Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01311

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01311

 

П-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/01879 дугаар шийдвэртэй,

П-ХХК-ийн нэхэмжлэлтэй, С- ХХК-д холбогдох

62,015,200 төгрөг гаргуулах тухай үндсэн, талуудын хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. "П-ХХК нь С- зочид буудлын 1 давхарт байх талбайд зохих засвар тохижилтын ажлыг хийх замаар баар, караоке ажиллуулахаар 2019 оны 05 сарын 01-ний өдөр "С- ХХК-тай гэрээ байгуулсан. Мөн ажилтнуудаа байрлуулахаар тус буудлын 1 өрөөг түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээгээр тохиролцсоны дагуузасвар хийгдэх талбайд өөрийн хөрөнгөөр барилгын материал авч 2019 оны 05 сарын 05-ны өдөр "Б-" ХХК-аар уг ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан караокений зориулалттай 4 өрөөний засварын ажлыг хийж гүйцэтгүүлж, зориулалтын тоног төхөөрөмж, тавилга авч тохижуулсан.

Гэтэл уг ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсний дараа "С-" ХХК нь үйл ажиллагаа явуулах боломжоор хангалгүй, түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хөөж гаргасанд гомдолтой байна. Иймд талбайг баар, караокений зориулалттаар тохижуулахад гаргасан зардалд:

а/. бааранд шинээр хийлгэсэн 5 ширхэг буйдан, хуучныг нь засварласан зардал  18,610,200 төгрөг, сантехникийн холболтын ажлын зардал 1,950,000 төгрөг, шруп, хадаас 28,000 төгрөг, хавтан наалт 314,000 төгрөг, тамхины өрөөний  материал 303,200 төгрөг, обой цавуу 36,000 төгрөг, ирмэг хошуу ком өрөм 90,500 төгрөг, утсан хөшиг  630,000 төгрөг, ДСП хавтан, зүсвэр, наалт  81,000 төгрөг, суурь 10 ширхэг  50,000 төгрөг, труба, 38,32 /нийт 24м/ 108,000 төгрөг, гэрэл унтраалга, нүдэн гэрэл 234,500 төгрөг, торгон улаан хөшиг 22 м 440,000 төгрөг, утааны аппарат-2 ширхэг 2,000,000 төгрөг, дугуй-3 ширхэг 45,000 төгрөг, Б- ХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын хөлс, 1,300,000 төгрөг,

б/. караоке  7,774,000 төгрөг, үүнд уртасгагч-3 ширхэг, караокений тоног төхөөрөмж ком, суултуур, угаалтуур 4 ширхэг ком, зурагт/шинэ 42 инч-1 ширхэг 1,180,000 төгрөг, 60 инч-1 ширхэг, Зурагт/хуучин  42 инч-1 ширхэг, 52 инч-1 ширхэг,

в/. Б- ХХК-ийн гүйцэтгэсэн караокений засварын ажлын хөлс, бараа материалын зардал 35,631,000 төгрөг, нийт 62,015,200 төгрөгийн зардал гаргасан. Иймд "С- ХХК-аас 62,015,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: "С-" ХХК нь "П-" ХХК-тай нэхэмжлэлд дурьдсан түрээсийн гэрээг байгуулж байгаагүй. Мөн нэхэмжлэлд хавсаргасан гэх түрээсийн гэрээнүүдэд "С- ХХК-ийн тамга дарагдсан байх хэдий ч уг гэрээг хэн гэдэг ямар албан тушаалтантай байгуулсан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгч П-ХХК-ийн  62,015,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: "П-ХХК-ийн төлбөр нэхэмжлэх үндэслэл болсон 2019 оны 06 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд хариуцагч "С- ХХК-ийн тамга дарагдаж хэн нь мэдэгдэхгүй гарын үсэг зурсан байх бөгөөд "С-" ХХК-ийн зүгээс тус гэрээг баталгаажуулж эрх бүхий албан тушаалтан гэрээнд гарын үсэг зураагүй буюу тус гэрээ хуульд заасан журмаар байгуулагдаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймд хэргийн 7-28 талд авагдсан П-ХХК болон С- ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.4. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээ байгуулсан этгээдийн нэр бичигдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар талуудын хооронд гэрээ байгуулсныг тогтоосон бөгөөд хариуцагч талаас хэн гэдэг хүн, ямар агуулгатай, юун тухай гэрээ байгуулсныг тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас гаргасан хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул уг асуудлыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан П-ХХК, С- ХХК-ийн хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан А байр 1 давхрын 101, 102, 103 тоот өрөө, Harry s bar, Б байр 3 давхрын 301 тоот өрөө түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч С- ХХК-аас 51,025,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П-ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,990,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 468,050 төгрөг, хариуцагчийн төлсөн 247,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, мөн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С- ХХК-аас 413,076 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П- ХХК-д, нэхэмжлэгч П- ХХК-аас 247,450 төгрөг гаргуулан хариуцагч С- ХХК-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн 101/Ш32023/18342 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй талаар:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчийн хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх түрээсийн гэрээнд үндэслэсэн ба уг гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах боломж олгоогүйгээс гарсан зардалд 62,015,200 төгрөг шаардсан. Гэрээний үүргийн зөрчлийг шаардахын тулд гэрээ" байгуулагдсан байх, уг гэрээ хүчин төгөлдөр байх учиртай. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 3 гэрээний 2 нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Уг гэрээ байгуулсан эсэхэд зохигч маргаж байгаа тохиолдолд шүүх Иргэний хуулийн 43, 196 дугаар зүйлийг тайлбарлах замаар энэ үйл баримт тогтоогдсон эсэхийг дүгнэх байсан. Гэтэл шүүх П-ХХК нь Д.Х-т холбогдуулан цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу шалгаж, прокурор хянаад гэмт хэргийн шинжгүй тухай хариуг үндэслэн зохигчийн хооронд Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Д.Х- нь 2019 онд С- ХХК-д үйл ажиллагаа эрхэлсэн менежерээр ажиллаж байсан нь тухайн этгээдийг компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Хариуцагч С- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий Л нь 2018 оны 04 сарын 24-ний өдөр нас барснаас хойш тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд томилогдоогүй байх хугацаанд буюу 2019 оны 05 сарын 01-ний өдөр дээрх түрээсийн гэрээ байгуулагдсан гэх тул энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зохих этгээдийн итгэмжлэл, зөвшөөрөлгүйгээр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан заалтад хамаарч байна.

5.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

П-ХХК нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангалгүй нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Тодруулбал: нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, прокурорын газрын хуулбар үнэн дардас бүхий гэрээг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан Хаан банкны ***** тоот харилцах дансны зарлагын гүйлгээний баримтаас үзвэл хэвлэмэл баримтыг гараар засч Б- ХХК-д мөнгө шилжүүлсэн мэтээр бичсэн, 2019 оны 05 сарын 10-ны өдөр Д-т 19/145 тоот гэрээт 14,845,000 төгрөгийн зээл, А-д 19/146 гэрээт зээл 19,795,000 төгрөг олгов гэснийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнд оруулан тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх хуульд заасан журамд нийцээгүй. Нэхэмжлэгч компанийн захирал Т.О-ны бусдад зээлдүүлсэн мөнгийг хариуцагчаар төлүүлэх шударга бус шийдвэр болсон юм.

Зохигчийн хооронд нэгэнт гэрээ байгуулагдаагүй учир гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой үүрэг үүсэхгүй, тухайн гэрээтэй холбоотой нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй юм. Шүүх агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй нотлох баримтын аль нэгийг сонгож, хэрийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа бол шүүх тухайн нотлох баримтыг сонгосон шалтгаанаа хуульд нийцүүлэн үндэслэл бүхий тайлбарлах үүрэгтэй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дээрх байдлаар ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд 2019 оны 06 сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээг эх хувиар нь гарган нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй тул бүрдүүлбэр хангасан гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгт холбогдох зарим баримт бичгүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй учир үнэлээгүй гэж тодорхой дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл гомдолд заасан агуулгаар үнэлээгүй баримтуудыг тухайлан зааж өгсөн ба ямар баримтуудыг үнэлсэн талаар тодорхой дурдсан. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тухайн баримтуудыг үнэлэн шийдвэр гаргасан нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С- ХХК нь П-ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг боловч гэрээнээс татгалзах санал огт гаргаж байгаагүй. Дээрх асуудлуудыг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан ...өөрийгөө төлөөлөх эрхтэй этгээд... гэж ойлгуулсны үндсэн дээр гэрээ байгуулах харилцаа үүссэн гэж миний зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П-ХХК нь хариуцагч С- ХХК-д холбогдуулан түрээсийн эд хөрөнгийг засварлахад гарсан зардал 62,015,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Талууд 2019 оны 05 сарын 01-ний өдөр А байр 1 давхрын 101, 102, 103 тоот өрөө, Harrys bar, мөн Б байр 3 давхрын 301 тоот өрөө гэсэн нэртэй 3 түрээсийн гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр С- ХХК нь А байрны 1 давхрын 101, 102, 103 тоот өрөө, Harrys bar, мөн Б байрны 3 давхрын 301 тоот өрөөг тус тус 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, П-ХХК нь гэрээнд заасан хэмжээ, хугацаанд түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсоныг шүүх зөв тогтоосон байна.

Гэрээнд С- ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан эсэх талаар хариуцагч маргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн гүйцэтгэх захирлаар БНСУ-ын иргэн Л бүртгэлтэй ба гэрээнд хэн гарын үсэг зурсан нь тодорхой бус гэх үндэслэлээр талуудын хооронд 2019 оны 05 сарын 01-ний өдөр А байр 1 давхрын 101, 102, 103 тоот өрөө, Harrys bar, мөн Б байр 3 давхрын 301 тоот өрөө гэсэн нэртэй 3 түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

4. Нэхэмжлэгч түрээсийн зүйлийг баар, караокены зориулалтаар ашиглахаар өөрчлөн засварлаж 2019 оны 08 сараас эхлэн баар, караокены зориулалтаар 20 орчим хоногийн хугацаанд ажиллуулах явцад хариуцагчийн санаачилгаар түрээсийн зүйлийн ашиглалтыг зогсоож, түрээсийн зүйлд байршуулсан нэхэмжлэгчийн тоног төхөөрөмж болон бусад эд зүйлийг буцаан авах боломжгүйгээр уг объектыг хаажээ. Энэ үйл явдал нь талуудын тайлбар, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 1/692 тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол зэрэг баримтаар тогтоогдсоныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, мөн зохигч энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь уг түрээсийн зүйлийг засварлахтай холбогдон гарсан зардал болон үлдээсэн эд зүйлийн үнэд 62,015,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд байгуулсан дээрх гурван түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улмаар зохигчийн хооронд үүссэн түрээсийн гэрээний үүрэг хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн С- зочид буудлын талбайг баар, караокений зориулалтаар засварлаж тохижуулахад гаргасан зардал, эд зүйлийн үнийг буцаан шаардах эрхтэй болохыг зөв тодорхойлжээ.

Иймд хариуцагчийн өмчлөлийн байранд хийсэн засвар, тохижилтоо нэхэмжлэгч буцаан аваагүй, уг зардлыг хариуцагч буцаан өгсөн нь тогтоогдоогүй тул хариуцагч С- ХХК-аас 51,025,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П-ХХК-д олгож, засварын ажил дууссан 2019 оны 07 сарын 23-ны өдрөөс хойшхи хугацааны зардлыг хэрэгт хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэлээс 10,990,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой эсэхийг зөв тогтоож, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэлгүй, гагцхүү цаг хугацаагаар тодорхойлон үнэлснийг нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч талаас хариуцагчийн өмчлөлийн С- зочид буудалд түрээслэсэн талбайг баар, караокены зориулалтаар засварлан тохижуулахад 59,282,900 төгрөгийн зардал /хх-ийн 28-49 тал/ гарсныг нотолж шүүхэд ирүүлсэн зарлагын баримтууд, мөн нэхэмжлэгч П-ХХК-ийн захирал Т.О-ны Хаан банк ХК дахь ******* тоот дансны хуулгаар дээрх ажлын засвар, тохижилтын ажлын хөлс, худалдан авалтад зориулан 63,896,000 төгрөг /хх-ийн 196-211 тал/-ийн зарлага гаргасан тухай баримтыг шүүхэд гаргажээ.

Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулсан болон засвар хийж дууссан цаг хугацаа, мөн түрээсийн зүйлийг баар, караокены зориулалтаар засварлахад гарсан хамаарал бүхий зардал, ажлын хөлс болон уг зориулалтаар тохижуулахад зарцуулсан эд зүйл, түүний худалдан авалтын үнэ зэрэг хэргийн нөхцөл байдалтай дараах байдлаар харьцуулан дүгнээд, хариуцагч С- ХХК-аас 39,675,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П-ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22,339,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотолж шүүхэд гаргасан зарлагын баримтуудаас 2019 оны 05 сарын 25-ны өдрийн 11,000,000 төгрөгийн, 30-ны өдрийн 28,000 төгрөгийн, 06 сарын 04-ний өдрийн 314,000 мөн 303,200 төгрөгийн, 05-ны өдрийн 36,000, мөн 45,000, 74,000 төгрөгийн, 06-ны өдрийн 90,500 төгрөгийн, 20-ны өдрийн 1,180,000 мөн 630,000 төгрөгийн, 26-ны өдрийн 1,420,000 мөн 234,500 төгрөгийн, 07 сарын 28-ны өдрийн 108,000 мөн 50,000 төгрөгийн, 08 сарын 23-ны өдрийн 440,000 төгрөгийн, нийт 15,953,200 төгрөгийн зарлагын мөнгөн гүйлгээнүүдийг, нэхэмжлэгч П-ХХК-ийн захирал Т.О-ны Хаан банк ХК дахь ***** тоот дансны хуулгаас 2019 оны 05 сарын 12-ны өдрийн sunjin buidan 3,500,000 мөн zasvar huls 1,900,000 төгрөгийн, 13-ны өдрийн Б- ххк төлбөр 12,000,000 төгрөгийн, 17-ны өдрийн turba 108,000 мөн hushig 100,000 төгрөгийн, 19-ны өдрийн hushig 156,000 мөн 520,000 төгрөгийн, 23-ны өдрийн san 500,000 мөн gerel 97,500 төгрөгийн, 24-ний өдрийн zasvar 200,000 мөн sandal 280,000 төгрөгийн, 25-ны өдрийн tavilga 1,185,000 төгрөгийн, 27-ны өдрийн san ajil 336,000 төгрөгийн, 28-ны өдрийн best buidan 1,420,000 төгрөгийн, 31-ний өдрийн buidan 600,000 төгрөгийн, 06 сарын 09-ний өдрийн buidan 500,000 төгрөгийн, 14-ний өдрийн zasvar 100,000 төгрөгийн, 25-ны өдрийн ugaaltur 85,000 мөн maretial 77,000 төгрөгийн, 26-ны өдрийн oboi 60,000 төгрөгийн, нийт 23,722,500 төгрөгийн, бүгд 39,675,700 төгрөгийн мөнгөн гүйлгээнүүдийг тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шууд хамаарах агуулгатай хийгдсэн гүйлгээ байх бөгөөд зохигчийн маргаж буй үйл явдлын цаг хугацаанд хамаарах баримт гэж дүгнэлээ.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/01879 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...51,025,200 төгрөг... гэснийг 39,675,700 төгрөг гэж өөрчилж,

2 дахь заалтын ...413,076 төгрөг... гэснийг 356,328 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч С- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ