| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0271/Э |
| Дугаар | 319 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Д.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911006780367 дугаартай хэргийг 2019 оны 4 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Гомбосүрэн овогт Д.Х, 1962 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Эс Ай Дабль Ю” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 9 дүгээр гудамжны 332 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 60/1-38 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд: -Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 30.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, .............................................
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадна иргэн Э.Балжиннямыг хавирч унаган, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Э.Балжинням мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 2 дугаар сарын 16-ны орой 20:30 цагийн орчим миний бие өөрийн 61-48 УНР улсын дугаартай “Приус-11” маркийн машинтайгаа явж байгаад 7 буудлын урдаас төв зам дагуу гар өргөөд зогсож байсан 50 гаруй насны согтуу байдалтай хүнийг зогсож авахад Баянбүрд орно гэсэн бөгөөд замд явахдаа аль нутаг вэ гэхээр нь би хотынх гэхэд чи нутаггүй, муу хужаа гэх мэтээр хэлээд хойноос нудраад байсан ба Баянбүрд дээр ирэхэд мөнгө өгөхгүй, та нар шиг хужаад би мөнгө төлөхгүй, чаддаг юм бол цагдаад очъё гэж хэлэхээр нь би урагшаа яваад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн гадаа ирээд зогсоход нөгөө ах чинь өөрөө бууж ирээд намайг татаж буулгаад одоо цагдаа дээрээ оръё гээд хамт орцгоотол цагдаа нартай юм ярьж байгаад намайг бичиг баримтаа аваад ир гэхээр нь би гадагшаа гараад машин руугаа очиж байтал нөгөө ах чинь хойноос хүрч ирээд намайг хавирч унагаасан ба би босох гэтэл хамар орчим цохьчихсон юм ... Ийм зүйл болж миний хамарнаас цус гарч хамар гэмтсэн юм ...Намайг хавирч унагаад босох гэтэл л хамар луу гараараа нэг удаа цохисон. Өөр зодож цохисон асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,
Гэрч Б.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэр хоёр үүдний хэсэгт маргаад байсан ба таксины жолооч залууг нь бичиг баримтаа аваад ир гэж гаргаад нөгөө согтуу хүнийг нь та наанаа хүлээгээд байж бай гэтэл хоёулаа хэлтсээс гараад явсан ба хойноос нь гараад харахад таксины жолоочийг хавсарч унагаагаад дээрээс нь цохих шиг болохоор нь гүйж очоод нөгөө эрэгтэйг нь татаж холдуулан гарыг нь гавалсан. Тэгэхэд таксины жолооч залуугийн хамраас цус гарсан байсан ба өргөдлөө бичиж өгөөд явсан ...Хойноос нь харж байхад хавсраад газар унагаасан ба дээрээс нь толгой орчимд нь цохих шиг харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-16х/,
Яллагдагч Д.Х мэдүүлэхдээ: “...Миний бие 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр найзуудын хамт зуслан дээр очиж архи ууцгаасан ...Би нэлээд согтчихсон байсан болохоор машинд суугаад юу болсон талаар сайн санахгүй байгаа бөгөөд таксины жолооч хүүтэй маргалдаад байснаа хагас дутуу санаад байгаа юм. Тэгээд нэг мэдэхэд цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байсан ба нөгөө жолооч залуу намайг үлдээгээд гадагшаа гарч байхаар нь хойноос нь гарч явсан. Тэгээд юу болсоныг мөн сайн санахгүй бөгөөд цагдаад баригдаад эрүүлжүүлэх байр луу явж байсан юм. Ийм зүйл болсон бөгөөд би жолооч залууг цохисон гэдгээ сүүлд нь мэдсэн юм ... Түүний биед учруулсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх мэдүүлэг /хх-23-24х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №2460 тоот дүгнэлтэд:
“1. Э.Балжиннямын биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэжээ /хх-18х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадна иргэн Э.Балжиннямыг хавирч унаган, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б.Бямбадорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.