Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 257

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                            

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

                                                                              

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурай овогт С-н Ад холбогдох эрүүгийн 1909001280104 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Буурай овогт С-н А нь:

 

- 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Үйлдвэр урлалын дээд сургуулийн эсрэг талд иргэн Д.Бат-Эрдэнийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Д.Бат-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинэ замаасаа урагшаа чиглэлтэй таксинд суугаад явж байсан. Тэгээд манай гэр өнгөрсөн байна. Буцаад явъя эсвэл эндээ бууя гэсэн. Тэгтэл таксины жолооч “Та нар худлаа мөнгө төгрөгөө өгөхгүй мурих гэж байна. Чамайг эрүүлжүүлэхэд өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “Мөнгө төгрөг хамаагүй. Хэд гарсан юм. Тэрийг нь би өгье” гээд мөнгө харуулсан. Тэгээд санахгүй байна. Ямар ч байсан машин явж байхад нь би машины хаалгыг нь онгойлгоход таксины жолооч машинаа зогсоогоод машинаас буугаад миний тал руу бууж ирээд намайг машинаас буулгаад толгой руу автиркаар цохьсон. Цус гараад барилцаад замын эсрэг талд явж байсан залуу ирээд салгаад байсан. Тэгтэл таксины жолооч миний гарыг нэг юмаар уяад нөгөө салгаад байсан залуу машины хамар дээр дараад байж байсан. Таксины жолооч миний нөгөө гарыг бариад байсан. Тэгээд таксины жолооч цагдаа дуудсан. Тэгээд таксины жолоочийн хамт цагдаа дээр ирсэн. Толгой 2 хагарсан.  Урдаа, ард хэсэгтээ нэг нэг, уруул хавдсан, зүүн нүд хөхөрсөн, зүүн гарын шуу улайсан. Би жолоочийг цохьсон харилцан цохилцсон. Би их согтуу байсан. Шинэ зам дээр яаж ирснээ мэдэхгүй байна. Орон гаран санаад байгаа гэжээ. / хх 13 /

            Гэрч С.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны үүрээр шинэ замын Сод монгол шатахуун түгээхийн хойно нэг залуу гараа өргөөд зогсож байсан. Тэгээд аваад ард сууж байсан залуу ална шүү гээд араас зүүн талын шанаа руу 2-3 удаа цохиод үснээс зулгаагаад хойш татсан. Тэгээд би бүсээ тайлаад нөгөө залуугийн үснээс татаад тооромз гишгээд машинаа зогсоотол нөгөө залуу урагшаа ороод ирсэн. Тэгээд машинаа унтраагаад хаалганаас аптерк аваад буусан чинь нөгөө машинд суусан залуу бууж ирээд намайг боосон. Тэгэхээр нь би барьж байсан аптеркны хойд хэсгээр нөгөө залуугийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд нөгөө залуугийн толгой хэсгээс цус гараад бид хоёр барилцаж аваад нөгөө залуу миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа мөргөсөн. Тэгээд тэнд явж байсан нэг залуу цагдаа дуудлаа шүү гээд цагдаа дуудсан. Би нөгөө залуугийн нэг гарыг бариад биеийг нь цээжиндээ наагаад нөгөө залуу цагдаа дуудсан. Би аптеркаар ганц удаа цохьсон гэжээ. / хх 15-17 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 747 дугаар дүгнэлтэнд:

1. Д.Бат-Эрдэнийн биед зүүн чамархай, баруун дагзанд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 19/

 

Яллагдагч С.А мөрдөн шалгалтын явцад мэдүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 27-ны үүрээр шинэ замын Сод монгол шатахуун түгээхийн хойно нэг залуу гараа өргөөд зогсож байсан. Тэгээд аваад ард суусан ба тэр залуу ална шүү гээд араас зүүн талын шанаа руу 2-3 удаа цохиод үснээс зулгаагаад хойш татсан. Тэгээд би бүсээ тайлаад нөгөө залуугийн үснээс татаад тооромз гишгээд машинаа зогсоотол нөгөө залуу урагшаа ороод ирсэн. Тэгээд машинаа унтраагаад  хаалганаас аптерк аваад буусан чинь нөгөө машинд суусан залуу бууж ирээд намайг боосон. Тэгэхээр нь би барьж байсан аптеркны хойд хэсгээр нөгөө залуугийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд нөгөө залуугийн толгой хэсгээс цус гараад бид хоёр барилцаж аваад нөгөө залуу миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа мөргөсөн. Тэгээд тэнд явж байсан нэг залуу цагдаа дуудлаа шүү гээд цагдаа дуудсан. Би нөгөө залуугийн нэг гарыг бариад биеийг нь цээжиндээ наагаад зогссон юм. Би Д.Бат-Эрдэний биед гэмтэл учруулсан гэмтэл болон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 3-4 /

 

Шүүгдэгч С.Аг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Бат-Эрдэнийн толгойд аптеркны ишээр 2 удаа цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч С.А нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Үйлдвэр урлалын дээд сургуулийн эсрэг талд өөрийн машинаар үйлчлүүлсэн хохирогч Д.Бат-Эрдэнэтэй мөнгөнөөс болж маргалдан түүний биед халдаж, аптеркиар толгойд нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Таксины жолоочийг машинаа зогсоо гэхэд машинаас буугаад намайг машинаас буулгаад толгой руу аптиркаар цохьсон. Замын эсрэг талд явж байсан залуу ирээд салгасан. Толгой 2 хагарсан урдаа, ард хэсэгтээ нэг нэг, уруул хавдсан, зүүн нүд хөхөрсөн, зүүн гарын шуу улайсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг / хх 13 /, ...Нэг залуу гараа өргөөд зогсож байсан. Тэгээд аваад ард сууж байсан залуу ална шүү гээд араас зүүн талын шанаа руу 2-3 удаа цохиод үснээс зулгаагаад хойш татсан. Тэгээд би бүсээ тайлаад нөгөө залуугийн үснээс татаад тооромз гишгээд машинаа зогсоотол нөгөө залуу урагшаа ороод ирсэн. Машинаа унтраагаад хаалганаас аптерк аваад буусан чинь нөгөө машинд суусан залуу бууж ирээд намайг боохоор нь би барьж байсан аптеркны хойд хэсгээр нөгөө залуугийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Агийн мэдүүлэг / хх 15-17 /, ...Д.Бат-Эрдэнийн биед зүүн чамархай, баруун дагзанд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 747 дугаар дүгнэлт / хх 19 /, ... Би Д.Бат-Эрдэний биед учруулсан гэмтэл болон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч С.А-гийн мэдүүлэг / хх 3-4 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч С.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.А нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хувийн байдлыг зэргийг харгалзан хуульд заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 см урттай, 1.5 см өргөнтэй улаан өнгийн иштэй мөнгөлөг өнгийн 1 ширхэг аптеркыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, С.А нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурай овогт С-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19 см урттай, 1.5 см өргөнтэй улаан өнгийн иштэй мөнгөлөг өнгийн 1 ширхэг апперкы зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.А нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

6. С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ