Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

 

     2019        03          27                                       2019/ШЦТ/294

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

шүүгдэгч: О.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  ............. О.Эт холбогдох эрүүгийн 1809053390054 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бэст баккэри” ХХК-д галч ажилтай, ам бүл 5 эхнэр, 2 хүүхдийн ээжийн хамт .................. оршин суух, хэрэг хариуцах чадвартай, 2006 онд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах, 2017 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заанаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, ............... регистрийн дугаартай/ Боржигон овогт Оюуны О.Э.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч О.Э нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-ийн задгай тоотод иргэн Х.Хишигтуяатай маргалдаж заазуураар зүүн хөлийн өвдөг, шилбэ рүү 2 удаа цохиж биед нь зүүн өвдөг, шилбэнд зүсэгдсэн шарх буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Х.Хишигтуяагийн /хх-ийн 23/ мэдүүлсэн мэдүүлэг, О.Эын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13121 тоот дүгнэлт /хх-ийн 36/, О.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-ийн задгай тоотод иргэн Х.Хишигтуяатай маргалдаж заазуураар зүүн хөлийн өвдөг, шилбэ рүү 2 удаа цохиж биед нь зүүн өвдөг, шилбэнд зүсэгдсэн шарх буюу хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

              Хохирогч Х.Хишигтуяа /хх-ийн 23/:  “... Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны  өглөө ...О.Э архи уусан халамцуу орж ирээд бид хоёр хоорондоо гэр бүлийн маргаанаас болж хэрэлдэж муудалцаад удаагүй байж байтал О.Э орны хажуу талд байсан ширээнээс заазуур аваад зүүн хөлний шилбэ рүү заазуураар нэг удаа цохисон.  Дараа нь дахин зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа заазуураар цохиход миний зүүн хөлийн шилбэ зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

            О.Эын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27/: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөө ...гэртээ архи уусан халамцуу орж ирсэн. Тухайн үед хамтран амьдрагч Х.Хишигтуяа нь намайг “чи архи дарс уулаа цагдаа дуудна шүү” гэж хэлэхээр нь би уурлаж хоорондоо хэрэлдээд орны ширээн дээр байсан заазуурыг аваад шилбэнд нь хоёр удаа цохисон. Хишигтуяатай хоол хүнсгүй, түлээ, нүүрс, ажил төрөлгүй боллоо гэх зүйлээс болж хоорондоо муудалцсан юм..." гэх мэдүүлгээр,

 

“Х.Хишигтуяагийн биед зүүн өвдөг, шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13121 тоот дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан О.Эын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч О.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Х.Хишигтуяагийн “ ...нөхөр О.Этай сайн дураар эвлэрсэн, гомдол санал байхгүй...” гэсэн баримт хэрэгт  авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд О.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см урт бариултай, 13 см  урт 1 ширхэг  хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюуны О.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см урт бариултай, 13 см  урт 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ