Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01310

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01310

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/01660 дугаар шийдвэртэй,

Д.М-ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,

Хан-Уул дүүргийн *******, ******* *******ны ******* хаягт байх орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн *******, ******* 504 байрны ******* хаягт байх орон сууцтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Д.М- нь 2023 оны 06 сарын 27-ны өдөр НШШГГ-т уг орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шүүхэд үүсгэсэн тухай мэдэгдэж, гомдол гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь худалдан борлогдох, бусдад шилжих тохиолдолд Д.М- миний хуульд зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим хөндөгдөж, улмаар миний эрхийг нэгэнт сэргээх боломжгүй байдалд хүрэх юм. Иймд Хан-Уул дүүргийн *******ны Тайм сквер хотхон *******ны ******* хаягт байрлах орон сууцыг барьцаа хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн шийдвэрээр С.Б-ээс 240,133,559 төгрөг гаргуулж Д- ББСБ ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол С.Б-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******, ******* *******ны ******* 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Б- уг хөрөнгийг Д- ББСБ ХХК-д барьцаалж 2017 оны 09 сарын 15-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан байдаг. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн дугаар албан бичигт дээрх орон сууц нь С.Б-ийн өмчлөлийнх бөгөөд Д- ББСБ ХХК-д барьцаалсан талаар хариу ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: П.Ц- нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оролцон ялж, орон сууцны төлбөр 401,500,000 төгрөгийг НШШГГ-т тушаасан. Улмаар шүүхийн шийдвэрээр өмчлөгч болсон бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан ч шүүхээс энэ маргааны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Үүнээс үзэхэд маргаж байгаа зүйлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байх явцад нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-ын НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн *******, ******* *******ны ******* хаягт байх орон сууцыг барьцаа эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар П.Ц-ий бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж П.Ц-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Д.М-ын нэхэмжлэлтэй, С.Б-эд холбогдох Хан-Уул дүүрэг *******, Тайм Скүэр хотхон, 504 байр, ******* хаягт байрлах 165,1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай бүхий нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.

Өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан шийдвэрлэж, хэрэв өмчлөгчөөр Д.М-ыг тогтоох тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой иргэний хэрэгт ач холбогдолтой, хэргийн шийдэлд нөлөөлөх нөхцөл байдал болно. Тиймээс С.М-ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох иргэний хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс удаа дараа гаргасан боловч хүлээн аваагүй. Энэ нь хэрэг хянан шийдвэр ажиллагааны зөрчилд хамаарна.

Шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр П.Ц-ийг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг С.Б-, НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан. Гэтэл нэхэмжлэгч барьцаа хөрөнгийн жагсаалтаас хасуулах шаардлага, үндэслэлээ тодорхойлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч Д.М- маргаж буй хөрөнгийн хувьд шаардлага гаргах өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ.

Д.М- нь маргаан бүхий байрны өмчлөгч болохыг нотлох гэрчилгээ, гэрээ байхгүй учир шүүхийн журмаар өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж авч, иргэний хэрэг үүсгэсэн. Энэ баримтыг болохоо шүүхэд гаргаж өгснөөр энэхүү хэргийн хувьд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож, нөгөө хэргийн шийдлээс хамаарах асуудал болно. Тиймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн П.Ц-ийг өмчлөгчөөр тогтоох тухай шийдвэр өмнө гарсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бий болсон бөгөөд хэрэв Д.М-ыг өмчлөх эрхтэй болохыг шүүхээс тогтоосон тохиолдолд П.Ц-д өмчлөх эрх олгож буй шүүхийн шийдвэрүүд шинээр илэрсэн нөхцөл байдлаар дахин хянах үндэслэл болох боломжтой.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Д.М-ад холбогдох 3 шатны шүүх хуралдаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн ба анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд П.Ц-ийг тогтоосон 3 шатны шүүхийн шийдвэр гарах явцад нэхэмжлэгч Д.М- нь ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй атлаа шүүхийн шийдвэр эцэслэгдэн гарсны дараа гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд шударга ёсны зарчимд нийцэж, үнэн зөв гарсан боловч хууль хэрэглээний дараахь алдаанууд гаргасан гэж үзэж байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 болон 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан" нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл тухайн заалтууд нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хамааралгүй буюу Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлын харьяалал буюу нэхэмжлэгч аль шүүхэд хэрхэн гаргах талаархи хууль зүйн тодорхойлолт, нөхцөлийг заасан.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан гэж өөрчлөн хууль хэрэглээний заалтын өөрчлөлт оруулах, мөн шийдвэр нь хэлбэрийн хувьд тогтоол хэлбэрээр гарсан боловч энэхүү тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгчийн захирамж хэлбэрээр гарах учиртай байсан тул шийдвэрийг захирамж хэлбэрээр засч шийдвэрт нэмэлтээр оруулж өгнө үү гэжээ.

 

9. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Миний хувьд тухайн орон сууцыг барьцаанд тавьсан талаар мэдээгүй ба орон сууцны гадна байршуулсан мэдэгдэх хуудсыг харснаар мэдсэн тул гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

10. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбаргүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн *******, ******* *******ны ******* хаягт байх, 165.1 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоогүй, ажиллагааны оролцогч биш маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч С.Б-ээс 238,781,701 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д- ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20,149,137 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дээрх ******* орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. С.Б- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Д- ББСБ ХХК-ийн хүсэлт, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11813 дугаартай захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг 2020 оны 08 сарын 27-ны өдөр үүсгэн явуулжээ.

Уг ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 11 сарын 04-ний өдрийн ****** дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Хан-Уул дүүргийн *******, ******* *******ны ******* хаягт байх, 165.1 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг битүүмжилж, мөн 2021 оны 08 сарын 09-ний өдрийн ******* дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан байна.

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн, хураагдсан эд хөрөнгийн талаар маргах эрх бүхий этгээд нь мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж зааснаар өөрийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч Д.М-ыг ийнхүү шаардах эрхтэй, түүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Маргаж буй дээрх ******* орон сууцыг иргэн С.Б- өмчилж байсан болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 19-ний өдрийн 1198 дугаар магадлалаар гуравдагч этгээд П.Ц-ийг тус ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг С.Б-, НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймээс анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй  гэж дүгнэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Битүүмжлэгдсэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Хан-Уул дүүргийн *******, ******* *******ны ******* хаягт байх, 165.1 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаан гаргах эрхтэй буюу өмчлөгч гэдгээ нэхэмжлэгч нотолсон байх үүрэгтэй боловч Д.М- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлага, түүний үндэслэлээ шүүхэд нотлоогүй, түүнчлэн уг орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон гуравдагч этгээд П.Ц-ий өмчлөх эрхийг үгүйсгэж чадаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч Д.М-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан үүсгэх эрх бүхий этгээд гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан үүсгэсэн гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гуравдагч этгээд П.Ц-ий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна. Учир нь хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай шаардлага нь мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсан агуулгаар гаргасан тайлбарын шинжтэй байх тул бие даасан шаардлага гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын бүрдүүлбэрийг шалган хүлээн аваагүй алдаа гаргаж, бие даасан шаардлагыг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс заруулах боломжтой байна.

Иймээс гуравдагч этгээд П.Ц-ий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлага биш байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй. Мөн энэ агуулгаар гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл, маргааны үйл баримтад хамаарахгүй хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг зөвтгөн, шийдвэрийн тогтоох хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8.  Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/01660 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М-ийн төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд П.Ц-ий төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ