Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01042

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01142 дугаар шийдвэртэй,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* СӨХ-нд холбогдох,

94,961,442 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Манай компани нь харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ******* СӨХ-той 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээгээр *******ын ******* дугаар байрын харуул хамгаалалтыг хариуцан гүйцэтгэж ажиллаж ирсэн. ******* СӨХ нь сарын гэрээний үнийн дүнг гүйцэт төлөхгүй хуримтлуулсаар 94,961,442 төгрөгт хүргэсэн бөгөөд бид төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан боловч төлбөрийг барагдуулаагүй. Иймд ******* СӨХ-ноос төлөөгүй хуримтлагдсан 94,961,442 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ гэрээнд заасан үйл ажиллагааны дагуу харуул хамгаалалтын ажилтан гаргасан гэж үздэггүй. Зарим үед хамгаалалтын ажилтан байгаад, заримдаа байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байна. Хэрэгт гаргаж өгсөн баримаар 6 сар харуул хамгаалалт хийж байсан баримт байгаа. Уг баримтаас харахад 6 сарын харуул хамгаалалтын төлбөр тооцоог тооцож үзвэл гэрээнд зааснаар сарын 11,000,000 төгрөг, нийт 66,000,000 төгрөг болж байна. Уг төлбөр төлөгдөөгүй гэсэн зүйл яригдаагүй. Мөн 94,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр тооцоолж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ******* СӨХ /РД9915664/-оос 94,961,442 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК /РД:5407427/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* СӨХ-оос 632,757 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээс харвал ******* ХХК нь ...харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсэн, хариуцагч төлбөр бүрэн төлөгдөөгүй... гэх үндэслэлээр талууд маргасан.

Хууль болон гэрээнд зааснаар харуул хамгаалалтын ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэсэн бол төлбөрийг авах эрх үүсэхээр байна. Түүнчлэн хариуцагч нь харуул хамгаалалтын ажил гүйцэтгэвэл зохих талбайд 10 ажилтан ажиллуулахаар талууд тохиролцсон ба энэ нь хэрэгг авагдсан баримт, шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Тухайлбал:

1. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл хугацааны харуул хамгаалалтын ажлыг н.А*******, Ө.Д*******, н.Э*******, Д.М*******, Д.Ж, Н.Б, Ц.С, н.Ц, н.Б гэх хүмүүс гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаар Ө.Д*******, н.Ц гэх хүмүүс,

2. 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны харуул хамгаалалтын ажлыг Э.А*******, Т.С, н., Д.Ж, Н.Б, Ц.С. н.Ц, Ч.Б гэх хүмүүс гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар н.С, Н.Б, Ц.С, н.Ц гэх хүмүүс,

3. 2023 оны 04 дүгээр сарын 06-ний одрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны харуул хамгаалалтын ажлыг Э.А*******, Г.Т, Н.П, Д.М*******, Ү.Б, н.Ц, А.П, Д.О, н.Б гэх хүмүүс гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар Д.М*******, н.Ц гэх хүмүүс,

4. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны харуул хамгаалалтын ажлыг Э.А*******, Г.Т. Н.П, Д.М*******, Ү.Б, н.Ц, А.П, Д.О, н.Б гэх хүмүүс гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар Д.М*******, н.Ц гэх хүмүүс,

5. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны харуул хамгаалалтын ажлыг Э.А*******, Г.Т. Н.П, н.Ц, Д.М*******, Ү.Б, н.Ц, А.П, Д.О, н.Б гэх хүмүүс гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар н.Ц, Д.М*******, н.Ц, Д.О гэх хүмүүс тухайн сард ажиллаж, байгаагүй болох нь тус тус нийгмийн даатгалын тайлангаар нотлогдсон.

Түүнчлэн анхан шатны шүүхийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ тооцоо нийлсэн актыг үндэслэж асуудлыг шийдвэрлэжээ. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тооцоо нийлсэн акг нь санхүүгийн анхан шатны баримтад үндэслэсэн байх, бодитой байх шаардлагатай юм. Нэхэмжлэгч байгууллага гэрээ ёсоор, анх хэлэлцэж тохиролцсон ёсоор, хамгаалалтын ажилтан ажиллуулж байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон. Шүүх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй этгээдэд мөнгөн хөрөнгийг олгохоор шийдвэрлэсэн хуульд нийцээгүй.

******* ХХК нь тухайн үеийн гүйцэтгэх захирал, нягтлантай үгсэн хуйвалдаж, бага хэмжээний ажлыг их хэмжээний мөнгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан, мөн түүнчлэн тооцоо нийлсэн акт зэргийг үйлдэж, үндэслэлгүйгээр их хэмжээний авлага бий болгож, сууц өмчлөгдийн холбооны мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр өөрсөддөө авч, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хохироож байсан байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Манай байгууллагын зүгээс объектыг эзэнгүй үлдээж байгаагүй. 1 сараас эхлэн тооцоо нийлсэн, тухайн үед дутуу ажиллуулсан хүн байвал гэрээний дүнгээс хасаж тооцох байсан гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* СӨХ-нд холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 94,961,442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Харуул хамгаалалтын гэрээ байгуулж, уг гэрээний 1.5-д хамгаалагч тал нь үйлчлүүлэгч талын Маршал таун хотхоны ******* дугаар байрыг хамгаалах, 2.1-д зааснаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар, 3.1-д Хамгаалалтын үйл ажиллагааны 1 сарын нийт зардал 11,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон, мөн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээний 1.5-д хамгаалагч тал нь үйлчлүүлэгч талын Маршал таун хотхоны ******* дугаар байрыг хамгаалах, 2.1-д зааснаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 10 сарын хугацаатайгаар, 3.1-д Хамгаалалтын үйл ажиллагааны 1 сарын нийт зардал 10,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ . /хх 6-7, 8-9/ Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин т байна.

4. Эф эн ай си ХХК нь гэрээнд заасан Маршал таун хотхоны 121-125 дугаар байранд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд харуул хамгаалалтыг гүйцэтгэсэн талаар анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх 11-13, 42-84/

4.1. Учир нь талууд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоог нийлж, хариуцагч тал 94,941,442 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зуржээ. /хх 10/

4.2. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн сарын 30-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсэн ажилтнуудын нэрсийн жагсаалтад ажиллаж байгаагүй этгээдүүдийг бичсэн байгаа боловч гэрээнд заасан харуул хамгаалалт гүйцэтгэх ажлыг бүхэлд нь гүйцэтгээгүй гэж дүгнэхгүйгээс гадна тухайн зөрчил илрэх бүрд хариуцагч байгууллага нь зөрчлийг арилгуулахтай холбоотой шаардлагыг гаргаж байгаагүй байна.

4.3. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэснийг үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК нь хөлсөөр ажиллах гэрээний хөлс болох 94,941,442 төгрөгийг хариуцагч ******* СӨХ-ноос гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5. Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Э.ЗОЛЗАЯА