Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2

 

Б.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.С- болон түүний өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, Б.С-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Ш А овогт Б-н С-.

Б.С- нь 2001 онд Санхүү, банкны “Өлзийт” дээд сургуулийг төгссөн гэх 02001/113 дугаартай хуурамч дипломыг ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 135554 шифрээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн улмаар тус аймгийн Бугат сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдож, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 39,591,735 төгрөгийн хууль бус орлого олсон гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-ыг хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б С-оос 39,591,735 төгрөгийг гаргуулан улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтын “Б.С-оос” гэсний дараа “гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэж нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 3 дахь заалт болгож “З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С- болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдпыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Нургайып нар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

1-рт гэмт хэргийн субъектив талын шинж үгүйсгэгдэж байгаа, 2-рт гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэж байгаа, 3-рт эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад яллагдагчаар татсан талаар санал дүгнэлт гаргаж байсан.

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол..." гэж гэмт уг гэмт хэргийн объектив, субъектив талын шинжийг хуульчилжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан дээрх гэмт хэргийн заавал байх ёстой объектив талын шинж болох хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэсэн шинжийг хангаагүй байсан ч тухайн дипломыг ямар нэгэн байдлаар ашигласан бол гэмт хэрэг бүрдэл төгсөх ёстой гэж хуулийг буруу тайлбарлаж байгаад гомдолтой байна. Шүүгдэгч Б.С- нь 2001 онд “Өлзийт” дээд сургуулиас бакалаврын дипломыг авсан бөгөөд тус сургуульд журмын дагуу бүртгүүлж холбогдох төлбөр хураамжийг төлж байжээ. Б.С- нь 1988 онд Санхүү эдийн засгийн техникумийг нябо, эдийн засагч мэргэжлээр дипломын зэрэгтэй төгсөж /хх 78-79/ удаан жил мэргэжлээрээ ажиллаж байсан учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэн бакалаврын зэрэг олгоно гэсэн зарын дагуу 1997 онд Өлзийт дээд сургуульд бүртгүүлэн бакалаврын зэрэг хамгаалахаар болсон байна. Улмаар 2001 онд төгсөж бакалаврын дипломоо авсан. Тухайн дипломын хуурамч эсэхийг огт мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайн дипломыг хуурамч болохыг 2018 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Хайвийн гомдлын дагуу Цагдаагийн газраас шалгаж тогтоосон үед л Б.С- мэдсэн байх ба Төрийн албаны зөвлөлөөс гаргасан холбогдох тогтоолуудыг хүчингүй болгож байжээ. Тэгэхлээр Б.С-ыг Өлзийт дээд сургуулийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж буруутгах нь үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр Б.С-д хуурамч бичиг баримт ашиглан өөртөө давуу байдал бий болгох гэсэн субъектив талын шинж огт байгаагүй болох нь 2015 онд хамт шалгалт өгсөн Х.Амиртай2 , /хх-27/ Ө.Хуанбай3,/хх-34/ Д.Ербол4, /хх-37/ К.Турсынхан5, /хх-38/ Ж.Төлеухан6 нар, /хх-41/ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Нурханат7, /хх-25/ гишүүд Х.Ерия, Ө.Тянах8 нарын сумын санхүүгийн албаны даргын сонгон шалгаруулалтад мэргэжлийн диплом шаардаагүй гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар давхар нотлогдож байсан мөртлөө анхан болон давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнд анхаараагүйд гомдолтой байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд энэ нь хэргийн шийдэлд нөлөөлсөн талаар:

Хуурамч диплом ашиглан Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэр дэвшүүлэх тогтоол гаргаж авсан гэж Б.С-ыг буруутгаж байгаа билээ. Цагдаагийн газраас тухайн дипломыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хуурамч болохыг тогтоосны дараа эрх бүхий байгууллагад хүргүүлсний дараа Төрийн албаны салбар зөвлөл 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэр дэвшүүлэх тогтоолыг хүчингүй болгож, мөн өдрийн 234 дүгээр албан бичгээр Бугат сумын Засаг даргад хүргүүлж, нэр дэвшүүлсэн тогтоол хүчингүй болсон учраас Б.С-ыг төрийн албанаас чөлөөлөхийг үүрэг болгосон байна. Хуурамч дипломыг Б.С-ын зүгээс мэдсээр байж ашиглаж Төрийн албаны салбар зөвлөлөөс тогтоол гаргуулж авч, төрийн албанд ажилласан гэж үзвэл үргэлжилсэн хугацаа нь тухайн тогтоол хүчингүй болсноор дуусгавар болж байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй”, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, Б.С-ыг яллагдагчаар татах үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Б.С-ыг яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хууль бусаар яллагдагчаар татсан гэж маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн маргаанд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн үйлчилж байсан Эрүүгийн хуулийг ашиглаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ойлголт болсон. Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүхүүд янз бүрийн байдлаар дүгнэлт хийж байгаагаас болж шүүгдэгчдийн эрх ашиг сонирхол зөрчигдөх үндэслэл болж байгаа тул УДШ-ээс энэ талаарх дүгнэлт хийж, энэхүү хэргийг хянан хэлэлцэж өгөхийг хүсэж байна.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд өөрөөр тайлбарлан хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С- намайг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан ялаас өршөөн хэлтрүүлсэн. Өөрөөр гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн өршөөлд хамруулсан 3 дахь хэсгийг хүчингүй болгож өөрчлөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирлоо барагдуулаагүй хэмээн өөрөөр тайлбарлан хэрэглэсэн явдалд гомдолтой байна. Миний бие мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлт гарч ашигласан диплом маань хуурамч гэдгийг танилцуулсан үед гэм буруугийн хувьд маргаагүй билээ. Тэгээд ч анхан шатны шүүх намайг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 2000 нэгжээр торгох ял шийтгэж, энэхүү оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн юм. Үүнийг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып хэлсэн саналдаа: “Энэхүү гэмт хэрэг 2015 онд үйлдэгдсэн гэж мөрдөн байцаалтаар тогтоосон. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлөөс тогтоол гаргуулж авсан, хуурамч бичиг баримт ашигласан гэж үзсэн. Гэмт хэрэг үргэлжилсэн хугацааг тухайн хүнийг төрийн албанд ажилласан хугацаагаар тооцсон. Гэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн болон дууссан хугацааны талаар гаргасан бидний саналыг хүлээж авахгүй байгаад гомдолтой байна. 2018 онд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоож Цагдаагийн газар болон бусад сонирхогч этгээдийн хүсэлтийн дагуу Төрийн албаны зөвлөл 2015 онд Б.С-ыг нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгож томилох эрх бүхий албан тушаалтанд энэ талаар мэдэгдсэн ба Б.С-ыг ажлаас чөлөөлөх албан бичгийг хүргүүлж байсан.

Өөрөөр хэлбэл 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.С-ыг төрийн албанд нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгосноор гэмт хэрэг дуусгавар болсон гэсэн үг. Гэтэл прокурор, шүүхээс уг хугацааны талаар тайлбарлахдаа бусад шалтгаанаар тухайн хүнийг төрийн албанд ажиллуулж байсан нөхцөл байдал зэргийг тооцсон. 2019 оны 06 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн нь 2015 онд Төрийн албаны зөвлөлөөс гаргуулж авсан тогтоол ямар ч хамааралгүй. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төгссөн гэмт хэрэгт 2020 оны 06 дугаар сард яллагдагчаар татаж, тогтоол танилцуулсан.

Мөн энэхүү гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй, хөнгөн гэмт хэрэг бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тоологдох ёстой байсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 2 жил гаруй болсны дараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон буюу 2017 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэрэглэсэн.

Анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан түүнд оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн байсан боловч давж заалдах шатны шүүх гэм бурууд маргаагүй байх ёстой гэсэн зарчмыг үндэслэж шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг өөрөөр тайлбарласанд гомдолтой байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсон учир шүүгдэгч Б.С- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүссэний дагуу шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан.

Мөн гомдолд дурдсан бусад үндэслэлүүдийг дэмжиж байна, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.С-ын хувьд 2001 онд “Өлзийт” дээд сургуульд элсэн орсон боловч төгсөөгүй. Улмаар тухайн сургуулийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Баян-Өлгий аймгийн Бугат сумын санхүүгийн албаны даргаар томилогдсон ажилласан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Онолын хувьд гэмт хэрэг дуусах үе шатыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн, хүссэн буюу зайлшгүй хүргэх хор уршгийг бий болгосон байхаар тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан байна. Энэ агуулгаас харахад шүүгдэгч Б.С-ын дээрх хууль бус үйлдэл нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 тоот тогтоолоор тухайн гэмт хэрэг таслан зогсоогдсон гэж тооцохоор байна.

Учир нь Б.С- тухайн албан тушаалд томилогдохын тулд Төрийн албаны шалгалт өгч тэнцсэний дагуу томилогдох эрх нь нээгдсэн бөгөөд томилогдсон тогтоол хүчингүй болсноор гэмт хэрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна. Харин Төрийн албаны зөвлөлөөс Б.С-ыг ажлаас чөлөөлөх тухай тоот хүргүүлсэн боловч тухайн үед ажиллаж байсан Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халсан захирамж гаргасан. Тэгэхээр албан тоот явуулснаас хойш үүссэн хохирол бол гэмт хэрэг таслан зогсоогдсоноос хойш үүсэж буй хор уршиг гэж дүгнэж байна. Энэ агуулгаар халагдах хүртэлх хугацаагаар тооцох цалинг нэхэмжилсэн.

Хэдийгээр хөдөлмөрлөсөн цалингаа авсан гэж үзэх болох ч нөгөө талаар хуурамч диплом ашиглаж тухайн албан тушаалд томилогдоогүй байсан бол цалин авах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж цалин авсан нь гэмт хэрэг, хор уршгийн хоорондын шууд шалтгаант холбоотой. Харин анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж байсан. Энэ агуулгаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тооцож үзэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд Б.С-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин гэмт хэрэг үйлдэж авсан цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулах буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.С- нь Санхүү, банкны “Өлзийт” дээд сургуулийн 02001/113 дугаартай хуурамч диплом ашиглаж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдож, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж, 39,591,735 төгрөгийн хууль бус орлого олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Б.С-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Б.С-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.С-ыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэх нөхцөл, шаардлага хангагдаагүй буюу тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад тус хуулийн үйлчлэлд хамруулсан гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль ёсны шийдвэр болж чадаагүй байна.

Тодруулбал, Б.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгчийн хувьд байхгүй гэж үзнэ.

Дээр дурдсан өршөөлд хамруулбал зохих үндэслэл, түүнчлэн шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцсэний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхээр заасан байгаа зэргийг харгалзан үзсэний дагуу тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байвал оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр тогтоосон, заавал хэрэгжих шинжтэй хуулийн хэм хэмжээг баримталсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдэж эхэлсэн, үргэлжилсэн, төгссөн хугацааг зөв тогтоож, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэргийн нөхцөл байдалтай холбон үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

Мөн шүүгдэгч Б.С- нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөж дээрх албан тушаалд томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулж байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид төрөөс олгосон цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 39,591,735 төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “...анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хэргийн шийдэлд нөлөөлсөн, ...Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүхүүд зөрүүтэй хэрэглэсэн тул шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                    Б.БАТЦЭРЭН

                                    Ч.ХОСБАЯР

                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН