Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд оршин суух Хондого Батчулууны Нарангэрэлийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хондого овогт Батчулуун овогтой Нарангэрэл нь 1958 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цогт сумын Баянтооройд төрсөн. Цогт сумын Давшилт нэгдэлд 1980 оны 09 дүгээр сараас 1982 оны 12 дугаар  сард Цогт сумын Давшилт нэгдлийн ЗАА-д слесарь, тракторын жолоочоор, 1983 оны 01 дүгээр сараас 1987 оны 04 дүгээр сарыг дуустал тракторын жолооч, 1987 оны 05 дугаар сараас 1990 оныг дуустал тэжээлийн аж ахуйд тэжээлийн аж ахуйд, 2000 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянтооройн Бүрд компанид тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 324 тоот архивын лавлагааг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч Цогт сумын Давшилт нэгдлийн Захиргаа аж ахуйд 1980 оны 09 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал тракторын жолооч, слесерээр,  1983 оны 01 дүгээр сараас 1987 оны 04 дүгээр сарыг дуустал Баянтоорой бригадад тракторын жолооч, слесерээр, 1987 оны 05 дугаар сараас 1990 он хүртэл Баянтооройн тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор, 2000 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Баянтооройн Бүрд ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1980 оны 09 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Захиргаа аж ахуйд тракторын жолооч, слесерээр,  1983 оны 01 дүгээр сараас 1987 оны 04 дүгээр сар хүртэл Баянтоорой бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн даргын 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаартай ажилд томилох тухай тушаалд “...Батчулуун овогтой Нарангэрэлийг ХАА-н ...слесерээр...” гэсэн болон тус нэгдлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...1987 оны 04 дүгээр сарын 15-наар тасалбар болгон I дүгээр хавсралтаар тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. 7. Б.Нарангэрэл...” гэсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 324 дугаартай архивын лавлагаанд “...тус аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн   ЗАА-д   слесарь,   тракторын   жолооч,   Баянтоорой  бригадад   1983-1987   онд тракторын жолоочоор ажиллаж байсан Батчулуун овогтой Нарангэрэлийн 1980 оны 09 дүгээр сараас 1987 оны 04 дүгээр сар хүртэл авч байсан цалингийн тодорхойлолт...” зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Харин хүсэлтээс 1987 оны 05 дугаар сараас 1990 он хүртэлх хугацаанд  Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал нь шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Мөн хүсэлт гаргагч нь 2000 оноос 2006 он хүртэл Баянтооройн бүрд компанид ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаж, нотлох баримтыг бүрдүүлэн өгсөн байгаа боловч тухайн онд хамаарах хэсэг нь нийгмийн даатгалын хуулиар зохицуулагдах бөгөөд шүүх улсад ажилласан гэж үзэн тогтоох үндэслэлгүй юм.

Иймд Хондого Батчулууны Нарангэрэлийг  1980 оны 09 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Захиргаа аж ахуйд тракторын жолооч, слесерээр,  1983 оны 01 дүгээр сараас 1987 оны 04 дүгээр сар хүртэл Баянтоорой бригадад тракторын жолоочоор, ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар 1980 оны 09 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал Цогт сумын Давшилт нэгдлийн Захиргаа аж ахуйд тракторын жолооч, слесерээр, 1983 оны 01 дүгээр сараас 1987 оны 04 дүгээр сар хүртэл Баянтоорой бригадад тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН