Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2016/00004

 

Капитал банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй,

******* ОНӨҮГ-т холбогдох хэргийн талаар

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, ерөнхий шүүгч Л.Наранбаяр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хосбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, онлайнаар хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж шийдвэрлэсэн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 398 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******ы давж заалдах гомдлоор Капитал банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй, ******* ОНӨҮГ-т холбогдох хэргийг 2015 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь ******* ОНӨҮГ-тай 2014.12.05-ны өдөр 04/520 тоот Цалингийн зээлийн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Капитал банкны зүгээс цалингийн зээлийн хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ******* ОНӨҮГ-аас ирүүлсэн ажилчдын цалингийн цэсийг үндэслэж, хүүгүйгээр, 10 хоногийн хугацаатай, ******* ОНӨҮГ-ын 274 ажилтны 2015 оны 01 дүгээр сарын цалинд 117.711.564 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар харилцагч байгууллага ажилчдын цалин буюу зээл 117.711.564 төгрөгийг Капитал банкны дансанд 10 хоногийн дотор шилжүүлээгүй тул 2015.02.12-ны өдөр гэрээний 3.11-т зааснаар тус байгууллагын нэр дээр авлагын данс үүсгэсэн. Гэвч харилцагч байгууллага 117.711.564 төгрөгөөс

- 2015.02.27-ны өдөр 1.600.000 төгрөг /зээлэнд/ - 2015.02.27-ны өдөр 02.22-02.26-ны өдрийг дуустал 5 хоногийн алданги / 1.765.673.46 төгрөг,

- 2015.04.30-ны өдөр 02.27-03.19-ны өдрийг дуустал 21 хоногийн алданги / 7.315.028.53 төгрөг,

- 2015.07.27-ны өдөр 03.20-05.06-ны өдрийг хүртэл 45 хоногийн алданги 15.675.061.14/ алдангид нийт 24.755.763.13 төгрөг төлсөн, нийт алданги болон авлагад 26.355.763.13 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн 116.111.564 төгрөгийг 35.065.692 төгрөгийн алдангийн хамт гаргуулахаар шүүхэд 2015.09.11-ний өдөр шилжүүлснээс хойш 2015.10.07-нд 60.000.000 төгрөгийг шилжүүлснээс нь хугацаа хэтрүүлсэн алдангид 35.065.692 төгрөгийг суутгаж, үндсэн зээлээс 24.934.308 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаас алдангид илүү тооцож авсан 965.673 төгрөгийг хасч бүгд 90.211.583 төгрөгийн үндсэн зээлийг гаргуулахаар нэхэмжилж байна, анзын үлдэгдэл төлбөргүй. ******* ОНӨҮГ манай зээлийг хэтэрхий өндөр торгуултай гэж маргаж байна. Эднийх өмнө нь энэ гэрээгээр 2014 оны 12 сард бас 103.298.247 төгрөгийн цалингийн зээл аваад 58 хоногийн алдангид 24.755.763 төгрөг төлж байсан. Өмнө нь энэ зээлийг авч байсан болохоор алдангийг мэдэж, зөвшөөрч авсан гэж үзэж байна. Тэгээд ч манайх сар бүр эдний байгууллага руу зээлийн үлдэгдэл торгуулийн талаар тоотоор мэдээлж байсан. Төлөхгүй гэж хэлдэггүй байсан. Харин 2015 оны 09 сард эдний авлагаас авах алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтэрлээ гэж үзээд зогсоосноос хойш төлөх боломжгүй байна, шилжүүлсэн мөнгийг алдангид авахгүй үндсэн зээлээс хасч тооцуулая гэж хүсэлт тавьж байсан. Манай цалингийн зээл харин ч бусад банктай харьцуулахад хүү тооцохгүй, 10 хоногийн хугацаатай олгож байгаа нь давуу талтай, гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ******* ОНӨҮГ-ын захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Капитал банктай 2014.12.05-ны өдөр 04/520 тоот цалингийн зээлийн хамтран ажиллах гэрээ байгуулж, 2015 оны 1 дүгээр сарын цалингаа зээлээр Капитал банкнаас авсан. Зээлсэн 117.711.564 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн хугацаа хэтрүүлвэл хоногийн 0,3хувийн анз төлөхөөр гэрээ хийсэн. Энэ анз нь хэтэрхий өндөр ямар ч өндөр хүүтэй банкны зээлээс өндөр хүү сард авч байгааг зөвшөөрөхөд хэцүү байна. Одоогийн байдлаар манай байгууллагаас 86.355.763.13 төгрөгийг төлсөн боловч алдангид 59.821.455 төгрөгийг суутган авсаныг зөвшөөрөхгүй. Үндсэн зээлээс хасуулмаар байна. Мөн энэ маргаантай асуудлыг шүүхийн журмаар шийдүүлнэ. Бид эвээр яриад эвлэрэе гэхээр Капитал банк зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 398 дугаартай шийдвэрээр:

Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ОНӨҮГ-аас үндсэн зээлэнд 86.355.763 / наян зургаан сая гурван зуун тавин таван мянга долоон зуун жаран гурав / төгрөг төлөгдсөнийг дурдаж, үндсэн зээлийн үлдэгдэл 31.355.801 / гучин нэгэн сая гурван зуун тавин таван мянга найман зуун нэг / төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож, Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 33.465.692 /гучин гурван сая дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 913.837 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч ******* ОНӨҮГ-аас 614.729 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, хариуцагч талд ашигтайгаар, нэхэмжлэлд дурьдаагүй үг, үсгийг шийдвэрт тусгасан, үгийг мушгин гуйвуулсан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Талууд 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 04/Б20 тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 1.1-д тус гэрээний зорилго, талуудын хооронд үүсэх харилцаа болон бусад нөхцлийг дэлгэрэнгүй тусгасан. Уг гэрээний 3.11-д Банк нь цалингийн цэс, гүйлгээний баримтыг үндэслэн санхүүжилт орж ирээгүй тохиолдолд авлага үүсгэн ажилчдын картанд цалинг оруулж болох бөгөөд 10 хоногт авлагын дансыг хаалгах буюу хугацаа алдвал хоногт 0.3 хувийн алданги тооцно гэж заасан.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн авлага, гэрээнд заасны дагуу тооцсон алдангийг нэхэмжилсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбар нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 116.111.564 төгрөгийн үндсэн зээл ..., төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ гэж үзсэн.

Нэхэмжлэгч болон хариуцагч талын хооронд зөвхөн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Капитал банкнаас ******* ОНӨҮГ-т цалингийн зээл олгосон гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2014 оны 12 сарын 05-ны өдөр байгуулсан Цалингийн зээлийн хамтран ажиллах гэрээ-ээр цалинг хүүгүйгээр 10 хоногийн хугацаатай зээлээр олгох буюу хугацаа хэтрүүлвэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар анз тооцохоор гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 452.1-д заасан банкнаас олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэсэн хуулийн шаардлагад нийцэж байна гэж дүгнэсэн. Мөн 10 хоногоос дээш хугацаагаар зээлийг буцаан төлөөгүй тохиолдолд авлага үүсгэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар анз тооцно гэсэн нь Иргэний хуулийн 452.2-т заасан заалтыг зөрчсөн байх тул анз тооцох боломжгүй гэж дүгнэсэн.

Шүүх талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 3.11 дэх заалтыг хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэхийн тулд гэрээнд тусгагдаагүй үгийг санаатайгаар байгаа мэтээр шийдвэрт тусгаж хэргийг шийдвэрлэсэн, үгийг мушгин гуйвуулсан.

Үнийн дүнгийн 0.3 хувиар анз тооцохоор гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 452.1-д заасантай нийцнэ гэж зээлийн хүүг гэрээний алданги буюу анзтай холбон тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй дүгнэлт өгсөн.

Иргэний хуулийн 452.2-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан. Банкны зүгээс хуулийн хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр алданги тооцохоор тусгасан бөгөөд талууд зээлийн гэрээ байгуулаагүй учраас хүүний талаар анхнаасаа тусгаагүй. Шүүгч нь зээлийн хүү болон гэрээний алдангийг ялгаж салгаж ойлгоогүй. Капитал банк нь ******* ОНӨҮГ-тай зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, тухайн байгууллагын нэр дээр зээлийн данс үүсгээгүй, зөвхөн авлагын данс үүсгэсэн. Шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тухайн байгууллагын ажилчдын цалинг банкаар дамжуулан олгох, мөн ажиллагсдад цалингийн зээл олгох, зээлийн хугацаа, хүү, олгох зээлийн хэмжээ зэрэг зээлийн нөхцлийг зохицуулсан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу буюу буруу үнэлж, нэхэмжлэлийн үнийн дүнгийн алданги 58.855.782 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Капитал банкны анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу буюу буруу үнэлж, нэхэмжлэлийн үнийн дүнгийн алданги 58.855.782 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн авлага, гэрээнд заасны дагуу тооцсон алдангийг нэхэмжилсэн гэжээ. Хариуцагч нь авсан зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч алданги төлөхийг зөвшөөрөхгүй байгаа болно.

Банк нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Банкны тухай хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг ашиг олох зорилгоор эрхэлдэг бөгөөд зээлийн үйл ажиллагаа нь банкны үндсэн үйл ажиллагаа юм.

Талуудын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгч тал зээлийн гэрээ биш гэж үзэж байгаа нь банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк ашиг олох зорилгоор 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн хамтран ажиллах гэрээнд тусгавал зохих зүйлийг зохицуулсан Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т хариуцлага буюу анз төлөхөөр заагаагүй бөгөөд хуулиар хамтран ажиллах гэрээнд анз хэрэглэхийг зөвшөөрөөгүй байна.

Гэрээ нь хуульд нийцэж, хуульд заасан шаардлагыг хангаж байх үүднээс авч үзвэл уг цалингийн зээлийн хамтран ажиллах гэрээ нь зээлийн гэрээний шинжийг агуулсан учир шүүхийн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 33.465.692 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбар нь 2015.02.12-ны өдөр ******* ОНӨҮГ-ын 274 ажилчдын цалинд 117 711 564 төгрөгийг тус бүрийн картанд шилжүүлсэн ба тус байгууллага нь цалингийн зээлийн хамтран ажиллах гэрээний 3.11 дэх заалтыг зөрчсөн гэж үндсэн зээлд 116 111 564 төгрөг, алдангид 35 065 692 төгрөг, бүгд 151 177 256 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлжээ.

Хариуцагч ******* ОНӨҮГ нь Капитал банкны Сүхбаатар салбараас ажилчдын цалинд 117 711 564 төгрөг авсан, 2015.02.27-ноос 2015.10.07-ныг хүртэл 86 355 763.13 төгрөг төлсөнөөс банк 26 534 308 төгрөгийг үндсэн зээлд, үлдсэн 59 821 455 төгрөгийг алдангид тооцон авсан тул алдангид авсан мөнгийг үндсэн зээлээс хасуулна гэж маргажээ.

Капитал банкны Сүхбаатар салбар нь ******* ОНӨҮГ-тай 2014.12.05-ны өдөр Цалингийн зээлийн хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний гурав дахь хэсэг буюу ерөнхий нөхцөлд тус байгууллагын ажилчдад цалингийн зээлийг 24 сарын хугацаатай, 1,5-1,8 хувийн хүүтэй, гарт олгох цалинг 24 дахин нэмэгдүүлж /15 сая төгрөг/ олгохоор, мөн 3.11-т банк нь цалингийн цэс, гүйлгээний баримтыг үндэслэн санхүүжилт орж ирээгүй тохиолдолд авлага үүсгэн ажилчдын картанд цалинг оруулж болох бөгөөд 10 хоногт авлагын дансыг хаалгах буюу хугацаа алдвал хоногт 0.3 %-ийн алданги тооцно гэж заажээ./хх-4-6/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зээлийн гэрээ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд тухайн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээн, гэрээг бичгээр хийнэ. гэжээ.

Банк нь зээлдэгч байгууллагын ажилчдын нэрийн дансанд тэдгээрийн цалинд 117 711 564 төгрөгийг 10 хоногийн хугацаатай шилжүүлсэн нь хоёр байгууллагын хооронд зээлийн гэрээ хийгдсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх гэрээний 3.11-д ...10 хоногт авлагын дансыг хаалгах..., мөн ... хугацаа алдвал 0,3 %-ийн алданги тооцно. гэж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1- д заасан Банкнаас олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэсэн хуулийн шаардлагад нийцэж байна гэж дүгнэсэн, харин 10 хоногоос дээш хугацаагаар зээлийг төлөөгүй тохиолдолд авлага үүсгэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний чөлөөт байдлыг заасан байдаг. Тиймээс Капитал банкны Сүхбаатар салбар нь ******* ОНӨҮГ-тай гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна. Хэдийгээр талууд гэрээ байгуулахдаа гэрээний чөлөөт байдлыг сонгох эрхтэй ч гэрээний чөлөөт байдал нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан хуулийн хүрээнд хийгдэх ажээ. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан ... анзыг хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан заалттай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 609008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ******* ОНӨҮГ-ын банкин дахь харилцах дансыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан боловч нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн огноо зөрүүтэй бичигдсэн зэрэг нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Хоёр. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 609008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА