| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0287/э |
| Дугаар | 312 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 312
2019 04 02 2019/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: П.Бямбасүрэн;
хохирогч : П.Онон:
шүүгдэгч: Д.Б, /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саминд овогт Доржийн Д.Бд холбогдох эрүүгийн 1809054160062 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .................. оршин суудаг, ял шийтгэлгүй, ................ регистрийн дугаартай, Саминд овгийн .......... Д.Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Б нь Нийслэлийн "Зорчигч тээвэр гурав" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөхдөө урьд албаны хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулсан түлшний картыг хүлээлгэж өгөлгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бусдын 2.421.895 төгрөгийн шатахууныг хувьдаа завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Ононгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22/, Д.Бы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28/, ”Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГазрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/118 дугаар албан тоот /хх-ийн 11, 12/, “Зорчигч тээврийн нэгтэл” ОНӨААТҮГ-н захирлын тушаал /хх-ийн 13/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 15/, Д.Бы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь Нийслэлийн "Зорчигч тээвэр гурав" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөхдөө урьд албаны хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулсан түлшний картыг хүлээлгэж өгөлгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бусдын 2.421.895 төгрөгийн шатахууныг хувьдаа завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Ононгийн /хх-ийн 22/: “... 2018 оны 08 сарын 23-ны өдрөөс “Зорчигч Тээврийн Нэгтгэл” орон нутгийн өмчит төрийн байгууллагаас “Зорчигч Тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь салж тусдаа байгууллага болсон юм.Тухайн үед өмнө нь байсан байгууллагаас албан хаагчдыг бүтэц орон тоогоор нь шилжүүлэн авч ирүүлсэн бөгөөд өмнөх байгууллагад жолоочоор ажиллаж байсан Д.Б нь аж ахуйн жолооч байсан. Орон тоо нь бүтцээр хасагдсан байсан тул “Зорчигч Тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б41 тоот тушаалаар үүрэгт ажпаас нь чөлөөлсөн. Д.Б нь ажлаас чөлөөлөгдсөн боловч ажлаа хүлээлгэж өгөөгүй, албан хэрэгцээнд ашиглаж байсан түлшний картыг өөртөө ашиглан 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дугээр сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд 2.421.895 төгрөгний түлш авч өөртөө зарцуулж, байгууллагын өмч хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн. Д.Быг ажлаас чөлөөлөхөд байгууллагаас нэг удаагийн буцалтгүй тэтгэмжээр 1.606.422 төгрөгний тэтгэмж олгохоор болсон боловч Д.Б нь байгууллагатай тооцоо нийлэлгүйгээр өөрөө дур мэдэн карт ашигласан байсан. Манай байгууллагаас Д.Бд олгох ёстой 1.606.422 төгрөгийг түүний зарцуулсан түлшний картны мөнгө болох 2.421.895 төгрөгнөөс хасч тооцох юм бол 815473 төгрөгний авлага үлдэж байна. Д.Бд нэг удаагийн тэтгэмж 1.606.473 төгрөгнөөс өөр ямар нэгэн цалингийн тооцоо өглөг байхгүй, аж ахуйн жолоочоор ажиллаж байхдаа аж ахуйн хэрэглээнд түлшний карт ашигладаг, албан ажилд үүрэг гүйцэтгэж ажиллахдаа түлшээ тэр картнаас аваад сарын эцэст ажлын гүйцэтгэлээ санхүү бүртгэлийн хэлтэстэй тооцоо нийлж замын хуудсаа гаргаж өгдөг. Тэр ажлаас гарахдаа байгуулалттай тооцоо нийлэлгүй, энэ картаа өөртөө аваад явчихсан...” гэх мэдүүлгээр,
Д.Бы яллагдагчаар мэдүүлсэн /хх-28/: "...ажлаас гарсны нөхөн олговорт 1.606.422 төгрөг авахаар шийдвэр гарсан. Энэ мөнгөө би байгууллагатай тооцоо хийж аваагүй байгаа, өөрийн түлш авч зарцуулсан 2.421.895 төгрөгнөөс олговорт авах ёстой байсан 1.606.473 төгрөгийг хасаж тооцохоор 815.473 төгрөгний өглөгөтэй гарч байгаа, мөнгийг өөрт боломжтой богино хугацаанд төлж өгч байгууллагыг хохиролгүй болгоно. Картыг хаана хадгалснаа санахгүй хайгаад олохгүй байгаа...” гэх мэдүүлгээр болон “Зорчигч Тээвэр Гурав” ОНӨААТҮГазрын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “2.421.895 төгрөгийг төлбөрийг барагдуулсан” гэсэн 02/04 дугаар албан бичиг, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 15-18/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Нийслэлийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГазрын ажилтан болохыг, шүүгдэгч нь Нийслэлийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГазрын эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан, үүний улмаас Нийслэлийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГазарт 2.421.895 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь Нийслэлийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГазрын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн захирлын тушаалаар ажлаас чөлөөдөгдөхөө албаны хэрэгцээнд ашиглуулахаар хариуцуулсан түлшний картыг хүлээлгэж өгөлгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хувьдаа авч завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй түүний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Ийнхүү Д.Бы “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГазраас “Д.Б нь шатахууны төлбөр болох 2.421.895 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Д.Бы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ............ Д.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ