| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0284/Э |
| Дугаар | 280 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч П.Ганбаатар,
шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909007120240 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, хүргэн, зээгийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу гудамж 18-32 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ш.М, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
Яллагдагч Ш.М нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 09-42 тоотод оршин суух 67 настай, эмэгтэй Ч.Ичинхорлоогийн гэрээс булган шуба, биет 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгэзр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Мыг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 09-42 тоотод оршин суух 67 настай, эмэгтэй Ч.Ичинхорлоогийн гэрээс булган шуба, биет 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгэзр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ш.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 09-42 тоотод оршин суух 67 настай, эмэгтэй Ч.Ичинхорлоогийн гэрээс булган шуба, биет 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгэзр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Нарангэрэлийн “2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн үед ээжийн гэрт Мөнхтуул золгох гэж очоод гарахдаа уутанд юм хийгээд гарчихлаа гэж ээжийг харж байсан охин над руу ярьсан. Тэр охин Мөнхтуулыг гэрээс гарахад нь та юу аваад байгаа юм бэ гэж асуухад юу авдаг юм бэ би хувцсаа аваад гарч байна, чи жаахан юм байж юун сүртэй олон юм асуудгийн гэж хэлээд гарсан гэхээр нь би ээжид үнэтэй юм гэвэл булган шуба нь л байгаа үзээдэх гэхэд булган шуба нь хувцасны шүүгээнд нь байхгүй хоосон өлгүүр нь байна гэсэн. Мөн өмнөх өдөр нь ээжтэй ирж золгосон хүний золгуутын 40.000 төгрөг дэрэн доор нь байсныг аваад явсан байсан. Мөнхтуул ээжтэй золгочхоод наад ор дэр чинь яасан замбараагүй юм бэ гээд загнаад ор дэрийг нь хурааж өгөөд байсан гэсэн. Тэр үедээ мөнгийг нь авсан байх. Би цалинг нь байнга хугацаандаа өгч байсан. Сүүлийн 450.000 төгрөгийн цалинг өгөх гэсэн боловч ээж Мөнхтуул намайг зоддог, би хамт байхгүй гэж хэлэхээр нь би Мөнхтуулд уурлаад цалинг нь өгөөгүй юм. Мөнхтуул цалингийнхаа оронд ээжийн булган шубыг авна гэдгээ урьдчилж мэдэгдээгүй, авах ч эрх байхгүй. Өөрөө бид нар дээр ирээд ээжийг зодсон үгүйгээ учирлаж хэлсэн бол арай өөр хандаж цалинг нь өгч болох байсан, намайг залгахаар огт утсаа авахгүй байсан байж дараа нь ээжийн гэрт очиж нууцаар булган шуба, бэлэн 40,000 төгрөг авч явсан байсан. Булган шубыг би 2017 онд хувь хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-11/,
Гэрч Б.Чанцалын “Би 2019 оны 02 дугаарын 10-ны өдрөөс эхлэн ээжийн холын хамаатан болох Ичинхорлоо эмээг хичээлийнхээ амралтаар харж байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг 40 минутын үед өмнө нь Ичинхорлоо эмээг асарч байсан Мөнхтуул гэх эмэгтэй ирсэн. Тэгээд эмээтэй золгоод сууж байгаад 4 рүнк архи уусан бөгөөд 12 цаг 10 минутын үед тэр эгчийн охин нь залгаад уулзана гэсэн гээд тэр эгч явлаа гээд 00 орсон. Тэгээд 00 хажууд байдаг жижиг өрөөнөөс юм аваад зогсож байхаар нь би юу хийж байгаа юм бэ та гэж асуухад орхисон хувцсаа авч байна гэсэн. Тэгэхээр нь би нээх тоогоогүй, хувцсаа өмсөөд саарал тортой зүйл аваад гарсан. Тэгээд явсных нь дараа Ичинхорлоо эмээгийн охин болох Нарангэрэл эгчтэй утсаар яриад өмнө эмээг харж хүн ирлээ гэж хэлэхэд Нарангэрэл эгч гэр дотор явсан уу гэж асуухаар жижиг өрөөнөөс хувцсаа аваад явсан гэж хэлэхэд шүүгээ онгойлгоод ээжийн шубыг үзээдэхдээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би шүүгээ онгойлоод үзэхэд эмээгийн шуба нь байхгүй болсон байсан. Тэгээд Нарангэрэл эгчид хэлэхэд чи дээгүүр доогуур сайн үз гэсэн. Тэгээд үзэхэд байхгүй байсан. Би өмнөх орой нь шүүгээнээс хөнжлөө авах гээд харахад шүүгээнд өлгүүрт өлгөсөн байсан гэж Нарангэрэл эгчид хэлэхэд тэгүүл аваад явчихсан юм биш үү, цагдаад дуудлага өгнө гэж хэлээд тасалсан. Булган шуба нь 00 өрөөний хажууд байдаг жижиг өрөөний шүүгээний өлгүүрт байсан би өмнөх өдөр нь хөнжил авахдаа булган шубыг өлгүүрт байхыг нь харж байсан. Надад булган шуба авч явж байна гэж хэлээгүй бөгөөд өөрийнхөө цамцыг авч байна гэж хэлсэн. Тухайн эмэгтэй Эмээд булган шуба авч явж байна гэж хэлээгүй. Би яаг хэдэн төгрөгийг байсныг мэдэхгүй 30.000-35.000 төгрөгийн хоорондох мөнгө байсан байхаа, эмээ дээр өмнөх өдөр нь хүмүүс ирээд золголтын мөнгө өгсөн. Тэгээд эмээ мөнгөө хүүхдүүдээ өгнө гэж хэлээд дэрэн доороо хийж байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 12-ны орой эмээ юм авна гээд мөнгөө үзэхэд мөнгө нь байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-16/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ш.М мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан. Тогтоолын агуулгаас асуух зүйл байхгүй, яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би сарын 900.000 төгрөгийн цалин авч байсан. Сүүлийн 15 хоногийн цалинг надад өгөөгүй учраас би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ичинхорлоо эгчтэй очиж золгох үедээ гэрээс нь гарахдаа жижиг өрөөний хувцасны шүүгээнд өлгөөтэй байсан булган шубыг цалингийнхаа оронд аваад гарчихсан юм…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ш.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ш.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ш.Мд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Ш.Мыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР