Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01047

 

Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/01290 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.С*******, Ц.Ц******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 75,022,563 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч Ц.Ц*******гийн өмгөөлөгч Г.Г, хариуцагч Б.Сийн өмгөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Т******* ХХК нь Б.С*******, Ц.Ц******* нарт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 65,749,480.68 төгрөгийг, сарын 0.42 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч нар нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх, ийнхүү хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөх үүрэг хүлээсэн.

Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гэрээний 5.6-д зааснаар Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хотхоны ******* байр, 2 давхар, ******* хаягт байрлах 55.76 м.кв, 2 өрөө байрыг барьцаалан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон.

Зээлдэгч Б.С*******, Ц.Ц******* нар нь зээлийн гэрээний төлбөрт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 617,660 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 617,660 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1,236,000 төгрөг, нийт 2,471,320 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болно. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч нарт гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг, зээлийн хүүгийн хамт төлж барагдуулахыг утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар санал санаачлага огт гаргалгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд Б.С*******, Ц.Ц******* нартай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 64,650,044.6 төгрөг, зээлийн хүү 8,643,622.4 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,728,896 төгрөг, нийт 75,022,563 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хотхоны ******* байр, 2 давхар, *******од байрлах орон сууцаар хангуулж өгнө үү.

2. Хариуцагч Б.Сийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.С******* нь Н******* ХХК-ийн захирал *******той 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байр, 2 давхарт ******* 55.79 м.кв орон сууцыг м.кв-ыг нь 1,750,000 төгрөгөөр тооцон 97,500,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийн 20 хувь болох 19,516,000 төгрөгийг төлснөөр орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлж авах, үлдэгдэл 80 хувь буюу 78,064,000 төгрөгийг 180 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу 31,820,519 төгрөгийг төлсөн боловч ******* 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж, Г ХХК, Д ХХК-д төлөх зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан.

2.2. ******* нь дээрх байдлаар Б.Сийн эрхийг зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдсон бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гараагүй байна. Ийнхүү 2016 оноос хойш гэрээний дагуу төлбөрөө төлөөд явж байтал 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* дуудаад Т ББСБ ХХК-тай байгуулсан тоот зээлийн зээлийн гэрээг үзүүлэн байрыг чинь алдах гээд байна гээд тухайн гэрээ болон мөнгө бэлэн авсан кассын зарлагын баримт дээр эхнэр Ц.Ц******* бид хоёроор гарын үсэг зуруулсан. Б.С******* нь 65,759,480 төгрөгийг бэлнээр аваагүй болно.

2.3. Нэгэнт байгуулсан зээлийн гэрээний дагуу 2021 оны 3,4,5,6 дугаар саруудад төлбөрөө төлөөд явж байтал Т ББСБ ХХК-ийн захирал ******* нь олон хүн залилсан гээд эрүүгийн хэрэгт шалгагдан 2021 оны 0******* сард хоригдсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолоор *******, Д.О, Д.Бр нараас 7,265,839,233 төгрөгийг гаргуулж нэр бүхий 393 иргэнд олгохоор шийдвэрлэсэн. Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204086007 дугаартай Баянзүрх дүүргийн ******* хороо *******-******* 55.76 мкв 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж *******, Д.О, Д.Бр нарын хохирогч нарын хохиролд олгохоор шийдвэрлэсэн.

2.4. Иймд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 101/ШШ2022/0 дугаартай шийдвэр гарч дээрхи орон сууцны өмчлөгчөөр Б.Сийг тогтоож, мөн өмчлөгчөөр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаснаар өмчлөх эрх баталгаажсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг байрыг битүүмжлээд, суллаж өгөх мэдэгдэл, эд хөрөнгө хураах тогтоолын дагуу хураан авсан бөгөөд одоо тус газарт дээр дурдсан тус шүүхийн 2022 оны 09 дүгэр сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн.

2.5. Зээлийн эргэн төлөлт Б.С*******эс шалтгаалаагүй, Т ББСБ ХХК-ийн захирал *******той шууд холбоотойгоор төлөгдөөгүй юм. Орон сууцны өмчлөх эрх Б.Сийн нэр дээр бүртгэгдэн гэрчилгээ гарсан тохиолдолд Т******* ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан дугаартай зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт зээл төлөх хуваарийн дагуу төлж зээлийн гэрээний ерөнхий хугацааны дагуу хэвийн төлөөд явах болно.

2.6.Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулаагүй тул ихэсгэсэн шаардлагыг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ц.Ц*******гийн талын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч гэрээний зүйл буюу мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээлгэн өгөх үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүй.

3.2. Зээлийн гэрээний үүргийг хангуулах гэтэл барьцаа хөрөнгө нь эргэлзээтэй болдог. Учир нь барьцаа хөрөнгө гэх орон сууцны өмчлөгч нь Т******** ХХК-ийн захирал *******ын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр Б.Сийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон боловч 2021 оны 10 дугаар сард Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өр төлбөр барагдуулах жагсаалтад тухайн орон сууц багтсан байдаг. Иймд өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй, биелэгдэх боломжгүй болсон.

3.3. Иймд зээлийн гэрээ хэлбэрийн төдий байгуулагдсан, зээлийн гэрээний үндсэн шаардлага болох зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.С*******, Ц.Ц******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 64,650,044 төгрөг, зээлийн хүү 5,464,267.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,054,246 төгрөг, нийт 72,168,547 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,854,016 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.С*******, Ц.Ц******* нарт холбогдох, Баянзүрх дүүргийн ******* хороо, 13302, гудамж, байр, ******* хаягт байршилтай, 55.76 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, нэхэмжлэгч Т******* ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.С*******, Ц.Ц******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 518,793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 649,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

5.1. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,854,016 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн үзсэн атлаа гэрээг цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлэн дүгнэж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 2.9-д зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон бусад хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцон авна хэмээн талууд харилцан тохиролцсон. Мөн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр цуцалсан хэмээн тайлбар өгсөн боловч Зээлийн гэрээ-ний 3.2.3-т Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Гэрээний 2.1.4-д заасан хугацаа болон Гэрээний Хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйпийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх хэмээн талууд тохиролцсон байдаг.

Б.С*******, Ц.Ц******* нар нь зээлийн үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй байгаа тул 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 2,854,016 төгрөгийг дугаар Зээлийн гэрээ-ний 2.9, 3.2.3-т заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь үндэслэлтэй атал шүүхээс гэрээгээр тохиролцоогүй хэмээн үзэж 2,854,016 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5.2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй орхисон нь үндэслэлгүй болжээ. Б.С*******, Ц.Ц******* нар нь тус зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн ******* хороо, 13302, гудамж, байр, ******* хаягт байршилтай, 55.76 м.кв хоёр өрөө, орон сууц нъ эд хөрөнгийн эрхийн доголдолтой байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эд хөрөнгийн эрхийн маргаан эцэслэн шийдвэрлэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Сийг дээр дурдсан 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул нэхэмжлэгчийн зүгээс барьцааны эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн гэдгийг шүүхийн зүгээс хэргийг шийдвэрлэхдээ дүгнэж үзэлгүй орхигдуулж дээрх орон сууц нь бүртгэлд бүртгэгдээгүй, бусдын өмчлөлийнх хэмээн тайлбарлан шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож хэрэгт цугласан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар баръцаалах эрхтэй гэж заасан боловч анхан шатны шүүхийн зүгээс үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж давхар барьцаатай, үл хөдлөхийн гэрчилгээ бичгээр гараагүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн дээрх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт цугласан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт хийгээгүй байх тул тухайн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатын шүүх хуралдаанд хариуцагч Б.Ц*******гийн талын гаргасан тайлбар: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

6.1. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад барьцааны тухай зээлийн гэрээнд заасан. Зээлийн гэрээнд барьцааны гэрээ буюу барьцаалбар хийгээгүй, зөвхөн барьцааны гэрээнд тус орон сууцыг өмчилсөн тохиолдолд барьцаалбар болгоно гэсэн заалтыг оруулсан. Барьцааны гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Энэ хуульд зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох байсан. Иймд тухайн гэрээнд барьцаа хөрөнгийг барьцаалаагүй гэдэг нь харагдаж байна. Мөн тухайн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн өдөр зээлийн гэрээ байгуулахад Б.Сийн өмчлөлд байгаагүй учраас ирээдүйд барьцаа хөрөнгө болгох боломжтой гэсэн үүднээс зээлийн гэрээ, барьцааны гэрээ хангагдах боломж нөхцөл бүрдэхгүй гэж үзсэн.

6.2. Тооцооллын хувьд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр гэрээг цуцалснаар хугацааг тооцож, түүнээс хойш алданги тооцох эрхгүй гэж үзээд 2,854,016 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж уг гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч Б.С*******, Ц.Ц******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 75,022,563 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Т******* ХХК болон Б.С*******, Ц.Ц******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Б.С*******, Ц.Ц******* нар нь 65,759,480.68 төгрөгийг, жилийн 0,42 хувийн хүүтэй, 141 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирсон тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээн аваагүй гэж маргасан байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

4. Зээл, зээлийн хүүгийн тооцоололын хүснэгт, нэхэмжлэгчийн дансны хуулга зэрэг баримтаар хариуцагч Б.С*******, Ц.Ц******* нар нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 1,109,436 төгрөг, хүү 621,204 төгрөг, нийт 2,471,320 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /1хх 12, 221-223/

Хариуцагч нар нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гэрээг цуцлах шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.2-т зээлдүүлэгч нь зээлдэгч гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зээлдэгчээс шаардах арга хэмжээ авах зорилгоор гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцжээ. Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний хугацааг дуусахаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдсэн байна.

Иймд шүүх хариуцагч нараас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд тооцогдох зээлийн гэрээний үүргийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.

5. Зээлийн гэрээний 2.1.8-т Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар УБ хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хотхон, байр, ******* хаягт байрлах, 55,76 м.кв 2 өрөө байрны барьцааны гэрээ болон эд хөрөнгө шилжүүлэх гэрээг гэрчилгээг УБЕГ-аас зээлдэгчийн нэр дээр шилжихэд /Барьцаабар/ хийхээр тохиролцов гэж талууд тохиролцсон боловч уг орон сууцны гэрчилгээ зээлдэгч нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101ШШ2022/0 дугаар шийдвэрээр дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр Б.Сийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг бүртгэлийн байгууллагад даалгасан боловч уг шийдвэр бодитоор биелэгдээгүй.

Нэхэмжлэгч тал уг шийдвэр гарсантай холбогдуулан гэрээний 2.1.8-д заасан барьцааны гэрээ байгуулах болзол хангагдсан гэж үзэж буй бол гэрээ байгуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа тул байгуулагдаагүй гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүх тухайн хөрөнгөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч талын шаардах эрх үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/01290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Э.ЗОЛЗАЯА