Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 201/МА2016/00001

 

*******ы нэхэмжлэлтэй, *******т

холбогдох иргэний хэргийн тухай

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалан, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 474 дүгээр шийдвэртэй, *******ы нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлээр худалдсан барааны үнэ 11455000 төгрөгийг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч *******ийн давж заалдах гомдлоор 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцсон:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл /онлайн/

Хариуцагч ******* /онлайн/

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 8 дугаар сард 300 ширхэг куртикийг 35000 төгрөгөөр тохиролцож, борлуулсныхаа дараа мөнгийг төлнө гэж аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 10500000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2014 онд дараах барааг зээлээр худалдан аваад үнийг төлөөгүй байгаа. Үүнд:

1.цасны гутал 5шх90000=450 000 төг

2.Углааш 4ш х 75000=300 000 төг

3. Ороолт малгай бээлий 15 ш х 7000 =105 000 төг

4.Эртүүз 1ш х 35 000 төг=35 000 төг

5. мөрөвчтэй өмд 1ш х 35 000=35 000 төг

6. Футболк 1 ш х 30 000төг =30000 төгрөг буюу нийт 955 000 төгрөг.

Иймд *******ээс зээлээр худалдан авсан барааны үнэ 11455000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь куртикийг би зээлээр худалдаж аваагүй. Харин 2011 оны 8 дугаар сард 1 ширхэгийг нь 15000 төгрөгөөр хөдөө зарж өгөхөөр тохиролцож авсан. Гэвч куртик зарагдах боломжгүй болсон тул ******* куртикийг боломж олдвол буцаад явуул гэсэн. Гэвч тийм овор ихтэй ачааг ачиж явах хүн олдохгүй байсаар 2013 оны 10 сар хүртэл би хадгалж байгаад 2013 оны 11 дүгээр сард машин олдонгуут нь Улаанбаатар хот руу ачуулсан. Улаанбаатар хотод ачааг миний танил ******* хүлээж авсан. ******* руу явуулсан учир нь тэдний гэр 13-р хороололд байдаг тул очиж авахад амар, миний найз учир найдвартай хадгалуулж байгаад би өөрөө *******д хүлээлгэж өгөх байсан юм. Гэтэл ******* нь миний зөвшөөрөлгүй курктикийг Өмнөговь руу заруулахаар явуулчихсан байсан. Иймд ******* төлөх ёстой учраас би төлөхгүй. Бусад барааг 2014 оны 5 дугаар сард зараад өгөөч гээд надад өгөхөөр нь би хүмүүст зээлээр өгсөн. Эдгээр бараа нь нийт 940 000 төгрөгийн үнэтэй бараа байсан. Тэгээд авсан хүмүүсээс өгсөн мөнгийг нь цувуулаад нийтдээ 500000 төгрөгийг ******* болон түүний охин ******* нарын дансаар шилжүүлсэн. Одоо зээлээр авсан барааны үнийг хүмүүс нь өгвөл би үлдсэнийг нь шилжүүлнэ гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 474 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч *******ээс 5 130 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгон,

Нэхэмжлэлээс үлдэх 6325000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 127670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: 2011 оны 7 дугаар сард хэлцэл хийсэн ба тэр даруйдаа зарагдахгүй болсноо мэдэгдсэн. Энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх ёстой ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-ийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэсэн заалтын дагуу 2014 оны 7 дугаар сард дууссан байна. Цагдаад хандсан өргөдөл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед өгсөн байна. Гэтэл анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр *******ы цагдаад хандсан үеийн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг авч үзсэн байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

2. Хэргийн үйл баримтын талаар. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэжээ. Тухайлбал хариуцагч *******ийг нэхэмжлэгч *******аас зарж өгөхөөр тохиролцон нэхэмжлэлд дурдсан 300 ширхэг куртик болон бусад барааг авсан боловч борлуулсан орлогыг өөрөө ашигласан нь нотлогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтад үндэслэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцсэн байна.

3. Хууль хэрэглээний талаар. Харин анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэн талуудын хоорондын маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна. Тухайлбал маргаан нь талуудын хооронд хийгдсэн нэхэмжлэгчийн барааг хариуцагч зарж борлуулж өгөх хэлцлээс үүдэлтэй байхад анхан шатны шүүх гэрээний бус үүргийн нэг төрөл болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжснөөс үүсэх үүрэг-ийн харилцаанд хамааруулан зүйлчилсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ. ******* нь гуравдагч этгээдтэй харилцаанд орохдоо өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс захиран зарцуулснаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан хэлцлээр Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.4-т заасан хохирол арилгуулах агуулгатай байна.

4.Давж заалдах гомдлын талаар. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулах шаардлага гаргаж байх тул уг хохирол учирсан, хохирол учирсан тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалттай нийцэх юм. 2011 онд тухайн куртик зарагдахгүй боломжгүй болсон буюу энэ тухай хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдсэн-ээр нэхэмжлэгч *******д хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацааг 2011 оны 7 дугаар сараас эхлэн тоолох ёстой гэх хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч эрх зөрчигдсөн талаараа мэдсэн үеэс тоолох нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт нийцсэн байна.

5.Бусад асуудлын талаар. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа тооцооны алдаа гаргасан байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203000 төгрөгөөс нэхэмжлэлийн үнийн дүн 11455000 төгрөгт ногдох хураамж 198230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 4770 төгрөгийг, хариуцагч *******ээс нэхэмжлэл хангагдсан дүн 5130000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 97030 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгох-оор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 474 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д гэснийг 406 дугаар зүйлийн 406.1, 406.4 дэх хэсэгт гэж,

б/ тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203000 төгрөгөөс 198230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 4770 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 97030 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127670 төгрөгөөс 97030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 0000000180000941 данснаас илүү төлөгдсөн 30640 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР