Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Ц.Амгаланбаатар,

            шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Пийг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809016351139 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, эхийн хамт,

2016 оны 11 дүгээр сарын 02-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

2017 оны 08 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авагдсан, Б.П /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.П нь “Хүмүүнлэгийн Ухааны их сургууль оруулж өгнө” гэж худал хэлэн 2018 оны 01 дүгээр дүгээр 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Централ Тауэр” төвд М.Батсууриас 3.500.000 төгрөг,

2018 оны 01 сард “пүүзийг чинь түр өмсөж байгаад өгье” гэж худал хэлэн “Жордан-6” маркийн пүүзийг авч М.Батсуурь 260.000 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн үйлдлээр залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би Батсуурь гэх  найз 2018 оны 01 дүгээр сарын эхээр надаас намайг их сургуульд оруулж өгч чадах хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнэ гэх холын хамаатнаасаа асуутал болно мэргэжлээ сонгоод 3.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд би Батсуурьд хэлээд Хятад улсад сурч байсан бичиг баримтуудыг нь аваад хүмүүнлэгийн их сургууль дээр аваачиж өгсөн. Тэгтэл Мөнх-Эрдэнэ ах надад хэд хоногоос тушаал нь гарна мөнгөө бэлэн байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд надад Батсуурийн тушаал гартал би уулзахгүй гэж хэлсэн. Намайг өмнө нь хүмүүнлэгийн ухааны их сургуульд оруулж өгч байсан болохоор би итгэж байсан. Тэгээд цагаан сарын эхээр Мөнх-Эрдэнэ ах өөрийн ажиллуулдаг 1 дүгээр эмнэлгийн цайны газар мөнгөө аваад хүрээд ир гээд  над руу залгасан тэгэхээр нь би Батсуурьд хэлээд бид хамт талбайн хажуу талын АТМ-с мөнгөө аваад 1 дүгээр эмнэлгийн цайны газар ороод би Мөнх-Эрдэнэ ахад мөнгөө өгсөн. Тэр үед Батсуурь машинд гадаа хүлээж байсан. Тэгээд би Батсуурьд хэд хоногоос чамтай холбогдоно гэнээ гээд салаад явсан. Тэгээд цагаан сарын үеэр Батсуурь надтай холбогдоод танай ах чинь надтай холбогдохгүй байна гэж хэлсэн тэгэхээр нь би асуутал янз бүрийн шалтгаан хэлээд ирэхгүй уулзахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-75/,

 

Хохирогч М.Батсуурийн  “...Пүрэвдорж нь 2018 он гараад надтай танилцаад намайг ганцаараа амьдардаг байх үед ...хамт амьдардаг болсон. Надтай хамт амьдардаг байх хугацаандаа намайг Хүмүүнлэгийн ухааны их сургуульд ...элсэлтийн ерөнхий шалгалтад оруулахгүйгээр шууд их сургуульд оруулж өгөх талаар ярьдаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бид хоёр “Централ Тауэр”-ын Хаан банкны АТМ-ээс 3.500.000 төгрөг Пүрэвдоржид авч өгөөд бид хоёр нэгдүгээр төрх орсон. Пүрэвдорж нь Мөнхөө гэх ахдаа надаас авсан мөнгөө өгсөн гэж хэлсэн. ...7 хоногийн дараа Пүрэвдорж бичиг баримт дутуу байна гээд миний 10 жилийн аттестатыг авъя яваад болчихлоо чиний тушаал удахгүй гарна гэж хэлэхээр нь би итгээд сургуулийнхаа тодорхойлолтыг авъя гэхэд одоо фейсбүүк чатаар явуулъя гэж хэлээд ор тас таг болоод манайд амьдрахаа больсон. Тухайн үед Пүрэвдорж нь миний шинэ Жордан-6 загварын пүүзийг өмсөөд явсан ба одоог хүртэл өгөөгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Гэрч Б.Пийн “...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр танил Батсуурь надтай уулзаад би их сургуульд сурмаар байна гэсэн. Тэгэхээр нь би надад нэг ах байгаа тэрнээс асуугаад өгий гэж хэлээд би Батсууриас бичиг баримт болон бэлэн 3.500.000 төгрөг аваад Хүмүүнлэгийн их сургуульд оруулж өгнө гэж мөнгө авсан юм. Үүнээс хойш би Батсуурийг сургуульд оруулж өгөх талаар хүмүүстэй уулзаж байгаад Батсуурийг Хүмүүнлэгийн их сургуульд оруулж өгөх ажил бүтээгүй …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн “...Пүрэвдорж ...залган “Миний сайн найз байгаа юм. Хятадад сурч байгаад сургуульгүй болчхоод ирсэн байгаа юм. Та Хүмүүнлэгийн ухааны их сургуульд оруулж өгөөч” гэж гуйгаад “холбогдох бичиг баримтыг яг одоо аваачаад үзүүлье” гэж хэлсэн. Удалгүй манай ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Улсын нэгдсэн төв 1 дүгээр эмнэлгийн гал тогоонд миний ажил дээр хүрч ирээд Батсуурь гэх хүүхдийн 10 жилийн улаан өнгийн хятадад 10 жил төгссөн бичиг баримт гэж надад үзүүлээд “оруулж болох уу” гэж асуусан. Би материалыг нь үзээд “...би сайн хэлж мэдэхгүй байна. Хүмүүнлэг дээр очин өргөдлөө өгөөд бичиг баримтаа шалгуулаад зохих хэмжээний шалгалтыг өгөөд орох боломжтой байх. Одоо улирал нь таарч байгаа.” гэж хэлсний дараа манай ажлаас гараад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, хохирлын баримт /хх-19, 20, 21/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-81-82/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.П нь “Хүмүүнлэгийн Ухааны их сургууль оруулж өгнө” гэж худал хэлэн 2018 оны 01 дүгээр дүгээр 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Централ Таур төвд М.Батсууриас 3.500.000 төгрөг,

мөн 2018 оны 01 сард “пүүзийг чинь түр өмсөж байгаад өгье” гэж худал хэлэн Жордан-6 маркийн пүүзийг авч М.Батсуурьд 260.000 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн үйлдлээр залилан авсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Батсуурь, гэрч Б.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Пийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Пийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Пийн дээрх үйлдлийн улмаас хохирогч М.Батсуурьд 3.760.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлж багадуулсан байх бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Пийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Пийн дээрх үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Б.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.П нь өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагджээ.  

Гэтэл тэрээр тэнсэж, хязгаарлалт тогтоосон хугацаанд дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Б.Пид холбогдох тэнссэн, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өмнөх гэмт хэрэгт нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Үүнээс гадна шүүгдэгч Б.П нь Эрүүгийн 201701000101 дугаартай хэрэг буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэрэгт 340 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүх түүний дээрх тогтоолоор тэнссэн, хязгаарлалт тогтоосон хэсгийг хүчингүй болгож ял оногдуулсан тул шүүгдэгч Б.Пийн Эрүүгийн 201701000101 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 340 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Мөн түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 18 хоног эдлэх ялд оруулан тооцов.   

 

Шүүх шүүгдэгч Б.Пийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Пийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Шүүгдэгч Билэгдэмбэрэлийн Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 333 дугаартай дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Пийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Пид энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Шүүгдэгч Б.Пид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийн цагдан хоригдсон 358 хоногийг түүний эдлэх ялд оногдуулан тооцсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.                       

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Пийн эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.БОЛДБААТАР