Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01309

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01309

 

Т.Ү-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/02331 дугаар шийдвэртэй

 

Т.Ү-гийн нэхэмжлэлтэй, УБТЗ ХННд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 77,508,204 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах, УБТЗ ХНН-ийн Дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Т-81/03/60 дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгуулах, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

18,452,130 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. УБТЗ ХННын даргын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн ******* дугаартай тушаалаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгээр нотлогдсон, ЗГХЭГ-ын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгээр өгсөн чиглэлийг үндэслэн Толгойт өртөөний дарга Т.Ү-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас нь халсан байдаг.

1.2. Т.Ү- хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бөглөсөн нь Мэдүүлэг.мн сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон. Авлигатай тэмцэх газрын албан бичигт Т.Ү-г Толгойт өртөөний даргын албан тушаалд томилогдохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулсан гэх мэдээлэл цахим санд бүртгэгдээгүй байна гэсэн байдаг. Мөн хариуцагч байгууллагын хүний нөөцийн албаны тайлан судалгаа, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн н.Н нь урьдчилсан мэдүүлгийг бөглөх сайтын нэвтрэх хаяг, нууц кодыг нэхэмжлэгчийн мэйл хаяг руу нь илгээсний дараа хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухайн этгээд бөглөх боломжтойг хүлээн зөвшөөрсөн.

 

1.3. Хариуцагч байгууллагаас нийт 44 ажилтан дээрх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн ба зарим нь мэдүүлгээ бөглөн ажилдаа буцаж томилогдсон талаар хариуцагч тайлбарласан. Хариуцагч нь эрх бүхий албан тушаалтны шаардсанаар Т.Ү-г ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг ч ЗГХЭГ-ын албан бичиг нь үүнд хамаарахгүй. Т.Ү- нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж халагдах хүртлээ ХАСХОМ бөглөсөөр ирсэн.

 

1.4. УБТЗ ХННын дарга 2020, 2021 онуудад Толгойт өртөөний сувиллын байранд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах хоёр ажилтны орон тоог баталсныг үндэслэн Толгойт өртөөний Хөдөлгөөнчин сувиллын байрны сахиулаар О.Сэргэлэнг 2020 оны 01 сараас 2021 оны 5 сар хүртэл, П.Д-ийг 2020 оны 06 сараас мөн оны 11 сар хүртэл, мөн 2021 оны 03 сараас 05 сар хүртэл, Ц.Б-ийг 2020 оны 12 сараас 2021 оны 02 сар хүртэл тус тус хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулсан. Гэтэл замын даргын 2021 оны 06 сарын 21-ний өдрийн Толгойт өртөөнд хийх төлөвлөгөөт шалгалтаар Т.Ү-г Хөдөлмөрийн дотоод журмын 6.18, Толгойт өртөөний дүрмийн 5.2.5-д заасныг зөрчсөн гэж буруутган УБТЗ ХНН-ийн Дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Т-81/03/60 дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүүлэх акт-аар 20,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Т.Ү- нь 2021 онд албан тушаалдаа ажиллаж байсан учир актын талаар маргаагүй, гомдол гаргаагүй. Актыг хүчингүй болгох тухай маргаан хөдөлмөрийн харилцаанд хамаарахгүй тул 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

 

Иймд УБТЗ ХННын даргын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн дугаар ******* тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулалд 77,508,204 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, УБТЗ ХНН-ийн Дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Т-81/03/60 дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: УБТЗ ХНН нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг үндэслэн Т.Ү-гийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай ******* тушаалыг гаргасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг зөрчсөн хэмээн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 072833 албан тоот болон ЗГХЭГ-ын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн ХЭГ595 гэсэн тоот бичгээр өгсөн чиглэлийг үндэслэн Т.Ү-г ажлаас чөлөөлсөн. Хариуцагч байгууллага өнгөрсөн хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөсөн албан тушаалтанг эргүүлэн ажилд нь томилсон боловч Т.Ү- өнгөрсөн хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөөгүй ба ажилд эргэж орох хүсэлтээ илэрхийлээгүй. Тиймээс тушаал үндэслэлтэй гарсан.

 

Т.Ү- нь 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Т-81/03/60 дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг өөрөө хүлээн зөвшөөрч тэр өдрөөс мэдсэн. Түүний дараагаас 2,000,000 төгрөгийн төлөлтийг хийсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу энэ хуулийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Үндэсний аудитын зөвлөлд гомдол гаргах ёстой байсан. Т.Ү- акттай холбоотой гомдол гаргаж байгаагүй  гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Улаанбаатар төмөр зам МОХНН-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 81/03/70 дугаартай актад Т.Ү-г Толгойт өртөөний даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй зөрчил илэрсэн. Т.Ү-ийн ажил үүрэг гүйцэтгэх явцдаа байгууллагад учруулсан хохирол болох 18,452,130 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх актад тэрээр гомдол гаргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрч төлөлт хийж ирсэн. Акт хүчин төгөлдөр тул 18,452,130 төгрөгийг Т.Ү-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Тус актад ямар үүргээ, хэрхэн биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй олгосон гэх 18,452,130 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан болон яагаад үндэслэлгүй гэж үзсэн талаар тайлбар мэдээлэл тусгагдаагүй. Мөн тухайн үед тус актыг гаргах үедээ уг асуудлаар нэг ч удаа албан ёсны тайлбар мэдүүлэг аваагүй. Тус актыг хүлээн зөвшөөрөхгүй учир өнөөдрийг хүртэл гарын үсэг зураагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар УБТЗ ХННын даргын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн ******* тушаалыг хүчингүй болгож, Т.Ү-г ******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хариуцагч УБТЗ ХНН-ээс олговорт 63,997,252 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Ү-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, олговроос үлдэх 13,510,952 төгрөг, УБТЗ ХННын Дотоод аудит хяналт шалгалтын албаны 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Т-81/03/60 дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 187,350 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Т.Ү-д буцаан олгож, хариуцагч УБТЗ ХНН-ээс 477,936 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ү-гээс 18,452,130 төгрөг гаргуулж хариуцагч УБТЗ ХННд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 205,211 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч УБТЗ ХНН-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шийдвэрт Шүүх хуралдаанд хариуцагч нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т зааснаар Т.Ү-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэсэн тайлбар бичгүүд нь Т.Ү-г албан тушаалд томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан тухай мэдээлэл цахим санд бүртгэлгүй гэсэн хариу хүргүүлсэн. Дээрх албан бичгээр төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр "Шүүр" ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг чиглэл болгосныг үндэслэн ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Чиглэл хүргүүлэх албан бичгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас чөлөөлөх чиглэл хүргүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага гэж үзэхгүй бөгөөд ажилтны ажил албан тушаалын чиг үүрэгтэй нь шууд хамаатуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тухайн хуулийн заалтыг зөрчсөн байна" гэж дүгнэжээ.

Үүнд:

6.1.1. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг баримталж Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ******* дугаар чиглэл хүргүүлэх албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг тус тус үндэслэн шийдвэрлэсэн.

6.1.2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ******* дугаар Чиглэл хүргүүлэх албан бичиг нь Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг төрийн бүх байгууллага болон төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд хэрэгжүүлэн Шүүр ажиллагааг явуулж Зөрчилтэй этгээдийг ажлаас чөлөөлөх тухай үүрэг болгосон. Хэрэв 5Ш ажиллагааг дагаж мөрдөөгүй тохиолдолд Засгийн газраас ажил олгогчид хариуцлага хүлээлгэх, заавал дагаж мөрдөх шинжтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага гэж үзнэ. Засгийн газраас "Авлигатай тэмцэх жил"-ийн хүрээнд зарласан ажиллагааны хүрээнд явуулсан үндэслэл бүхий арга хэмжээ юм.

6.1.3. Өөрөөр хэлбэл шүүхээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шийдвэр нь эрх бүхий байгууллага биш гэж дүгнэхдээ шүүхийн шийдвэрт үндэслэлийг тодорхой тусгаагүй, эрх бүхий байгууллага биш гэж үзсэн баримт хэрэгт байхгүй, ямар баримтыг үндэслэж биш гэж зүйн үндэслэлгүй байна.

6.2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ гэж заасныг шүүх дүгнэхдээ эрх бүхий байгууллага албан тушаалтан нь Авлигатай тэмцэх газар хүргүүлнэ, үүнд нэхэмжлэгч буруугүй гэсэн. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ******* чиглэл болон Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг тус тус үндэслэн зөвхөн Т.Ү-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй бөгөөд түүнтэй хамт 7 хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, тэдгээр хүмүүс өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт хандан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулж албан тушаалд эгүүлэн тогтоолгосон. Харин Т.Ү- нь ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтийг өнөөдрийг хүртэл гаргаагүй бөгөөд Авлигатай тэмцэх газраас 2024 оны 04 сарын 14-ний өдрийн мөрдөгчийн №44 дугаартай мэдэгдлийг ирүүлж авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгалт явуулж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн тухай албан бичигт шүүх дүгнэлт өгөөгүй.

6.3. Шүүх хуралдааны явцад Т.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны дэгийг удаа дараа зөрчин суудлаасаа босохгүй хариулах, шүүгчийн үгийг таслах, шүүхийг үл хүндэтгэх зэрэг зөрчлийг гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх, залруулах зэрэг үйлдэл гаргасныг хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасныг үндэслэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан ч хэлэлцэхээс татгалзсан нь хэргийг нэг талд шийдвэрлэх, мэтгэлзээн явуулах боломжоор тус тус хангаагүй үйлдэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

6.4. Нэхэмжлэгч Т.Ү- нь хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг боловч УБТЗ ХНН нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан учир Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтны хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд шууд хамаарах этгээд болох талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 595 дугаартай албан бичигт нэхэмжлэгч Т.Ү-тэй байгуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгох тухай тусгагдсан зүйл байдаггүй ба нэхэмжлэгч Т.Ү-г ажлаас халсан шалтгаан болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.Ү- нь хариуцагч УБТЗ ХННд холбогдуулан замын даргын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн дугаар ******* тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 77,508,204 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, УБТЗ ХНН-ийн Дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Т-81/03/60 дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 18,452,130 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Т.Ү-г ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.1. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 01 сарын 22-ны өдрийн тушаалаар Т.Ү-г ******* даргаар томилж, мөн өдөртөө талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

3.2. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч 2023 оны 04 сарын 14-ний өдөр цуцлахдаа Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн №******* дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 сарын 10-ны өдрийн №******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан гэж заасныг баримталжээ.

3.3. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны ******* дугаартай чиглэл хүргүүлэх тухай албан бичиг нь нэхэмжлэгчид хариуцлага тооцуулахаар шууд чиглэл болгоогүй, ерөнхий зөвлөмжийн шинжтэй байна. Түүнчлэн тус газар нь нэхэмжлэгч Т.Ү-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрх бүхий, харьяалах дээд шатны байгууллага биш болохын зэрэгцээ хуульд зааснаар Т.Ү-гийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг ажил олгогчоос нь шаардах эрх бүхий байгууллагад хамаарахгүй. Гэтэл хариуцагч чиглэл хүргүүлэх тухай уг албан бичгийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн УБТЗ ХНН-ийн даргын 2023 оны ******* дугаартай тушаалын үндэслэл болгосон нь дээрх хуулийн агуулгад нийцээгүй байна.

3.4. Харин Авлигатай тэмцэх газрын 2023 оны ******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт Т.Ү-г 2018 онд ******* даргын албан тушаалд томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан тухай мэдээлэл цахим санд бүртгэлгүй тухай мэдээлэл ирүүлснийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэсэн агуулгагүй буюу Авлигатай тэмцэх газраас Т.Ү-гийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэхийг шаардсан гэж үзэхээргүй байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс meduuleg.jaas.mn системд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Т.Ү- нь 2018 оны 02 сараас 2022 оныг дуусталх хугацааны ХАСХОМ-ыг бөглөж баталгаажуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Харин мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ гэж зааснаар Т.Ү-г ******* даргын албан тушаалд томилохтой холбоотой түүнээс ХАСУМ-ийг авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх үүргийг ажил олгогч буюу хариуцагч хүлээжээ. Иймээс Авлигатай тэмцэх газрын 2023 оны ******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт дурдсан асуудлыг нэхэмжлэгч хариуцах үүрэггүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллагад Засгийн газрын хэрэг эрхлэх газар хамаарахгүй гэж дүгнэж, ажил олгогч нь дээрх албан бичгийг ажилтны ажил, албан тушаалын чиг үүрэгт шууд хамааруулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөнийг зөв тогтоож, дүгнэжээ.

Иймээс энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч Т.Ү-г, хариуцагч УБТЗ ХННын ******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 63,997,252 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

6. Харин анхан шатны шүүх УБТЗ ХННын Дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Т-81/03/60 дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг актын дагуу нэхэмжлэгчээс 18,452,130 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч уг харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан үеийн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

Тодруулбал, УБТЗ ХННын Дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Т-81/03/60 дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг гаргах үед Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан учир нэхэмжлэгч нь уг актыг эс зөвшөөрсөн нөхцөлд мөн /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаагүй, мөн актыг зөвшөөрч 2,000,000 төгрөгийг төлсөн байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн заалтыг нэмж баримтлах нь зүйтэй.

 

Харин дээрх акт хүчин төгөлдөр, уг актаар тогтоосон мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч төлж дуусгаагүй байх тул хариуцагчийн зүгээс актаар тогтоосон төлбөрийн үлдэгдэл 18,452,130 төгрөгийг шаардах эрх нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар үүсэх учир ажилтны учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг зохицуулсан заалтыг баримтлах учир хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулна. Мөн зохигчийн энэхүү шаардлагыг шүүх тус тусад нь тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэрийн тогтоох хэсгийн дарааллыг зөрчсөн байх тул зохигчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн найруулна. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтыг хасна.

7. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсгийг нэгтгэж 3 гэж дугаарлажанхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хоёр хэсэгт хувааж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 118 дугаар зүйлд заасан дарааллыг мөн зөрчсөн гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийн 6 дахь заалт 4 гэж дугаарлаж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг хуульд зааснаар залруулна. .

 

8. Хариуцагч УБТЗ ХННд холбогдуулан замын даргын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн дугаар ******* тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тул шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс уг хэсгийг хассан найруулгын өөрчлөлтийг оруулна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт хууль хэрэглээний болон найруулга, дугаарлалтын талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/02331 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан УБТЗ ХНН-ийн ******* даргын албан тушаалд Т.Ү-г эгүүлэн тогтоосугай гэж,

2, 4 дэх заалтуудыг нэгтгэн 2 гэж дугаарлан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан хариуцагч УБТЗ ХННаас 63,997,252 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ү-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ү-гээс 18,452,130 төгрөг гаргуулан хариуцагч УБТЗ ХНН-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх олговор 13,510,952 төгрөг гаргуулах, УБТЗ ХНН-ийн Дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн Т-81/03/60 дугаар Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх акт-ыг хүчингүй болгуулах, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

3, 5 дахь заалтуудыг нэгтгэн 3 гэж дугаарлан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Ү-гийн төлсөн 187,350 төгрөг, хариуцагч УБТЗ ХНН-ын төлсөн 205,211 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж зохигчдод олгож, хариуцагч УБТЗ ХНН-ээс 477,936 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн 6 дахь заалтыг 4 гэж дугаарлан, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ