Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2016/00005

 

*******ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Засаг даргад холбогдох

иргэний хэргийн тухай

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалан, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 9ий өдрийн 942 дугаар шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 7494550 төгрөг гаргуулах, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 824401 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлоор 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцсон:

Нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Нэхэмжлэгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн Засаг дарга *******ын 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн б/40 тоот захирамжаар Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга-аар томилогдон ажиллаж байсан ба Дорнод аймгийн Засаг дарга ******* 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А/226 дугаар захирамжаар б/40 тоот захирамжийг хүчингүй болгосон. Би энэхүү захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлаас миний нэхэмжлэлийг хангаж, Засаг дарга *******ын а/226 тоот захирамж хууль бус болохыг тогтоосон. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 10 дугаар сарын 2-нд 113 тоот тогтоол гаргаж намайг ажилд томилох тухай Засаг даргын б/40 тоот захирамжийг хүчингүй болгосон. Улмаар миний бие Засаг дарга *******ын хууль бус захирамжийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж нийгмийн даатгалын санд шилжүүлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс уг асуудлуудыг төрийн албаны зөвлөлийн тогтоол гарах хүртэлх хугацаагаар буюу 2014 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаа-гаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Засаг дарга А/95 тоот захирамж гарган өөрийн А/226 тоот захирамжийг хүчингүй болгосон ба улмаар 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажил хүлээлцүүлэх комисс томилж, ажил хүлээлцүүлсэн. Ингэж шүүхийн шийдвэрийг хожуу хугацааны дараа биелүүлсэн. Гэвч Зүүн бүсийн зөвлөлийн тэмдгийг одоо болтол надад хүлээлгэж өгөөгүй ба би ажил хүлээлцсэнээс хойш ажлаа хийх нөхцөл бололцоогоор хангуулахыг хүсэж удаа дараа холбогдох албаны хүмүүстэй уулзсан боловч Зүүн бүсийн зөвлөлийг татан буулгасан гэх учир утгагүй зүйлийг ярьсаар ирлээ. Өмнө нь би Сум дундын шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэл гаргах хүртэлх өдрөөр буюу 2014 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхийн шийдвэрээр 2014 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаа-гаар нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх үед миний бие ажилдаа буцаан томилогдоогүй байсан. Миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хүчинтэй эрх зүйн акт гараагүй байхад ажил хийлгэхгүй намайг хохироож байгаа тул 2014 оны 12 дугаар сарын 1-нээс 2015 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны цалинд 7494550 гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлд 824401 төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: ******* нь Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд анх томилогдох үедээ Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлагыг хангаагүй байсан учраас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгоно гэх заалтыг үндэслэн *******ыг ажилд томилсон шийдвэрийг 2014 оны а/226 дугаар захирамжаар хүчингүй болгосон. ******* нь уг а/226 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Захиргааны хэргийн шүүхээс Засаг дарга хүний нөөцтэй холбоотой захирамжийг хүчингүй болгох эрхгүй гэж үзэн а/226 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******ыг ажилд томилох тухай 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг Төрийн албаны зөвлөлөөр хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр хүсэлт хүргүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 2-ний өдрийн 113 дугаар тогтоолоор Засаг даргын б/40 тоот захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 17.1-ийг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь анх томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх заалтыг зөрчиж, хууль бусаар томилогдсон тул нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн аймгийн Засаг даргын 2015 оны А/96 дугаар захирамжаар маргаан бүхий аймгийн Засаг даргын 2014 оны А/226, Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар ажил хүлээлцэх комисс томилж *******тай 2015 оны 3-р сарын 30-ны өдөр ажил хүлээлцсэн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хангах хүрээнд зохион байгуулагдсан ажил юм. ******* нь Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсгийн Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэх заалтыг зөрчсөн нь тогтоогдож, түүнийг ажилд томилсон захирамжийг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэх заалтын дагуу *******ын Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн томилогдон ажиллах эрх дуусгавар болсон гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн б/40 дүгээр захирамжаар Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд анх томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх заалтыг зөрчиж томилогдсон болох нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 113 дугаар тогтоолоор тогтоогдсон. Иймд ******* нь төрийн албаны болзол шаардлагыг хангаагүй, төрд ажиллах эрхгүй байж Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж авсан 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл хугацааны цалин, мөн 2014 оны 7 дугаар сарын цалин нийт 3372484 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 370973 төгрөг буюу бүгд 3743457 төгрөгийг *******аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Миний бие Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2013 оны 8 дугаар сарын 13-нд тухайн үеийн Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга *******ын захирамжаар томилогдсон. Дорнод аймгийн Засаг дарга шийдвэр гаргахдаа хууль зөрчин гаргаж байгааг би мэдээгүй болон мэдэх боломжгүй билээ. Харин миний бие хууль зөрчиж томилогдсон тухайгаа зөвшөөрч байгаа бөгөөд намайг хууль ёсны дагуу чөлөөлж өгөхийг хүссээр өнөөдрийг хүрсэн. Би өөрийгөө томилоогүй учраас томилох эрх бүхий этгээдийн өмнөөс эдийн болон эдийн бус хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлд хууль бус шийдвэрээр ажиллаж авсан нийт 3743457 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Миний бие ажил хийж дээрх цалинг авсан. Ажил хийхтэй зэрэгцэн цаг хугацаа урсан оддог гэдгийг эрх биш эрхэм түшмэдүүд ойлгодог байх. Хэрэв энэхүү ажиллаж авсан цалин хөлсийг би төлөх ёстой юм бол тухайн алдагдсан цаг хугацааг буюу 2013 оны 8-р сарын 13-наас 2014 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх цаг хугацааг эргүүлэн өгвөл миний би дээрх нэхэмжилсэн цалинг өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 9ий өдрийн 942 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 7494550 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 824401 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын байгууллага руу шилжүүлэх, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг, Дорнод аймгийн Засаг даргын *******т холбогдох 2013 оны 9 сараас 12 сар, 2014 оны 01 сараас 05 сар, 7 сарын цалин 3372484 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 370973 төгрөг нийт 3743457 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148053,18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэл гаргасан Дорнод аймгийн Засаг дарга Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Засаг даргын гаргасан шийдвэр нь Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болсон, мөн өөрөө гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгосон, надад ажил хүлээлцүүлж өгсөн, хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах ёстой үүргээ биелүүлээгүй, миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр байхгүй байхад шүүгч нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

2. Хэргийн үйл баримтын талаар: Анхан шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 1-нээс 2015 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл-ийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэжээ. Тухайлбал ...*******ыг анх ажилд томилсон шийдвэр нь Төрийн албаны зөвлөлийн 113 дугаар тогтоолоор хүчингүй болж, дээрх хугацаанд ******* ажил хөдөлмөр эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдсон байна гэх шүүхийн дүгнэлт нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин Дорнод аймгийн Засаг дарга *******ын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А/226 дугаар захирамж гарснаас хойш нэхэмжлэгч ******* Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаагүй болох нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 91 дүгээр шийдвэрээр /хх-ийн 20-р хуудас/ нотлогдож байхад анхан шатны шүүх түүнийг ...Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн б/40 тоот захирамжаар Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдон Төрийн албаны зөвлөлийн 113 дугаар тогтоол гарах хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Гэвч энэ шалтгаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Хууль хэрэглээний талаар: Нэхэмжлэгч ******* нь Засаг дарга Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх хууль бус захирамжаа өөрөө хүчингүй болгож, надад ажлыг хүлээлгэн өгсөн бөгөөд намайг ажлаас чөлөөлсөн албан ёсны шийдвэр одоо хүртэл гаргаагүй мөртлөө надад ажлаа хийх боломж, нөхцөл олгохгүй байгаа тул би цалингаа нэхэмжлэх эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохоор заасан байх ба нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзжээ.

Дараах үндэслэлээр анхан шатны шүүх маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:

1/Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгохоор зааснаас үзвэл цалин хөлс шаардах үндэслэл нь ажилтны хөдөлмөрийн үр дүн болдог учраас ажил хүлээлцсэн явдал нь цалин хөлсийг нэхэмжлэх шууд үндэслэл болохгүй юм.

2/Ажил хүлээлцсэнээс хойш нэхэмжлэгч ******* тухайн ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй, цалин хөлс авах боломжгүй байгаа явдалд ажил олгогч буруутай бол ажлаас буруу халсантай адилтган үзэх, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэх эрхтэй юм. Гэтэл *******ын хувьд Зүүн бүсийн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллах боломжгүй байгаа явдал нь түүнийг анх уг албан тушаалд томилсон захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн ...мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож... гэх нарийвчилсан зохицуулалтын дагуу Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл хүчингүйд тооцсонтой холбоотой байна. Иймд *******ыг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй гэж ажил олгогчийг буруутгах боломжгүй байна.

4.Давж заалдах гомдлын талаар: Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148053,18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР