Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 308

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

            Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

            Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809024811307 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

2003 оны 01 дүгээр сарын 28-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2005 оны 11 дүгээр 08-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2007 оны 11 дүгээр 20-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2010 оны 3 дугаар сарын 02-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэрэгт 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

2013 оны 9 дүгээр сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар ялаас чөлөөлөгдсөн,

2017 оны 12 дугаар сарын 13-нд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, Ц.Б, /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 5-65 тоот, хохирогч Б.Ганзоригийн эзэмшлийн хэвлэх үйлдвэрийн хаалганы цоожийг эвдэн орж 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 220 кв цахилгаанаар ажилладаг 360.000 төгрөгийн үнэ бүхий хийн компрессор 2 ширхэг,

2018 оны 8 дугаар сарын 05-наас 10-ны хооронд 450.000 төгрөгийн үнэ бүхий хадлангийн хадуурын 1 ком, 2018 оны 10 дугаар сарын 10-наас 20-ны хооронд пронтер маркийн автомашины аккумулятор, 45.000 төгрөгийн үнэ бүхий 15-тай дугуй, 100.000 төгрөгийн үнэ бүхий карданы 4 ширхэг ком, түлкний резин, 60.000 төгрөгийн үнэ бүхий үрүүлийн тиаг зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.355.000 төгрөгийн хохирол,

мөн 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 6 дугаар гудамжны 25-1 тоотод оршин суух хохирогч Н.Жаргалын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 270.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн шарп маркийн зурагт, 64.800 төгрөгийн үнэ бүхий “МНВС” телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг хулгайлж, 334.800 төгрөгийн хохирол учруулсан нийт 2 хохирогчид 1.689.800 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Би хорих ангид байхдаа уул уурхайн оператор мэргэжил эзэмшсэн. Гарч ирээд ажиллаж байсан. Ээж, эгчийгээ алдаад архи их уух болсон. Ганзориг намайг ажил хийж өрөө төл гэсэн. Архи ууснаас болж гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...”гэв.

              түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. ...хулгайлсан зурагт, хүлээн авагч хоёрыг сансрын колонкийн автобусны буудал өнгөрөөд алхаж яваад нэг жижиг тэрэгтэй хүн зурагтаа зарах уу гэхээр нь зарна гээд 80.000 төгрөгөөр зарсан. ...архины халуунд мөнгөгүй болчхоод дахиад архи уух зорилготой хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-106/,

 

Хохирогч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: энэ хулгай орсон гэх хэвлэх цех нь миний эзэмшлийн цех байгаа юм. Манай цехэд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хулгайч орж 220 кв цахилгаанаар ажилладаг 380.000 төгрөгөөр авсан хийн компрессор 2 ширхэг ус шүршдэг нийлүүлээд 360.000 төгрөгөөр авсан 220 кв цахилгаанаар ажилладаг машин угаалгын компресор зэрэг эд зүйл алдагдсан байсан. 2018 оны 8 дугаар сарын 05-наас 10-ны үеэр байх манай цехээс 480.000 төгрөгөөр худалдаж авч байсан хадлангийн хадуурын 1 ком алдагдсан. 2018 оны 10 дугаар сарын 10-наас 20-ны хооронд манай Бэлхийн 5-65 тоотод байсан пронтер маркийн машины 100 ампертай 155.000 төгрөгөөр авч байсан шинэ аккумулятор 1 ширхэг 45.000 төгрөгөөр худалдаж авч байсан 15-тай дугуй, 120.000 төгрөгөөр авсан карданы ком 4 ширхэг шарик, урд дээд, доод гарны тулк резин 100.000 төгрөгөөр авч байсан. 50.000 төгрөгөөр авч байсан 2 ширхэг тиаг зэрэг алдагдсан. Тэгээд би энэ бүхнийг Цэндээгийн Батжаргал гээд манай цех байдаг хашаанд амьдардаг Баярмаагийн нөхөр Баянмөнхийн төрсөн дүү нь хулгайлан авсныг мэдсэн. Тэгээд би Батжаргалтай уулзаад хулгайлан авсан зүйлүүдээ өг гэсэн чинь Батжаргал өөрөө надад хулгайлан авсан гэдгээ үнэнээр нь хэлээд төлж чадахгүй байна гээд байсан. ...би сүүлд надаас хулгайлан авсан зүйлүүдийг цагдаад бүртгүүлээгүй ...Батжаргал миний хажууд байхдаа архи дарс уухгүй гайгүй ажил төрөл хийгээд байдаг юм. Миний бие өвдөөд хэсэг хугацаанд ажил хийгээгүй юм. Тэгсэн чинь тэр хойгуур миний юмнуудыг авч зараад архи дарс уусан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 30/,             

Хохирогч Н.Жаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг40 минутын орчим гэрээсээ гараад 2018 оны 12 дугаар 16-ны өдөр 16 цагт гэртээ ирэхэд хашааны урд хаалга онгорхой байсан бөгөөд гадаа байшингийн хаалга хаалттай цоожгүй дотор хаалга нь дэлгээстэй байсан тэгээд би цагдаа дуудсан. Манай гэрээс шарп брэндийн эл си ди 32 инчийн телевизор болон “ММВС” кабелийн станц зэрэг алдагдсан юм. .. зурагтаа хэдэн төгрөгөөр авснаа мэдэхгүй байна, телевизийн станцыг 70 орчим мянган төгрөгөөр авч байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127/,     

 

Иргэний нэхэмжлэгч А.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын дундуур яг өдрийг санахгүй байна, би Сансарын тунелийн тэнд байдаг ажил дээрээ байхад 12 цагийн үед зурагт тэвэрсэн нэг ах орж ирээд манай хажуугийн ломбардны эгч дээр очоод барьцаанд тавих гэхэд нь ломбардны эгч аваагүй юм. ... би зурагтыг нь 80.000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн хүний зурагтыг авахдаа тэр хүний зурагтыг гар утас дээрээ авч байсан юм, одоо тэр утас маань эвдэрчихсэн юм. Би шарп брэндийн 32 инчийн удирдлагагүй хар өнгийн зурагт, МНБС кабелийн телевизийн хүлээн авагчийн хамт 80.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авсан телевизийн төхөөрөмж нь машинд байж байгаад алга болсон юм …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130/,

 

Гэрч З.Баярмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Манай дүү Ганзоригийн хаалгыг эвдээд хулгай орсон байсан. Миний мэдэхээр дотроос нь компрессор алдагдсан байна, өөр юу алдагдсан талаар мэдэх зүйл алга байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

 

Гэрч Э.Ганбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Налайх руу ажилд явсан. Тэгсэн маргааш нь 11 цагийн үед над руу манай эхнэр Жаргал залгаад “гэрт хулгай орсон байна, хурдан ир” гэж ярихаар нь тэр өдрөө ирж чадалгүй маргааш өдөр нь гэртээ ирэхэд зурагт, кабелийн телевизийн хүлээн авагч алга болсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16, 113/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-18, 114-116/, Эд зүйлийн үнэлгээ /хх-36-37/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-170-172/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр:

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 5-65 тоот, хохирогч Б.Ганзоригийн эзэмшлийн хэвлэх үйлдвэрийн хаалганы цоожийг эвдэн орж 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 220 кв цахилгаанаар ажилладаг 360.000 төгрөгийн үнэ бүхий хийн компрессор 2 ширхэг,

2018 оны 8 дугаар сарын 05-наас 10-ны хооронд 450.000 төгрөгийн үнэ бүхий хадлангийн хадуурын 1 ком, 2018 оны 10 дугаар сарын 10-наас 20-ны хооронд пронтер маркийн автомашины аккумулятор, 45.000 төгрөгийн үнэ бүхий 15-тай дугуй, 100.000 төгрөгийн үнэ бүхий карданы 4 ширхэг ком, тулк резин, 60.000 төгрөгийн үнэ бүхий үрүүлийн тиаг зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.355.000 төгрөгийн хохирол,

мөн 2018 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 6 дугаар гудамжны 25-1 тоотод оршин суух хохирогч Н.Жаргалын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 270.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн шарп маркийн зурагт, 64.800 төгрөгийн үнэ бүхий “МНВС” телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг хулгайлж, 334.800 төгрөгийн хохирол учруулсан нийт 2 хохирогчид 1.689.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Ганзориг, Н.Жаргал, иргэний нэхэмжлэгч А.Дэлгэрмаа, гэрч З.Баярмаа, Ц.Б нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Бын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Бын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Ганзоригт 1.355.000 төгрөгийн, хохирогч Н.Жаргалд 64.800 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.Ганзориг нь энэ хэрэгт холбогдуулан хохирол нэхэмжлээгүй бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, мөн хохирогч Н.Жаргал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайд алдагдсан зурагтаа буцаан хүлээн авсан бөгөөд тэрээр хүлээн авагч төхөөрөмжийн үнэ болох 64.800 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Быг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ц.Баас энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогдсон Х.Жамъяансүрэнд 50.000 төгрөгийг, А.Дэлгэрмаад 80.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсан түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Ц.Бын энэ хэрэгт 103 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

                                                                       

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэндээгийн Батжаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 103 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 130.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Жамъяансүрэнд 50.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Дэлгэрмаад 80.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР