Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01353

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01353

 

 

Х б- ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 184/ШШ2024/02725 дугаар шийдвэртэй

Х б- ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Б-, Т.Б- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 356,834,555.88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т.Б-, Т.Б- нар Х б- ХК-тай 2013 оны 02 сарын 08-ны өдөр **** тоот зээлийн, **** тоот барьцааны гэрээ байгуулж 57,400 ам.долларыг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд Б.Г-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ****** дугаартай, **** дүүргийн 18 дугаар хороо, 1-р хороолол, * байрны ** тоот хаягтай, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, зурагт, хөргөгч, плитка, бараа материал зэргийг барьцаалсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 10 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 19,516 ам.доллар, зээлийн хүүнд 19,659 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 94 ам.доллар, нийт 39,269 ам.доллар төлсөн. Зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг зээлдэгч нар хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөхийг мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээл төлөгдөөгүй байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 37,884 ам.доллар, зээлийн хүү 58,175 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 7,404 ам.доллар, нотариатчийн зардал 15,500 төгрөг, нийт 103,463 ам.доллар буюу 356,834,555.88 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Дээрх зээлийг авсан нь үнэн, хүү, нэмэгдүүлсэн хүү төлж байсан. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Х б- ХК-тай холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй, Х б- ХК нь тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдал үүсээгүй. Тиймээс Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар эрх нь зөрчигдсөн бол эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г-ийн тайлбарын агуулга: Зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 сарын 08-ны өдөр дууссан байна. Гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 02 сарын 08-ны өдөр дууссан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт ирсэн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол нь Х б- ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт огт хамааралгүй байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Х б- ХК-аас хариуцагч Т.Б-, Т.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 356,834,555.88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,012,322.78 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын тайлбар, нотлох баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээж болох бөгөөд нэхэмжлэгч тухайн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байх нөхцөл бүрдэх учиртай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч тал шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан хэргийн оролцогчийн гаргасан болон шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж дүгнээгүй гэж үзэхээр байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, иргэний хэрэг үүсгэсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан ч нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргахад дээрх хуулийн зохицуулалт хязгаарлалт болохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 02 сарын 08-ны өдрийн **** тоот зээлийн гэрээгээр зээлдэгч Т.Б- нь 57,400 ам.долларыг хөрөнгө оруулалтын зориулалтаар буюу тээврийн хэрэгсэл худалдан авахаар зээл авсан бөгөөд зээлийн санхүүжилтээр авсан автомашинтай холбоотой бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн ***** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгагдаж байсан нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 153 дугаартай "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" прокурорын тогтоолоор тогтоогдсон нь нэхэмжлэгч Х б- ХК-ийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахаар байтал шүүхээс уг үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

 

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 5 жилийн хугацаатай байгуулсан ч гэрээний 8.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болохоор харилцан тохиролцсон нь гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд гэрээ хүчин төгөлдөр байхаар тохиролцсон гэж үзнэ. Талуудын хооронд байгуулсан гэрээний энэхүү зохицуулалт нь тухайн төрлийн гэрээг байгуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрсдөө тогтоож болох агуулгаар тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Давж заалдах гомдолд дурдсан асуудлаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дэлгэрэнгүй яригдаж, талууд хууль зүйн болон нотлох баримтын хүрээнд мэтгэлцсэн. Хэрэгт авагдсан прокурорын тогтоол болон бусад баримтуудтай холбоотойгоор шүүхээс Х б- ХК нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч, хохирогч, бусад байдлаар эрх, ашиг нь зөрчигдсөн эсэхийг тодруулахад Х б- ХК-аас зөвхөн тухайн эрүүгийн хэрэгтэй холбоотой нотлох баримтыг гаргуулсан байдаг. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шүүх зөв тайлбарласан хэрэглэсэн. Түүнчлэн Х б- ХК нь зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар зээлийн гэрээ зөрчигдсөн үеэс эхэлж шаардах эрх үүсэх бөгөөд уг шаардах эрхийн хугацаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар прокурорын тогтоолыг нотлох баримтаар гаргуулсан бөгөөд Х б- ХК-ийн эрх ашиг зөрчигдсөн, зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-т заасан үндэслэл гэрээ дуусгавар болох агуулгатай учир хөөн хэлэлцэх хугацаатай холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нь 2015 оны 08 сарын 31-ний өдөр зээлийн төлөлтийг хийсэн, өөр төлөлт хийгээгүй. Гэрээний хугацаа 2018 оны 02 сарын 08-ны өдөр дууссан тул хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 03 сарын 08-ны өдөр дуусгавар болсон. Түүнчлэн Х б- ХК нь эрх зүйн мэдлэггүй хэргийн оролцогч биш, дотроо хуулийн албатай байгууллага учир шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзэж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Х б- ХК нь хариуцагч Т.Б-, Т.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 356,834,555 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн шаардлага гаргах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Г хариуцагчийн байр суурийг дэмжсэн тайлбар гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Х б- ХК, Т.Б-, Т.Б- нарын хооронд 2013 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагджээ. Тус гэрээгээр зээлдүүлэгч нь 57,400 ам.долларыг, жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдэгч нарт шилжүүлж, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Мөн барьцааны гэрээгээр гуравдагч этгээд Т.Ганзоригийн өмчлөлийн, ***** дүүргийн 18-р хороо, 1 дүгээр хороолол, ** дугаар байр ** тоот хаягт байх 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нар барьцаалж, уг гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсаныг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчээс хариуцагч нарын гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2023 оны 10 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 19,516 ам.доллар, үндсэн хүүнд 19,659 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 94 ам.доллар, нийт 39,269 ам.долларыг төлсөн гэж тайлбарласан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч Т.Б-, Т.Б- нарын Х б- ХК дахь зээлийн ***** тоот дансны хуулга, Зээлийн бүртгэлийн картаас үзвэл хариуцагч нар сүүлд 2015 оны 05 сарын 30-ны өдөр нэмэгдүүлсэн хүүнд 5.57 ам.доллар, үндсэн хүүнд 412.62 ам.долларыг төлснөөс өөрөөр зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байдал тогтоогдоогүй байна.

 

5.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.6-д зээлийн гэрээний хугацааг 60 сар гэж тохиролцсон ба гэрээний хугацаа 2018 оны 02 сарын 08-ны өдөр дуусгавар болжээ. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардаж 2023 оны 11 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

5.2. Хариуцагч нар зээлийг авсан хугацаанаас эхлэн сар бүр 1,470 ам.доллар төлөх үүргээ зөрчиж ирсэн, зээлээс 2015 оны 05 сарын 30-ны өдөр 418.19 ам.доллар төлснөөс хойш үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2018 онд дууссан байх боловч нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хариуцагч нараас гэрээний үүргийг шаардаж байсныг хариуцагч нар зөвшөөрч зээлээс тодорхой хэмжээгээр төлсөн, зээл төлөх баталгаа гаргасан, шаардлагыг зөвшөөрсөн зэрэг үйл баримт тогтоогдоогүйг анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасанд нийцүүлэн зөв тогтоожээ.

 

5.3. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг 2018 оны 02 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн талаар хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэж, мөн хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх агуулгаар нэхэмжлэлээс татгалзсан нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэнтэй нийцнэ гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6. Хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 сарын 07-ны өдрийн ****дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол нотлох баримтаар авагджээ. Тус тогтоолд ...Т.Б- нь 2013 оны 02 сард хохирогч Ч.Г-д Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэж урьдчилгаа авч залилсан ... хохирогч Ю.Э-ээс үргэлжилсэн үйлдлээр 53,653,400 төгрөгийг итгэлийг урвуулан авч залилсан... гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад тухайн гэмт хэрэгт тогтоосон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

 

6.1. Нэхэмжлэгч талаас авсан зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, бусдыг залилсан нь эрүүгийн журмаар шалгагдаж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн үндэслэлээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж шүүхэд тайлбарлажээ. Дээрх прокурорын тогтоолд дурдсан эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Х б- ХК, хариуцагч Т.Б-, Т.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой болон зээлийн гэрээний дагуу банкнаас шилжүүлсэн 57,400 ам.долларын хууль ёсны байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Б- нь нэхэмжлэгч банкнаас зээлсэн 57,400 ам.доллараар худалдан авсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой бусдыг залилан мэхэлсэн эсэх асуудал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамааралгүй.

 

6.2. Түүнчлэн Х б- ХК нь зээлийн гэрээ байгуулах замаар Т.Б-д 57,400 ам.доллар шилжүүлснээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаар тухайн эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байгаагүй, мөн Т.Б-гийн бусдад залилсан гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х б- ХК-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулж байгаагүй байна.

 

6.3. Мөн Т.Б-гийн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлд хамаарна гэж нэхэмжлэгч тайлбарласан ба дээрх үндэслэлээр уг асуудал зээлийн гэрээтэй холбоогүй тул уг хуульд заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлд хамаарахгүй.

 

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, хариуцагч Т.Б-гийн бусдыг залилсан гэх эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Х б- ХК, хариуцагч Т.Б-, Т.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа хамааралгүйг зөв тогтоожээ. Иймээс уг хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг зээлийн гэрээний шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолоход нөлөөлөх нөхцөл байдал болохгүй.

 

6.4. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасан бөгөөд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 153 дугаартай "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" прокурорын тогтоол нь дээр дэлгэрэнгүй дүгнэсэнчлэн зээлийн гэрээтэй холбоогүй тул нэхэмжлэгч Х б- ХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаагаас үл хамааран хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байжээ.

 

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл нь тодорхой хугацаатай байхаар хуульчилсан учир талууд гэрээний үүргийг биелүүлж дууссанаар буюу гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэхгүй. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.1-д талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан нь зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн байх, гэрээний үүргийг зээлдүүлэгчийн шаардсаны дагуу зээлдэгч биелүүлэхтэй холбоотой үүргийг зохицуулжээ.

Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Мөн нэхэмжлэгч үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхээ алдсан нь нэмэгдэл үүрэг болох гуравдагч этгээд Б.Г-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай, **** дүүргийн 18-р хороо, *дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байх, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 184/ШШ2024/02725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,012,333 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ