| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 003/2020/0635/Э |
| Дугаар | 4 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 4
А.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаар шүүгчийн захирамж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар магадлалтай, А.А-т холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 47 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, 3 удаагийн ял шийтгэлтэй,
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял,
2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 4 сар 10 хоног хорих ял,
З. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 655 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 4 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, О А-н А-.
А.А- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1036 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 18 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн прокурорын газраас А.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй талаар дүгнэлт бичсэнийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд прокурор Э.Идэрбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, бичиг техникийн алдаатай, хуульд үл нийцсэн, үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн байх тул магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, өршөөн хасах, ялын төрлийг солиход тухайн хоригдолд ...шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялаас нь холбогдох өршөөлийг үзүүлэх, түүнээс хасаж тооцохыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 6, 7 дугаар зүйлүүдэд ойлгомжтой, маш тодорхой хуульчилж өгсөн.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн энэхүү заалт, ойлголтыг үндэслэн Монгол Улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Прокурор, Шүүх байгууллага санал, дүгнэлт, захирамж шийдвэрийг гаргаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн.
Гэтэл шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай захирамжид “...хоригдол А.А- нь дээрх хоёр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас алинаас 11 сар 09 хоног эдэлснийг нь тодорхойлох боломжгүй” гэж, ...өөрөөр хэлбэл хоригдлын мөн хугацаанд эдэлсэн хоног нь аль гэмт хэрэгт оногдуулсан ялыг нь эдэлсэн болох нь тодорхойгүй гэж төөрөгдсөн, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд энэхүү хуульд ...шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялаас нь холбогдох өршөөлийг үзүүлэх, түүнээс тооцохоос өөр аргачлал байхгүй, эдэлсэн хоногийг аль гэмт хэргээс эдэлснийг нь тогтоох шаардлагагүй юм.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “... Харин ял эдэлж байцаалтад өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж туйлын ойлгомжтой бөгөөд маш тодорхой, хоёрдмол утга санаагүйгээр хуульчилж, зохицуулсан.
Хуулийн энэ заалт нь шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа, ял шийтгүүлсэн ялтанд өршөөл үзүүлэх асуудал болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу одоо ялаа зохих байгууллагын хяналтад эдэлж байгаа ялтан, хоригдолд хэрхэн өршөөл үзүүлэх талаар 2 утга санааг илэрхийлсэн.
Үүнээс дүгнэхэд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн цаг хугацаанд хорих ангид хорих ялаа эдэлж байгаа хоригдлуудад өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооход хуульд заавал нэмэлтээр нарийвчлан зохицуулалт шаардлагагүй, тодорхой ойлголтыг өгсөн байна.
Нөгөөтээгүүр авч үзвэл, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байдаг. Мөн эндээс дүгнэхэд хоригдол А.А-ын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт багтсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, үлдэгдэл ялыг эдлүүлэх, ингэхдээ зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ шийдвэр нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан “...энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэсэн заалтад гарцаагүй нийцсэн, хууль ёсны шийдвэр болох юм.
Гэтэл шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай захирамжид “ ... зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялтай тусад нь эдлүүлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулагдаагүй” гэж хэт нэг талыг барьсан, мөн “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулснаас үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг эдэлж дуусаагүй байх тул мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжгүй” гэж хуульд байхгүй, үл зохицуулагдсан үндэслэл дурдаж шийдвэрлэсэн байна.
Тус прокурорын газраас дээрх тохиолдолтой ижил үндэслэлээр хэд хэдэн хоригдлыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нь зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулах, сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг хоригдлын өршөөлд үл хамаарах гэмт хэрэгт оногдуулсан ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр дүгнэлт үйлдэж харьяа Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
Дээрх прокурорын бичсэн дүгнэлтээс 22 дүгнэлтийг нь шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэн хоригдлыг өршөөлд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөлд үл хамаарах ялыг нь эдэлж дууссаны дараа буюу ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байхад, хоригдол А.А-т холбогдох хэрэгт бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, анхан болон давж заалдах шатны
шүүгч нараас Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн.
Мөн Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт, хоригдлын анх шүүхээр хэлэлцүүлэхэд тооцоо хийсэн үлдэгдэл хоногийг зөрүүтэй дурдсан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн заалтыг утга найруулга хийгээд ойлголтыг өөрчилж тайлбарласан, хоригдолд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 жилийн хорих ял оноосон мэт байдлаар дурдсан зэрэг бичиг техникийн алдаатай, тодорхой бус, ойлгомжгүй, оролцогч нарт эргэлзээ төрүүлэхүйц байдлаар бичигдсэн байх ба шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарчим, зорилго хийгээд үзэл санаа, баримтлалд үл нийцсэн, тодорхой бус, ойлгомжгүй, хоригдлын эрх зүйн байдлыг дордуулсан, Өршөөл үзүүлэх тухай болон бусад хууль тогтоомжоос гадуур, ямар эрх зүйн баримт бичгээр тодорхойлогдоогүй үндэслэл дурдаж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай захирамж, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай магадлалын хүчингүй болгуулж, хоригдол А.А-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулахаар эсэргүүцэл бичив” гэжээ
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Төв аймгийн прокурорын газраас гаргасан эсэргүүцлийн агуулга буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэглээг нэг мөр болгох, нэгдсэн ойлголтод хүрэх, практик тогтоох санааг дэмжиж буй боловч хууль зүйн үндэслэлийн хувьд Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалт, хэм хэмжээнд нийцэхгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгээр нь тодорхой тусгаж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч, ялтны хэрэг тус бүрт тохирох өршөөл үзүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоохоор зохицуулсан.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно гэж заасан байна. Дээрх зохицуулалтаас үзэхэд шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид хорих болон хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол хорих ялд нь хорихоос өөр төрлийн ялыг хуульд заасны дагуу дүйцүүлэн нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тооцож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ялыг нэг цаг хугацаанд эдлүүлэх санаа, зорилго агуулагдсан байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах, хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн төрлийн үндсэн ялын аль нэгийг эхэлж эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуульд хүлээн зөвшөөрөөгүй хэм хэмжээг хэрэглэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэх тоолох зохицуулалтаас илтэд зөрүүтэйгээр шийдвэрлэх нь хууль ёсны болон хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоригдол А.А- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1036 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 18 хоногоор тогтоож, уг ялыг одоо эдэлж байгааг прокурор дүгнэлтдээ тодорхой дурдаж, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах тул тухайн зүйлд зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулахаар дүгнэлт гаргасан байна.
Анхан шатны шүүхээс “... хоригдол А.А- нь дээрх 2 хэрэгт оногдуулсан хорих ялын алинаас нь 11 сар 9 хоног хорих ял эдэлснийг тодорхойлох боломжгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялтай тусад нь эдлүүлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулаагүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт ... ял эдэлж байгаа ялтанд өршөөлд хамрагдах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлж, өршөөлд үл хамаарах ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсан. Хоригдол А.А- өршөөлд хамаарахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг эдэлж дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжгүй” гэсэн үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд уг хууль бус шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болно.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэсэгчлэн хамааруулж, оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор хуульчилсан зохицуулалтыг хуульд заагаагүй үндэслэл дурдан хэрэглэхээс татгалзаж, Эрүүгийн хуульд тодорхойлсон хүнд ялыг хөнгөн ялаар дүйцүүлэн солих хэлбэрээр заавал хэрэгжүүлэхээр тогтоосон хэм хэмжээг биелүүлэлгүй, прокурорын дүгнэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаанд тооцогдоно.
Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэж тодорхойлсон нь агуулгын хувьд хоёрдмол утгагүй, ойлгомжтой зохицуулалт юм.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан журмын дагуу өршөөл үзүүлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалт, хэсэг бүрд оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараагаар үлдсэн ижил төрлийн ялуудыг хооронд нэмж нэгтгэх, харин өөр төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, өршөөлд үл хамрах ялыг зохих журмын дагуу эдлүүлсний дараа өршөөлийн үйлчлэлд хамаарах хэм хэмжээг хэрэгжүүлэхээр тогтоох нь уг хуулийн зорилгод нийцсэн, логикийн хувьд ойлгомжтой, хоригдлын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болно.
Харин А.А-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар өршөөлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хуулийн хэрэглээг зөвтгөж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаар шүүгчийн захирамж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ялтан А.А-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1036 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН