Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                            

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,  

Шүүгдэгч С.О, С.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С-н Х, Боржигон овогт С-н О нарт холбогдох эрүүгийн 1809019401225 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-4-34б тоотод оршин суух,

  • Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 258 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2- зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 2 жилийн хорих,
  • Улаанбаатар хотын Сүхбаатар районы ардын шүүхийн 1991 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1, 50 дугаар зүйлийн 10 дах хэсэгт заасныг тус тус журамлан оногдуулсан 4 жилийн хорих ялд урьд эдлээгүй үлдсэн 07 сар 07 хоногийн хорих ялаас 06 сарыг нэмж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих,
  • Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 453 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих,
  • Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 02 сарын хорих ял дээр эдлээгүй үлдсэн 04 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих,
  • Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  / РД: УХ67022537 / бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт С-н Х,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 10 дугаар гудамжны 119 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЦГ81082203/. Боржигон овогт С-н О нар нь:

 

- С.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 346 тоот хашаан дотор байрлах өөрийн гэртээ иргэн С.Отгонтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед хүч хэрэглэн түлхэж гэрийн хаалга мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-С.О нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 346 тоот хашаан дотор байрлах иргэн С.Хүрэлбаатарын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр би өөрийн ах С.Хүрэлбаатарын гэрт очсон юм. Тэгтэл Хүрэлбаатар ах “ Бие өвдөөд байна. Шартаж үхлээ. Ганц шил архи аваад өг “ гээд гуйгаад байхаар нь би дэлгүүрээс 0.75л нэг шил архи, хоол ундны зүйлтэй хамт авч өгөөд Хүрээлбаатар ах, түүний эхнэр Долгормаа бид 3 хувааж уусан. Тэгээд явах гээд гэрээс нь гарах гэтэл миний араас толгой руу Хүрэлбаатар ах юмаар цохих шиг болсон. ... Тэгээд би босоод хартал өмсөж явсан куртик нил цус болчихсон байсан. Мөн Хүрэлбаатарын хувцас нь цус болчихсон байсан. Хүрэлбаатарын аль хэсэг гэдгийг нь мэдэхгүй байна. Чихний орчмоос нь цус гарчихсан байсан гэжээ. / хх 30 /

 

     Хохирогч С.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн дүү С.Отгонтуяа хүүхэдтэйгээ хамт манай гэрт ирж, манай эхнэр Долгормаа, Отгонтуяа бид 3 архи уусан юм. Тэгээд Отгонтуяа манай хөргөгчийг авна гэхээр нь би өгөхгүй гээд Отгонтуяа бид хоёр муудалцахад Отгонтуяа ширээн дээр байсан стакан авч миний нүүр рүү шидэхээр нь би Отгонтуяаг түлхсэн. Тэгтэл Отгонтуяа ширээн дээр байсан заазуур аваад уг заазуурын ишээр миний толгой руу нилээн хэдэн удаа цохьсон. Тэгэхлээр нь би Отгонтуяаг гар гэж гэрээсээ хөөгөөд түлхсэн чинь Отгонтуяа байшингийн хаалгыг толгойныхоо ар дагзаар мөргөөд уначихсан гэжээ. / хх 33 /

 

     Гэрч Б.Долгормаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр, нөхрийн төрсөн дүү Отгонтуяа бид манай гэрт 0.75л, 05л Хараа нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэгээд Отгонтуяа, Хүрэлбаатар хоёр манай гэрт байсан хөргөгчнөөс болж маргалдаад Хүрэлтбаатар Отгонтуяаг их хүчтэй түлхсэн чинь Отгонтуяа гэрийн хаалга дагзаараа мөргөсөн юм. ... Отгонтуяа манай нөхрийг заазуурын ишээр толгой хэсэгт цохьсон гэжээ. / хх 36 /

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4755 дугаартай дүгнэлтэнд:

     1. С.Хүрэлбаатарын биед чамархай, зулай, сарвуунд зүсэгдсэн  шарх,  нүүр,  хүзүү,  сарвуу,  толгойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

     3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

     4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 38 /

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4759 дугаартай дүгнэлтэнд:

     1. С.Отгонтуяагийн биед дагзны хуйханд шарх, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халзралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

     3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

     4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 40 /

 

     Яллагдагч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Би хүлээн зөвшөөрч байна. ... Хүрэлбаатарын хамтран амьдрагч Долгормаа байсан юм гэжээ. / хх 51 /

 

     Яллагдагч С.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад  мэдүүлэхдээ: ... манай дүү Отгонтуяа намайг араас заазуурдсан. Тэгэхлээр нь би С.Отгонтуяаг хаалга руу хүчтэй түлхсэн бөгөөд тэр хаалга мөргөөд унасан юм.Тэгээд Цагдаа түргэн дуудсан юм гэжээ. / хх 55 /

 

Шүүгдэгч С.Х-г 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 53-55 /

Шүүгдэгч С. О-г  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 49-52 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 61, 63 / зэрэг болно.

 

Шүүгдэгч, хохирогч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би архи уусан учраас дүүтэйгээ хөргөгчнөөс болж маргалдсан. Дүү миний толгой руу заазуураар цохихоор би түүнийг түлхэж, хаалга мөргүүлсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эх нэгтэй, эцэг ондоотой ах дүүс юм гэв.

 

            Шүүгдэгч, хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ах өвчтэй байна гэхээр нь би тэднийд очиж, хоол унд, архи авч өгсөн. Би архинаас амссан. Ах С.Х-тай маргалдаж, түүнийг цохьсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эм тариа ав гэж мөнгө өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 346 тоот хашаан дотор байрлах өөрийн гэртээ дүү С.Отгонтуяатай маргалдаж, С.Отгонтуяа нь түүнийг заазуурдсанаас болж, С.Отгонтуяаг түлхэж, хаалга мөргүүлж, харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... 0.75л нэг шил архийг Хүрэлбаатар ах, түүний эхнэр Долгормаа бид 3 хувааж уусан. Гэрээс гарах гэтэл миний араас толгой руу Хүрэлбаатар ах юмаар цохих шиг болсон. ... Тэгээд би босоод хартал куртик нил цус болчихсон байсан. Хүрэлбаатар ахын чихнээс цус гарчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Отгонтуяагийн мэдүүлэг / хх 30 /,  ... С.Отгонтуяа манай хөргөгчийг авна гэснээс бид хоёр муудалцаад Отгонтуяа стакан авч миний нүүр рүү шидэхээр нь би Отгонтуяаг түлхсэн чинь хаалгыг толгойныхоо ар дагзаар мөргөөд уначихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Хүрэлбаатарын мэдүүлэг / хх 33 /,  ... Дүү Отгонтуяа, манай нөхөр бид гурав 0.75л, 05л Хараа нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэр хоёр хөргөгчнөөс болж маргалдаад С.Хүрэлбаатар С.Отгонтуяаг их хүчтэй түлхсэн чинь С.Отгонтуяа гэрийн хаалга дагзаараа мөргөсөн юм. ... Отгонтуяа манай нөхрийг заазуурын ишээр толгой хэсэгт цохьсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Долгормаагийн мэдүүлэг / хх 36 / С.Хүрэлбаатарын биед чамархай, зулай, сарвуунд зүсэгдсэн  шарх,  нүүр,  хүзүү,  сарвуу,  толгойд зулгаралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4755 дугаартай дүгнэлт / хх 38 /,  ... С.Отгонтуяагийн биед дагзны хуйханд шарх, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халзралт бүхий гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4759 дугаартай дүгнэлт / хх 40 / зэрэг болно.

 

     Шүүхээс шүүгдэгч С.Х, С.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

     Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч  нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

     Шүүгдэгч, гэрч нар нь хэн аль нь согтуу байсан бөгөөд С.Х-н биед юугаар гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй боловч, хохирогч С.Х-н биед чамархай, зулай, сарвуунд зүсэгдсэн  шарх,  нүүр,  хүзүү,  сарвуу,  толгойд зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх дүгнэлт нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг шинжээч / хх 38 / тогтоосон тул гэрч Б.Долгормаагийн мэдүүлэг / хх 36 /, хохирогч С.Х-н мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч  нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрийг тус бүр  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Х, С.О нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч С.Х, С.О нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                        

1. Шүүгдэгч Боржигон овогт С-н Х, Боржигон овогт С-н О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-н Х, С-н О нарыг тус бүрийг 240 / хоёр зуун дөчин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Х, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар  С.Х, С.О нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. С.Х, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  С.Х, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ