Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 293

 

 

 

 

 

 

 

 

 

   2019          03         27                                      2019/ШТ/ 293

 

 

­

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,       

улсын яллагч: П.Бямбасүрэн,

хохирогч: М.О,

шүүгдэгч: Я.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ядамжавын Я.Ат холбогдох эрүүгийн 1709011940993 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, .................. оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, ............. регистерийн дугаартай, ................ Я.А. 

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:

Яллагдагч Я.А нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын залуучуудын холбооны гадна М.От “газар авч өгнө, газрын гэрчилгээ 1-2 долоо хоногийн дотор гаргаж өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурах аргаар өөрийн эзэмшлийн ХААН банкны 5111116662 дугаарын дансаар 10.000.000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.О мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сард фэйсбүүк дээрээс “газар зарна” гэсэн зарын дагуу Төмөрөө,Түвшин гэдэг 2 хүнтэй уулзсан. Тухайн үед үнэ тохиролцоогүй, газрыг аваагүй. Энэ гайгүй газар байна. Та нарт таньдаг хүн байна уу? гэхэд тэд намайг Я.А гэдэг хүнтэй уулзуулсан. Би “Ар зайсан дахь газрыг авах боломж байдаг юм уу” гэж асуусан. Тэгэхэд “манай эгч ажилладаг юм. Хүний нэр дээр биш хоосон газар байвал газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэсэн. Тэгээд мөнгө хөлсөө тохиролцсон. Тэгээд би эхлээд 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 10.000.000 төгрөг шилжүүлэхээр ярилцсан байсан.  Манай найз бид хоёрыг иргэний үнэмлэхээ аваад ир гээд канондаж аваад “газар чинь бүтчихлээ хурлаар ороод газрын гэрчилгээ чинь гараад ирнэ” гэсэн. Тэгэхээр нь би итгээд мөнгө шилжүүлсэн. Дараа нь би утас руу нь залгахад утсаа авахгүй байсан.  Би Ар зайсан дахь нөгөө газраа очиж үзэхэд Жаргалсайхан, Жавхлантөгс гэдэг хүмүүсийн нэр дээр нөгөө газрын гэрчилгээ гарсан байсан. Тэгээд би залилуулснаа мэдсэн.  Хохирлоо барагдуулж авах хэрэгтэй байна гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.О /хх-ийн 19-20, 21-22/, гэрч А.Төмөрсүх /хх-ийн 130/ нарын мэдүүлэг, Я.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 88, 95-96/, ХААН банкны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 29/12641 дугаартай албан тоотоор ирүүлсэн тус банкны харилцагч нарын дансны хуулгын дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 32-59/, ХААН банкны дансны хуулгын мэдээлэл /хх-ийн 38/, ХААН банкны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХААН банкны албан тоот /хх-ийн 32/, ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 11/ Я.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 109-116/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Я.А нь М.От “Ар зайсанд газар авч өгнө, газрын гэрчилгээг 1-2 долоо хоногийн дотор гаргаж өгнө” гэж худал хэлж итгүүлэн түүнээс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Монголын Залуучуудын холбооны байрны гадна нийт 10.000.000 төгрөгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч М.Оын /хх-ийн 19-20, 21-22/: “... 2017 оны 08 дугаар сарын дундуур “Баагий Баагий” гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүн “Ар зайсанд газар зарна” гэсэн зар байршуулсан байхаар нь холбогдоход 99057380 дугаарын утсыг надад өгсөн. Дугаараар нь холбогдоход Төмрөө гэх хүн байсан. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төмөрөө, Түвшин гэх хоёр хүнтэй “Ар зайсан” гэх газарт уулзаж тус газрыг нь үзэхэд нилээд өндөрлөгт газар байхаар нь “энэ газрыг чинь сонирхохгүй” гэхэд тэр хоёрзалуу бидэнд хэлэхдээ “... гайгүй газар байвал гэрчилгээг чинь гаргаж өгч болно...,яамнаас асуугаад наад газар чинь эзэмшигчтэй эсэхийг нь шалгуулья, нэг айлын газар 10.000.000 төгрөгийн үнэтэй. Хэрэв та хоёр хоёулаа авах бол 20.000.000 төгрөг болно. 1-2 долоо хоногийн дараа ямар ч асуудалгүй гэрчилгээг чинь гаргуулаад өгнө” гэж хэлсэн. Монголын залуучуудын холбоо дээр очиход Төмөрөө гэдэг хүний машинд нэг танихгүй эрэгтэй хүн байхаар нь орж уулзахад тэр хүнийг яаманд ажилладаг гэж хэлж байсан бөгөөд нэрээ надад хэлээгүй. Тэр хүн нь надад хэлэхдээ “наад газрыг чинь ямар ч асуудалгүй гаргана, бид бол найдвартай, гол нь та хоёрын мөнгө бэлэн биз дээ” гэж хэлээд бид хоёроос иргэний үнэмлэхийн хуулбар авч “би одоо яам руу явж та хоёрын нэрийг газар сонгох хурал болох гэж байгаа ба түүнд нэрийг чинь оруулах” гэж байна гэж хэлэхээр нь бид итгэсэн. ...Залуучуудын холбооны байрнаас нэг эрэгтэй хүн гарч ирээд бидэнд өөрийгөө Я.А гэж танилцуулаад “та хоёрын үзсэн газрыг чинь яамны мэдээллийн сангаар газрыг чинь эзэнтэй эсэхийг нь шалгуулаадахья, маргаашнаас холбоо барина” гэж хэлээд бид салаад явцгаасан. Уулзахгүй байж байгаад 08 дугаар сарын 21-ний өдөр “газрыг чинь шалгуулчихлаа, тэр газар чинь эзэнгүй байна, энэ долоо хоногт гэрчилгээ олгох хурал болох гэж байна, та хоёрын нэрийг тэр хуралд оруулчихсан байгаа, ингээд ажил чинь бүтчихлээ, дараагийн долоо хоногт гэрчилгээ чинь гарах учраас та хоёр мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь би Я.А гэдэг хүний ХААН банкны данс руу 3.000.000 төгрөгөөр 2 удаа, 1.000.000 төгрөгөөр нэг удаа нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Я.А хэлэхдээ “маргааш яамнаас кадастрын хүмүүс та хоёртой уулзаж сонгосон газарт чинь очиж хэмжилт хийж өгнө” гэж хэлэхээр нь итгээд хүлээж байтал сураг чимээгүй 3 хонохоор нь би Я.А руу түүний 99178948 дугаарын утас руу ярьж “яасан талаар” асуухад “манай кадастрын хүн завгүй болчихлоо чи Сүхбаатар дүүргийн кадастрын хүнтэй очиж хэмжилтийг нь хийлгэ” гээд сонгосон газартаа очиж кадастр хийлгэж ирээд хийлгэсэн кадастраа Я.Ат өгөөд явуулсан. Ингээд түүний хэлсэн 7 хоног нь өнгөрсөн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл сураггүй болсон. Манай найз Өлзийбуян Хан-Уул дүүргийн кадастрын албаар өөрсдийн сонгосон газраа шалгуулахад Жавхлантөгс гэдэг хүний нэр дээр гарч ирж байсан. Я.А гэх хүний ХААН банкны 5111116662 гэсэн данс байсан, би түүнд тэр газрыг нь “эзэнтэй юм байна шүү дээ” гэж хэлэхэд Я.А нь “тийм үү” л гэж байсан..., Я.Ат ямар нэгэн байдлаар мөнгө зээлүүлсэн асуудал байхгүй, харин газрын төлбөрт л мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Төмөрсүхийн /хх-ийн 130/: “... Өөрийн нэр дээр байдаг Зайсанд байршилтай 500 м2 орчим газрыг зарна гэж өөрийн найз нөхдүүддээ хэлж “авах хүн байна уу? мэдэж байгаарай” гэж захиж байсан. Нэг үл таних эрэгтэй хүн “газар үзье сонирхъё газар дээр чинь очиж уулзья” гэсэн. Тэгээд газраа тэр үл таних эрэгтэйд үзүүлтэл үнэ ханш болон газрын байршил дээрээ бид 2 тохиролцож чадаагүй. Тэр үл таних эрэгтэй “газар дээр гэрчилгээ гаргаж өгөх боломжтой таньдаг хүн байна уу?” гэж надаас асуусан тэгэхээр нь би “байж магадгүй” гэж хэлээд Я.А, Батдорж гэх хоёр хүн рүү залгасан. Я.А “наад хүнээ надтай ирээд уулзуулчих” гэсэн. Тэр өдрийн орой нь бил үү эсхүл маргааш нь нөгөө эрэгтэй Я.Ат 10.000.000 төгрөг газрын гэрчилгээ гаргуулах гэж өгсөн. Мөнгөө өгч авч байхад нь би ойрхон байсан. Учир нь нөгөө надаас газар авах гэж ирсэн залуу Я.Атай уулзъя гэхээр нь бид нар тал талаасаа цуглаад Залуучуудын соёлын төв дээр дахиж уулзсан. Я.А, нөгөө залуу хоорондоо юу ярьж тохиролцсоныг би мэдэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Я.Аын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 88, 95-96/: “... Отгонбаяраас авсан мөнгөө “Лүүк фильм” студийн киноны ажилд оруулчихсан байсан учраас мөнгийг нь гаргаж өгч амжаагүй. М.О нь над руу мөнгө шилжүүлж байхад Төмөрөө болон Түвшин нар нь цугтаа байж байсан, гэхдээ мөнгөнөөсболхувьаваагүй.Харин газрын ажил бүтэх юм бол дахиад Отгонбаяраас 10.000.000 төгрөг авхаар байсан...” гэх мэдүүлгээр болон Я.А нь М.Оаас авсан мөнгийг бусад зүйлд зарцуулсан талаархи ХААН банкны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 29/12641 дугаартай албан тоотоор ирүүлсэн тус банкны харилцагч нарын дансны хуулгын дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 32-59/, ХААН банкны 5062053839 дугаартай Дашдоржийн Онондорж харилцагчийн данс руу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20:36 минутанд 2.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12:19 минутанд 1.650.000 төгрөг нийт 3.650.000 төгрөг шилжүүлсэн талаархи дансны хуулгын мэдээлэл /хх-ийн 38/, ХААН банкны 5111116662 тоот дансыг ЖЮ80020972 регистерийн дугаартай Ядамжавын Я.А эзэмшдэг, тус дансны 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гүйлгээний хуулга хүргүүлсэн талаархи 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХААН банкны албан тоот (Дансны хуулгаар “... 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20:13 минутаас 20:20 минутын хооронд 5027325886 дугаарын данснаас нийт 10.000.000 төгрөг орсон...” талаархи баримт тусгасан) /хх-ийн 32/, ХААН банкны Мундагбаатарын Отгонбаярын эзэмшлийн 5027325886 дугаартай дансны 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 5111116662 тоот данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх депозит дансны хуулга /хх-ийн 11/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Я.Аын хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Я.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Я.А гэмт хэргийн улмаас учруулсан 10.000.000 төгрөгийн хохирлыг “2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн” баталгаа гаргасан, хохирогч  М.О нь уг хүсэлтийг хүлээн авсан байна.

 

Ийм учраас шүүгдэгч Я.Ааас дээрх 10.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.От олгох нь зүйтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Я.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор заасан хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, гэм т хэргийн улмаас учирсан хохирлыг “2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөх” буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 3  ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч .................. Я.Аыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Я.Ат гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийт 10.000.000 төгрөгийг хохирогч М.От нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.                    

 

5. Шүүгдэгч Я.Аранжаинбаатар нь урьд 2 хоног баривчлагдсан болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ааас 10.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.От олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 3 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ