Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01315

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01315

 

А- ХХК, Д.Г-нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01235 дугаар шийдвэртэй,

А- ХХК, Д.Г-нарын нэхэмжлэлтэй, Д.М-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 205,940,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Н, хариуцагч Д.М-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А- ХХК-ийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч Д.М-ыг 2020 оны 05 сарын 01-ний өдөр Ч-ийн ажилд томилсон. Хариуцагч хөдөлмөрийн харилцааны хүрээнд Ч-ийн байнгын ажлын байранд ажиллаж байх хугацаанд ажил олгогчоос хувийн хэрэгцээндээ зарцуулахаар удаа дараа хүүгүй мөнгө зээлэн авч байсан. Үүнд: 2020 оны 10 сарын 22-ны өдөр 12,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 18-ны өдөр 800,000 төгрөг, 2022 оны 08 сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус авсан.

Хариуцагч нь дээрх мөнгөнүүдийг зээлж авсныг баталгаажуулж талууд Кассын зарлагын ордерын баримтыг үйлдэж гарын үсэг зурсан. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 34,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Д.Г-ийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.М- нь өөрийн амьдрах байрны асуудлыг шийдэх зорилгоор мөнгө зээлэх хүсэлт гаргасан тул 2021 оны 12 сард 171,140,000 төгрөгийг зээлдүүлсэн. А- ХХК-ийн төлбөрийг бүрэн төлж Бүтээлч Трейд ХХК-тай 2021 онд байгуулсан А-029 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Арцат Апартмент ***** блок ***давхарын 3 өрөө 79,6 м.кв орон сууцаа иргэн Ц.М-д худалдсан. Уг төлбөрөөс 2021 оны 12 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн Голомт банкны ******* тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр Д.М-ын Голомт банкны ******* тоот дансанд 171,140,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.М- 2020 оноос 2022 оны хооронд А- ХХК-д ажиллах хугацаандаа ажлын бүтээмжээрээ урамшуулал болгон 130,000,000 төгрөгийн үнэтэй А- хотхоны 79.6 м.кв байрыг шагнал хэлбэрээр авч, уг байрыг өөрөө 2021 онд худалдан борлуулсан ба орлогыг нь тухайн үед Д.Г-ийн хүсэлтээр байгууллагын нэр дээр НӨАТ гарсан учраас түүний дансанд орж, дараа нь хариуцагчийн дансанд шилжсэн. Байр худалдахад Д.Г-гийн оролцоо байгаагүй. Тийм учраас 171,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

А- ХХК-аас би 2021 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 27-ны 2,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 18-ны 4,000,000 төгрөг авсныг зөвшөөрч байна. Үлдэх төлбөрийг аваагүй учир зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ас 181,140,000 төгрөг гаргуулж, 171,140,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г-д, 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,187,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.М-ас 1,063,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- ХХК, Д.Г-нарт олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Зээлийн гэрээ байгуулагдаагүй талаар: А- ХХК-д 17,000,000 төгрөг олгуулж шийдвэрлэсэн нь хууль бус юм. Шийдвэрт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт юм. Учир нь А- ХХК-аас 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх мөнгөнөөс Д.М-ын зөвшөөрсөн 7,000,000 төгрөг дээр хариуцагчийн аваагүй 10,000,000 төгрөгийг нэмж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгч ... 2020.10.22-ны өдөр АТМ машинаас 10,000,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хариуцагч Д.М- компанийн карт авч зарлага гаргасан гэж шаардах бөгөөд Үүнийг гэрч Б.Ж гэрчлэх бөгөөд..." гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дүгээр зуйлийн 282.4 дэх хэсэгт "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно." гэж заасныг зөрчсөн юм. Гэрч Б.Ж өөрөө АТМ аас авсан мөнгөө Д.М- авсан гэж "гэрчилсэн" нь огт үндэслэлгүй юм.

5.2. Хариуцагч тухайн мөнгийг авсан гэх баримтгүй байхад шүүгч ийнхүү шийдэхдээ хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь мен үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргасан зарлагын падаанууд хуурамч болох нь хэргийн баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Нэхэмжлэгч нь хуулийн этгээд тул аливаа гүйлгээ нь нягтлан бодох бүртгэлээр бүртгэгдэн баталгаажих ёстой бөгөөд хариуцагчийн шинжээч оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүйг дурдах нь зүйтэй.

5.3. Хариуцагчид А- ХХК-ийн захирлын 2021 оны 12 сарын 15-ны өдрийн АМ- LET-014 дугаартай "Ажилтан шагнаж урамшуулах тухай" тушаалаар компанийн эзэмшилд байгаа А- хотхоны 3 өрөө 79.6 м.кв байрыг эргэн төлөгдөх төлбөрийн нөхцөлгүйгээр олгосон баримт хэрэгт авагдсан. Шүүх уг баримтыг огт дүгнээгүй төдийгүй шийдвэрээ танилцуулахдаа Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт зааснаар нийтэд зарласан гэх баримт хэрэгт авагдаагүй гэж тайлбарласнаа шийдвэрт тусгаагүй байна. Учир нь нэхэмжлэгч А- ХХК-ийн ажилтнаа шагнасан байрыг борлуулаад компанийн захирлын хувьд тухайн менгийг өерийн дансанд авч, түүнийгээ хариуцагчийн дансруу дээрх "Ажилтан шагнаж урамшуулах тухай" тушаалын дагуу шилжүүлсэн. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг өөрийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

5.4. Иргэний хэрэг шуухад хянан шийдвэрлэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг нээхэд гэрч болон хэргийн бусад оролцогчид бүгд байх ёстой. Гэтэл шүүгч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдэгдэж, хэргийн оролцогчийн ирц, оролцох эрхийг шалгасны дараа гэрчийг гаргах нь хуульд заасан анхан шатны шүүх хуралдааны дэг юм. Гэтэл шүүх хуралд гэрчийг анхнаасаа оруулаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг зөрчиж гэрчийн мэдүүлэг сонсох шатанд анх оруулж ирсэн нь анхан шатны шүүх хуралдаан процессын алдаатай явагдсаныг илэрхийлнэ.

5.5. Шүүгч шийдвэрээ тайлбарлахдаа хэлсэн үндэслэлээ шийдвэртээ огт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод сонсгож, тайлбарласнаас өөр утга, агуулгаар шийдвэрээ гаргаж болохгүй. Гэтэл шүүгч шийдвэрийг сонсгохдоо хэлсэн Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх заалтын талаар шийдвэртээ огт тусгаагүй нь процессын ноцтой алдаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь иргэний шүүхийн үйл ажиллагааны үндсэн эх сурвалж бөгөөд энэхүү эрх зүйн хэм хэмжээг шүүн таслах ажиллагаанд хэрэглэхдээ шүүх хуралдааны дэгийг зөрчиж, шийдвэрийг танилцуулахдаа алдаа гаргасан нь хэргийн бодит үнэнийг тогтоох, шүүгч гагцхүү хуульд захирагдах, шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмууд алдагдсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.М-ас 171,140,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г-д олгуулах хэсгийг бүхэлд нь, 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А- ХХК-д олгуулах хэсгийн 10,000,000 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч уг мөнгийг авсанаа хүлээн зөвшөөрсөн 2 бодитой үйлдэл хийсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. Авсан бүх мөнгөө нэгтгэж зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Мөнгө авсныг зөвшөөрч, кассын зарлагын баримтад бүгдэд нь гарын үсэг зурсан. Энэ нь дансны хуулга болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Мөн гэрч н.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн нөхцөл байдлыг тодорхой гэрчилж, ...тухайн мөнгө бол зээл байсан гэсэн мэдүүлгээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдсэн. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасныг шүүх баримталж хангаж шийдвэрлэсэн шийдвэр, тайлбар анхан шатны шүүх огт гаргаагүй. Гагцхүү Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан нь тогтоогдохгүй байна гэж тайлбарласан. Дурдсан л бол заавал бичгээр тусгах ёстой биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А- ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 34,800,000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Г-нь зээлийн гэрээний үүрэгт 171,140,000 төгрөгийг тус тус хариуцагч Д.М-ас гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Г-нь нэхэмжлэгч А- ХХК-ийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Г-ийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

3. Д.Г-нь уг орон сууцаа худалдан борлуулсны орлогоос 171,140,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 16-ны өдөр 165,140,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч А- ХХК-аас 2020 оны 10 сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 сарын 18-ны өдрийн хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 34,800,000 төгрөгийг хариуцагчид олгосон.

Дээрх мөнгийг нэхэмжлэгч нараас хариуцагчид хүлээлгэн өгснийг баталгаажуулан кассын зарлагын баримт үйлдэн талууд гарын үсэг зурсан нь хэргийн баримтаар нотлогдсон байна.

Хариуцагч Д.М-, А- ХХК-ийн нэхэмжилсэн 34,800,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 27,800,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй гэж, нэхэмжлэгч Д.Г-гийн нэхэмжилсэн 171,140,000 төгрөгийн шаардлагыг ...ажлын урамшуулалд 130,000,000 төгрөгийн үнэтэй А- хотхоны 79.6 м.кв талбайтай байрыг шагналд авсан ... би өөрөө худалдаж, уг орон сууцыг худалдахад байгуулагын нэр дээр НӨАТ гарсан Д.Г-гийн дансаар мөнгө орж, надруу шилжүүлсэн гэж тус тус тайлбарлажээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсныг зөвшөөрч хэргийн 22-29 дэх талд авагдсан Зээл М-д, Хувийн хэрэгцээнд утгатай кассын зарлагын баримт-д гарын үсгээ зурсныг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, хариуцагч Д.М- зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нарт буцаан төлөх үүргээ биелүүлсэн нь нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. Анхан шатны шүүх хариуцагч Д.М-ас зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- ХХК-д олгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүх залруулна.

Хэргийн 25 дугаар талд авагдсан 2021 оны 11 сарын 25-ны өдрийн баримтаар 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчид зээлдүүлсэн гэх баримтыг хариуцагч эс зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж тухайн үед хариуцагч компанийн картыг АТМ машинаас 10,000,000 төгрөгийн зарлага гаргасан гэж тайлбарлан, хариуцагч 10,000,000 төгрөг авсныг гэрч Б.Ж-аар гэрчлүүлжээ. Нэхэмжлэгч уг мөнгийг зээлийн гэрээний үүргийн дагуу шаардсан тул зохигчийн хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн буюу гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрч нотлохгүй.

Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, зохигчийн хооронд дээрх 10,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээний харилцаа үүссэн нь нотлогдоогүй гэж үзэж, гагцхүү гэрчийн мэдүүлгийг үндэслэн зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэнийг тодорхойлж, гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 7,000,000 төгрөгийг Д.М-ас гаргуулан нэхэмжлэгч А- ХХК-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

5. Хариуцагч давж заалдах гомдолдоо ...171,140,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль бус. А- ХХК-ийн захирлын 2021.12.15-ны өдрийн AM-LET-C14 дугаартай Ажилтан шагнаж урамшуулах тухай тушаалаар тус 79.6 м.кв орон сууцыг олгосон ... шагнасан байрыг хуралдаж компанийн захирал өөрийн дансанд авч, түүнийг хариуцагчийн дансруу шилжүүлсэн гэжээ.

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэргийн баримтаас үзвэл хариуцагч Д.М- 2020 оны 05 сард хариуцагч компанид ажилд орсон, хариуцагч А- ХХК-аас 2021 оны 12 сарын 15-ны өдрийн AM-LET-C14 дугаартай Ажилтан шагнаж урамшуулах тухай тушаалаар Эрдэнэт ТӨҮГ-ийн захиалгат цэвэр ус хангамжийн 3-р шугам хоолойн шинэчлэл төслийг амжилттай удирдаж ажилласан үндэслэлээр дээрх 79.6 м.кв талбай бүхий орон сууцыг эргэн төлөгдөх төлбөрийн нөхцөлгүйгээр олгосугай гэжээ. Хариуцагчийн удирдан ажилласан Эрдэнэт ТӨҮГ-ийн захиалгат цэвэр ус хангамжийн 3-р шугам хоолойн шинэчлэл төсөл нь 98,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй байсныг хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Мөн хариуцагч А- ХХК нь 2021 оны AM-LET-C14 дугаартай Ажилтан шагнаж урамшуулах тухай тушаалд дурдсан орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй, харин уг орон сууцыг захиран зарцуулсны орлогыг тус компанийн захирал Д.Г-хариуцагчид зээлдүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч уг албан бичгийг үндэслэн Голомт банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авсан байна.

Дээрх үйл баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагчийн удирдан гүйцэтгэсэн 98,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын үр дүнг үнэлж, 130,000,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 4-р хороо, А хотхон **** блок, **** давхрын 79.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг бэлэглэсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд илүү нийцсэн, үнэн зөв гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.М-ас 171,140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн тухай гомдлыг хариуцагч гаргажээ. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 18681 дугаартай захирамжаар Б.Ж-г гэрчээр асуухаар шийдвэрлэж, 2024 оны 03 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед гэрчийн мэдүүлэг авчээ.

Шүүх гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт Шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргана, 102.2 дахь хэсэгт Гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байлгах талаар шүүх хуралдаан даргалагч арга хэмжээ авна гэсэн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээр хуралдааны ажиллагааг нээж, оролцогчдын эрхийг шалгах, эрх, үүргийг нь тайлбарлан өгөх болон шүүх хэргийг хэлэлцэж зохигчийн шаардлага, татгалзлаа нотолсон тайлбарыг сонсох үед гэрч шүүх хуралдааны танхимд байгаагүй байна. Шүүх хуралдаан эхлэх үед гэрч танхимд заавал байлцах албагүй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гагцхүү хэргийн талаархи ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа этгээд гэрч байх шалгууртай учир шүүх хуралдааныг нээх үед гэрч танхимд байсан нөхцөлд оролцогчдын ирцийг тодруулсны дараа гэрчийг тусгаарлах арга хэмжээг шүүх авах үүрэгтэй.

Учир нь гэрч хэргийн оролцогч нараас сонссон, мэдсэн мэдээллээ ашиглан хэргийн талаар мэдүүлэг өгч, гэрчилж болохгүй тул хэргийн оролцогчоос гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гаргасан хүсэлтийг хэлэлцэх үед гэрч танхимд байж болохгүй. Иймээс гэрч Б.Ж шүүх хуралдааныг нээх үед шүүх хуралдааны танхимд байгаагүй учир шүүх гэрчийг шүүх хуралдааны танхимаас гаргаж тусгаарлах арга хэмжээг авах шаардлагагүй байсан тул энэ талаархи гомдлыг хангахгүй.

Мөн шүүх мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулснаас өөрөөр шийдвэрийг бичгээр үйлдсэн гэх гомдол хэргийн баримтаар тогтоогдоогүй учир энэ тухай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагч Д.М-ас нийт 178,140,000 төгрөг гаргуулж, үүнээс нэхэмжлэгч Д.Г-д 171,140,000 төгрөгийг, нэхэмжлэгч А- ХХК-д 7,000,000 төгрөгийг тус тус олгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-ас нийт 7,000,000 төгрөгийг гаргуулан А- ХХК-д, 171,140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д тус тус олгож, нэхэмжлэгч А- ХХК-ийн шаардлагаас 27,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 1,063,650 төгрөг ... гэснийг 1,048,650 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,063,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ