Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01316

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01316

 

Д.О-, Б.У-, Б.Б-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01638 дугаар шийдвэртэй

Д.О-, Б.У-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй, С.Г-од холбогдох

Гэм хорын хохиролд 116,121,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Э, Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.Б- нь 2021 оны 05 сарын 25-ны өдөр зам тээврийн осолд орж, амь насанд нь аюултай тархины хүнд гэмтэл авсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ****өдрийн ***** тогтоолоор зам тээврийн осол гаргасан жолооч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцож, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн. Осол гарсан өдөр Н.Б- нь 95 хувийн эрсдэлтэй тархины хүнд хагалгаанд амь насны заалтаар орж, алтан гарт эмч нарын ачаар амьд үлдсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн №451 тоот шүүх эмнэлгийн дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон. Ослоос хойш тогтмол хагалгаа, эмчилгээ сувилгаа хийлгэж эм тариа хэрэглэж байгаа.

Иймд хариуцагч С.Г-оос эмчилгээний зардал 2,443,050 төгрөг гаргуулах, гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулах, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 100,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Н.Б-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хэрэгт цугларсан эмчилгээний зардалд 2,443,050 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн баримтыг нягталж үзэхэд Түүний эхнэрийн хэвтэж эмчлүүлсэн н.О-ы эмчилгээний төлбөрийн баримт 602,000 төгрөг, *** эмийн сангаас Isispharma гоо сайхны бүтээгдэхүүний төлбөрийн баримт 66,900 төгрөг, *** эмийн сангаас харшлын эмийн төлбөрийн баримт нь нэхэмжлэгчийн эмчилгээний зардалтай холбоогүй байна. Н.Б-ы сар бүрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөрт 6,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анх хэрэг болж эрүүгийн хэргийг шалгаж байхад Н.Б- нь ажилгүй гэсэн мэдүүлэг өгч байсан, ажил хийж байсан гэх нотолгоогүй, цаашид хөдөлмөрлөх боломжгүй гэсэн дүгнэлтийг ЭМЯ-ны харьяа эмнэлэгтээ хүсэлт гарган улсаас тэтгэмж гаргуулж авах боломжтой. Нэхэмжлэгч Н.Б- нэхэмжлэлдээ сэтгэцэд учирсан хохиролд 100,000,000 гаргуулах нэхэмжлэл гаргажээ тус хохирлыг бодитоор үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч С.Г- нь гэм буруутай учир бусдад учруулсан эдийн болон эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Г-оос 2,966,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-, Б.Б-, Б.У- нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 113,155,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,348 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Г-оос 62,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-, Б.Б-, Б.У- нарт олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч С.Г-ын болгоомжгүй үйлдсэн гэмт хэргийн улмаас Н.Б- нь 2 жил 6 сарын туршид хүний асаргаанд байнга орж, амьдралынхаа эцсийн мөч хүртэл үр хүүхэд, хань ижил биднийгээ танихгүй, ухаангүй байсаар нас барсан. Гэтэл анхан шатны шүүх талийгаачийг тэтгэвэр авч байсан гэх үндэслэлээр цалин хөлс орлогогүй гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэж, гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлбөрт 13,150,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх өндөр насны тэтгэврийг цалин хөлсний орлоготой адилтгаж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх сэтгэл санааны хохирол гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Сэтгэцэд учирсан хохирол буюу нэхэмжлэгч Н.Б- нь авто ослын улмаас гавал тархины хүнд гадны улмаас судасны гаралтай цочмог эхлэх тэнэгрэл (F01.0) гэх сэтгэцийн өвчинтэй болж, тархины үйл ажиллагаа нь бүрэн доголдож, сэтгэн бодох чадвараа алдсан бөгөөд оюун санааны хувьд хэвийн бус, нийгмийн амьдралд оролцох боломжгүй болсноор эрүүл мэнд нь хохирсон тул эрүүл мэндийг нь нөхөн сэргээж хэвийн байдалд оруулахтай холбоотой сэтгэцэд учирсан хохирлыг 100,000,000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүх "Хэрэгт сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээ нотлох баримтаар тогтоогдохгүй байна" хэмээн андуурч шийдвэрлэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохирлыг үнэлүүлэхээр гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангахдаа шинжилгээ хийхгүй өөр байгууллагыг томилж хугацаа алдсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширснаас нэхэмжлэгчийг амьд байхад нь хохирлын үнэлгээ хийлгэх боломж алдагдсан.

Хүний амь нас, эрүүл мэндийг мөнгөөр үнэлэх асуудал учир дутагдалтай ч хүнийг хүн ёсоор амьдралын сайн сайхныг мэдэрч амьдрах боломжгүй болгож, насан туршийн эдгэшгүй, хэвийн байдалдаа буцаж орохгүй сэтгэцийн өвчин эмгэгтэй болгосны нөхөн төлбөрийг хуулийн хүрээнд хариуцагчаар төлүүлэх нь зүй ёсны асуудал юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэн шүүх гэм буруутай этгээдэд хуулиар хүлээлгэсэн хариуцлагыг нь хүлээлгэхгүй байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөрт 13,150,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх талаар гаргасан тусгайлсан журам болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга тухайн гэмт хэрэг гарах үед батлагдаагүй байсан. Гэмт хэрэг **** өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдсэн нь авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэрэг шийдвэрлэгдсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хуульд хожим шинээр орсон, гэмт хэрэг гарах үед уг заалт хуулиар батлагдаагүй байсан. Иймээс шүүгч агуулгаар нь сэтгэл санааны хохирол гэж шаардсан байх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 байгууллагыг шинжээчээр томилсон. Тухайн үед ямар байгууллага сэтгэцэд учирсан хор хохирлыг гаргах талаар журам батлагдаагүй тул 2 байгууллага хоорондоо эдгээр хүмүүсийг явуулсаар байгаад шинжээчийн дүгнэлт гараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч С.Г-од холбогдуулан гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлбөрт 13,150,000 төгрөг, эмчилгээний зардалд 2,966,300 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 100,000,000 төгрөг, нийт 116,121,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, дээрх зардлууд нь нэхэмжлэгчийн эмчилгээний зардалтай холбоогүй, нэхэмжлэгч нь хэрэг болох үед ажилгүй байсан, сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөөр тооцох боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гарган маргасан байна.

 

3. Нэхэмжлэгч Н.Б- 2023 оны 10 сарын 06-ны өдөр нас барсан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагчаар нэхэмжлэгчийн охин Б.У-, хүү Б.Б-, эхнэр Д.О- нарыг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Хариуцагч С.Г- нь 2021 оны 05 сарын 25-ны өдөр*** маркийн, ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин нэхэмжлэгч Н.Б-ы биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** өдрийн 2021/ШЦТ/688 дугаар шийтгэх тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 сарын 03-ны өдрийн 4591 тоот шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол, бусад зардлыг мөнгөн хэлбэрээр тооцон түүнээс гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч С.Г- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн нь түүнийг гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр хариуцан арилгах үүргээс чөлөөлөхгүй юм.

Иймээс Н.Б-ы эмчилгээ, асаргаанд зарцуулсан мөнгөн төлбөрийн зардлыг нэхэмжлэгч тал баримтжуулан шүүхэд гаргасныг хариуцагч үгүйсгэсэн хэдий ч уг баримтуудыг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд тооцох үндэслэлтэй гэж дүгнэн хариуцагч С.Г-оос 2,966,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-, Б.Б-, Б.У- нарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас 13,150,000 төгрөгийн нөхөн төлбөр, сэтгэцэд учирсан хохирол 100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Талийгаач Н.Б- нь зам тээврийн осол болох үедээ тогтмол цалин хөлс бүхий ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татвар төлдөг болон цалингаас өөр тогтмол орлоготой байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй боловч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т заасны дагуу өндөр насны тэтгэвэр авдаг, тэтгэврийн орлоготой байжээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "цалин хөлс, түүнтэй адилтгах орлого" гэж Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговор, хөлс, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос сар, улирал, жил тутам, эсхүл тухайн тохиолдол бүрд олгож байгаа шагнал, урамшуулал, хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогыг гэж заасан нь өндөр насны тэтгэврийг "цалин хөлс, түүнтэй адилтгах орлого"-д тооцоогүй байна.

Энэ агуулгаар талийгаач Н.Б-ыг цалин хөлс, орлогогүй гэж тооцогдохоор мэт боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 26 дугаар зүйлд тэтгэврээс суутгал хийх нөхцөлийг нэрлэн зааж, эдгээрээс бусад тохиолдолд тэтгэврээс суутгал хийхийг хориглосон. Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1-д зааснаар цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос албан татвар ногдуулна гэж зохицуулсан бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д зааснаар тэтгэврийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заажээ.

Дээрх хуулиудад заасан "цалин хөлс, түүнтэй адилтгах орлого"-ын тодорхойлолт нь аливаа гэрээгээр ажиллаж буй этгээдийн цалин хөлснөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэл болон ногдох албан татварын орлогыг тодорхойлох, нөхөн төлүүлэхтэй холбоотой зохицуулалт учир Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасны дагуу Н.Б-ыг цалин хөлс, орлогогүй гэж дүгнэхгүй. Учир нь түүнд олгож байсан тэтгэвэр нь хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэний үндсэн орлогод тооцогдох тул талийгаач Н.Б- нь зам тээврийн осолд өртөх үедээ тэтгэврийн орлоготой байсан гэж үзэж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан гэсэн үндэслэлд хамаарахгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүх энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Иймээс өндөр насны тэтгэврийг цалин хөлстэй адилтгах үндэслэлгүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах орхих нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, талийгаач нь зам тээврийн ослын улмаас тархины хүнд гэмтэл авч судасны гаралтай цочмог эхлэх тэнэгрэл (F01.0) гэх сэтгэцийн өвчтэй болсноо тархины үйл ажиллагаа нь бүрэн доголдож, сэтгэх чадвараа алдсан гэж үндэслэлээ тодорхойлжээ. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч талын энэхүү шаардлагыг сэтгэл санааны хохирол гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас 2022 оны 12 сарын 23-ны өдөр баталж, уг хуулийг дагаж Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэсэн зохицуулалт шинээр хуульчлагдсан. Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хууль тогтоогч хүчин төгөлдөр болох хугацааг нь тухайн хуульд тусгайлан заасан. Иргэний хуульд орсон дээрх нэмэлтийг ч мөн Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Иймээс хариуцагч С.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Н.Б-ы сэтгэцэд учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулах тухай нэхэмжлэгч талын шаардлага болон энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Тодруулбал, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байхаар заасан нь хуулийг хүчин төгөлдөр болсон үеэс нь эхлэн үүссэн харилцааг зохицуулахад хэрэглэх агуулгатай зарчим юм. Харин энэхүү хуулийг шинээр батлагдахаас өмнө бий болсон эрх зүйн харилцаанд буюу талийгаач Н.Б-ыг 2021 оны 05 сарын 25-ны өдөр зам тээврийн осолд өртөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хэрэглэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан ба мөн хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус гэм хорыг арилгах буюу нэхэмжлэгч талын сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд тухайн осол болсон цаг хугацаанд энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоогч хуульчлаагүй, энэ талаар тухайлсан эрх зүйн зохицуулалт байгаагүй байна.

Энэ үндэслэлээр 2021 оны 05 сарын 25-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэгч талын шаардлагыг 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хэрэглэн уг маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй.

Түүнчлэн шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас Н.Б-ыг амьд ахуйд шүүх шинжилгээний байгууллагаар түүний сэтгэцэд учирсан хохирлыг тодорхойлох шинжилгээг хийлгэж чадаагүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь шүүх 2023 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээчээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвийг томилсон, улмаар тус төвийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн албан бичгээр тус шинжилгээг өөр байгууллага буюу хийх болсныг мэдэгджээ. Шүүх 2023 оны 08 сарын 08-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна. Тус шүүхийн шүүгчдийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн зөвлөгөөнөөр уг хэрэг өөр шүүгчид хуваарилагдсан. Хэргийг хүлээн авч шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2023 оны 08 сарын 23-ны өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаж мөн оны 11 сарын 30-ны өдөр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон байх боловч нэхэмжлэгч Н.Б- 2023 оны 10 сарын 06-ны өдөр нас барсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Иймээс эдгээр байдалд шүүхийг буруутгах боломжгүй юм.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ