Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 283

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, нарийн бичгийн дарга М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ц, Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нарыг оролцуулан хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолын “М” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “М” ХХК-д уг хоорондын транзит тусгай зөвшөөрлийг олгосон шаардлага биелэгдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нь “М” ХХК-ийн “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолын “М” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 07/487 тоот албан бичигт “...Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 тоот тогтоолд, 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 13.3 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 

1.Энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан “М” ХХК-ийн ***/*/***** тоот Монгол Улсын нутаг дэвсгэрт “Мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах” тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд “Улс хоорондын транзит урсгал дамжуулах” төрлийг нэмсүгэй. 

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.А*******/-д үүрэг болгосугай....гэж заасныг батламжлан хүргүүлж байна” гэжээ. 

Уг албан бичигтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/438 тоот итгэмжлэлээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх”-ийг олгожээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолын “М” ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.БАТБААТАР