Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 201/МА2016/00002

 

*******ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны Эрүүл

мэндийн төвд холбогдох иргэний хэргийн тухай

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Л.Наранбаяр, шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 487 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвд холбогдох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн өмгөөлөгч *******ийн давж заалдах гомдлоор 2015 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би 2011 оны 12 сарын 19-ний өдөр тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тушаалаар түргэний машины жолоочоор томилогдон 2015 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан юм. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй ба хөдөлмөрийн хариуцлага алдаж сахилгын арга хэмжээ огт авахуулж байгаагүй юм. Гэтэл эмнэлгийн эрхлэгч намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж ажлаас халсан нь үндэслэлгүй байгаа тул 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

Би 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ээлжийн амралтаа аваад 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа орсон. Намайг ажилдаа орсон өдөр эрхлэгч дуудаж чамайг ажлаас чөлөөлж байна гэж хэлээд хамт олны хурал хийсэн. Би цалингийн их хэмжээний зээлтэй болохоор битгий ажлаас халаач гэж гуйсан юм. Би галчаар ажиллах хүсэлтийг бичиж өгсөн, ажил олгогч зөвшөөрсөн юм. Галчаар ажиллахаар сарын цалин 150000 (нэг зуун тавин мянга) төгрөг миний сард төлдөг банкны зээл 300000 (гурван зуун мянга) төгрөг байсан. Сардаа төлөх банкны зээлэнд цалин хүрэхгүй тул би хуучин ажилдаа орох хүсэлтээр шүүхэд хандсан юм. Намайг ажлаас халсан тушаалд намайг архи уусан гэсэн байсан. 2015 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн байгууллагын 90 жилийн ой болж баярлаад архи уусан юм. Мөн 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нийт эмнэлгийн эмэгтэй ажилчдын мартын 8-ны баярыг тэмдэглэж баярлаад хамт олноороо архи уусан юм. Намайг ажлаас халсан тушаалыг надад өгөөгүй, намайг хөдөө явсан хойгуур 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эхнэрт маань өгсөн байсан гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1980 оноос хойш өнөөдрийг хүртэл 35 жил эмнэлэгт ажиллаж байна. Хүний бие, хүний амь нас хэзээ ч нөхөгдөж болдоггүй юм. Хүний амь нас бол механик машин биш, үнэт зүйл юм. Жолооч нарыг 2009 онд туслах сувилагч гэж бэлдсэн юм. Би нэхэмжлэгчтэй 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгоны эмнэлэгт хамт ажилласан юм. Хоёр жилийн хугацаанд ажиллахдаа гурван удаа сануулах арга хэмжээ авсан. ******* нь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж сануулах болон нэг сарын цалинг хорин хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдаж байсан юм. Дуудлаганд явах гэхээр согтуу байдаг. Дуудлага гараад явъя гэхэд эхнэр нь утсаа аваад ******* согтуу байна гэж хэлдэг, ажлын байранд архи уудаг. Өөрөө би архи уухгүй, архи уувал би өөрөө ажлаас халагдана гэж тохирсон юм. 2015 оны 08 дугаар сарын 6-нд өөрөө согтуу, бусдад жолоогоо шилжүүлээд явсан. Тэр залуу нь ажилтай болоод явсан. Би жолоочгүй болоод үлдсэн юм. Дуудлаганд явах гэхээр согтуу эсвэл машин эвдэрсэн байдаг. Ингээд би энэ хүнтэй хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн юм. Би *******ийг ажилгүй болгоод яах вэ гээд галч хийх үү гэсэн. Өөрөө хийе гэж өргөдөл бичиж өгөөд дараа нь хийхгүй, би жолоочоороо ажиллана гэж шүүхэд хандана гэсэн юм. ******* нь ажилчдын дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.3-д ажлаас халах, 9.1.4-т сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас шууд хална. Ноцтой зөрчилд: ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, шалтгаангүйгээр ажил таслах, ажлын байрыг дур мэдэн орхиж явах, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил олгогчийн нэр хүндийг гутаан доромжлох, ёс зүйн зөрчил давтан гаргах, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй байх, томилолт болон ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд, ажлын чөлөө хэтрүүлэх зэрэг орно гэж заасан зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан юм. 2015 оны 09 дүгээр сарын 15-нд ажилчдын хурал хийгээд тушаал гаргаад нэхэмжлэгч нь өөрөө галчаар ажиллана гэж хэлсэн юм. Хурал дээр би галчаар ажил гэж санал тавьсан. Өөрөө зөвшөөрч 2015 оны 09 дүгээр сарын 18-нд хүсэлт гаргасан байгаа. Манай байгууллагад гэрийнхтэй нь адил жижиг уурын зуух байдаг. 2015 оны 11 дүгээр сард галчаар ажилд орж болно гэсэн юм. Гэтэл өөрөө 11 сард ажиллахгүй гэсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 487 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны эрүүл мэндийн төвд холбогдох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 487 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга ******* нь тус төвд жолоочоор ажиллаж байсан *******ийг Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 /цалин бууруулах/, 40 дүгээр зүйлийн 40.1.4 /сахилгын зөрчил давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ мөн байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 зэрэг заалтуудыг нэг дор баримтлан Архигүй Хан Хэнтийчүүд хөтөлбөрийн хүрээнд байгуулсан батламж гэрээг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус. Учир нь тушаалд хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн зүйл заалтуудыг давхар үндэслэж ажлаас халсан нь ойлгомжгүй мөн тушаалын үндэслэхээ Батламж гэрээ-г удаа дараалан зөрчсөн гэж тодорхойлсон нь тушаалд баримталсан хуулийн зүйл заалттайгаа нийцэхгүй, хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа *******ийг удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарладаг ч ажлаас халах тухай тушаалд энэ үндэслэлээ тодорхой бичээгүй. Мөн өмнөх 2015 оны 7 сарын 10-ны өдөр сануулах арга хэмжээ авах тушаал гаргасныг нэхэмжлэгч ******* нь тухайн үед мэдээгүй шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөхөд нь мэдсэн. Ийм байхад анхан шатны шүүх ажлаас халах тушаалд баримталсан Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтууд нь үндэслэлтэй эсэх мөн Батламж гэрээг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлд нь огт дүгнэлт хийгээгүй. Байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д заасныг үндэслэж 3 удаа сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дүгнэлт хийсэн. Иймд уг шийдвэр нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *******ийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1168122 төгрөгийг Хэрлэн Баян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвөөс гаргуулж, ажлаас тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ******* нь сахилгын зөрчил удаа дараа гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

******* нь Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2014 оны 7 сарын 29-ний өдрийн 36 дугаар тушаалаар ажлын цагаар ажлын байраа удаа дараа хаяж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, дотоод журамд заасан заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр үндсэн цалингийн 20 %-аар 1 сарын хугацаагаар сахилгын шийтгэл ногдуулсан /хх-ийн 32 дахь тал/, мөн эрхлэгчийн 2015 оны 03 сарын 13-ны өдрийн 09Б тушаалаар ажлын өдөр, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж төрийн албан хаагчийн ёс зүйг болон эмнэлгийн ажилчдын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээлгэсэн үүрэг зөрчсөн гэсэн үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан /хх-ийн 30 дахь тал/, мөн эрхлэгчийн 2015 оны 07 сарын 10-ны өдрийн 23/Б тушаалаар түргэн тусламжийн машины бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, дуудлага ирсэн үед машин тэргийг бэлэн байлгаагүй, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүрэг болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээлгэсэн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр сануулах арга хэмжээ тус тус авагджээ. /хх-ийн 31 дэх тал/

******* нь 2015 оны 08 сарын 6-8-ны өдрүүдэд архи ууж, өөрийн хариуцсан түргэний дуудлагын машинаа бусдад шилжүүлж ажлын байраа орхин явж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь анхан шатны шүүх хуралдаан дээр *******ийн гаргасан ... Намайг ажлаас халсан тушаалд архи уусан гэсэн байсан. 2015 оны 8 сарын 7,8-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн байгууллагын 90 жилийн ой болж баярлаад архи уусан юм... /хх-ийн 65 дахь тал дээрээсээ 2-4 дэх мөр/ гэсэн тайлбараар, мөн хариуцагч *******гийн ... 2015 оны 8 сарын 6-нд өөрөө согтуу, бусдад жолоогоо шилжүүлээд явсан байсан. Тэр залуу нь ажилтай болоод явсан. Би жолоочгүй болоод үлдсэн юм. Дуудлаганд явах гэхээр согтуу эсвэл машин эвдэрсэн байдаг ... /хх-ийн 66 дахь тал дээрээсээ 2-4 дэх мөр/ гэсэн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан ******* ... 2015 оны 8 сарын 7,8-нд архи ууж алга болсон. Машиныг нь танихгүй залуу барьж яваад ажилтай гээд орхиод явсан гэсэн тайлбаруудаар тогтоогдож байна. Иймд ажил олгогч буюу хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, байгууллагын дотоод журам -ын 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 дэх заалтуудыг үндэслэн *******ийг урьд эрхэлж байсан жолоочийн албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ажил олгогч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төв нь *******ийг жолоочийн ажлаас чөлөөлсөн тушаалын удирдлага хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, мөн тушаалын тогтоох хэсэгт Архигүй Хан Хэнтийчүүд хөтөлбөрийн хүрээнд байгуулсан батламж гэрээг удаа дараа зөрчсөн гэснийг баримталсан нь буруу гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй боловч ажил олгогч ажилтан *******ийг Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасан заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийг нөхөн төлүүлөх шүүхийн зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ