| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0272/Э |
| Дугаар | 276 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч, хохирогч Ц.О,
шүүгдэгч, хохирогч Ш.Н /шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ц.О, Ш.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033300261 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Надмид овогт Ц.О, 1974 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ДЦС-4 ТӨХК-д ӨМЗ-н завсарчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б 10-300 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ....................................
2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигин овогт Ширбазарын Наранбаатар, 1977 оны 8 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Монсар ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 1-28 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .........................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэйн 3 дугаар гудамжинд “Шинэчлэл” хорооллын барьж байгаа барилгын хашаанд байх контейнор дотор Ш.Нтай маргалдаж, улмаар зодолдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ш.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэйн 3 дугаар гудамжинд “Шинэчлэл” хорооллын барьж байгаа барилгын хашаанд байх контейнор дотор Ц.Отай маргалдаж, улмаар зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч, хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч, хохирогч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Ш.Н хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 11 сарын 15-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Лхагваа, Намхай, бид нэг том пиво хувааж уусан. Тэгээд пиво дуусаад дахиад нэмж 1 том пиво аваад уусан. Тэгтэл гаднаас Түвшинсайхан болон манай ажилчид орж ирээд хувцсаа солиод ажлаа тарсан. Тэгтэл Түвшинсайхан нэг сонин царай гаргаад би харьмааргүй байна. Та ээж аавд хонож ажиллана гээд хэлчих гэсэн. Тухайн үед Түвшинсайхан архи уучихсан байсан бөгөөд чи яагаад архи уусан юм гэсэн чинь дотор даараад байхаар нь ганцаараа уучихсан гэж хэлсэн. Тэгээд Түвшинсайхан ээж аав руугаа яриад очихгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар дундаасаа мөнгө босгоод Түвшинсайханыг пивонд явуултал Түвшинсайхан пивоо шалан дэзр унагаагаад асгачихсан. Тэгээд дахиад нэг пиво аваад задлаад байж байтал гаднаас нас тогтсон эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгээд Түвшинсайханг загнаад энд ажиллуулахгүй гээд машиндаа суу гээд Түвшинсайхан хувцсаа аваад гарсан. Тэгээд би тэр эрэгтэй эмэгтэй хоёрыг Түвшинсайханы эцэг эх юм байна гэж бодсон. Тэгээд аав нь гэх хүн та нар ажил дээрээ уулаа та нарыг цагдаад хэлнэ гээд байсан. Тэгэхээр нь би за уучлаарай гомдлоо гаргаж болно гэхдээ бид нар танай хүүхэдтэй уугаагүй шуү гэсэн чинь аав нь архичингууд гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би хүүхдээ зөв хүмүүжүүлчихээд надтай яриарай гэж хэлсэн. Тэгтэл Түвшинсайханы аав өрөөнд орж ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд бид 2 барьцалдаж авсан тэгтэл Намхай, Лхагваа хоёр дундуур орж салгаж байх үед би Түвшинсайханы аавынх нь нүүрийг нь самардсан байх. Тэгээд Түвшинсайханы аав нь ширээн дээр байсан ус буцалгагч аваад толгойн тус газар цохьсон. Тэгээд би хэсэг манарсан ... Би гарах гэсэн чинь Түвшинсайханы аав гаргаагүй. Тухайн үед миний толгойноос цус гарч байсан..." гэх мэдүүлэг /хх-27х/,
Ц.О хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 11-р сарын 15-ны өдөр манай том хүү Түвшинсайхан ажил дээрээ хонож ажиллана гээд утсаар ярьсан. Манай хүү тухайн үед Монсар ХХК-д цахилгаанчин ажилтай байсан бөгөөд тэр үед ЧД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэчлэл гээд хорооллын цахилгааны ажлыг хийж байсан юм. Ингээд хүүгийн хэлсэн их үнэмшилгүй санагдаад байхаар нь орой 21 цагийн орчимд Түвшинсайханы ажил дээр нь очсон. Тэгээд нэг жижиг контейнер дотор манай хүүгээс гадна 3 хүн байсан бөгөөд манай хүү Түвшинсайхан уйлчихсан байдалтай байж байсан. Тэгээд би та нар ингэж ажил хийдэг юм уу ажлынхаа байранд архи уулаа гээд Түвшинсайханыг загнаад машиндаа суулгасан. Тэгээд манай хүүтэй цуг байсан 3 хүнийг залуу хүн уруу татаж архи уулгалаа гэж загнаж байгаад гарч яваад машиндаа суух гэж байтал халзан толгойтой инженер гэх залуу нь араас хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй олон юм ярьлаа гэсэн. Тэгэхээр нь би буцаж очоод би чамайг цагдаа дуудаад өгчихнө шүү гэсэн чинь нөгөө халзан залуу мухарт суучихаад хэл амаар доромжлоод байхаар нь миний дургүй хүрээд нөгөө халзан залууг цагдаад өгчихье гээд гарнаас нь татсан. Тэгтэл нөгөө халзан залуу миний нүүр лүү цохихоор нь би гарыг нь тавиад цааш нь түлхээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд бид хоёр барьцалдаад авсан бөгөөд цуг байсан хоёр залуу нь голоор ороод намайг хориглоод тэвэрчихсэн. Энэ үед нөгөө халзан залуу миний нүүрийг хумслаад базчихсан. Тэгэхээр нь би дахиад нөгөө халзан залууг гараараа нүүрэн тус газар нь цохьсон. Тэгтэл нэг харсан манай хүү Түвшинсайхан хажуугаар орж ирээд халзан залуугийн баруун хэсэг рүү нь цохих шиг болсон тэгээд би чи хойшоо бай гэсэн. Тэгээд би ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад халзан толгойтой залуугийн толгойн тус газар намайг хориглоод байсан залууг давуулаад цохьсон. Тэгээд газар байсан гагнуурын багаар дахиад нэг удаа цохьсон. Тэгтэл нөгөө халзан толгойтой залуу ална гээд ширээн дээр байсан хутгыг авахад нь манай эхнэр зэрэгцэж хутгыг нь татаад авахдаа гараа зүсүүлчихсэн байсан. Тэгээд бид нар тэр контейнероос гараад би хаалгыг нь тагалсан. ...Би тэр халзан толгойтой залууг яагаад ус буцалгагч, гагнуурын багаар цохьсон бэ гэхээр голоор нэг залуу орж ирээд салгах гээд намайг тэвэрчихсэн байхад нүүр хумслаад базчихсан болохоор үнэндээ уур хүрээд ус буцалгагч болон гагнуурын багаар толгойн тус газар нь цохьсон юм, Түвшинсайхан бол гагнуурын багаар цохиогүй, би цохьсон..." гэх мэдүүлэг /хх-31-32х/,
Гэрч Г.Бямбажаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11-р сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд манай том хүү Түвшинсайхан ярьсан бөгөөд тарсан юм уу гэсэн чинь хонож ажиллана гэсэн. Тэгээд хоолойны өнгө нь их сонин байгаад байсан болохоор нь манай нөхөр Отгондаваа бид хоёр ажил руу нь яваад очсон. Түвшинсайхан болон 3 залуу согтуу байсан. Ширээн дээр нь бол архи дарс харагдаагүй бөгөөд Түвшинсайхан уйлчихсан байсан. Тэгээд манай нөхөр Отгондаваа Түвшинсайханыг загнаад явъя гэсэн. Тэгээд Түвшинсайхан хувцсаа аваад машинд суусан. Тэгтэл инженер гээд халзан толгойтой залуу нь манай нөхрийг элдвээр хэлээд өдөөд хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй гэх мэтээр хараагаад байсан. Энэ үед Түвшинсайхан бид хоёр машиндаа сууж байсан бөгөөд манай нөхөр Отгондаваа буцаад нөгөө халзан толгойтой залуу руу явж очоод контейнер луу нь яваад орчихсон. Тэгээд Түвшинсайхэн ээжээ зодолдоод байна гэхээр нь харсан чинь манай нөхөр нөгөө гурван залуутай зодолдож байгаа бололтой харагдсан ...Тэгээд яваад ороход нэг нь манай нөхрийг бүсэлхийгээр нь тэвэрчихсэн нэг нь манай нөхөр болон нөгөө инженер гэх залуугийн хоёрын хооронд орчихсон манай нөхрийн нүүрийг нь маажчихсан юм уу гэмээр шарх үүсчихсэн цус гарчихсан байсан. Тэгээд халзан толгойтой инженер залуу нь ална хутга хаана байна гээд хайгаад байсан бөгөөд бариулыг нь лентеер ороосон хутга байсныг бариад авсан тэгэхээр нь би хутгыг нь булаагаад авах гээд авч чадаагүй бөгөөд хутгатай гарыг нь барьж байгаад арай хийж булаагаад авсан. Тэгээд бид нар контейнероос гараад явсан. Намайг контейнор луу ороход манай нөхөр нөгөө инженер залууг халбага шиг юмаар цохиж байсан..." гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Гэрч Б.Лхагва мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Түвшээгийн аав буцаж өрөөнд ороод үүдэнд байсан ус буцалгагчны төмөр саваар Наранбаатарын толгой руу цохьсон. Тэгээд барилцаад авсан. Намхай бид 2 эргэж ороод салгаад байж байсан ...Наранбаатар толгойдоо хагарсан гэмээр гэмтэл авсан байх цус гарч байсан, Түвшинсайханы аав нь нүүр нь маажигдсан бололтой баруун нүдний доод хэсэгт цус шүүрсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-15х/,
Яллагдагч Ц.О мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна ...би тэр халзан толгойтой инженер залуугийн гараас татсан чинь миний нүүр лүү цохьсон. Тэгээд би нөгөө залуугийн нүүр лүү цохьсон чинь хамт байсан 2 залуу нь голоор ороод салгасан. Тэгтэл нөгөө залуу нүүр самардчихаар нь би дахиад нөгөө залуугийн нүүрэнд нь нэг цохьсон. ...тэгээд би ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад нөгөө халзан залуугийн толгой дээр нь цохиод газар байсан гагнуурын багаар мөн толгой дээрээс нь цохиж авсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-56-57х/,
Яллагдагч Ш.Н мэдүүлэхдээ: “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна ...Түвшинсайханы аав нь гарах гэж байснаа буцаж над руу хүрч ирээд миний нүүр лүү цохьчихсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрийг нь гараараа базчихсан. Намхай Лхагваа 2 дундуур орж салгаад байсан. Тэгтэл тэр залуу ширээн дээр байсан ус буцалгагч аваад Намхай Лхагваа хоёрын дээгүүр гараа давуулаад ус буцалгагчаар миний толгойн тус газар нэг удаа цохьсон. Тэгээд миний толгой руу дахиад гагнуурын багаар цохьсон бөгөөд би хойшоо манараад ширээ налсан..." гэх мэдүүлэг /хх-65-66х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №13758 тоот дүгнэлтэд:
“1. Ц.Огийн биед зүүн хацарт өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, цох, шанаа, эрүү, хүзүүнд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэжээ /хх-40х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №13720 тоот дүгнэлтэнд:
“1.2. Ш.Нын биед толгойн оройд шарх, зулай, дагзанд зулгаралт, зүүн нүдний дотор булан, дээд зовхины дотор хэсэгт цус хуралт, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-42х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэйн 3 дугаар гудамжинд “Шинэчлэл” хорооллын барьж байгаа барилгын хашаанд байх контейнор дотор Ш.Нтай маргалдаж, улмаар зодолдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ш.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингэлтэйн 3 дугаар гудамжинд “Шинэчлэл” хорооллын барьж байгаа барилгын хашаанд байх контейнор дотор Ц.Отай маргалдаж, улмаар зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.О, Ш.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.О, Ш.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.