| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0376/Э |
| Дугаар | 368 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Хохирогч Л.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Ж.Н /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909007660221 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ж.Н,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Н нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын эцсийн орчим Л.Бат-Эрдэнэ нь чиглэлийн бус тээврийн хэрэгсэл хүмүүст үйлчиллээ хэмээн хууль ёсны шаардлага тавьснаас хоорондоо маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь дээд нэг шүдний эмтрэл, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Н нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7 буудлын эцсийн орчим Л.Бат-Эрдэнэ нь чиглэлийн бус тээврийн хэрэгсэл хүмүүст үйлчиллээ хэмээн хууль ёсны шаардлага тавьснаас хоорондоо маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь дээд нэг шүдний эмтрэл, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Н нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Л.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Н-ийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н мэдүүлэхдээ: Хохирогч Л.Бат-Эрдэнэ Дамба руу харин би Салхит руу таксинд явдаг. Тухайн өдөр Энхтуяа гээд эмэгтэй “Ж.Н ахаа Дамба руу хүн ачихгүй юм уу” гэхээр нь Салхит руу 1000 төгрөгөөр, Дамба руу 500 төгрөгөөр явдаг гэж хэлэхэд Энхтуяа Дамба явах 3 хүн олж ирээд миний машинд суухад Л.Бат-Эрдэнэ ирээд “намайг чи битгий давраад байгаарай” гэсэн. Зорчигчид адилхан 1000 төгрөгөөр явах юм чинь гээд миний машинаас буухгүй байсан. Би Л.Бат-Эрдэнэд энэ хүмүүсийг аваад яв гэж хэлэхэд авч явсан бөгөөд нохойн хоол зарж байсан Энхтуяа дээр очоод түүнийг зодох гээд байхаар нь очтол намайг “нүүрээр чинь газар хэвтүүлнэ шүү” гээд миний араас татаад байхаар нь уурлаад Л.Бат-Эрдэнийг цохиход шүд уначихлаа гээд доошоо суусан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 11-ны орой Ж.Н манай шугамны хүмүүсийг ачиж байсан. Би Ж.Н-д “чи яагаад манай шугамны хүмүүсийг ачаад байгаа юм” гэж хэлсэн. Ж.Н-ийн машинд 2, 3 хүн суусан байсан. Тэгээд тэр хүмүүс миний машинд суусан. Нохойны хоол зардаг оюуны саадалтай эмэгтэй гадны машинд янз янзын хүмүүс авчирч өгдөг. Би тэр эмэгтэй дээр очоод “чи яах гэж гадны машинд хүн ачиж өгөөд байгаа юм” гээд загнаад байж байтал Ж.Н хойноос хүрч ирж маргалдаад намайг цохисон. Миний хиймэл шүдний нэг нь хугараад унасан. Мөн шүдний соёо талаараа хугарсан. Тэр дор нь Ж.Н-д “миний шүд хугарчихлаа” гэж үзүүлсэн. Тэгээд хүн дүүрсэн байсан болохоор яваад өгсөн. Би Ж.Н-д “миний шүдийг хийлгээд өгчих тэгээд хоёулаа хоёр тийшээ болъё” гэж хэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ж.Н-той уулзаад сууж байтал хүү нь хүрч ирээд “ална шүү чи одоо засаг шүдээ хэдээр үнэлээд байгаа юм 100.000 төгрөг авах юм уу хэдэн төгрөг авах юм, чи тэр явдаг газраараа яв” гэж хэлсэн. Ж.Н одоо болтол уучлалт гуйгаагүй. Миний шүд юм идэж болохгүй байгаа. Одоо хүртэл эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Манай эхнэр группт байдаг. Би хоёр оюутан хүүхэдтэй. Шүдээ янзлуулчих юм бол гомдол санал байхгүй. Би гомдолтой байна гэв.
Эрүүгийн 1909011590355 дугаартай хэргээс:
Хохирогч Л.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...таксиндаа явж байгаад хүмүүс авах гээд зогстол манай чиглэлийн хүмүүсийг аваад байхаар нь “яагаад манай чиглэлийн хүмүүсийг аваад байгаа юм бэ” гэж асуутал танай чиглэлд машин алга байхаар нь “ачиж байна” гээд бид хоёр маргалдаад үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар цохихоор нь бас зөрүүлээд цохисон. Тэгээд машиндаа суутал миний 1 шүд хугараад 1 шүд хөдөлчихсан байсан, надад эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй, баримтаар гарсан хохирлыг төлчихвөл гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...буудал дээр нохойн хоол зараад байж байтал Ж.Н намайг “Дамба явна гээд орилоод өг” гэхээр нь орилж байтал Л.Бат-Эрдэнэ ирээд “яагаад Дамба гээд орилоод байна” гэж хэлсэн. Тэгээд Ж.Н машинаасаа бууж ирээд яагаад байгаа юм гээд тэр хоёр маргалдаад нэг нэгнээ заамдаж аваад маргалдсан. Ж.Н Л.Бат-Эрдэнийн ам болон шанаа хэсэг рүү гараараа нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шинжээчийн “...Л.Бат-Эрдэнийн биед дээд нэг шүдний эмтрэл, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2367 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,
Яллагдагч Ж.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Бат-Эрдэнэ гэх залуу ирээд яагаад Дамба явах хүн ачаад байгаа юм гэхээр нь машин байхгүй болохоор нь Дамба явах хүн суулгасан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад нэг нэгнээ цохисон. Л.Бат-Эрдэнийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Иймд шүүгдэгч Ж.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1909011590355 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, дансны хуулга /хх-ийн 25 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, захиргааны зөрчил шалгасан баримт /хх-ийн 29-44 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Ж.Н-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтыг дүгнэхэд: шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн баримт байх ба шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, “Шидэт од” шүдний эмнэлэгийн үзлэгийн картад дурдагдснаар 23 дугаар шүдний ирмэг хугарсан, холбоосын завсар өргөссөн /гэмтлийн улмаас байж болно/, хиймэл шүдэлбэр хугарсан зэрэгт хийгдэх эмчилгээ үйлчилгээний тарифыг зиркон бүрээс, сувгийн эмчилгээ, уян хуванцар шүдэлбэрт 813000 төгрөг төлөхөөр тооцоолол хийгджээ. Хохирогч Л.Бат-Эрдэнэ нь энэхүү эмчилгээг хийлгээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Н-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Л.Бат-Эрдэнэ хохирлын 813.000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай
6. Шүүгдэгч Ж.Н хохирогч Л.Бат-Эрдэнэд 8000 төгрөг төлөхөө илэрхийлснийг дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮ