Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01312

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01312

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/02405 дугаар шийдвэртэй

Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:  Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Б.М-д 2023 оны 08 сарын 12-ны өдөр 18,000,000 төгрөг, 2023 оны 08 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 08 сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 08 сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 09 сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын 22-ны өдөр 1,150,000 төгрөг, 300,000 төгрөг, 2023 оны 10 сарын 02-ны өдөр 170,000 төгрөг, 2023 оны 10 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөг нийт 27,120,000 төгрөг зээлдүүлсэн. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 27,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Б.Г-тэй 2024 оны 06 сарын 12-ны өдөр фэйсбүүк мессенжерээр танилцсан. Б.Г-ээс мөнгө зээлж байгаагүй, нэхэмжилж байгаа мөнгийг зээлсэн бол хэзээ, яаж, уг мөнгийг яах гэж зээлснийг баримттай хэлэхийг хүсч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,120,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,550 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шийдвэрт ...Зохигчдын дансны хуулгыг нэгтгэн үзвэл нэхэмжлэгчээс хариуцагчид 2023 оны 08 сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 сарын 10-ны өдрийн хооронд 26,120,000 төгрөгийг ****** гэсэн утгаар шилжүүлжээ. Энэхүү шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг гэж тайлбарласан... гэх тухайд:

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Гагцхүү хэзээ эргүүлэн төлөх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд хариуцагчийн санхүүгийн байдлыг хүндэтгэн бага багаар авах хүсэл зорилготойгоор шилжүүлсэн байдаг. Түүнчлэн гүйлгээний утга дээр заавал зээл гэж бичсэнээр зээл олгогдсонд тооцно гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс Иргэний хуулийн дагуу хариуцагчийн данс руу шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.

4.2. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч өөрийн биеэр ирсэн бол асуух асуулт маш олон байна. Өөрөө байхгүй итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа учраас бодит үйл баримтыг сайн мэдэхгүй учраас үр дүн байхгүй гэж бодож байна... гэх тухайд:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцох боломжтой байсан бөгөөд шүүгч хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хариуцагч талын шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгчээс тодруулах боломжоор хангаж Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Хариуцагч тал Хаан банкны тоот данс руу нийтдээ 20 удаагийн гүйлгээгээр 10,103,000 төгрөгийг Б.Г- нь өөрөө буцааж авсан гэх тухайд:

Хариуцагч нь 10,103,000 төгрөгийг өгсөн гэдгээ илэрхийлсэн ба нэхэмжлэлээс үлдэх 17,017,000 төгрөгийг буцаан өгөөгүй нь түүний тайлбар, баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,120,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Б.Г-ээс мөнгө зээлж байгаагүй, ийнхүү мөнгө зээлсэн бол хэзээ, ямар зорилгоор, ямар дүнгээр зээлснийг баримттай хэлэхийг хүсч байна гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоожээ.

Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.Г- нь Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн ****** тоот данснаас хариуцагч Б.М-гийн ***** тоот дансанд 2023 оны 08 сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 сарын 10-ны өдрийн хооронд 11 удаагийн гүйлгээгээр 26,120,000 төгрөгийг **** гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримтыг зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч тодорхойлжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хариуцагч тодорхой хугацааны дараа буцаан өгөхөөр, нэхэмжлэгч уг мөнгөө буцааж авахаар талуудын хүсэл нэгдэж, энэ талаар харилцан тохиролцсон байсан гэх байдал тогтоогдоогүйг зөв дүгнэжээ.

Учир нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн гүйлгээний утгаас үзвэл түүний ***** гэсэн илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар зохигчийн мөнгө зээлдүүлэх, буцаан төлөгдөх хариу төлбөрийн агуулгыг илэрхийлж байгаагүй байна.

Мөн хариуцагчийн зүгээс 2023 оны 08 сарын 12-ны өдрөөс 2023 оны 09 сарын 22-ны өдрийн хооронд 9,803,000 төгрөгийг ***** гэсэн утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн нь зээлийг буцаан төлсөн агуулгагүй байна.

Иймээс энэ талаархи хариуцагчийн тайлбар, татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзнэ.

 

5. Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заавал зээл гэж бичсэнээр зээл олгосонд тооцно гэсэн үндэслэлгүй мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй гэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээл байгаагүй гэж нэхэмжлэлээс татгалзсан учир нэхэмжлэгч мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ нотлох үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотолж шүүхэд гаргасан дээрх дансны хуулгад зээлдүүлсэн гэх утга илэрхийлэгдээгүй нь зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг үгүйсгэхгүй байж болох ч, гагцхүү мөнгө шилжүүлсэн нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шууд нотлохгүй. Шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь зээл байсан эсэхэд зохигч маргасан учир хэргийн бусад баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тогтоогдсон байх учиртай.

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 8564 дугаартай захирамжаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн зохигчийн хооронд харилцсан Фэйсбүүк нүүр номын цахим захидалд 2024 оны 05 сарын 08-ны өдөр шүүх үзлэг хийжээ. Тус үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлэхийг хүссэн, мөнгө зээлсэн тухай болон нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө зээлдүүлсэн агуулгаар болон мөнгийг буцаан төлөхийг шаардсан агуулга илэрхийлэгдээгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгчийн ***** хаягнаас 2023.8.16-ны өдөр ...****., 2023.8.21-ний өдөр ...******.. гэж харилцаж байснаас үзэхэд зохигч дотно харилцааны үндсэн дээр буцаан шилжүүлэх нөхцөлгүйгээр мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан үйл баримт тогтоогджээ.

Энэ байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Б.М-д шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Б.Г- өөрийгөө шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг Б.У-д 2024 оны 01 сарын 17-ны өдөр олгож, төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс төлөөлөн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Мөн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс итгэмжлэлээсээ татгалзан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт, тайлбар гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжтой байсан, шүүх хэргийн үйл баримтыг бодитой тогтоохоор шүүх хуралдааныг хойшлуулах байсан гэх гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/02405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ