| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0153/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөчүүд овогт Б.М-д холбогдох эрүүгийн 1809038641218 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: РЭ 93070633 / Бөөчүүд овогт Б.М нь:
- 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” баарны гадна хохирогч Б.Баяндалайгийн хүзүүний алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 9-10 /
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-13 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Лакс гэх нэртэй шөнийн цэнгээний газрыг тойрсон гудамжны хэсэг байх ба камерын бичлэгийн цагаар 03 цаг 47 минут 19 секундэд саарал өнгийн өмд, цагаан өнгийн тамирын цамц, хар алаг фүүзтэй, цээжээрээ жижиг хар цүнх үүрсэн эрэгтэй / Мягмардож/ гүйж гарч ирээд 03 цаг 47 минут 21 секундэд камерын үзэгдэх орчноос гарав гэжээ. / хх 33 /
Хохирогч Б.Баяндалай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …2018 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Лакс” гэх нэртэй бааранд өөрийн найз Отгондорж, Түвшинжаргал нарын хамт ороод 1 шил Болор нэртэй архи уусан. Тэгээд гадаа тамхи татах гээд гараад баарны хажууд нарийн гудамж зогсож байтал үл таних чихэндээ хар товчин ээмэг зүүсэн нэг эрэгтэй хүн надтай юу яриад байгаа нь мэдэгдэхгүй олон яриад байсан. Тэгсэн чинь хажуунаас нэг гар орж ирээд миний хүзүүнд байсан 18 кратын 25 граммын алтан гинжийг тасдаад зугатаад яваад өгсөн. Би яг тухайн үед хаашаа гүйсэнг харж амжаагүй. БНСУ-аас 2018 оны 01 дүгээр сард 235.000 воноор авсан. Монгол мөнгөөр 485.000 төгрөг болж байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 7-8, 36 /
Гэрч А.Бадамсэрээжид мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …Би араас нь очиход нэг шар үстэй залуу хүзүүний алтан гинжээ таслуулчихлаа гээд байж байсан. Тэгэхэд манай “Лакс” бааранд өмнө нь зөөгч хийж байгаад зохион байгуулагч болж байсан Мөөгий /нэрийг нь мэдэхгүй/ “Наад пизда чинь гинжээ найздаа таслуулчихлаа. Би нөгөө пиздакуудыг нь хэд цохьсон чинь зугатаагаад алга болчихлоо гэхээр нь би нээх тоогоогүй буцаад “Лакс” баар руу яваад өгсөн гэжээ. / хх 15 /
Гэрч Р.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө би өөрийн найз Батмөнх /Даавка гэдэг хочтой/ Мягмардорж /өвгөн хочтой/ нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй бааранд орсон. 0.75 литрийн архи 3 шилийг уугаад сууж байгаад бие засах өрөөнд ороход туранхайдуу, бор өнгийн савхин куртиктай залуутай тамхи татаж байсныг хамгаалагч гаргах гээд байхаар нь би хамгаалагчид нь хэлээд үлдээсэн. Нөгөө залуу баярласан шүү гээд яриад зогсож байгаад хажуугаар өнгөрсөн өвгөнийг мөрлөөд тэр хоёр заамдалцсан. Би салгатал өвгөн “Митинг” баарны урдуур гараад хойд зүг рүү гүйгээд явсан. Нөгөө залуу миний гинж алга болчихлоо гэж хэлэхээр нь тэр хавиар нь гэрэл тусган хайлцаж байгаад өвгөний араас нь очиход өвгөн байхгүй байсан. Түүний дараа өвгөн надад түрүүн надтай маргалдаад заамдалцаад байсан залуугийн гинж гээд тасархай гинж өгсөн. Тэр гинж нь богинохон байсан. Өвгөнөөс нэхэж байгаад үлдсэн гинжийг нь аваад холбоод машиндаа хийсэн гэжээ. / хх 16-17 /
Гэрч Б.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тэр залуутай маргалдаж байгаад гинжийг нь таслаад аваад цаашаа “Митинг” баарнаас урд байдаг ТҮЦ рүү гүйгээд буцаад Мөнх-Эрдэнийн машинд суусан...нөгөө залуугийн гинжийг би Мөнх-Эрдэнэд өгсөн гэжээ. / хх 48 /
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 /
Шүүгдэгч Б.М-ийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-42 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” баарны гадна хохирогч Б.Баяндалайгийн хүзүүний алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 9-10 /, ...Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-13 /, ...Лакс гэх нэртэй шөнийн цэнгээний газрыг тойрсон гудамжны хэсэг байх ба камерын бичлэгийн цагаар 03 цаг 47 минут 19 секундэд саарал өнгийн өмд, цагаан өнгийн тамирын цамц, хар алаг фүүзтэй, цээжээрээ жижиг хар цүнх үүрсэн эрэгтэй / М / гүйж гарч ирээд 03 цаг 47 минут 21 секундэд камерын үзэгдэх орчноос гарав гэсэн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 33 /, … баарны хажууд нарийн гудамжинд зогсож байтал үл таних чихэндээ хар товчин ээмэг зүүсэн нэг эрэгтэй хүн надтай олон яриад байсан. Тэгсэн чинь хажуунаас нэг гар орж ирээд миний хүзүүнд байсан 18 кратын 25 граммын алтан гинжийг тасдаад зугатаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Баяндалайгийн мэдүүлэг / хх 7-8, 36 /, … нэг шар үстэй залуу хүзүүний алтан гинжээ таслуулчихлаа гээд байж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Бадамсэрээжидийн мэдүүлэг / хх 15 / , ... Өвгөн надад “Түрүүн надтай маргалдаад заамдалцаад байсан залуугийн гинж” гээд тасархай гинж өгсөн.
Би гинжийг нь аваад холбоод машиндаа хийсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Р.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг / хх 16-17 /, ...Би тэр залуутай маргалдаж байгаад гинжийг нь таслаж аваад Мөнх-Эрдэнэд өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Мийн мэдүүлэг / хх 48 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Мийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой ажил үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бөөчүүд овогт Б.Мийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 2.3 дах хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.М нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг дурьдсугай.
4. Б.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ