Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00130

 

                              “Хаан банк”-ны Орхон аймаг дахь салбарын

                                 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 636 дугаартай шийдвэртэй,

Хаан банкны Орхон аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нарт холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 17.766.431,09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдсайхан

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Иргэн Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нар нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс ЗГ14/364 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг сарын 2.3 хувийн /жилийн 27.6 хувь/ хүүтэй 24 сарын хугацаатай Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байр 65 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2101004147 дугаарт бүртгэгдсэн, 18м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, телевизор, хөргөгч, угаалгын машин, плиткыг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ14/364 тоот барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 15 516 078.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8 204 913.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 253 94 төгрөг нийт 23 727 246.47 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 7.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/364 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 14 483 921.04 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 2 792 817.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 234 188.00 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд улсын тэмдэгтийн хураамж 245504.63 төгрөг, нотариатын төлбөр 10 000 төгрөг, нийт 17 766 431.09 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Жавхлантөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2014 оны 03 дугаар сарын 28-нд Хаан банкны Орхон аймаг дахь салбараас жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг зээлийг Н0\/\/0 маркын машиныг эгч М.Соёлмаатай хамтран худалдаж авсан. Сар бүрийн төлөлтийг эгч М.Соёлмаа хийдэг байсан. Тиймээс зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа талаар мэдээгүй бөгөөд надад мэдэгдэл өгч байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дансны хуулбарыг гаргуулж шүүж үзлээ. Нийт төлбөр 23 727 246 төгрөг төлсөн байх ба 2015 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар үндсэн зээл 15 657 698 төгрөг төлөх, хүү 8 062 493 төгрөг төлөх байжээ. Гэтэл банк 2016 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар 8 204 913.57 төгрөгийн хүү төлсөн байна гэжээ. Илүү хүү тооцон авсан байна. 142 420 төгрөгийн хүү илүү авсан байна. Бид үндсэн зээл 15 658 498 төгрөг төлсөн, одоо 14 342 295 төгрөгийн үндсэн зээл, хүү 1 800 006 төгрөг төлөх үүргийг гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүлээсэн. Уг зээлийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний 2.1.5-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой. Иймд банкны зээлийн хүү 2 792 817 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Би өөрөө ажилтай тул сар бүр 1 000 000 төгрөгийг төлөөд явж чадна гэжээ.

Хариуцагч Б.Отгонзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Отгонзаяа нь нөхөр Х.Жавхлантөгсийн зээл авсан гэх баримт дээр банкнаас дуудахад очиж гарын үсэг зурсан нь үнэн. Уг зээл төлөгдөөгүй байгаа талаар мэдээгүй. Нэг удаа 2 сарын хүү төлөөгүй байгаа талаар мэдэгдэл авсан. Уг зээлийг төлнө гэж байсан эгч М.Соёлмаад хэлж байсан. Үүнээс хойш төлөгдөөд явж байгаа гэж бодож байсан. Учир нь банк дахин надад юу ч мэдэгдээгүй. Гэрт ирж нэг удаа мэдэгдэл гэх бичиг дээр гарын үсэг зурсан. Нөхөр Өмнөговь аймагт ажиллаж байсан болохоор зээлийн талаар сайн мэдээгүй. Надад М.Соёлмаа эгч зээл төлж байгаа гэж байсан гэжээ.

Хариуцагч Б.Отгонзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Банк хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах боломжгүй юм. Учир нь энэ талаар хуульд тодорхой зохицуулсан байх ба нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэс бүрдээгүй байна. Зээлдэгч нар энэ зээлийг хүсэж аваагүй, зориулалт нь юунд хэрэглэгдэх талаар банк өөрөө сайн мэдэж байсан. Тийм ч учраас зээлийг хариуцагч нараас биш М.Соёлмаагаас нэхэж байсан байдаг. Нэгэнт л төлөх төлбөр үүссэн тул сар бүр 1.000.000 төгрөг төлөөд явах боломжтой байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 636 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нараас нийт 17 520 926.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хаан банкны Орхон салбар хариуцагч нарын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/364 дугаартай зээлийн гэрээг цуцлах болон 245 504.63 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159.1, 175 дүгаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-65 тоот хаягт байрлах Ү-2101004147 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 18 м.кв нэг өрөө орон  сууц, телевизор, хөргөгч, угаалгын машин, плиткийг албадан дуудлага худалдаагаар борлуулж. үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245 504.63 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1 277.51 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжинд 245 554.63 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо: Х.Жавхлантөгс нь Орхон аймгийн салбар ХААН банкнаас 30.000.000 төгрөгийг зээлж, хүүнд нь 9.773.403 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байсан. Ингээд үндсэн зээлээсээ 15.516.078 төгрөг төлж, хүү 8.204.913 төгрөг төлсөн гэж ХААН банк үзсэн. Дээрх тооцоогоор үндсэн зээл 14.483.921 төгрөг төлөөгүй, 1.661.588 хүү төгрөг төлөөгүй гэж үзэхээр байтал ХААН банк хүүнд 2.792.817 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үндсэн зээл болон тохиролцсон үндсэн хүүгээ төлөхгүй тохиолдолд нэмэгдэл хүү тооцно гэж банктай байгуулсан гэрээний 2.1.5 т заасан. Гэтэл үндэслэлгүй зээлийн хүү нэмж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний дээрх нөхцлийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж төлбөрөө нэхэмжилсэн. Гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаж байгаа тохиолдолд зээлийн хүү нэмж нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Мөн хугацаанаас өмнө татгалзаж цуцлах шаардлага тавьж байгаа тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэж , татгалзах хугацааг тогтоох эрхийг олгоогүй атлаа 2015.08.25 ны өдөр мэдэгдсэн гэх мэдэгдлээ үндэслэсэн. Учир нь тухайн зээлийг аваагүй бөгөөд үүнийг банк мэдэж байсан учир авсан М.Соёлмааг дууддаг байсан. М.Соёлмаа уг зээлээ төлж байгаад төлөхгүй байна гэж Жавхлантөгсийг нэг удаа дуудаж танилцуулж байсан. Ингээд М.Соёлмаа д хэлж дахин дуудаагүй учир зээлээ төлж байгаа гэж ойлгож байсан байдаг. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Зээлийн гэрээ байгуулах гарын үсгийг зурсан гэдгээр нь хариуцлага хүлээлгэсэн. Зээлийг М.Соёлмаа төлж байсан нь зээл төлж байсан баримтаас харагдана.

М.Жавхлантөгс нь 39.866.501 төгрөг төлөх зээлийн гэрээний үүрэг хүлээсэн байсан үүнээс үндсэн зээл болон хүүнд нийт 23.727.246 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээл болон хүүгийн хамт 16.139.255 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 17 520 926 төгрөг гаргахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.10 ны өдрийн 142 \ШШ2016\00636 тоот шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Орхон аймгийн Хүрэнбулаг салбарын захирал Б.Норовсамбуу хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нартай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/364 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 14.483.921.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.792.817.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 234.188 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245.504.63 төгрөг, нотариатын төлбөр 10.000 төгрөг, нийт 17.766.431 төгрөг гаргуулах, хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч зээлийн хүүгийн төлбөр 2.792.817 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нар тус банкнаас 30.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй зээлсэн ба зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 15.516.078 төгрөг, зээлийн хүү 8.204.913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.253 төгрөг нийт 23.727.246 төгрөг төлсөн болох нь зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нар 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан ЗГ14/364 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зээлийн үндсэн төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нэхэмжлэлийн шаардлагад тооцсон улсын тэмдэгтийн хураамжийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин шүүх зээлийн хугацаанд төлөгдвөл зохих хүүгийн төлбөрийг 2.792.817 төгрөгөөр тооцож хариуцагч нараас гаргуулсан нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч зээлийн төлөлтийн талаарх бүртгэлийн картыг /хх-ийн 8 дугаар тал/ шүүхэд ирүүлсэн боловч 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн хугацааны хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй /хуримтлуулан тооцсон зээлийн хүү 2015.07.19-нд 219.044,50 төгрөг, 2016.08.19-нд 558.563,48 төгрөг гэх мэт/ энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн хүүг тооцохдоо зээлийн гэрээний хугацаанд нийт төлөгдөх 9.866.501 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 8.204.913 төгрөгийг хасч хариуцагч нараас зээлийн хүү 1.661.588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234.188 төгрөг, үндсэн зээл 14.483.921 төгрөг нийт 16.379.697 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 1.141.229 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245.504 төгрөг бүгд 1.386.733 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хэтэрсэн хугацааны хүү тооцож нэхэмжлэээгүй. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанд төлөөгүй зээлийн хүгийн төлбөр 2.792.817,42 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх дээрх зээлийн хүүг хэтэрсэн хугацааны хүү гэж үзсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 453.2-д заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан ЗГ14/364 тоот зээлийн гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дууссан учир нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий байна.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан “...зээлийн хүү 2.792.817 төгрөг болон хариуцагч нараас бүгд 17.520.926 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 636 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 16.379.697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.386.733 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Х.Жавхлантөгс, Б.Отгонзаяа нартай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ14/364 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2.Шийдвэрийн 3 дахь заалтанд 245.554,63 төгрөг гэснийг 239.848 төгрөг болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Х.Жавхлантөгсийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                             Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                             Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ