Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ201/00984

 

Л.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00413 дугаар шийдвэртэй,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 973 дугаар магадлалтай,

         Л.Б нэхэмжлэлтэй,

         А ХК-д холбогдох,

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 200 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргалын гаргасан гомдлоор

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам,  нарийн бичгийн даргад Э.Боролдой нар  оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие  2010-08-18-ны өдөр А ХК-д технологийн ажилчнаар, 2011-09-29-ний өдрөөс ээлжийн мастераар тасралтгүй 6 жил ажилласан. Би 2016-10-05 -ны өдөр эмнэлэгт хэвтсэн ч  тэр өдрөө эмнэлгээс гарсан. 2016-10-24 -ний өдөр Нийслэлийн өргөө амаржих газарт хэвтэж, 2016-10-26 -ны өдөр хагалгаанд орсон. Хагалгаанаас гарсны дараа лабораторийн эрхлэгч В.Баттуяа “2016 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс будаг амтагдсан” гэх гомдол ирсэн, чи арга хэмжээ авсангүй” гэж утсаар хэлсэн. 2016-10-22 -ны өдөр 11 цагийн үед би цэвэрлэгээ хийхээр ажилчдаа аваад ороход надад мэдэгдэлгүйгээр будаг хийгээд эхэлсэн байсан. Би 2016-11-01 -ний өдөр эмнэлэгээс гарсан, 2016-11-02 –с 11-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 2016-11-02 -ны өдрийн 252 дугаар тушаалд “2016-10-24 -ний өдөр ээлжийг ахлан ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтээ хайнга хандаж, үйлдвэрлэлийн дамжлага дундын хяналтыг хийгээгүйн улмаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гадны биет илэрсэн” гэжээ. Энэ өдөр би эмнэлэгт хэвтэж байсан ба ээлжийн ахлагч хийгээгүй, удаа дараа гологдол бүтээгдэхүүн гаргаж байгаагүй. Яг миний үйлдвэрлэсэн талхнаас тэр хар тугалга гарсан эсэх нь тодорхойгүй учраас би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг эмнэлэгт байх хугацаанд буюу 2016-10-24 -ний өдөр ажилласан гэж үндэслэлгүй халсан учраас би гомдолтой байгаа.

         Иймд намайг ээлжийн мастер-н ажилд эгүүлэн тогтоож, 3 сар 12 хоногийн цалинд 4 200 000 төгрөг, өмгөөллийн хөлс 800 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг А ХК-иас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Б нь ноцтой зөрчил гаргасан. 2016-10-24-ний өдөр үйлдвэрлэгдсэн “Өргөө” хар талхнаас 0,5 мм диаметртэй хөнгөн цагаан, дугуй хэлбэртэй бөмбөлөг гарч ирсэн тухай хэрэглэгч н.Болортунгалаг компанид гомдол гаргасан. Гомдлын дагуу компанийн итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээ хийж, мөн техникийн албаар давхар шалгуулж бүтээгдэхүүнээс гарсан гадны биет нь үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмжид хамааралгүй болох нь тогтоогдсон. Техникийн албаны зүгээс гурил шигшигчийн сетка цоороогүй тул гадны биет гаднаас орсон талаар тодорхойлсон байдаг. Энэ гадны биет нь өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад зуурмаганд орсон байж болзошгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь ажилчиддаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий ээлжийн мастертай шууд холбоотой. Л.Б нь 2016-10-23 -ны өдөр манай компанийн 2 дугаар үйлдвэрт ээлжийн мастераар ээлж ахлан ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтээ хайнга хандаж, үйлдвэрлэлийн дамжлага дундын хяналтыг хийгээгүйгээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нь гадны биет орсон. Уг зөрчил нь манай компанийн эрхлэх үйл ажиллагааны онцлогоос хамаарч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ноцтой зөрчил юм. Лабораторын дүгнэлтийн хувьд 2016-10-23 -ны өдөр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь 2016-10-24 -ний өдрөөр бичигддэг. Бид нар тушаал шийдвэр гаргахдаа 2016-10-23 -ны өдрийг 24-ний өдөр гэж бичсэн байна. Учир нь 2016-10-24 -ний өдөр худалдаанд гарсан шинэ талхаа 2016-10-24 -ний өдөр гэдэг ойлголтоор энэ өдрөөр тушаал дээрээ оруулсан байна.

        Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хуульд заасан ноцтой зөрчил гаргасан, 2010 оны хөдөлмөрийн гэрээ, мөн 2013 оны хөдөлмөрийн гэрээний 2.3.4 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрлөх үүрэгтээ хайнга хандаж, удаа дараа гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлийг заасан. Ноцтой зөрчлийг гэрээгээр тусгайлан зохицуулж хэлбэршүүлсэн байгаа. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11 дэх хэсэгт ажлын хариуцлагаас шалтгаалан технологийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн гэсэн тус тус заалтыг үндэслэн иргэн Л.Б хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гологдол бүтээгдэхүүн удаа дараа гаргасан гэдэгт түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд будагны үнэр шингэсэн байдагтай холбоотой. Үүнийг тухайн өдрийн ээлж ахалж байгаа мастер урьдчилан тооцох бололцоо байсан ч ажилдаа хайнга хандсаны улмаас гологдол бүтээгдэхүүн гарсан нь тогтоогдож байгаа юм. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын  2.9 дэх хэсэгт ажилтанд чөлөө олгох талаар зохицуулсан  бөгөөд ажилтны чөлөө авах тухай хүсэлтийг үндэслэн 1 хоногийн чөлөөг шууд харьяалах удирдлага, 2 буюу түүнээс дээш хоногийн чөлөөг гүйцэтгэх захирлын тушаалаар олгодог. Л.Б чөлөө авах тухай хүсэлтээ гаргаагүй, албан ёсоор чөлөөний хуудсаа удирдлагадаа цохуулаагүй, тушаал гарсан 2016-11-02 -ны өдөр эмнэлэгт хэвтсэн тухай эмнэлэг, эмчийн магадалгаа албан ёсоор ирүүлээгүй байсан тул бидний гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00413 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Л.Бийг “Атар өргөө” ХК-ийн 1-р үйлдвэрийн ээлжийн мастер ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Атар өргөө” ХК-иас  3 138 488 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 1 061 512 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Л.Б холбогдох  дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж,  800 000 төгрөг гаргуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан Л.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж,  2016-11-22 -ны өдөр төлсөн 34.350 төгрөг, 2016-11-22 -ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн  данснаас буцаан олгох, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65 165 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна. 

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 973 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “нэхэмжлэгч” гэсний өмнө “ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул...” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Л.Бийг 2011-09-29 -ний өдрөөс 1-р үйлдвэрт түр ээлжийн мастераар ажиллуулахаар томилж, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд маргаагүй ...” гэж дүгнэсэн атлаа  “...ажил олгогчоос Л.Бийг 1-р үйлдвэрт түр ээлжийн мастерын ажилд томилсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 24.1-д зааснаар түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул Л.Бийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй юм... гэж дүгнэсэн. Энэ  нь хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг хууль зүйн талаас нь зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс алдаатай дүгнэлт өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулах болон энэ талаар холбогдох хууль зүйн дүгнэлтийг өгөөгүй атлаа талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулаагүй гэдэгт хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан, аль эсвэл хөдөлмөрийн гэрээг хэвлэж өгөхгүй байх, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс зурж, баталгаажуулахаас зайлсхийх зэрэг агуулгаар тайлбарлагддаг болохоос ажилтан гарын үсэг зурахаас татгалзсан үйлдлийг зөвтгөж ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна гэх агуулгаар тайлбарлаж, ажил олгогчийг буруутгаж байгаа нь хууль зүйн хувьд учир дутагдалтай дүгнэлт болжээ. Ноцтой зөрчил гаргасан  нь  тогтоогдоогүй гэж  дүгнэхдээ ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийн агуулгаа баримтын хүрээнд дэлгэрүүлж тайлбарлаагүй өнгөц дүгнэлт хийсэн нь буруу юм. Ямар учраас тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг хийгээгүй. Үүнээс шалтгаалж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй. 2016-10-24 -ний өдөр худалдаанд гарсан  талхнаас   “хөнгөн цагаан, дугуй хэлбэртэй бөмбөлөг” гарч ирсэн тухай хэрэглэгч гомдол гаргасан. Гадны биет нь үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмжинд хамааралгүй болох нь лаборатори болон техникийн албаны тодорхойлолтоор тогтоогдсон. Техникийн албаны зүгээс гурил шигшигчийн сетка цоороогүй тул гадны биет гаднаас орсон талаар тодорхойлсон. Хөдөлмөрийн ноцтой зөрчлийг компанийн хэмжээнд холбогдох алба, нэгжүүд чиг үүргийн хүрээнд шалгаж тогтоосон, энэ тухай холбогдох дүгнэлтүүдээ гаргаж хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт авагдсан байтал шүүх ноцтой зөрчилд холбогдох баримтуудыг нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-г зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

         Л.Б нь “... ажилд эгүүлэн тогтоолгох, олговор 4 200 000 төгрөг, өмгөөллийн хөлс 800 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг гаргуулах... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх...” шаардлагыг Атар өргөө ХК-д холбогдуулан гаргасан байна. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “Атар өргөө” ХК-ийн 1-р үйлдвэрийн ээлжийн мастерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3 138 488 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож холбогдох дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.    

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан боловч  хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.   

      “Атар өргөө” ХК нь “... шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй... талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэсэн буруу дүгнэлт хийсэн... нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа...” гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

       Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       “Атар өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 252 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11к, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3.4-г үндэслэн “...технологийн горим зөрчсөн... гологдол бүтээгдэхүүн удаа дараа үйлдэрлэсэн... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүтээгдэхүүнээс гадны биет илэрсэн...” гэж 1-р үйлдвэрийн ээлжийн мастер Л.Бийг ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. 

        Ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тул энэ талаарх хоёр  шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ. 

       Л.Б халагдахдаа Атар өргөө ХК-ийн 1-р үйлдвэрийн ээлжийн мастераар  ажиллаж байжээ. Нэхэмжлэгч ээлжийн мастерийн ажлыг гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 252 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх нөхцөл бүрдэх  юм.

       1-р үйлдвэрийн ээлжийн мастераар ажиллах, ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээнд ажилтан гарын үсэг зураагүй байх тул зохигчид “ноцтой зөрчил”-ийн талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан буюу тохиролцсон гэж үзэхгүй. Хөдөлмөрийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүйд нэхэмжлэгч буруутай гэж үзэх үйл баримт хэрэгт байхгүй байна. 

        Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь  тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай ажил олгогчийн гомдлыг хангах  үндэслэлгүй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 973 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан  хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч  Атар Өргөө ХК-с улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ