Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 12

 

Г.Энхбаяр холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Тулгаа, шүүгдэгч Г.Энхбаяр түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой Г.Энхбаярт холбогдох эрүүгийн 201621010067 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Тугтан овогт Гэрэлийн Энхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 17, 23-ны өдрүүдэд давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж залилан мэхлэж Г.Гэрэлт-Одоос 1465000 төгрөг, Н.Одбаяраас 1205000 төгрөг тус тус авч, хохирогч Г.Гэрэлт-Од, Н.Отгонбаяр нарт бага бус хэмжээний хохирол буюу нийт 2670000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх ” Шүүгдэгч Тугтан овогт Гэрэлийн Энхбаярыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Энхбаярт оногдуулсан 2/хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхбаяраас 2670000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Гэрэлт-Одод 1465000 төгрөг, хохирогч Н.Отгонбаярт 1205000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Н.Отгонбаярын унааны зардалд 120000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Энхбаярт 2/хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхбаяр болон хохирогч Н.Отгонбаяр, Г.Гэрэлт-Од нар нь бие биенээ таньдаггүй, анхны санаачлагыг Ганчимэг гарган зуулчилсан байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын явцад Ганчимэгийг татан шалгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоож чадаагүй. Г.Энхбаярын мэдүүлгээр өөрийг нь яллаад, ял шийтгэл оногдуулаад байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэсэн заалтыг зөрчсөнд гомдолтой байна.Залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхитэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй гэжээ гэтэл шүүгдэгч Г.Энхбаярын хувьд бусдыг хуурч мэхлэх санаа зорилго байгаагүй, үүнд чиглэсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй байхад гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг барьсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.Энхбаярыг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Гэрэлт-Од гэдэг хүнийг танихгүй харж байгаагүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Энхбаяр нь 2016 оны  02 дугаар сарын 17,23-ны өдрүүдэд давтан үйлдлээр бусдыг хуурч мэхлэх аргаар Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж залилан мэхэлж Г.Гэрэлт-Одоос 1465000 төгрөг, Н.Отгонбаяраас 1205000 төгрөг тус тус авч, хохирогч Г.Гэрэлт-Од, Н.Отгонбаяр нарт бага бус хэмжээний хохирол буюу нийт 2670000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Г.Энхбаярын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан: хохирогч Н.Отгонбаяр / хх-н 27-28  /, Г.Гэрэлт-Од / хх-н 32 /, гэрч Д.Оюун / хх-н 34 /, С.Өлзий-Хишиг / хх-н 38-39 /,Л.Баяраа / хх-н 43 /,Б.Ганчимэг / хх-н 44-46 / нарын мэдүүлгүүд, хураан авах тогтоол, бичиг баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 13-16 /, депозит дансны харилцагчийн монгол хуулга / хх-19 / зэрэг тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэлтэй болжээ.

Г.Энхбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан  ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон  байна.

Г.Энхбаярын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн “ Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг барьсан “ гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл: Мөрдөн байцаалтад өгсөн : хохирогч Н.Отгонбаярын “ . . . Г.Энхбаяр Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гээд 1205000 төгрөгийг өөрийн дансандаа хийлгэж авсан.Дархан аймагт байдаг Б.Ганчимэг гэдэг хүнээр дамжуулж холбоо барьсан “  гэх мэдүүлэг / 27-28 /, хохирогч Г.Гэрэлт-Одын “ . . . Г.Энхбаяр гэдэг хүнийг танихгүй уулзаж байгаагүй. . .2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Онцгой байдалд ажилд оруулж өгнө дарга нь манай найз бид нар гэр бүлийн найз гэж утсаар хэлсэн тэгээд төрийн банкаар дамжуулж Гэрэлийн Энхбаяр гэдэг хүний дансанд 1465000 төгрөг хийсэн.Эхнэр Д.Оюуны хамт явж байгаад хийсэн “ . . . гэх мэдүүлэг / хх-н 32 /.

Мөрдөн байцаалтад өгсөн : гэрч Д.Оюуны “ . . . Г.Энхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Г.Гэрэлт –Одыг Ховд аймгийн Онцгой байдалд ажилд оруулж өгнө гэж утсаар хэлсэн.Тэгээд төрийн банкаар дамжуулж Гэрэлийн Энхбаяр гэдэг хүний дансанд 1465000 төгрөг хийсэн “. . . гэх мэдүүлэг / хх-н 34 /, гэрч С.Өлзийхишигийн “. . . Би Гэрэлийн Энхбаяр гэдэг хүнийг танихгүй. . . Гэрэлийн Энхбаяр гэдэг хүн Г.Гэрэлт-Од гэдэг Дөргөн сумын залууг ажилд оруулж өгнө гээд 1460000 төгрөг авсан гэж байсан. Г.Энхбаяр,Л.Баяраа гэх хүн бид 3 уулзсан. Надад ямарч хамаагүй “ . . . гэх мэдүүлэг / хх-н 38-39 /, гэрч Л.Баяраагийн “ . . . Д.Оюун, Г.Энхбаяраас мөнгө нэхсэн. Г.Энхбаяр нь мөнгийг нь олж өгнө гэж байсан “. . . гэх мэдүүлэг / хх-н 43 / гэрч Б.Ганчимэгийн “. . . Г.Энхбаяр эгч түүний нөхөр Бямбасүрэн ах 2 надад энд нэг ажлын байр байна орох хүн байгаа болов уу чи нэг асуугаадхаач гэсэн тэгэхээр нь би манай ахын хүүхдүүд ажилгүй байгаа гэж хэлээд хооронд нь утсыг нь өгөөд холбуулсан” гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Энхбаяр хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Г.Гэрэлт-Одоос 1465000 төгрөг, Н.Отгонбаяраас 1205000 төгрөг тус тус авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.Энхбаярын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Г.Энхбаярын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

           

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ТУЯА

                                  ШҮҮГЧИД                          Д.МӨНХӨӨ

                                                                             Б.ДАМБА