Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01092

 

Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.З******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/00986 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө******* ХХК-д холбогдох,

5,077,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.З*******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, Ч.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонголзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай байгууллага нь Ө******* ХХК-тай байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үндсэн дээр хамтран ажилладаг. Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад нийт 113 ширхэг буюу 30,8 м.куб /СВМ/ ачааг тээвэрлэн, хүлээлгэн өгсөн. Ачаа чингэлэгтээ багтаагүйн улмаас эхний 6,68 м.куб /СВМ/ ачаа нь Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ирсэн. Хоёр дахь 24.2 м.куб /СВМ/ ачаа нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Экспресс гаалийн талбайд буусан.

1.2. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ачаа хүлээлцэх акт үйлдэн ачааны бүрэн бүтэн байдал, м.куб хэмжээ, эвдрэл гэмтэл, тоо ширхэг бүрийг нэг бүрчлэн шалгаж хүлээлцсэн. Ачаа хүлээлцэх үедээ төлбөр 13,867,054 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,867,054 төгрөгийг 10 хоногийн дотор төлнө гэж албан бичиг үйлдэж, тохиролцсон. Үүнээс хойш 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2,821,069 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 4,450,985 төгрөгийг төлөөгүй.

1.3. Үлдэгдэл төлбөрөө удаа дараа шаардахад хариуцагч нь барааны м.куб-ын хэмжээ буруу бодсон байна гээд төлөхөөс татгалзсан. Хариуцагчийн ачааны хэмжээ зөв болох нь хамтран ажиллагчийн агентын билл, ачааны инвойс, пакинг лист, ачаа хүлээлцсэн акт зэргээр тогтоогдоно. Хамтран ажиллагчийн агентын билл гэдэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсад ачаанд бодит хэмжилт хийн экспортын гаалийн бүрдүүлэлт хийдэг бичиг баримт юм. Ачааны инвойс, пакинг лист гэдэг нь тухайн ачааны хэмжээ болон үнийн дүн бичигдэн хүлээн авагч /Ө******* ХХК/-аар шалгуулсны дараа ачааг дагалдан хилээр орж ирдэг бичиг баримт юм. Ачаа хүлээлцсэн акт гэдэг нь гаалийн хяналтын талбайгаас ачаа барааг бүрэн хүлээн авсныг нотлох гол нотлох баримт бөгөөд энэ талаар гэрээний 2.1.11-т Үйлчлүүлэгч нь ачаа хүлээлцэх актан дээр ачааны эвдрэл гэмтэл дутагдлын талаар тэмдэглэлгүйгээр ачааг хүлээн авсан тохиолдолд тээвэр зуучлагч нь ачааг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөнд тооцно гэж заасан байдаг.

1.4. Иймд үлдэгдэл төлбөр 4,045,985 төгрөгийг гэрээний 3.3-т заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 51 хоногт тооцсон алданги 1,031,726 төгрөг, нийт 5,077,711 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани 2023 оны 04 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсад агуулахын бараа бөөндөж зардаг н.Б******* гэдэг хүнээс хөнжил, гудас, матрас, дэр худалдан авсан. Энэ үед нэхэмжлэгч компанийн менежер н.А******* холбогдсоноор талууд харилцан тохиролцож 1 м.куб ачааг 120 ам.доллараар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улс руу ачиж оруулж ирэхээр болсон. Ингээд манайхаас н.Б******* руу мөнгийг нь шилжүүлж, н.Б*******р Ю******* ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь агент руу хүргүүлсэн. Тэр үед манай нийт бараа 20 орчим м.куб болж байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас танай бараа ойролцоогоор 30 гаруй м.куб болж байна гэхээр нь тэгвэл нэг мөсөн чингэлэг асуувал дээр юм байна гэсэн чинь аль хэдийн чингэлэгт аччихсан, нэг чингэлэгт багтсангүй 2 чингэлэгт хуваагаад хийчихсэн гэхээр нь за тэгвэл нэгэнт аччихсан юм чинь ирэхээр нь хэмжиж байгаад нарийн тооцоог гаргая гэдэг хариуг менежер н.А*******д нь өгсөн.

2.2. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирсэн чингэлгээр манай 6,68 м.куб ачаа ирсэн. Дараагийн ачаа ирэхээр нэг мөсөн хэмжилт хийе гэж бодоод гаалийн талбайгаас авсан. Дараагийнх нь чингэлэг 2023 оны 06 дугаар сарын эхээр ирсэн. Ингээд манайхаас гаалийн бүрдүүлэлт хийгээд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл ачаагаа очиж авсан. Энэ үедээ Ю******* ХХК-ийн ажилтан руу залгаж хэмжилт хийе гэхэд манайх одоо хэмжилт хийхгүй, Солонгост хэмжсэн хэмжилтээрээ явна гээд ирээгүй. Мөн ирж ачаагаа хүлээлцээгүй. Бид нар хүлээж байгаад гаалийн талбайг хурдан чөлөөл гэсний дагуу ачаагаа авч гарсан. Ачаагаа өөрийн агуулах дээр буулгасны дараа өөрсдөө дахин хэмжсэн. Гэтэл сүүлийн ирсэн 24,2 м.куб гэсэн ачааг хэмжтэл бодитоор 15,8 м.куб болсон. Ингээд өмнөх ирсэн 6,68 м.куб ачааг хэмжтэл 4,8 м.куб байсан. 10,28 м.куб болж багассан ба энэхүү зөрүү мөнгийг бодит бусаар манайхаас нэхэмжилсэн байсан.

Үүний дагуу Ю******* ХХК-ийн ажилтан руу дахин залгаж хэмжилт буруу байна, ирж шалгаж, дахин хэмжилт хийж тооцоогоо нийлнэ үү гэхэд ирэхгүй гэдэг хариу өгсөн. Манай компани Ю******* ХХК-аар бодитоор 20,6 м.куб ачааг тээвэрлүулж ирсэн ба үүний дүн нь 2,472 ам.доллар буюу 8,590,200 төгрөг болсон. Манай компаниас Ю******* ХХК-д 9,821,070 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 557,674 төгрөгийг илүү шилжүүлсэн. Одоо Ю******* ХХК-д төлөх нэг ч төлбөрийн үлдэгдэл байхгүй. Хэрэв 13,867,054 төгрөгийн төлбөр гарсан гэж үзэж байгаа бол дахин хэмжилт хийх шаардлагатай. Манай бараа гаалийн талбайгаас авсан яг тэр хэвээрээ хадгалаастай байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ө******* ХХК-аас тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 5,077,711 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 96,193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хосолсон тээврийн баримт бичиг гэх хавтаст хэргийн 11, 13 дугаар талд авагдсан баримтад тээвэрлэгч нь Б******* Бадамцоодол гэсэн байх ба Б.Б******* нь тээвэрлэгч биш бөгөөд зөвхөн ачааг Ө******* ХХК-д худалдсан хүн бөгөөд Б.Б******* болон "Ө*******" ХХК-ийн хооронд ямар ч тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1, 386.2 дах хэсэгт дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө гэж заасан. Дагалдах бичигт ачааны жин буюу хэмжээний талаарх мэдээлэл заавал тусгагдах ба энэ тохиолдолд ачаа илгээгч болон тээвэрлэгч талууд зайлшгүй ачааны жин, хэмжээг хамтран шалгаж, баталгаажуулах ёстой. Гэтэл Ю******* ХХК-аас БНСУ-д байх ачааны жин, хэмжээг худалдагч Б.Б******* болон худалдан авагч Ө******* ХХК-ийн аль нэгийг оролцуулаагүй. Б.Б*******г ачаа нийтдээ 20 орчим м.куб болж байгаа м.кубын хэмжилт хийлгэе гэхэд манайх өөрсдийн дотооддоо хэмжилт хийдэг гээд хэмжилт хийгээгүй. Хосолсон тээврийн дагалдах баримт бичигт 24,200 см.куб болон 6,680 см.куб буюу нийт 30,8 м.куб гэж зөвхөн өөрсдийн хийсэн гэх хэмжилтийг бичсэн. Түүнчлэн, сав, баглаа, боодлын жагсаалтдаа зөвхөн жин л бичсэн болохоос м.кубын хэмжээсийг огт бичээгүй. Гэтэл гэрээгээр талууд нь ачааг см.куб-ээр хэмжиж төлбөр тооцоогоо төлөхөөр тохиролцсон ба нэхэмжлэгч тал нь үүнийгээ зөрчсөн болно. Ө******* ХХК-ийн зүгээс м.куб-ын хэмжээ хэт их гарсан байх тул тээвэрлүүлэхээ болиулмаар байна гэхэд аль хэдийн чингэлэгт аччихсан, нэг чингэлэгт багтсангүй 2 чингэлэгт хуваагаад хийчихсэн байна гэсэн хариуг өгснөөр тээвэрлэлтийг зогсоогоогүй. Гэтэл хосолсон тээврийн дагалдах баримт бичигт зааснаар эхний ачаа нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ирэх байсан боловч 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, дараагийн ачаа нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Монголд ирэх байсан боловч 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ирж 1 cap орчим хугацаагаар хоцорч ирсэн.

4.2. Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтэд ачаа тус бүрийн эзлэхүүн буюу м.кубыг нарийвчлан тодорхойлж /хх81/ гаргасан байдаг ба энэ дагуу ачааны хэмжилтийг хийх бүрэн боломжтой байсан. Тухайлбал, 22,378 м.куб ачааг талуудын тохиролцсон 120 ам.доллараар тооцоход /Монголбанкны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ханш/ 9,301,684 төгрөг болж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 9,821,070 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 500,000 төгрөг илүү шилжүүлсэн гэж үзэж байгаа болно.

4.3. Талууд нь Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр буюу бүх ачаа ирсний дараа байгуулсан. Уг гэрээ нь дээрх хөнжил, матрас, дэр, дэрний уут тээвэрлэсэн асуудалд хамааралгүй бөгөөд үүний дараа байгуулагдсан талууд тээвэрлэлтэд хамтран ажиллах зорилгоор байгуулсан 1 жилийн хугацаатай ерөнхий гэрээ юм. Уг гэрээг үндэслэж, гэрээг байгуулахаас өмнө явагдсан тээврийн асуудалд алданги ногдуулах боломжгүй. Түүнчлэн уг гэрээнд тээвэрлэх ачаа, тээвэрлэх нөхцөл, төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа зэрэг нь огт тусгагдаагүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр буюу сүүлд байгуулагдсан гэрээ гэдгийг анхаарч үзэлгүй Г/23-039 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний заалтыг үндэслэн хэргийг бүхэлд нь дүгнэж, алданги ногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар: Куб.метрийн хэмжээ зөрүүтэй байгаа талаар хариуцагч тал нотолж чадаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлт хийлгэсэн боловч агуулахад нь байсан бараа бүтээгдэхүүнүүд зарагдсан байсан тул бодитоор нөхөн хэмжилт хийх боломжгүй байсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Ө******* ХХК-д холбогдуулан 5,077,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Ю ХХК болон Ө******* ХХК-ийн хооронд Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр тээвэр зуучлагч Ю ХХК үйлчлүүлэгчийг төлөөлөн улс хоорондын болон орон нутгийн бүх төрлийн ачаа тээврийг зохион байгуулах, үйлчлүүлэгч Ө******* ХХК үйлчилгээний хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан худалдааны зуучлалын харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа тээшийг тогтоосон газарт хүргэх, тээвэрлүүлэгч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ.

Энэ маргаанд нэхэмжлэгч Ю ХХК нь тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгээгүй байна. Хариуцагч Ө******* ХХК нь БНСУ-аас ачааг G компани тээвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

4.Дээр дурдсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний 1.5-д талууд хугацааг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр тохиролцжээ.

5. 2023 оны 04 дүгээр сарын 17, 19-ны өдөр гэсэн огноотой Сав баглаа боодлын жагсаалт, Худалдааны нэхэмжлэх, Хосолсон тээврийн дагалдах баримт бичиг гэсэн баримтуудад ачаа гаргахын тулд холбоо барих тал гэж Ю******* ХХК, тээвэрлэгч Б.Б*******, хүлээн авагч Ө******* ХХК гэж тодорхойлжээ. Мөн баримтуудад тээвэрлэгч G нь БНСУ, Кенги аймгаас Б.Б******* барааг хүлээлгэн өгөхөд 113 /86+27/ хайрцаг, 30,8 /24,200 см.куб+6,680 см.куб/ м.куб хэмжээтэй болохыг БНСУ, Инчон гэх газар G компани хүлээн авч баримт бичиг үйлджээ.

Гэрээний 2.2.4-т зааснаар хариуцагч нь тээвэрлэлтэд хүлээлгэж өгөх барааны хэмжээг өгөх үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд барааны хэмжээ бодитоор 20,6 м.куб байсан талаар ачаа хүлээлгэж өгөхөд мэдэгдсэн байдал тогтоогдохгүй байна.

Хэдийгээр гэрээний 2.1.11-т зааснаар нэхэмжлэгч тал ачааг хүлээлгэж өгөх акт үйлдээгүй ч үйлчлүүлэгч буюу хариуцагч нь ачааг 2023 оны 05 дугаар сарын 09, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд хүлээн авсан тэмдэглэлд ачааны хэмжээний талаар тэмдэглээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлтээ барааны хэмжээг 22.13 м.куб гэж тогтоосон боловч энэ нь 103 хайрцаг барааны хэмжээ байхаас гадна дээр дурдсан тээвэрлэлтийн баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн барааны хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч ачааг бүрэн хүлээлгэн өгсөн гэж дүгнэнэ.

6. Гэрээнд талууд 1 м.куб ачааг тээвэрлэн зуучлах ажлын хөлсийг 120 ам.доллар байхаар тохиролцсон талаар болон хариуцагчаас нэхэмжлэгчид уг ажлын хөлсөнд 9,821,069 төгрөг төлсөн эсэхэд маргаагүй байна.

2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 13,867,054 төгрөг төлөхөөс төлсөн 9,821,069 төгрөгийг хасч 4,045,985 төгрөгийг төлөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

7. Гэрээний 3.3-т талууд алдангийн талаар тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

Хариуцагч нь гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн нэхэмжлэхэд тусгасан хугацаагаар алданги тооцож 1,031,726 төгрөгөөр алданги шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шйидвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/00986 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 380 дугаар зүйлийн 380.1 гэснийг 413 дугаар зүйлийн 413.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,194 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Э.ЗОЛЗАЯА