Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0373/З/Т |
Дугаар | 310 |
Огноо | 2017-04-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 310
Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, иргэн Д.Бийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
“Нэхэмжлэгч Д.Б нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн хувьд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн мөнгийг дараах байдлаар багасгаж, нийт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас гаргуулахаар талууд харилцан тохиролцов.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Б-д бэлнээр болон дансаар шилжүүлэн өгнө.
Талууд Эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх 1 удаа ажилтанд олгосон 4.412.820 төгрөгийг тэтгэлгийг ажил олгогчийн зүгээс нэхэмжлэхгүй болно.
Энэхүү гэрээг талууд хүсэлт зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Энэхүү гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Бийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.
Түүнчлэн тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Т.Г нартай эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргатай эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан иргэн Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг урьд эрхлэж байсан ажил албан тушаалд томилсон акт гаргахыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нарын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР