усны бөмбөлгүүд наалдсан гэх 10 граммын тариур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоолын хамт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын төвд шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ТӨМӨРХҮҮ